Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Ц.Осоржамаа,

хохирогч Э.Итгэл, түүний өмгөөлөгч А.Солонго,

гэрч Б.Баянмөнх, Б.Жаргаланхан, Э.Тэлмэн, А.Нямдаваа,  Б.Тэмүүжин,

шинжээч эмч Г.Ханхүү

шүүгдэгч Э.Жавхлан, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаярын Жавхланд холбогдох эрүүгийн 201626031333 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхон 26 дугаар байрны 705 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхбаярын Жавхлан /РД:УУ90091817/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Жавхлан нь 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04:08 цагийн орчимд Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтэйгээр иргэн Э.Итгэлийг нэг удаа баруун гараараа түүний нүүрэн тус газарт цохиж, түүний бие махбодид тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Жавхлангийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай найз Баянмөнхийн төрсөн өдөр болсон. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  04:00 цагийн орчимд “Минт” баар хааж байх үед Баянмөнх, Жаргаланхан бид гурав гарах гээд явж байтал урдаас хохирогч Итгэл нь тухайн үед нилээд согтуу хүнээр түшүүлчихсэн ирж байсан. Гэтэл хохирогч Итгэл манай найз Баянмөнхийг түлхэж орж ирсэн. Тэгээд манай найз Баянмөнх уурлаад “чи яаж яагаад байгаа юм бэ” гэхэд Итгэл урдаас нь хараалын үг хэлж та нарт хамаагүй гэж хэлсэн. Тэгээд Итгэлийг жолооч нь салгасан. Тэгээд хараалын үг хэлээд байхаар нь Баянмөнх хохирогч Итгэлийг урдаас нь цээж хэсэг рүү нь өшиглөх гэхэд нь Жаргаланхан татаж аваад Итгэлийг өшиглүүлээгүй, Баянмөнх хий өшиглөж хөл нь хүрээгүй. Жаргаланхан Баянмөнхийг аваад үүдээр гарах үед би хойно нь үлдсэн байсан. Тэгээд хохирогч Итгэл намайг “ална шүү” гээд над руу дөхөөд ирэхээр нь би “цохих гэж байна” гэж бодож бас найз Баянмөнхийг өмөөрч уруул хэсэг рүү нь нэг удаа цохьсон...” гэв. 

 

Хохирогч Э.Итгэлийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би “Минт” баар луу пиджакаа мартчихаад буцаж орж байгаад үүдний хэсэгт Жавхлан, Баянмөнх, Жаргаланхан нартай тааралдаад түлхсэн. Тухайн үед бага зэрэг маргаан болоод Баянмөнхийг би чи яагаад намайг жийдэг юм бэ гэж хэлээд зогсож байтал Нямдаваа намайг салгасан. Тэгээд маргалдаад зогсож байтал Жавхлан гэнэт намайг гэнэдүүлээд цохьчихсон. Би Жавхлан руу харааж, хандаж үг хэлээгүй байж байгаад хажуугаасаа цохисон. Би бас Жаргаланхан руу дайрсан юм байгаагүй. Би бодит хохирлоо барагдуулах юм бол гомдолгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. Надад одоо ч Жавхланг ял эдлүүлэх сонирхол байхгүй. Би Жавхланд гомдолгүй, би ял сонсгомооргүй байна. Хохирлын хувьд нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Би эмчилгээ хийлгэсэн 5,627,070 төгрөгөө нэхэмжилнэ, цаашид гарах эмчилгээний зардал болох 32.145.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэв.  

 

Гэрч Б.Жаргаланханы: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянмөнх, Цэвэрболд, Билгүүн, Жавхлан, Баярманлай бид нар  “Минт” бааранд орж 1 шил архи ууж бүжиглэж байгаад 04 цагийн үед баарнаас гарсан. Гарах гээд явж байхад Итгэл нэлээн согтуу орж ирсэн. Орж ирэхдээ хаана байна, ална гээд орж ирсэн. Тэр үед нь бид нар тааралдаад бид нартай мөргөлдсөн. Тэгээд Баянмөнхтэй маргалдаад Баянмөнх өшиглөх гэтэл оноогүй хий өшиглөсөн. Тэгээд би татаад гарах гэж байхад араас хэл амаар доромжлоод орилоод байсан чинь манай найз Жавхлан эргэж хараад 1 удаа цохьсон...” гэв.

 

Гэрч Б.Баянмөнхийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бааранд орж 1 шил виски зургуулаа уусан. Тухайн үед Итгэл нэлээн согтуу  байсан. Баарнаас гарах үед хоолой руу түлхээд орж ирсэн, үүнээс болж маргалдсан. Тэгээд би өшиглөх гэтэл оноогүй. Манай найз Жаргаланхан намайг татаад гарах гэж байтал Жавхлан намайг өмөөрөөд хажуугаас нь орж ирээд Итгэлийг 1 удаа хамар хэсэг рүү цохьсон. Тухайн үед хохирогч нэлээн согтуу байсан...” гэв.  

 

Гэрч Б.Тэмүүжингийн: “...Би Минт бааранд хамгаалагч хийдэг. Тухайн өдөр Баянмөнх нарын залуучууд тооцооны асуудалтай байсан. Тэгээд Баянмөнх нь ирж тооцоогоо хийчихээд гарах гэж байсан. Баар ерөнхийдөө хаачихсан байсан болохоор гэрлээ унтраачихсан байхад уг зодооны асуудал болсон. Би камер хянадаг болохоор тухайн үед болж байгаа асуудлыг мэдэж байдаг. Харин Итгэлийг чирэгдэж гарсан асуудлыг талаар би мэдэхгүй байна. Баар хааж байх үеийг л би мэднэ. Түүнээс өмнө болсон асуудлын талаар би мэдэхгүй. Бичлэгийг би тасдаж байцаагчид өгсөн. Камерийн бичлэгийг бүтэн өдрөөр нь өгөх боломж байхгүй. Манай байгууллагын дотоод нууцтай бас холбоотой асуудал байдаг...” гэв.

 

Гэрч А.Нямдаваагийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой Итгэл дээр ирээд машины түлхүүрийг нь аваад би гадаа хүлээж байсан. Итгэл пиджакаа авах гээд ороход нь би хамт орсон. Бид хоёр догол шатан дээр бүдрэсхийгээд орсон. Орохдоо хэсэг залуучуудтай тааралдаад түлхсэн. Тэгтэл Баянмөнх гээд залуу нь өшиглөх гээд хий өшиглөсөн. Тэгэхэд нь би цааш нь салгах маягтай тэр хоёр залууг нь түлхээд холдуулаад эргээд хартал Жавхлан Итгэлийг цохиод унагасан. Итгэл Жавхлан руу хандаж ямар нэгэн үг хэлээгүй, Итгэлийг Жавхлан зүв зүгээр байхад нь цохьсон. Итгэл Жавхлан хоёрыг хоорондоо маргалдаад хэл амаар доромжилсон юм болоогүй байх. Би тийм зүйл сонсоогүй...” гэв.

 

Гэрч Э.Тэлмэнгийн: “...Тухайн өдөр Нямдаваа ирсэн гээд Итгэл гараад явсан. Тэгээд би хүлээж байгаад гараад иртэл Итгэл цохиулаад ухаан алдчихсан байдалтай байсан. Тэгээд би Жавхлангийн араас гартал шатаар буугаад явж байсан. Тэгээд би араас нь гараад яриаг нь сонсоход “үхчихсэн юм биш биз дээ, үхсэн ч ямар ч хамаатай юм бэ хурдан явъя” гэх мэт юм ярьж байсан. Тухайн үед 200 грамм архи уусан. Бид хоёр бага зэрэг согтуу байсан. Яг тухайн үеийн зодооныг би хараагүй...” гэв.

Шинжээч Г.Ханхүүгийн: “...Би Итгэлийн биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоосон. Хохирогчийн нүүрэнд учруулсан гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин бусад биед үүссэн гэмтэл нь 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг бус удаагийн үйлчлэл гэдэг нь гэмтэл тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг ойлгоно. Компьютер томографикийг зургийн хувьд хяналтын зураг авах шаардлагагүй. Учир нь энэ нь нарийвчилсан шинжилгээ юм. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй. Уруул хамрын гэмтлийн хувьд эрүүл мэндийг сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлийг би гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гарсан...” гэв.   

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, шинжээч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

           Хохирогч Э.Итгэлийн : “2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой хуриманд оролцоод би найз Тэлмэнтэй хамт “Минт” шөнийн бааранд VIP хэсэгт нь архи ууцгаасан юм. Тэгээд шөнийн 04:00 цаг болж баар хаах үед дуудлагын жолооч Нямдавааг дуудаад гэр лүүгээ явах гэж байхад гэнэт бааранд сууж байсан сандал дээрээ пиджакаа орхичихсон гэдгийг санаад буцаж Минт баар руу орж пиджакаа авах гээд баарны үүдний хэсэгт баарнаас гарч байсан залуустай шүргэлцэхээр нь өөрөөсөө холдуулж гараараа түлхэж холдуулсан юм. Тэгсэн гэнэт нэг танихгүй залуу нь над руу дайрч “яагаад байгаа юм бэ, ална шүү, замаа хар” гэж хэлэхээр нь “чи өөрөө зүгээр яваач” гэж хэлсэн чинь тэр танихгүй залуу над руу өшиглөх үед намайг миний хажууд явж байсан дуудлагын жолооч Нямдаваа татаж холдуулахад над руу өшиглөсөн залуугийн хөл миний цээжинд хүрээгүй хий өшиглөсөн юм. Тэгээд байж байтал хажуугаас юүдэнтэй, саравчтай малгайтай залуу шууд миний хамар, ам руу нэг удаа хүчтэй цохиход би тэр үед ухаан алдаж шалан дээр унасан. Би шалан дээр унах үедээ ар дагз хэсгээрээ хүчтэй унасан юм. Би тэрхэн зуур ухаан алдчихсан байсан юм. Ингээд надтай хамт явж байсан Тэлмэн цагдаад дуудлага өгсөн юм...

           ...Одоо миний хамар битүүрсэн, хугарсан байдалтай, зовиур гэвэл хамар бүрэн бороолж эдгэрээгүй, гар хүрэхээр хүндүүрэлж өвддөг, хааяа толгой өвддөг юм. Миний хамар, уруулын дотор талд гэмтэл учирсан. Би Жавхланг огт танихгүй, Жавхлан нь миний нүүр ам хэсэгт нэг удаа баруун гараараа маш хүчтэй цохьсон юм. Миний хувьд Жавхлан гэх хүнд цохиулахаас өмнө ямар нэгэн шарх аваагүй байсан шинжээчийн дүгнэлтээр гарсан хамар, дээд уруулын шарх, гэмтлийг Жавхлангийн гараар цохисоноос үүссэн гэж би ойлгож байна, тархи доргилт, баруун бугалга, зүүн тохой зэрэг гэмтлүүд шалан дээр унаснаас үүссэн гэж үзэж байна. Би бага зэрэг согтолттой байсан. Намайг ганцхан Жавхлан гэх этгээд гараараа цохиж надад гэмтэл учруулсан.

           ...Шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан хүзүү, баруун бугалга, цээж, бүсэлхий, зүүн тохой, бүсэлхий, зүүн дээд зовхинд цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг “Минт” баарны хамгаалагч нар намайг агсам тавьсан гэж хүнтэй андуурч намайг баарнаас гаргах үед үүссэн байж болзошгүй юм. Тэд намайг зодож цохьсон зүйл байхгүй. Миний одоогийн эмчилгээний зардалд баримтаар 5.627.070 төгрөг болсон тул уг мөнгийг нэхэмжилж байгаа. Би нэхэмжилж байгаа мөнгөө эмчилгээний зардлын баримттай хавсаргасан байгаа. Би Сөүл хотын “АSAN” төв эмнэлэгт үзүүлэхэд цаашид дахин хамранд хагалгаа хийх шаардлагатай бөгөөд 32.145.000 төгрөгийн зардал гаргана гэж хэлсэн болохоор үүнийг бас давхар нэхэмжилж байна. Нийт 37.772.070 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07, 08-09, 10 дугаар хуудас/,

           Гэрч З.Гандөшийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө би Минт бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03:00 цагийн үед санагдаж байна манай хамгаалалтын албаны менежер Тэмүүжин дарга дуудахаар нь очсон чинь зааланд нэг халзан толгойтой хүн маргаан хийгээд байна. Хамт явъя гээд намайг дагуулаад явсан юм. Тэгсэн чинь зааланд нэг халзан толгойтой, цагаан срочикон цамцтай залуу нэлээн халамцуу байгаа бололтой ганцаараа сууж байхаар нь Тэмүүжин дарга бид хоёр уг залуугийн 2 гараас нь сугадаад өргөөд баарнаас гаргасан юм. Тэгэхэд уг залууг өргөж гаргах үед бага зэрэг эсэргүүцэл үзүүлж байсан. Намайг ажлаа үргэлжлүүлэн хий гэхээр нь ажлаа хийгээд зааланд хяналт тавьж байтал баар хаах үед 04:00 цагийн үед нөгөө баарнаас гаргасан цагаан срочикон цамцтай халзан толгойтой залуу заал руу буцаж орж ирж байхдаа баарнаас гарах гэж байсан залуучуудтай мөргөлдөөд маргаан үүссэн юм. Тэгсэн нэг юүдэнтэй цамцтай залуу харж байснаа хажуугаас нь шууд цохиод унагасан. Тэгсэн нөгөө халзан толгойтой, цагаан срочикон цамцтай залуу шалан дээр өөрийн ухаангүй унасан юм. Халзан толгойтой залуугийн биед цээж, бүсэлхий, баруун бугалга зэрэгт үүсэн гэмтлийг мэдэхгүй юм байна. Хоёр гараас нь өргөж гаргах үед бага зэргийн улайлт үүссэн юм уу, үгүй юм уу гэдгийг ёстой мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

