Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2018/00066

 

Х.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00179 дүгээр шийдвэртэй, Х.Ж-ийн нэхэмжлэлтэй,  аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 100 дугаар зүйлийн 100.1.-т зааснаар Х.Ж-г Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргах” тухай. 

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2017 онд “Зохиомж” дээд сургуулийн нягтлан бодох бүртгэл, татварын хяналт шалгалтын мэргэжлээр бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн. Сургуулиа төгсөж улмаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/127 дугаартай тушаалаар Баяннуур сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажилласан. Тус хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаартай тушаалаар би жирэмсний болон амаржсаны амралт авч 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр амаржиж охин Ж-ийг төрүүлсэн. Би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажилд эргэж орох ёстой байтал тус хэлтсийн дарга одоо хүртэл ажилд оруулахгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөхгүй байна. Ажил олгогч тушаал өгөөгүй тул миний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмэгтэй, ажил үүргээ гүйцэтгээгүй үед албан тушаалыг хэвээр хадгалах талаар заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” гэж заасан.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар Х.Ж намайг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Х.Жгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

1. Х.Ж нь төрийн жинхэнэ албыг түр орлон гүйцэтгэн ажиллаж байсан ба төрийн жинхэнэ албан хаагч биш байсан. Нэхэмжлэгч Х.Ж нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтын дагуу төрийн албанд орж ирээгүй, төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн дагуу баталгаа эдэлж чадахгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу баталгаа эдлэх эсэх асуудал нь эргэлзээтэй байсан. Учир нь, төрийн албан хаагч биш хүнд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албаны хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.” гэж заасан заалт нь хамаарахгүй болно. Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгааг эдлэхийн тулд нэг бол төрийн албан хаагч байх ёстой, эсхүл Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан байх ёстой.

2. Х.Ж нь тушаал шийдвэрээ аваагүй гэж огт үндэслэлгүй нэхэмжлэлдээ дурджээ. Х.Ж нь хөдөлмөрлөх эрх ашиг маань зөрчигдсөн хэмээн гурван шатны шүүхээр маргаж эцсийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэрээр Х.Ж нь төрийн жинхэнэ албан хаагч биш учраас баталгаа эдэлж чадахгүй гэж дүгнэж түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг ба Х.Ж нь энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

4. Х.Ж нь анх ажилдаа орохдоо хууль бусаар, ашиг сонирхлын тухай хуулийг зөрчиж томилогдсон байсан нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 04-06-031/257 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Нэгэнт хууль бусаар түр хугацаанд төрийн албыг хашиж байсан хүн Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгааг эдэлж чадахгүй гэж үзэж байна. Иймд Х.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00179 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 40 дугаар зүйлийн 40.2-т заасныг баримтлан Х.Ж-гийн Баян-Өлгий аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1З-ны өдрийн 130/ШШ2018/00179 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:    

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан буюу “Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг нь хэвээр хадгална”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг буюу “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бололцооны дагуу өөр ажил өгөх үүрэгтэй гэж тайлбарлажээ.” гэжээ.  Нөгөө талаар уг байгууллага татан буугдаагүй ч  гэсэн Хөдөлмөрийн тухай хуульд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах талаар зааж, зүйл анги болгож, хуульчилж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасан ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу амралт дууссаны дараа Х.Ж урьд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байсан тул бололцооны дагуу ажиллуулж өг” гэж ажил олгогчид өргөдөл гаргаж хүсэлт тавьж байсан. Гэтэл ажил олгогч тухайн байгууллагад бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй атлаа ажиллуулаагүй болно. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүх буруу шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.Ж-г Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн түр томилсон, мөн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилон ажиллуулсан байна” гэжээ. Энэхүү тушаал гарснаар Х.Ж нь төрийн албан хаагч болж, төрийн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албаны хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэсэн заалтад хамаарч Хөдөлмөрийн харилцаатай холбоотой баталгааг Х.Ж эдлэх ёстой гэж үзнэ. Учир нь Х.Ж-г Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тушаалууд хүчинтэй хэвээрээ байгаа явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан баталгаагаар хангагдах буюу нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх бололцоотой гэж үзэж байна. Харамсалтай нь  анхан шатны шүүх үндэслэлгүйгээр буруу шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3. “Х.Ж нь төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй байх тул тухайн албан тушаалд хууль журмын дагуу томилогдоогүй гэж үзэж Х.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар амралтын хугацаа дуусмагц ажил олгогч урд эрхэлж байсан албан тушаалд ажилтан авах үүрэгтэй гэж заасан заалтууд нь үл хамаарахыг дурдаж шийдвэрлэсэн байна.” гэж анхан шатны шүүх шийдвэртээ “Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дугаартай шийдвэрийн заалтыг үндэс болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Х.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцаатай холбоотой хуулийн дагуу бололцоотой өөр ажилд оруулахыг даалгасан шийдвэр гаргаж өг” гэж нэхэмжлэл гаргасан болохоос биш Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэх талаар нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх эсрэгээр хуулийг буруу хэрэглэж өөр шийдвэр гаргасан явдлыг зөвшөөрөхгүй байна.

4. Х.Ж нь жирэмсний амралтаа дуусгаж 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орох ёстой байсан бөгөөд хугацаанаас өмнө аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад “ажилд орно” гэж өргөдөл гаргасан. Гэтэл  аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга одоо хүртэл Х.Ж-г ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй байгаа. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-т заасны дагуу ажилтанд олгоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж байхад анхан шатны шүүх буруу шийдвэр гаргаж байгаа явдалд гомдолтой байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан буюу ажил олгогч нь жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд          ажлаас халахыг хориглоно гэх үндэслэл нь ажилтны ажлаас халах үед анхаарах үндэслэл болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлд хамаарахгүй тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.” гэжээ. Гэтэл аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст /ажил олгогч/ одоо хүртэл Х.Ж-г ажлаас халах шийдвэр гаргаагүй тул ажилтан ажлаас халагдсан гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу хэрэглэж, буруу гаргасан шийдвэр гэж үзэж байна.

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “энэ хэргийг бололцооны дагуу өөр ажилд томилох агуулгатайгаар тодорхой бус байдлаар шүүхийн шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзлээ.” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасан хөдөлмөрийн харилцаатай холбоотой баталгаагаар Х.Ж хангагдах ёстой тул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хэмжээний адил чанарын ижил цалинтай бололцооны дагуу өөр ажилд оруулж өгөхийг даалгасан шийдвэр гаргаж өг” гэсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэж буруу шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж, үндэслэлтэй шийдвэр гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

            Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг үүрэг болгох тухай гомдол гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/27, 2016 оны А/25, 2016 оны Б/08 дугаар тушаалууд, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0021 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 279 дүгээр тогтоол, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч Х.Ж-гийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны...” гэж заасан урьдчилан нөхцөл тогтоогдохгүй байна.

 

Х.Ж нь ажлаас буруу халагдсан ажилтны эрхэлж байсан ажил, албан тушаалд “шинээр орсон ажилтан” биш, харин төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, уг байдлаараа төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байхдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар анх томилогдож байсан нь захиргааны хэргийн анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэр, тогтоолоор тогтоогджээ. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан үндэслэл, урьдчилсан нөхцөлүүд тогтоогдоогүй тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Х.Ж-гийн өмнө түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэг хүлээхгүй.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-т заасан зохицуулалт нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал анхан шатны шүүх мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэрийг буруу ташаа бичсэн техникийн шинжтэй алдааг зөвтгөлөө.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар түүнд буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00179 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Х.Жадырагийн” гэснийг “Х.Ж-гийн” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан Х.Ж-гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 0000100020000941 дугаар данснаас гаргуулж, Х.Ж-д буцаан олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 0000100020000957 дугаартай данснаас гаргуулж, Х.Ж-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                        С.ӨМИРБЕК