| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0440/З |
| Дугаар | 221/МА2025/0717 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0717
Т.О-ны нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Т.О миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" захирамжаар шилжүүлсэн 21,563,413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0647 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0440/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0647 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 139 дүгээр зүйлийн 139.1- т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.О-оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан гаргасан "Т.О миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" захирамжаар шилжүүлсэн 21,563,413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Т.О болон түүний өмгөөлөгч Б.Э нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23 өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 сарын 31 өдрөөр тасалбар болгон татан буулгасантай холбоотойгоор миний мэргэжлийн биш чиглэлийн байгууллагад намайг шилжүүлж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл явдал болсон.
2.2. Т.Оы чөлөөтэй хугацаанд ажиллаж байсан М.Д нь ажилд орохоор гомдол санал огт гаргаагүй. М.Д гомдол, санал гаргахгүй байхад түүнийг ажилд томилуулах хүсэлт гаргах утгагүй, боломжгүй юм. М.Д-г ажил томилуулж, ажил албан тушаалаа хадгалж үлдэх зорилготой байсан гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь Т.О-ны хүсэл зорилгыг маш буруу тайлбарлаж байна.
2.3. Хамгийн гол нь Т.О ч бай, М.Д ч бай аль аль нь ажиллах байгууллага байхгүй, тодорхойгүй байдалтай байсан байхад анхан шатны шүүх Т.О ажиллах хүсэлтэй байсан гэдгийг үгүйсгэж байгаа нь нөхцөл байдлыг бүрэн үнэлж дүгнэсэнгүй гэж үзэж байна.
2.4. Түүнчлэн, Т.О нь ажилдаа өөрөө орох хүсэл сонирхлоо илэрхийлж байсан нь 2023 оны 01 сарын 23 өдөр Барилга, хот байгуулалтын яамны сайд Ц.Д-д гаргасан өргөдлөөс харагддаг. Тус өргөдөлд "... Миний бие хүүхэд асрах чөлөөгөө дуусган, чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү" /Хавтаст хэргийн 218 тал/ гэсэн байдаг. Шүүх үүнийг буруу дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагчаас энэхүү өргөдлийн хувийг шүүхэд гаргаж өгөхдөө "... Миний бие хүүхэд асрах чөлөөлөгөө дуусган, чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү" гэсэн хэсгийг харагдахгүй байдлаар дарж өгсөн байдаг. /хавтаст хэргийн 135 дахь тал/ Энэ нь Т.Оы хүсэл зоригийг зориуд нуун дарагдуулах гэсэн санаатай үйлдэл болсон гэж үзэж байна.
2.5. Энэхүү 21,563,413 төгрөгийн цалин хөлсний тооцооллыг хариуцагч өөрөө жил, сараар бодож Нийслэл рүү явуулсан байдаг. /хавтаст хэргийн 123-126 дахь тал/ Хариуцагч өөрөө 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар руу нэхэмжлэх үүсгэн, төлбөрийн хүсэлт явуулж хүлээн авсан. /хавтаст хэргийн 121-122 дахь тал/ Гэтэл Т.Он-ы цалин нь орсны дараа түүнд өгөхгүй гэж байгаа нь ойлгомжгүй, өгөхгүй байх үндэслэл бүхий тайлбар гаргадаггүй.
2.6. Т.О-ны чөлөөтэй хугацаанд ажиллаж байсан М.Д нь ажилд орохоор гомдол, хүсэлт огт гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх "Т.О-ны оронд ажиллаж байсан М.Д-д цалин хөлс олгогдох зохицуулалттай" гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
2.7. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 3.1.2, 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.3, 41.2, 43.2.1-д заасныг хэрэглэн Т.О ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил эрхлээгүй тохиолдолд цалин хөлс авах үндэсгүй гэх агуулгаар тайлбарласан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Учир нь Т.О ажил үүргээ гүйцэтгээгүй нь түүний буруу биш. МХЕГ татан буугдаж, чиг үүргийн бус, өөр мэргэжлийн ажилд томилсон нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хугацаанд ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулан шийдвэрлүүлдэгтэй ижилхэн юм.
2.8. Анхан шатны шүүх Үндэслэх хэгсийн 6-д "... албан үүргийг өөр албан хаагчаар гүйцэтгүүлээгүй тохиолдолд цалингийн санг буцаадаг" гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэжээ. Гэвч энэ нь ямар хуулийн зохицуулалтаар үндэслэлтэй гэж байгаагаа шүүх тайлбарлаагүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.
Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ." гэж заасан. Үүнийг дагуу НИТХ-ын 2024 оны 09 сарын 24 өдрийн "Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 105 дугаар тогтоолын 3.2.1.1-д Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, байгууллагад олгох төлбөр- 1,235,312,000 төгрөгийн төсөв баталж /2-р хавтаст хэргийн 115- 116-р тал /, үүнээс Т.О-ны цалин хөлсний төсөв 21,563,413 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд Төсвийн тухай хуулийн дагуу цалингийн санг буцаах боломж, зохицуулалт байхгүй.
2.9. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 24 өдрийн 128/ШШ2025/0647 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Т.О-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/536 тоот тушаалаар тус газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газрын харилцааны хяналтын улсын байцаагчаар 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн томилжээ.
2.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.О-д 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгожээ.
2.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор “Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасан”.
2.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2797 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагад шилжин ажиллах албан хаагчдын жагсаалтыг хүргүүлсэн байх бөгөөд уг хавсралтын 7-д “Т.О /Д/ гэж Т.О-ы хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа М.Д-г Нийслэлийн Байгаль орчны газар” гэж тодорхойлжээ.
2.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар Т.О-ыг тус газрын салбарын хяналт шалгалтын хэлтсийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс томилжээ.
2.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0210 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “...Т.О-ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О-ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
2.7. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжаар шүүхийн шийдвэрийн дагуу Т.О-д олгох олговор 21.563.413 төгрөгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт шилжүүлжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд “Т.О миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжаар шилжүүлсэн 21.563.413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл:
4.1. “...Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанаасаа өмнө буюу 2023 оны 01 дүгээр сараас ажилдаа орох хүсэлтэй байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбоотойгоор миний мэргэжлийн биш байгууллагад намайг шилжүүлж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл явдал болсон. Энэхүү шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох яам, агентлаг руу санал өгч албан хаагчдыг шилжүүлэхдээ миний ажиллаж байсан албан тушаалын нэрийг буруу өгснөөс үүдэн намайг эхлээд Нийслэлийн байгаль орчны алба, дараа нь чиг үүрэг таарахгүй гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Би мэргэжлийн чиглэлээрээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт ажиллах ёстой гэвч миний орон тоо, цалин хөлсний төсөв тухайн байгууллагад байхгүй, нийслэлийн төсөвт байсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14-т “Энэ хуулийн 7.4.5-д заасан эх, эсхүл эцгийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож , ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө” гэж заасан. Үүний дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар намайг томилогдсоноос хойш болон өмнөх хугацааны хүүхэд асрах чөлөөний хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнан, сар бүр төлж байгаа. Мөн хуулийн 21.14 дэх зохицуулалт нь намайг 2023 оны 01 сараас ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан хугацаанд хамаарахгүй юм.
4.2 Нэхэмжлэгч Т.О нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт “...мэргэжлийн чиг үүргийг харгалзан үзэж, цалингийн төсвийг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж, М.Дг газар, геодези, зураг зүйн хяналтын байцаагчаар томилж өгнө үү” гэх хүсэлтийг,
4.3. 2023 оны 01 дүгээр сард Барилга, хот байгуулалтын яаманд “...Иймд МХЕГ-аас Сангийн яам руу явуулсан 01/2139 тоот албан бичгийн хавсралтын 960 дугаарт заасан алдааг хянан үзэж, цалингийн төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлж, чиг үүргийн дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусган чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү?” гэх хүсэлтийг
4.4. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд өргөдөл, / 2023 оны 4 дүгээр сарын 13-нд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт Т.О-ны өргөдлийн дагуу албан бичиг явуулсан/
4.5. 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт “ ...төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн албан бичгийн дагуу үндсэн чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн тасарсан асуудлыг шийдвэрлэж, хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн олгож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэх хүсэлтийг,
4.6. 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт “... Т.О намайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилж ажилд авч өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргаж байсан.
4.7. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сараас ажилд томилогдох хүртэлх хугацаанд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бус ажил хөдөлмөр эрхэлж авах ёстой байсан цалин хөлснөөсөө тооцуулан холбогдох шимтгэл, татвар төлж, цалин хөлс авах ёстой. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргаас газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт шилжүүлсэн цалин хөлсний төсөв нь 2023 оны 01 дүгээр сараас буюу миний ажил хөдөлмөрөөрөө эрхлэх боломжтой байсан цаг хугацаанаас хойших хөдөлмөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор надад олгохоор шийдвэрлэсэн цалин хөлс юм гэж маргадаг.
5. Анхан шатны шүүхээс: Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр цалин хөлс олгогдох зарчим хэрэгжихээр байх ба тухайн тохиолдолд Т.О албан үүргээ гүйцэтгээгүй, ажил эрхлээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсны зэрэгцээ хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажил эрхэлсэн тохиолдолд цалин хөлс олгох, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсон, эсхүл чөлөөг хугацаанаас өмнө дуусгавар болгож ажилдаа орох хүсэлтээ гаргасан бол ажилд томилох зарчмуудын хүрээнд цалин хөлс олгох хууль зүйн үндэслэл бүрдэх тул албан үүргээ гүйцэтгээгүй, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө албан үүргээ гүйцэтгэх талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түүнд цалин хөлс олгохоос татгалзсанд хариуцагчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийслэлийн Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн цалин хөлс нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүнд олгогдох зориулалттай, албан үүргийг өөр албан хаагчаар гүйцэтгүүлээгүй тохиолдолд цалингийн санг буцаадаг” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй” гэх мэт дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь:
6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Т.Оы захиргааны байгууллагуудад гаргасан хүсэлтүүдийг дүгнэхдээ “Хүүхэд асрах чөлөөг хугацаанаас өмнө дуусгавар болгох, ажилдаа орох гэсэн агуулгагүй. М.Д-г ажилд томилуулах замаар өөрт хуулиар олгогдсон нэмэгдэл баталгааг эдлэх, өөрөө хүүхэд асрах чөлөөгөө хуульд заасан хугацаагаар үргэлжлүүлэн эдлэх агуулгатай албан тушаалд шилжүүлэн томилоогүйтэй холбоотой маргаагүйгээс үзвэл хүүхэд асрах чөлөөг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэл зориггүй байсан гэж үзэхээр байна. Төрийн байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлтөөс хамааран өөрийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо гээгдэхээс сэргийлж М.Д"г уг албан тушаалд томилуулах, улмаар өөрийн чөлөөтэй байх хугацаа дуусахаар ажилдаа орох утгыг илэрхийлж байна. Хүсэлтэд дурдсан агуулгаар нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн захиргааны байгууллагуудад гаргасан хүсэлтийн агуулгад хийсвэр дүгнэлт хийсэн, мөн шүүхээс аливаа үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөхдөө хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх шаардлагатай.
