Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1177

 

 

 

 

 

 

 2023         09          11                                       2023/ШЦТ/1177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Д.Аззаяа,

хохирогч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Д /ҮД:3330/,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Номт овогт Мөнхзулын Мт холбогдох 2306 00000 2364 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авсныг энэ өдөр хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.....................................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Яллагдагч М.М нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................. тоотод Э.Дтай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шилэн аягатай пиво шидэж нүүрэн тус газарт нь оносны улмаас эрүүл мэндэд нь дух, хамарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан үйл баримт

            

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 21-ний 03 цагийн үед хоёр удаа залгаж гараад ир юм яръя гэж залгасан бөгөөд би тэр үед боломжгүй талаар хэлсэн. Гэртээ харьж хоносон уу? гэхэд эгч нь нэг пиво уугаад сууж байна би гэртээ харьсан гэж хэлсэн. Эгчийн дүү боломжтой бол нойлын цаас дөхүүлээд өгөөч гэхэд тэгье гээд дэлгүүр ороод залгахад өд нойлын цаас авчих гэж хэлсэн. Хоёулаа нэг нэг пиво ууж суух уу гэхэд тэгье гээд орж пиво уусан. Ууж байгаад дахин гарч 3, 3 пиво авч ууж суусан. Бид хоёр сэтгэлийн хөөрөлтэй байсан. Үүдний хэсэг рүү явсан бөгөөд нэг мэдэхэд зай гээд түлхсэн би хаалгаар гарахдаа түлхэгдэхдээ пиво шидсэн. Харахад нүүрнээс цус гарч байсан бөгөөд би өөрийн утаснаас цагдаа түргэн лүү эхэлж залгасан. Дараа нь найз нь босож ирсэн. Хамгийн анх цагдаа орж ирээд дараа нь түргэн ирээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү явсан. Нүүрийг үзүүлэхэд оёдол хийх боломжгүй нөхөж хийнэ гэж хэлсэн. Маргааш нь хувийн эмнэлэг рүү очиж маргааш өглөө нь эрт чихнийх нь араас авч хамар дээр нь оёсон. Би хохирлыг барагдуулж байгаа.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д өгсөн мэдүүлэгтээ: “...Мийн ярьсан бүх зүйл үнэн. Маргалдсан шалтгаан нь та ирээгүй гэдэг гомдол байсан бөгөөд олон удаа ирсэн. Манай найз байгаа учир дараа яръя, би цаг завгүй байсан гэж хэлсэн. Би битгий гэрт агсам тавиад бай гэж хөөсөн нь үнэн. Тэгээд над руу шидээд ийм зүйл үүссэн. Тухайн үед цагдаа, түргэн болоод эмнэлэг дээр очиход оёх шаардлагатай гээд “Перфект” эмнэлэгт очиж 1.100.000 төгрөгөөр оёулсан. 22-ны өдрийн шөнө эмнэлэг дээр очиход гарсан төлбөрийг хувиараа авч өгсөн. Дулааны улиралд лазер хийдэггүй. Нэг эмнэлэгт очоод үзүүлэхэд 2.500.000 төгрөг гарах байгаа учир яаралтай мөнгөө авч лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. 6-1 жилийн хугацаанд эдгэрнэ. Миний хамар нөхөгдөх, засвар хийх шаардлагатай учир тухайн хамраа янзлуулах шаардлагатай байна.” гэв.

         

          - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дгийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд хажуу байрны танил М над руу залгаад "юу хийж байна аниа яваад оръё" гэхээр нь би дэлгүүр орчхоод яахын гэхээр нь "пиво ууя" гээд 4 ширхэг пиво аваад ир гэж хэлээд 20,000 төгрөг шилжүүлээд М манайд орж ирсэн. Тэгээд бид хоёр тус пивонуудыг хоёр хоёр ширхгээр нь хувааж уугаад дахиад 17 цагийн орчимд дахиж гараад 4 ширхэг 0,5 литрийн лаазтай пиво авч орж ирээд тэрийгээ хоёр хоёр ширхгээр нь хувааж уугаад ярилцаад сууж байтал 18 цагийн үед манай найз Г ирээд халуун усанд ороод пиво уугаагүй эрүүл байсан... М надад агсраад байхаар нь "чи яв" гээд гарах хаалга руу түлхсэн чинь өөрийнхөө ууж байсан стакантай пивоо миний нүүр хэсэг рүү ойролцоогоор 1 метрийн зайнаас шидсэн чинь аяга нь хагараад миний нүүр хэсгээс цус годогдоод гарсан чинь М миний нүүр хэсэгт гараараа "аниа яана аа” гээд дарсан. Тэгээд цус гараад тогтохгүй болохоор нь ариун цэврийн өр руу орсон чинь хамрын дээд хэсгийн мах нь авагдсан байдалтай байхаар нь 103 дуудсан чинь ийм дуудлага дээр цагдаа дууддаг гэхээр нь дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд цусаа тогтоолгож боолгоод цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,  

            - Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би найз Дгийнд усанд орчхоод байж байтал Д нэг найз эмэгтэйтэйгээ хамт пиво уугаад нэлээд ярилцаж суусан. Тэгээд тэр 2 нэлээд хэдэн пиво ууж байгаад хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдаад байх шиг байсан сүүлдээ Д би чамтай гэртээ хэрэлдмээргүй байна чи гар гээд тэр хоёр үүд хэсэг рүү явсан. Би буйдан дээр сууж байтал тэр хоёр үүдэнд очсоноо шил юм хагарч хашхираад уйлаад явчих шиг болохоор нь би очоод хартал Дгийн толгой нүүр дүүрэн Цус гоожоод тогтохгүй байсан тэр хоёроос юу болов гээд асуусан чинь Дгийн нөгөө найз нь надад хандаж би барьж байсан пивотой стаканаар нуур руу нь цохичихлоо гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

            - Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8161 дугаартай 1.Э.Дгийн биед дух, хамарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Духны Шарх нь ир ирмэгтэй, хамарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

- 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Перфект” эмнэлгийн ерөнхий эмчийн “...Эмчилгээний төлбөр: Үзлэг зөвлөгөө ........ төгрөг, Мэс засал ......... төгрөг  төлсөн болно. Цаашид сорви засах мэс засал ........ төгрөг, лазер эмчилгээ шаардлагатай. Шарх, сорвины эдгэрэлтээс шалтгаалж лазерыг см талбайгаар /1см-70000 төгрөг/ тооцож, олон удаагийн давтан эмчилгээг хийлгэнэ.” гэх тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт/шүүхийн шатанд хохирогчоос шинээр гаргаж өгсөн гэх 2 хуудас/,

 

- 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Перфект” эмнэлгийн ерөнхий эмчийн “... Эмчилгээний төлбөр: Үзлэг зөвлөгөө .....төгрөг, Мэс засал ..... төгрөг  төлсөн болно. Цаашид сорви зөөлрүүлэх зорилгоор намар 2-3 удаа лазер эмчилгээ, 6 сараас 1 жилийн дараа сорви мэс засал хийгдэх шаардлагатай.” гэх тодорхойлолт /шүүхийн шатанд хохирогчоос гаргаж өгсөн 1 хуудас/  зэрэг болно

 

 

 

    1. Шүүхийн шийдвэрийг үндэслэл болсон нотлох баримт

 

          1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас/,

 

          2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дгийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд хажуу байрны танил М над руу залгаад "юу хийж байна аниа яваад оръё" гэхээр нь би дэлгүүр орчхоод яахын гэхээр нь "пиво ууя" гээд 4 ширхэг пиво аваад ир гэж хэлээд 20,000 төгрөг шилжүүлээд М манайд орж ирсэн. Тэгээд бид хоёр тус пивонуудыг хоёр хоёр ширхгээр нь хувааж уугаад дахиад 17 цагийн орчимд дахиж гараад 4 ширхэг 0,5 литрийн лаазтай пиво авч орж ирээд тэрийгээ хоёр хоёр ширхгээр нь хувааж уугаад ярилцаад сууж байтал 18 цагийн үед манай найз Г ирээд халуун усанд ороод пиво уугаагүй эрүүл байсан... М надад агсраад байхаар нь "чи яв" гээд гарах хаалга руу түлхсэн чинь өөрийнхөө ууж байсан стакантай пивоо миний нүүр хэсэг рүү ойролцоогоор 1 метрийн зайнаас шидсэн чинь аяга нь хагараад миний нүүр хэсгээс цус годогдоод гарсан чинь М миний нүүр хэсэгт гараараа "аниа яана аа” гээд дарсан. Тэгээд цус гараад тогтохгүй болохоор нь ариун цэврийн өр руу орсон чинь хамрын дээд хэсгийн мах нь авагдсан байдалтай байхаар нь 103 дуудсан чинь ийм дуудлага дээр цагдаа дууддаг гэхээр нь дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд цусаа тогтоолгож боолгоод цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

 

            3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гын өгсөн: “...Гарч Ц.Гын" 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би найз Дгийнд усанд орчхоод байж байтал Д нэг найз эмэгтэйтэйгээ хамт пиво уугаад нэлээд ярилцаж суусан. Тэгээд тэр 2 нэлээд хэдэн пиво ууж байгаад хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдаад байх шиг байсан сүүлдээ Д би чамтай гэртээ хэрэлдмээргүй байна чи гар гээд тэр хоёр үүд хэсэг рүү явсан. Би буйдан дээр сууж байтал тэр хоёр үүдэнд очсоноо шил юм хагарч хашхираад уйлаад явчих шиг болохоор нь би очоод хартал Дгийн толгой нүүр дүүрэн Цус гоожоод тогтохгүй байсан тэр хоёроос юу болов гээд асуусан чинь Дгийн нөгөө найз нь надад хандаж би барьж байсан пивотой стаканаар нуур руу нь цохичихлоо гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

            4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8161 дугаартай 1.Э.Дгийн биед дух, хамарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Духны Шарх нь ир ирмэгтэй, хамарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

            6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 19- ний өдрийн 625 дугаартай "1. Н.Баттогтохын биед хамар яс болон хамрын таслагчийг хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

 

            7. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-03 дугаар хуудас/,

           

            8. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Мийн яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчим хажуу байрны танил эгч Друу би залгаад хаана байна гэсэн чинь гэртээ байна ууж байна чи боломжтой бол ариун цэврийн цаас аваад ороод ир гэж хэлхээр нь би дэлгүүрт ороод ирсэн байнаа ямар ариун цэврийн хэрэгсэл авах вэ гэсэн чинь чи пиво уух юм уу уувал аваад ороод ир гэж хэлэхээр нь би 0,5 литрийн 2 ширхэг шилтэй, 2 ширхэг лазтай пиво нийт 4 ширхэг пиво аваад Д эгчид хэлээд Д мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд Дгийн гэрт ороод нөгөө пивоо хоёр хоёроор нь ууж дуусаад цуг дэлгүүр буугаад дахиж гурав гурав ширхэг 3 ширхэг лазтай 3 ширхэг шилтэй пиво авч ороод уусан. Ууж дуусах үед согтуудаа ул ялиг зүйлээс болж маргалдсан яг юунаас болж маргалдсаныг сайн ойлгоогүй зүгээр л ам зөрөөд маргалдсан чинь Д намайг гэрээсээ хөөгөөд түлхэж гаргасан би түлхүүлж гарах үедээ стакантай пиво барьсан байсан учраас стакантай пивоо уур хүрээд шидээд гутлаа өмсөөд дээшээ харсан чинь Дгийн толгой нүүр хэсгээс цус гоожсон байсан. Тэгээд би сандраад цагдаа болон эмнэлэг дуудсан. Би Друу шидье гэж бодож шидээгүй уур хүрээд шидсэн чинь Дг оночихсон. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дд учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

 

  9. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Перфект” эмнэлгийн ерөнхий эмчийн “...Эмчилгээний төлбөр: Үзлэг зөвлөгөө 40000 төгрөг, Мэс засал 1.100.000 төгрөг  төлсөн болно. Цаашид сорви засах мэс засал 2.500.000 төгрөг, лазер эмчилгээ шаардлагатай. Шарх, сорвины эдгэрэлтээс шалтгаалж лазерыг см талбайгаар /1см-70000 төгрөг/ тооцож, олон удаагийн давтан эмчилгээг хийлгэнэ.” гэх тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт/шүүхийн шатанд хохирогчоос шинээр гаргаж өгсөн гэх 2 хуудас/,

 

          Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч М.Мийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Мийн байнга оршин суугаа газрын лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б М.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч М.Мийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд /хавтаст хэргийн 26-27, 29-31 дүгээр хуудас/ зэрэг баримтаар “яллагдагч М.М нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................. тоотод Э.Дтай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шилэн аягатай пиво шидэж нүүрэн тус газарт нь оносны улмаас эрүүл мэндэд нь дух, хамарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.

 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
 

Хохирогч Э.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрхээ эдэлж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон болно.

 

    1. Хууль, эрх зүйн дүгнэлт

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Э.Дгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хамар яс болон хамрын таслагчийг хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

          М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.           

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Мийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5  Гэм буруугийн талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч М.М нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................. тоотод Э.Дтай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шилэн аягатай пиво шидэж нүүрэн тус газарт нь оносны улмаас эрүүл мэндэд нь дух, хамарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгчийн зүгээс ................ төгрөгийг төлсөн баримт байгаа ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ........... төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Цаашид хохирогчийн зүгээс эрүүл мэндтэй холбоотой лазер эмчилгээ хийлгэх төлбөр болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч М.М нь гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч Б.Д “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хүзүү толгой нөхөн сэргээх эмчийнд дүгнэлт цаашид эмчилгээ хийлгэх 2.500.000 төгрөг гарах бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож уг мөнгийг гаргуулах саналтай байна. Цаашид олон удаагийн давтан эмчилгээ хийх нь хэдэн төгрөгөөр хэдэн удаа хийлгэх тодорхойгүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү..” гэв.

   Шүүгдэгч М.М нь хохирогч Э.Дгийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч М.Мийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

          Иймд шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          1.6 Гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршиг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Д гэм хорын хохирлоо нэхэмжилж, нотлох баримтаа гаргаж өгөөгүй боловч шүүхийн шатанд хохирлын ......... төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт ................. төгрөгийг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн ба энэ талаар хохирогч санал нэгдсэн болно.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Мөөс ............ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Дд олгохоор шийдвэрлэлээ. Учир нь энэ талаар шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

          Мөн хохирогч Э.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Мөөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

   Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Д: “...Тусгайлсан саналгүй.” гэжээ.

Шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

М.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, төлбөр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал, гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.  

         

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,  38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгоод

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Номт овогт Мөнхзулын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мт мэдэгдсүгэй.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Дд .......... төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Мөөс ....... төгрөгийг гаргуулан хохирогч Э.Дд олгосугай.

          7. Хохирогч Э.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Мөөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, прокурор, дээд шатны прокурор -эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.АЛДАР