Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч О.Саранжавхаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Отгонтогоогийн Саранжавхаад холбогдох эрүүгийн 2133000140065 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, 00 мэргэжилтэй, ам бүл 0, нөхөр хүүхдийн хамт, 0000 хот, 0000 дүүргийн 0 дүгээр хороо 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух хаягтай,

            Үндсэн хаяг: 0000 аймгийн 0000 сум 2-р баг, 1-11 тоот хаягт орших суух хагийн бүртгэлтэй, Чонос овогт ******* Саранжавхаа   (РД:00000).

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч О.Саранжавхаа нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хүүхэд хөгжлийн төвд багш буюу төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн харьяат иргэн Ж.Нармандах, Ж.Шагжтив нарыг 2019 оны 12 дугаар сард Орхонтуул сумын нутаг дэвсгэрт малаа оторлож байхад нь "Засаг дарга та нарыг хөөх гээд байна яаралтай бэлчээр ашигласны төлбөрөө төл гээд байна гэж" хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нөхөр Ганбатын Бямбадоржийн 5052065450 дугаартай Хаан банкны дансаар хохирогч Ж.Уранмандахаас 1,500,000 төгрөгийг авч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар :

Шүүгдэгч О.Саранжавхаа нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хүүхэд хөгжлийн төвд багш буюу төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалд ажиллаж

байхдаа Өвөрхангай аймгийн харьяат иргэн Ж.Нармандах, Ж.Шагжтив нарыг 2019 оны 12 дугаар сард  Орхонтуул сумын нутаг дэвсгэрт малаа оторлож байхад нь "Засаг дарга та нарыг хөөх гээд байна яаралтай бэлчээр ашигласны төлбөрөө төл гээд байна гэж" хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нөхөр Ганбатын Бямбадоржийн ****** дугаартай Хаан банкны дансаар хохирогч Ж.Уранмандахаас 1,500,000 төгрөгийг авч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1-р хавтаст хэргийн, 10 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй  хуулга/2 хавтаст хэргийн, 03 дугаар хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 21/300072 дугаартай хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал/2 хавтаст хэргийн, 22-23 дугаар хуудас/, гэрч Ж.Нармандахын мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч С.Бямбасүрэнгийн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 22-23 дугаар хуудас/, гэрч Ж.Шагжтивийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн, 25-26 дугаар хуудас/, гэрч Н.Гэрэлмаагийн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 28-29 дүгээр хуудас/,хохирогч Ж.Уранмандахын мэдүүлэг/2-р хавтаст хэргийн, 69 дүгээр хуудас/, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2133000140065 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газар прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол/2-р хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.Саранжавхаа нь хохирогч Ж.Уранмандахад  учруулсан хохирол 1,500,000 төгрөг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Саранжавхаа нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирог Ж.Уранмандах нь хохирол төлбөр төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч О.Саранжавхаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Саранжавхааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Саранжавхаад авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг 90 хоногт гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2-4,36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Чонос овогт Отгонтогоогийн Саранжавхааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Саранжавхааг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Саранжавхаад авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Саранжавхаа  торгуулийн ялыг 90 хоногт гүйцэтгэхийг дурдсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА