| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914005570370 |
| Дугаар | 2020/ДШМ/012 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ДШМ/012
Д.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Д.Б холбогдох эрүүгийн 1914005570370 дугаар хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Д.Б, 1981 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу 2 удаагийн үйлдлээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 3 дугаар багийн нутагт байх Д.А гэрийн гадаа түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүчиндэх явцдаа шүдийг нь модонд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж нэг жилийн хугацаагаар тэнсэж, зургаан сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж ялыг тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Б шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялыг ялтан Д.Баар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Бы эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хонийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Б хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор В.Дэлгэрмаагийн тус шүүхэд гаргасан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тоггоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэлгүйгээр ял хэт хөнгөрүүлэн оногдуулсан гэж үзэхээр байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр тус тус 2 өөр ойлголтыг 2 тусад нь хуульчилсан зэргээс харахад ялтан Д.Б нь хохирогч Д.А 2 удаагийн давтан үйлдлээр хүч хэрэглэн хүчиндэж, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнд шүүхээс дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ялтанд оногдуулах ялыг хэт хөнгөрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Д.Б холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Д.Б нь 2 удаагийн үйлдлээр санаатайгаар хүчиндсэн, хохирогч хүсээгүй байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд нь тус, тусдаа өөр,өөр ойлголт байхад Эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлж хуулийг буруу хэрэглэсэн тул эсэргүүцлээ дэмжин оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн 11.6-д заасан гэмт хэргийн бие даасан бүрэлдэхүүн байгаа эсэхийг анхаарах шаардлагатай бөгөөд хүчтэй түлхэх үед хөнгөн гэмтэл учирсан байдаг. Мөн хүчингийн гэмт хэрэг мөн үү гэдэг нь ч эргэлзээтэй.Эрүүгийн хуулийн 11.6-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 12.1-д заасан ял тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор В.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Прокуророос Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу 2 удаагийн үйлдлээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 3 дугаар багийн нутагт байх Д.А гэрийн гадаа түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүчиндэх явцдаа шүдийг нь модонд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч Д.Бы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, тэнсэж, хугацаатай үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж гэж дүгнээд Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, зургаан сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хорих ялын дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах ба Д.Бы үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэгт хамаарахгүй болно.
Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Бы 2 удаагийн санаатай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг буюу ... тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан хуулийн зохицуулалт хамаарахгүй байхаар хууль тогтоогч хуульчилсаныг анхан шатны шүүх анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч Д.Б оногдуулах ялыг хэт хөнгөрүүлэн шийдвэрлэсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Б холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч *******ээс Эрүүгийн хуулийн 11.6-д заасан гэмт хэргийн бие даасан бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаад шүүх дүгнэлт хийх, мөн хуулийн 12.1-д заасан ял тохирсон гэх саналыг хүлээн авах боломжгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Д.Б холбогдох эрүүгийн 1914005570370 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Б хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Б. БОЛОР-ЭРДЭНЭ