7. Нэхэмжлэгч Т.О 2023 оны 01 сараас эхлэн амаар болон бичгээр өөрийн мэргэжлийн чиг үүрэгт хамааралтай ажил албан тушаалд томилуулах талаар холбогдох захиргааны байгууллагад /Хянавал хэсгийн 4.2-4.6 дэх хэсэг/ түр орлон гүйцэтгэгч М.Дболон өөрийгөө томилуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан нь нэхэмжлэгчийг ажилд орох хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож ажилд орох хүсэлтээ өгөөгүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, мөн учир дутагдалтай байна.
8. Тухайлбал нэхэмжлэгч Т.О нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны сайд Ц.Дд өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлдөө “...Миний бие хүүхэд асрах чөлөөгөө дуусган, чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг мэргэжлийн чиг үүрэгт харьяалах яамны сайдад гаргасныг хүүхэд асрах чөлөөгөө дуусгах хүсэлгүй, ажилдаа орох сонирхлоо илэрхийлээгүй, ажилд орох хүсэлтээ гаргаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх энэ талаарх нотлох баримтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.
9. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь ажиллаж байсан байгууллага татан буугдсанаар эзэмшсэн мэргэжлийг нь андуурч мэргэжлийн бус албан тушаалд хоёр удаа томилсон асуудалд нэхэмжлэгч буруугүй бөгөөд захиргааны байгууллага буюу тухайн үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн, мөн өөрийн мэргэжлийн чиг үүргийн байгууллагад томилогдохын тулд холбогдох байгууллагад хүсэлт гаргаж орон тоог нь батлуулсны дараа 2023 оны 01 сараас хойших цалин хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой санхүүжилтийн асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт өөрийн орон тооны санхүүжилтийг шилжүүлж шийдвэрлүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад түүнийг ажилд орох хүсэлтээ албан ёсоор гаргаагүй, ажил хөдөлмөр эрхлээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан гэх үндэслэлээр 2023 оны 01 сараас хойших цалин хөлсийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
10. Нөгөөтээгүүр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 20-д “ Хугацааны тухайд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх буюу нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны үед нь тохирох цалин хөлснөөс тооцсон хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төсвийг шилжүүлнэ гэж ойлгохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тухайн хэргийн хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж Т.О-ы цалин хөлстэй холбоотой санхүүжилтийг шилжүүлсэн байхад нэхэмжлэгчийн цалин хөлсийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хариуцагч байгууллагын зүгээс дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэхээр байна.
11. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх гэж тодорхой зааж, тухайн хугацааны үед нь тохирох цалин хөлснөөс тооцсон, татвар, шимтгэлийн төсвийг шилжүүлэхээр заасан байх бөгөөд дээрх ойлголтоор нэхэмжлэгчийг 2023 оны 01 дүгээр сарны 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласнаар тооцож цалин хөлс олгохоор зохицуулсан гэж тайлбарлагдахаар байна.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т “хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөгөө хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ажилд орох хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд гаргасан, Барилга, хот байгуулалтын яамнаас нэхэмжлэгчийн хүсэлтийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт шилжүүлсэн бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч нь нэхэмжлэгч Т.О-ыг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна.
13. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийг 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй үндэслэлээр цалин хөлс олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгах боломжгүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй.
14. Учир нь нэхэмжлэгчийн хувьд Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан өмнө нь ажиллаж байсан байгууллага татан буугдсан, мэргэжлийн чиг үүрэг бүхий Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газарт орон тоо байхгүй зэрэг шалтгааны улмаас нэхэмжлэгч нь өөрийн эзэмшсэн мэргэжилтэй хамааралтай албан тушаалд томилогдож чадаагүй бөгөөд хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд тухайн албан тушаалд ажиллах боломж олдоогүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
15. Энэ талаар захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй.
16. Нөгөө талаас нэхэмжлэгч Т.О-ны Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдаж, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор захиргааны байгууллага, албан тушаалтан хангах үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 199.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2025/0647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.О-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжаар шилжүүлсэн 21.563.413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР