Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0738

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Г.Бнар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар шийдвэр;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч  Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Ж.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 125/2025/0048/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан "Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх"-ийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Ж.Э нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар дугаартай “Б.Б-ыг ажилд томилох тухай” тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар жинхлэгдэн ажилд томилогдон 2025 оны 04 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд тус төвийн даргаар ажилласан. Гэвч Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2. 82.1.4 дэх заалтыг үндэслэн гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4. Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Гэтэл ажил олгогч буюу Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас нэхэмжлэгч Б.Б-д мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийхгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй шалтгаанаар ажлаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажилтанд энэ тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай үүрэгжүүлсэн зохицуулалт нь ажилтан өөрийгөө ажлаас чөлөөлөгдөх болж буйг урьдчилан мэдэж, дараагийн ажил олох боломж нөхцөлийг олгох зорилготой. Хуульд мэдэгдэх үүргийг хэлбэрийн хувьд бичгээр эсхүл цахимаар гэж заасан энэхүү хэлбэрийн шаардлагыг хариуцагч зөрчсөн.

3.4. Өөрөөр хэлбэл ажилтан мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй болсон нь ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч Б.Б-ыг ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн ажлын байранд тавигдах шаардлагыг тухайн ажилтан хангаж байгаа эсэхийг ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах үед шалган тогтоох үүрэгтэй бөгөөд ажилтныг тухайн ажилд авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсний дараа дээрх шаардлагыг үндэслэн ажилтныг ажлаас халсан нь буруу юм.

"Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолоор Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл Эндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Гэтэл нэхэмжлэгч Б.Б-ыг ажил үүрэг, мэргэжил ур чадвар ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй.

Өөрөөр хэлбэл Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг аймгийн эрүүл мэндийн газрын дарга батлаагүй, Эрүүл мэндийн яамнаас Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалын жишиг тодорхойлолтыг боловсруулаагүй албан тушаалтнуудын буруутай үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч Б.Бын хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, түүнийг буруутгах нь хуульд нийцэхгүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 125/ШШ2025/0063 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-гаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.  Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд болон хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж зохигчдын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.2. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээр зөвхөн Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.3. Тухайн гүйцэтгэж ажил үүрэгтэй тэнцэхгүй болсныг ажил ажил олгогч тогтоохдоо энэ УДШ-ын 2006 оны тайлбарт дурдсанаар зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэсэнд бөгөөд мэргэжил таарахгүй гэж үзэж байгаа бол тухайн этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй байхад зөвхөн Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэсэн атлаа түүний оронд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын даргаар яг түүнтэй ижил мэргэжилтэй хүнийг томилж, тухайн хүн нь өнөөдрийг болтол ажлаа хийж байгааг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог. Хууль хүн бүрд ижил тэгш үйлчлэх ёстой байтал Эрүүл мэндийн дарга нь нэхэмжлэгч Б.Б-ыг биологич мэргэжилтэй гэж ажлаас халсан хэр нь оронд дахиад биологич хүн томилсон нь Захиргааны ерөнхий хуульд заасны шударга ёсны зарчим, зорилготой нийцсэн үр нөлөөтэй байх, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Ажил үүрэгтэй тэнцэхгүй байгаа тухай ажилтанд анхааруулж байсан байх ёстой. Анхан шатны шүүх дүгнэхдээ 2012 оны Эрүүл мэндийн сайдын тушаалыг Анхан шатны нэхэмжлэгч мэдэж байсан тул энэ талаар анхааруулах шаардлагагүй гэжээ. Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Б-д энэ талаар заавал анхааруулсан байх ёстой бөгөөд хуулийн үг үсэн болон утга санааг илтэд үндэслэлгүй гуйвуулсан байна. Хэдэн жил ажилласан, ямар хууль мэддэг, мэддэггүйгээс үл шалтгаалан энэ
урьдчилсан нөхцөлийг заавал биелүүлэх ёстой байсан.

4.5. Б.Б нь биологич мэргэжилтэй хүн тухайн ажлын байранд ажиллах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ ажил олгогчийн зүгээс ямар нэг байдлаар тухайн мэргэжил нь тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж анхааруулж байсан бол мэдээж мэргэжлээ дээшлүүлэх арга хэмжээ авах боломжтой байсан. Гэтэл ямар нэг тушаал журам батлагдсан байгаа байдал Нь ажил олгогчийг энэ талаар авах үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

4.6. Хөдөлмөрийн тухайн хуульд зааснаар 30 доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй талаар шүүх хуралдааны явцад тогтоогддог бөгөөд энэ талаах анхан шатны шүүх шийдвэртээ ямар ч дүгнэлт хийгээгүй.

