Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэх 2 гудамж 14 тоотод оршин суух Боржигон С.Х /РД: /

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэх 2 гудамж 14 тоотод оршин суух Авга Ц.Х /РД: /-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х, хариуцагч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2006 онд Ц.Хтэй танилцаад 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж хамт амьдран 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Х.Анхилуун, 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Х.Энхзолбоо, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Х.Энхзориг нар төрсөн. Бид зан харилцааны хувьд хамтран амьдрах боломжгүй болсон. Ц.Х 2009 оноос архи ууж эхэлсэн, уурхайд ажиллаад гэртээ хонохгүй, 4-5 удаа хүүхэнтэй холбогдож байсан. Тэр болгоныг нь би уучлаад л  амьдардаг байсан. Бүх хариуцлага над дээр л ирдэг байсан. Архи уухаараа 2-3 хоног ирэхгүй, эрүүл ирэхээрээ намайг хардаж сэрдэж зоддог байсан. Тиймэрхүү шалтгаан байнга үргэлжилдэг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 25-нд муудалцаад, зодуулаад 3 хүүхдээ аваад аав, ээжийнхээ гэрт очсон. Шинэ жилийн өмнө эвлэрээд буцаад очсон боловч дахин 2019 оны 01 дүгээр сард муудалцаад аав, ээжийнхээ гэрт хүүхдүүдээ дагуулаад дахиад очсон. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. Тиймээс гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2006 онд анх эхнэр С.Хтай танилцсан. 3 сайхан үртэй болсон. Бид 2 ханилаад 13 жил болсон. Би бүх юманд буруутай. Хүний хань, үр хүүхдийн эцэг байж чадаагүй. Би 3 хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээгээд гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгож төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ц.Хэд холбогдуулан  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох,  тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Ц.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Гэрлэгчид 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0291-рт бүртгэж гэрчилгээ олгогдсон, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Х.Анхилуун, 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Х.Энхзолбоо, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Х.Энхзориг нар төрсөн байна.

 

2019 оны 01 дүгээр сараас хойш гэрлэгчид хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иймд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин Х.Анхилуун, хүү Х.Энхзолбоо, Х.Энхзориг нарыг төрсөн цагаасаа эхийн асрамжид байсан эцэг, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг үндэслэн  эхийн асрамжид үлдээж, эцэг Ц.Хээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269.010 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар Авга Ц.Х, Боржигон С.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Х.Анхилуун, 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Х.Энхзолбоо, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Х.Энхзориг нарыг эх С.Хын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Х.Энхзолбоо, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Х.Энхзориг нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, энэ хуулийн 40.1.2-.т заасныг баримтлан  2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Х.Энхзолбоо, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Х.Энхзориг, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Х.Анхилуун нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Хээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269.010 /хоёр зуун жаран есөн мянга арав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Хээс 269.010 /хоёр зуун жаран есөн мянга арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Хт  олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Одгэрэлд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