Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00168

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00168

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын  багт оршин суух, Н овогт Д-ийн Б /.../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00060/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .....Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахыг эх хувиар гарагж өгсөн. Д.Бийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар томилогдсон тушаал болон бусад баримтууд нь олдохгүй байгаа юм. Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадын 1981-1985 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар дээр аавынх нь нэрээр тооцогдож бичигдсэн байгаа. Харин 1986-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар дээр Д.Бийн нэр нь бичигдэж цалин хөлс тооцсон байгаа юм. Д.Б нь 1985 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирчихээд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дээр нь цалин хөлсийг нь бичсэн байдаг. Харин цалин хөлсний 70 дугаар дансан дээр бичигдээгүй нь Д.Бийн буруу биш юм. ......Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Д.Бийг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...  гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Бийн итэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Бийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1452 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн 1981-1982, 1985-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Д.Бийн 065568 дугаартай Бүрэн бус боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүслэн хуулбар, Д.Бийн 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Д.Бийн 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нээсэн цэргийн батлах зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-13, 18, 28-38, 38-49 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000132 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1008 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 17, 55 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Настынхан овогт Дамдиндоржийн Б / /-ийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