4.7. Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 125/ШШ2025/0063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Б.Б-ыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Ховд аймгийн Зооноз өвчин судлалын албаны даргаар томилж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаар “Б.Б-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1.4-д заасныг баримтлан “гүйцэтгэж байгаа албан үүрэгтээ тэнцэхгүй болсон” үндэслэлээр албан тушаалаас чөлөөлжээ.

            3. Нэхэмжлэгч шүүхэд “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

            4. Хариуцагч Б.С тайлбартаа: Эрүүл мэндийн сайдын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 271 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2-т “Төвийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний их эмч мэргэжилтэй байх ба даргыг Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захиралтай зөвшилцсөний үндсэн дээр аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилж чөлөөлнө” гэж заасан байна. Нэхэмжлэгч Б.Б нь биологич мэргэжилтэй тул ажлаас чөлөөлсөн гэх тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн “...тус дүрэмд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан ажилтан тухайн мэргэжилд таарахгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргадаг.

            5.  Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч анх ажилд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан, төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хийсэн үзлэгээр хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолт байхгүй болох нь тогтоогдсон тул ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, албан тушаалд тавигдах шаардлагын талаар харилцан тохиролцоогүй буюу хөдөлмөрийн харилцаа хуулийн дагуу үүссэн гэж үзэхээргүй байна, ...нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сараас 2025 оны4 дүгээр сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээгүй, албан тушаалын тодорхойлолтгүй ажиллаж байсанд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй, ... нэхэмжлэгч нь 1993-1999 онд Монгол Улсын Их сургуулийн харьяа Ховд аймаг дахь салбар сургуулийг биологийн багш мэргэжлээр төгссөн байх тул маргаан бүхий албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасан. ...Эрүүл мэндийн сайдын 271 дүгээр тушаалаар баталсан Зооноз өвчин судлалын төвийн дүрэмд төвийн даргын мэргэжлийг хүний их эмч, мэргэшлийн хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийг ажлын байрны шаардлага хангаагүй байхад томилсон гэж үзэх үндэслэлтэй, ...нэхэмжлэгчийн хувьд хууль тогтоомжид заасан болзол шаардлагыг хангахгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэх дүгнэлтийг хийжээ.

            6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудад үнэлэлт өгөөгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн,  маргаан бүхий харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэл болно.

            7. Тухайлбал нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна”, 14.1.2-т “...эрүүл мэнд ... үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд тухайн хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдахаар байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үүрэгтэй”, 43.2.2-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх”, 48 дугаар зүйлийн 48.1-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, 48.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй”, 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заажээ.

9. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтгүй тухайн албан тушаалд ажилласан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж хариуцагчийг зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөх, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх чиг үүрэг нь түүнийг томилох, чөлөөлөх  эрх бүхий этгээд буюу Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын чиг үүрэгт хамаарч байх тул хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, ажлын байрны тодорхойлолтгүй /албан тушаалын/ ажилласан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

10. Мөн Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ”, 38.1.1-д “албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын албан тушаалд 2017 онд томилогдмогц албан тушаалд тавигдах шаардлага, ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг аймгийн Эрүүл мэндийн газраас шаардах эрхтэй, хариуцагч биелүүлэх үүрэгтэй талаар хуульд зохицуулсан байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хариуцагч буюу ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

11. Хариуцагч нь 2025 оны Б/33 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т  “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж зааснаар буюу “гүйцэтгэж байгаа албан үүрэгтээ тэнцэхгүй болсон” үндэслэлээр чөлөөлсөн.

12. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15.2-т  “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж тайлбарласнаар нэхэмжлэгч Б.Быг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй, хэрэгт энэ нотлох баримт авагдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

13. Хариуцагчаас нэхэмжлэгчийг биологич мэргэжилтэй тул ажлаас чөлөөлсөн гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь мэргэжил, боловсрол нь аливаа албан тушаалд анх албан тушаалд томилогдоход тавигдах нийтлэг  шаардлага бөгөөд албан тушаалд томилоход тухайн шаардлагыг  хангаж байгаа тохиолдолд уг албан тушаалд томилох учиртай. Анх нэхэмжлэгчийг 2017 онд Ховд аймгийн Зооноз төвийн даргаар томилоход тухайн шаардлагыг хангасан гэж үзэж томилсон атлаа албан тушаалаас нь чөлөөлөхдөө эзэмшсэн мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэх үзсэн нь ойлгомжгүй байна.

14. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 271 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Зооноз өвчин судлалын төвийн дүрмийг Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн бүх ажилчдын 2013 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн хурлаар  “Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дүрэм”-ийг баталсан байх бөгөөд уг дүрмийн Хоёр дахь хэсгийн 2.2-т “Төвийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний их эмч мэргэжилтэй байх ба олон жил ажилласан туршлагатай биологич байж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь уг дүрмээр тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, эзэмшсэн мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 125/ШШ2025/0063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримтлан Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Б-ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

 ШҮҮГЧ                                                Л.ОДБААТАР