           Гэрч А.Нямдаваагийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 04 цагийн үед намайг Итгэл “Минт” бааранд хүрч ирээд машин барьчих гэж хэлэхээр нь “Минт” баарны гадаа машин дотор нь хүлээгээд сууж байхад Итгэл бага зэрэг архи уучихсан байгаа бололтой “Минт” баарнаас цагаан срочикон цамцтай гарч ирэхээр нь би өөдөөс нь тосож очоод гадуурх пиджакаа бааранд орхичихсон юм биш үү гэж хэлсэн. “өө тийм байна” гээд бид хоёр буцаж “Минт” баар руу орсон юм. Тэгсэн яг Минт баар руу ороод үүдний хэсэгт явж байгаад гурван залуучуудын хажуугаар гарахдаа нэг залууг нь 2 гараараа түлхээд биенээсээ холдуулсан юм. Тэгтэл тэр танихгүй залуу нь гэнэт уурлаад маргалдаж хэл амаар доролмжилж байгаад Итгэлийн цээж хэсэг рүү өшиглөх үед нь би Итгэлийг арагш нь татахад тэр хөлөөрөө өшиглөсөн залуу хий өшиглөсөн юм. Тэгэхээр нь Итгэлтэй маргалдсан залууг арагшаа болгож, салгаж холдуулсан. Тэгтэл зүгээр зогсож байсан Итгэлийг нэг юүдэнтэй цамцтай, нүдний шилтэй, үүргэвч үүрсэн залуу гэнэт хажуу талаас нь гэндүүлэн гараараа маш хүчтэй цохиход Итгэл ямар ч өөрийгөө удирдах чадваргүй болтлоо ухаан алдаж, арагшаа шалан дээр савж унасан. Тэгэхээр нь би Итгэл рүү очиход ухаан алдчихсан. Ямар ч мэдрэлгүй болчихсон байдалтай байсан юм. Тэгэхээр нь би гараас нь татаад босгох гэтэл Итгэлтэй хамт явсан найз Тэлмэн нь гарч ирээд Итгэл байна ш дээ гэж хэлэхээр нь тэр гараад явж байгаа залуусын нэг нь цохичихоод явчихсан юм” гэж хэлсэн. Тэлмэн найз нь Итгэлийг цохисон хүний араас гараад, олж ирэхээр явсан юм. Тэр хооронд Итгэлийг хамгаалагч нар түр үлдээгээд Тэлмэнгийн араас би дагаад гарсан юм. Тэгсэн чинь Итгэлийг цохьсон гэх нөгөө залуу хамт яваа найзуудтайгаа уулзаж байгаа бололтой 5-6 залуучууд зогсож байхаар нь би Итгэлийг цохьсон залуу эдгээр залуучууд дотор байна уу, үгүй юу гэдгийг нь нягталж шалгаж үзчихээд буцаж Минт баар руу орж хамгаалагч нарыг дуудаж энэ зогсож байгаа нүдний шилтэй залуу Итгэлийг цохиж унагаасан юм гэж зааж өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн. Итгэл, Жавхлан гэх залууд зодуулахаас өмнө хэнтэй ч маргалдаж муудалцаж зодоон хийгээгүй. Мөн Итгэл Минт баарны хамгаалагч нартай маргалдаж зодолдоогүй. Итгэл уг нь түүнийг хий өшиглөсөн залуутай хамт маргалдаж муудалцсан. Жавхлан Итгэлийг ямар ч шалтаг шалтгаангүй цохьсон юм. Миний бодлоор Итгэл Жавхлангийн найзтай нь маргалдаж байхаар найзыгаа өмөөрч Итгэлийг цохиж унагаасан байх гэж бодож байна. Итгэл Минт баар руу ордог үүдний хэсэгт Жавхлангийн найз болох хий өшиглөдөг залууг биенээсээ холдуулж цааш нь гараараа түлхчихсэн юм. Өөр хэнд ч гар хүрч цохиж зодоогүй. Би яг Жавхлан гэх залуутай хамт явсан хоёр залууг салгаж холдуулчихаад эргээд хартал Жавхлан гэх залуу Итгэлийг цохиж унагаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

           Гэрч Э.Тэлмэнгийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой 18 цагийн үед Итгэл бид хоёр найзуудынхаа хуриманд урилгаар очсон юм. Хуримын үйл ажиллагаа дуусаад Итгэл бид хоёр шөнийн 24:00 цаг өнгөрөөд Минт баар руу орсон юм. Тэгсэн 04:00 цагийн үед Минт баар хаах цаг нь болсон болохоор Итгэл бид хоёр гадагшаа гарч гэр лүүгээ харихаар болсон юм. Ингээд Итгэл, найз Нямдаваа руу залгаж “ирж машин бариач” гэж гуйхад Нямдаваа “би очлоо” гэж хэлсэн чинь удалгүй Итгэл “Нямдаваа гадаа ирчихсэн байна” гээд гадагшаа түрүүлээд гарсан. Ингээд би удалгүй Итгэлийн араас нь гартал үүдний хэсэгт хүнд цохиулсан байдалтай шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь Нямдаваа гэдэг дуудлагын жолооч нь байж байсан юм. Тэгэхээр нь би “Итгэл байна шүү дээ” гэж  хэлтэл Нямдаваа Итгэлийг цохьсон залуучууд дөнгөж сая үүдээр гараад явж байна” гэхээр нь цохьсон залуугийн араас нь дагаад “хэрэв намайг маргалдвал намайг бүлэглээд зодчих байх гэж санаад чимээгүй араас нь дагаж явахад Итгэлийг зодсон гэх залуу болон хамт явж байгаа хоёр залуу хоорондоо нэг нь “яана вэ” гэхэд нөгөө нь “үхсэн ч ямар хамаатай юм бэ, эндээс бушуухан явъя” гэж хоорондоо ярьсаар Минт баарны гадаа хүлээж байсан найзуудтайгаа уулзцгаасан юм. Тэгээд нийтдээ зургаан залуучууд болж тамхи татаад зогсоцгоож байсан. Тэгэхээр нь би ч гэсэн тамхи татаад хажууд нь зогсож байсан юм. Тэгтэл удалгүй Нямдаваа гарч ирээд буцаж оронгуутаа гялс Минт баарны хамгаалагч нарыг дагуулж гарч ирээд Итгэлийг зодсон залууг зааж өгсөн. Итгэл бага зэрэг согтуу байсан, хурим дээр бараг архи уугаагүй. Минт бааранд ороод 150-200 грамм цагаан архи, нэг шил пиво ууцгаасан. Итгэл өөрийгөө авч явах чадвартай байсан. Итгэл нь Жавхлан гэх залууд зодуулахаас өмнө нэг ч хүнтэй маргаж муудалцаж зодолдоогүй. Итгэлийн хамар амнаас цус гарчихсан шоконд орчихсон ухаан алдсан, биеийн байдал нь маш муу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

