Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0694

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “М К”  ББСБ ХХК РД:**,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Ж.Н.

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  Б.Т, Ж.Н нарын 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 0295613 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Х.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Б.Т, Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М К”  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2017 онд Хб ББСБ-ын хувьцааг эзэмшиж байсан этгээд нь тухайн хувьцааг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Татварын улсын байцаагч нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Л нь компанийн эрхийг шилжүүлэн авч, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдох орлогоо тайланд тусгаагүй гэх нөхцөл байдал илэрсэн гэж үздэг. Гэтэл дээрх гэрээ нь хоёр иргэний хооронд хийгдсэн учир энэ тухай аж ахуйн нэгжийн тайланд тусгах шаардлагагүй юм. Хяналт шалгалтын үйл ажиллагаагаар “М К”  ХХК-ийг шалгасан боловч эзэмшигч өөрчлөгдсөн бол бүртгэх ёстой гэх үндэслэлээр манай байгууллагад торгууль оногдуулж байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд үйл ажиллагааны орлого гэдгийг тодорхойлсон байдаг. Гэхдээ хувьцаа үнэт цаас борлуулсны орлого гэдгийг харгалзан үзээгүй байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.2 дахь хэсэгт Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна. 8.2.1 дэх заалтад эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого, 8.2.2 дахь заалтад хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого гэж заасныг баримталж шийтгэл оногдуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр иргэний хооронд хувьцаа шилжүүлсэн орлогыг “М К”  ХХК-нд хамааруулан үзсэн байгаа гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Компанийн тухай хуульд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийг үүсгэн байгуулагч нь өөрчлөх эрхтэй байдаг. Хэрэв татварын асуудал үүсвэл Улсын бүртгэлийн газар нь өмнө нь татвар төлж байсан тухай баримтыг шаардах боломжтой байдаг. Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг хэзээ, хэнд, танилцуулж, шалгалт хэрхэн, ямар байдлаар явуулсан эсэх нь тодорхойгүй байна. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тухай актыг хувийн хэргээс харвал хэн гэдэг прокурор хяналт тавьж ажилласан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Иймд дээрх хяналт шалгалт нь хуульд нийцэж явагдсан эсэх нь эргэлзээтэй байна гэв.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2018 оны 5 сарын 4-ны өдрийн 25180500420 тоот Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон хяналт шалгалт хийх томилолтын дагуу тухайн компанид хяналт шалгалт хийсэн. БНСУ-ын иргэн Ли Кю Шиг тус компанийг шилжүүлэн авч Ханан башаа ББСБ ХХК-ийн нэрийг өөрчлөн “М К”  ББСБ ХХК болгосон боловч татварын албанд ирж нэмэлт өөрчлөлтийг хийлгээгүй байсан. Тус өөрчлөлтийг хийлгээгүйн улмаас Татварын улсын байцаагч Б.Т, Ж.Н бид хоёр томилолт олгогдсон өдрөөс хойш Ханан башаа ББСБ ХХК-ийг эрэн хайх ажиллагаа явуулсны үр дүнд 6 сард “М К”  ББСБ ХХК болж өөрчлөгдсөн болохыг олж тогтоосон. Татварын хяналт шалгалтанд хамрагдах болсон тухай удаа дараа менежер болон компанийн удирдлагуудад мэдэгдэхэд гэрээт нягтлан бодогч Х.Бс нь өвчтэй хүн асрах болсон тул хяналт шалгалтын ажлыг 1 сарын хугацаагаар сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Тухайн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд тодорхой хугацааны дараа дуудахад эдийн засагч Б.Лхагвасүрэн, тус компанийн гүйцэтгэх захирал Ли Ху Жүүн нар ирсэн. Тэднийг ирэхэд томилолтоо танилцуулсан. Шалгалтын явцад 2017 оны 1 сарын 18-ны өдөр Ханан башаа ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч Довдон овогтой Жаргалсайхан нь тус компанийн 400,000,000.00 төгрөгийн хувьцаа болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхтэй тусгай зөвшөөрлийг БНСУ- ын иргэн Л -д шилжүүлэн өгсөн гэдэг нь тогтоогдсон. 2017 онд 400,000,000.00 төгрөгийн хөрөнгөтэй Хб ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, Санхүүгийн зохицуулах хорооны 1/388 дугаартай тусгай зөвшөөрлийг БНСУ-ын иргэн Л 2017 оны 1 сарын 18-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсний дагуу шилжүүлэн авч, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй болох нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1. үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.2: эрх борлуулсны орлого, 8.2-т Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна, 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсны орлогод 30 хувиар гэсэн заалтуудыг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан. Татварын ерөнхий хуульд зааснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хувь хүн хуулийн этгээд нь стандартын шаардлага хангасан төхөөрөмж ашиглах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн ажил үйлчилгээ эрхэлдэг эсэхээс үл хамаарч татварын нэгдсэн системд холбогдон сугалаанд оролцох эрхтэй баримтыг гаргаж өгөх ёстой гэж заасныг үндэслэн 1.500.000 төгрөгөөр торгосон. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь зөвхөн бүртгэл хийх эрх үүрэгтэй байгууллага юм. Харин татварын алба нь санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд шийтгэлийн хуудас оногдуулсан. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурорын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т: хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.12, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл ... заасан зөрчил, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулжээ.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Тэгвэл, Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх /хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12/, холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох /хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2/, түүнчлэн зөрчил шалгах ажиллагааг дээрх хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх /6.6 дугаар зүйлийн 1.2/ зэргээр гүйцэтгэсэн гэж үзэхээр байгаа боловч, Монгол Улсын болон гадаад улсын иргэд хоорондоо гэрээний чөлөөт эрхийн зарчмын дагуу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр компаний эрх шилжүүлэх гэрээ үйлдсэнийг, хуулийн нэг этгээд нөгөө этгээдэд тусгай зөвшөөрөлтэй эрх шилжүүлэхдээ эрх борлуулсны орлого буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.1.3: үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.2: эрх борлуулсны орлого, 8.2-т эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна, 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсны орлогод 30 хувиар гэснээр тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй зөрчил гаргасан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Яагаад гэвэл, Компаний хувьцаа бэлэглэх гэрээ[1], Компаний эрх шилжүүлэх гэрээ[2] ээр тус тус Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон, ББСБ-ын тусгай зөвшөөрлийн эрхтэй, нэг бүр нь 1000 /мянга/ төгрөгний үнэ бүхий 400.000 ширхэг хувьцааг иргэд / МУ-ын иргэн БНСУ-ын иргэнтэй/ хоорондоо бэлэглэлийн гэрээг хийснээр шинэ эзэмшигчид шилжсэн үйл баримтад, тодруулбал, хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтнаас ...2017 оны 1 сарын 18-нд 400.000.000.00 төгрөгийн хөрөнгөтэй, Хб ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй тусгай зөвшөөрлийг бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг зөрчсөн нь тогтоогдож байна хэмээн дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан гэж зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ... оногдуулах шийтгэл, ... хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд нийцсэн байна гэдэгт нийцүүлээгүй, мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ тохиолдолд холбогдогч “М К”  ББСБ ХХК нь татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан гэх үндэслэлүүдийн чухам аль хэсгийг зөрчсөн гэдгийг бүрэн гүйцэд тогтоогүй байгаа нь хууль бус байна.

Нөгөө талаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бидний бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааны үнээс шууд нөхөн татвар, төлбөр, алданги тооцож байгаа нь буруу, хувьцааны үнийг хэдэн төгрөгөөр үнэлсэн гэдгийг, хэдэн төгрөгөөр худалдан авсан гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй, төлбөртэй шилжүүлсэн гэх үйл баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, хариуцагч нь шийтгэлийн хуудсандаа татвар ногдох орлогыг тайлагнаагүй, төлөөгүй зөрчил-д арга хэмжээ авсан гэж заасан боловч шүүх хуралдаан дээр нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан гэх зөрчилд шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд тохироогүй, Зөрчлийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд гомдол гаргагчийн маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүйгээр, гомдлын шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “М К”  ББСБ ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0295613 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 181.500.000.00 төгрөгийн торгуулиас 180.000.000.00 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох 1.500.000.00 төгрөгийн торгуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан гомдол гаргагч “М К”  ББСБ ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   У.Б