           Гэрч Б.Баянмөнхийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болоод би өөрийн найзууд болох Жавхлан, Жаргаланхан, Баярмагнай, Цэвэрболд, Билгүүн, бид зургаа Минт бааранд шөнийн 01:00 цаг болох гэж байхад орж миний төрсөн өдрийг тэмдэглэж бүжиглэсэн юм. Бид нар 1 шил виски, тэгээд ганц хоёр шил пиво ууцгаасан юм. Тэгээд Баярмагнай, Цэвэрболд, Билгүүн гурав түрүүлээд Минт баарнаас гараад гадаа хүлээгээд байж байсан юм. Харин Жаргаланхан, Жавхлан бид гурав 04:00 цагийн үед баар хаагаад гадагшаа гарах гэж байхад баарны үүдэнд явж байхад нэг халзан толгойтой залуу нилээн согтуу байгаа бололтой, гаднаас орж ирээд намайг болон надтай хамт явж байсан найзуудыг маань гараараа түлхэхээр нь би “чи одоо яагаад зүгээр байхад түлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь өөдөөс тэр халзан толгойтой залуу надад хандаж “чамайг түлхэхээр яадаг юм, ална шүү, чи муу ер нь хэн юм бэ” гэж хараалын үг хэлэхээр нь би уурлаад хөлөөрөө өшиглөсөн чинь хажууд байсан манай найз Жаргаланхан татахад миний хөл халзан толгойтой залууг хөлөөрөө оноогүй, хий өшиглөсөн юм. Тэгээд намайг манай найз Жаргаланхан арагшаа татаад баарны үүдээр аваад гарсан юм. Тэгэхэд манай найз Жавхлан намайг өмөөрч баруун гараараа тэр халзан толгойтой залуугийн ам, эрүү хэсэг рүү нэг удаа гараараа хүчтэй цохичиход гадагшаа гарч явсан юм. ...Би Жавхлан, Жаргаланхан хоёртай зүгээр баарнаас гарах гэж байхад гаднаас тэр танихгүй халзан толгойтой залуу орж ирэнгүүтээ шууд учир утгагүй намайг түлхэж хэл амаар доромжилсоноос болж маргааны эх үүсвэр үүссэн юм. Үүнийг харж байсан найз маань болох Жавхлан тэр халзан толгойтой залууг нэг удаа гараараа цохьчихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

           Гэрч Ц.Билгүүний: “...2016 оны 09 дүгээр сарын 21-нд Баянмөнхийн төрсөн өдөр нь болсон юм. Тэгээд 01:00 цаг болох гэж байхад Минт бааранд Баянмөнх, Жаргаланхан, Жавхлан, Баярмагнай, Цэвэрболд бид зургаа орсон юм. Ингээд 1 шил виски авч ууцгаасан юм. Тэгээд шөнийн 04:00 цагийн үед баар хаах үед гадагшаа Цэвэрболд, Баярмагнай бид гурав түрүүлээд гадагшаа гараад Минт бааранд үлдсэн. Баянмөнх, Жавхлан Жаргаланхан гурвыг хүлээгээд гадаа зогсож байсан чинь Баямөнх, Жавхлан, Жаргаланхан гурав Минт баарнаас гарч ирсэн юм. Тэгсэн чинь Минт бааран дотроос гарах гэж байхад Баямөнхийг нэг танихгүй халзан толгойтой залуу гараараа түлхэхээр нь хоорондоо маргасан юм гэж Баянмөнх бид нарт хэлээд байж байтал Минт баарнаас халзан толгойтой залуугийн найз нь гарч ирээд манай найз залууг яаж байгаа юм бэ гэж хэлтэл хажуугаас нь Минт баарны хамгаалагч орж ирээд Жавхланг аваад Минт баар руу аваад орчихсан. Удалгүй цагдаа нар ирээд Жавхланг  аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

           Гэрч Б.Жаргаланханы: “...2016 оны 09 дүгээр сарын 21-нд Баянмөнхийн төрсөн өдөр болсон юм. Ингээд Баянмөнх, Жавхлан, Цэвэрболд, Билгүүн, Баярмагнай бид зургаа Баянмөнхийн төрсөн өдрийг Минт бааранд тэмдэглэсэн юм. Бид нар 1 шил виски авсан. Мөн хажуугаар нь ганц хоёр пиво ууцгаасан юм. Тэгээд 04:00 цаг болоод Минт баар хааж байсан юм. Цэвэрболд, Баярмагнай, Билгүүн гурав Минт баарнаас түрүүлээд гадаа гараад хүлээж байсан юм. Харин Жавхлан, Баянмөнх бид гурав араас нь гарч байхад халзан толгойтой залуу гаднаас нилээн согтуу байгаа бололтой “хаана байна” гэж хэлсээр орж ирээд Баянмөнхийг гараараа түлхсэн юм. Тэгэхэд Баянмөнх халзан толгойтой залуутай маргасан юм. Тэгээд Баянмөнх гэнэт уурлаад халзан толгойтой залууг хөлөөрөө жийгээд өшиглөх үед би араас нь Баянмөнхийг татсан чинь тэр халзан толгойтой залууг хөлөөрөө өшиглөж чадаагүй хий өшиглөсөн юм. Тэгэхэд хажууд явсан Жавхлан тэр халзан толгойтой залуугийн ам, эрүү, уруул орчим руу нь нэг удаа баруун гараараа хүчтэй цохьсон чинь халзан толгойтой залуу баарны шалан дээр унаж байгаа харагдсан юм. Тэгээд Баянмөнх, Жавхлан бид гурав Минт баарнаас гадагшаа гарцгаасан юм. Удалгүй Минт баарны хамгаалагч нар гарч ирээд Жавхланг хүн цохьсон гээд буцаагаад аваад орсон юм. ...Жавхлан бол тэр халзан толгойтой залуутай ямар нэгэн байдлаар маргаж муудалцаагүй юм. Харин Баянмөнхийг би баарнаас гарах үед Жавхлан тэр халзан толгойтой залууг нэг удаа гараараа цохиод унагаачихсан юм. Энэ бүх зүйл их хоромхон зуур  болоод өнгөрсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

           Гэрч А.Цэвэрболдын: “...Ингээд шөнийн 04:00 цаг болоод баар хаах цаг болсон юм. Тэгэхээр нь Билгүүн, Баярмагнай бид гурав түрүүлээд баарнаас гараад Минт баарны гадаа хүлээж байсан юм. Харин Баянмөнх, Жавхлан,Жаргаланхан гурав бааранд үлдсэн юм. Тэгээд энэ гурав удалгүй баарнаас гарч ирэхдээ Жавхланг танихгүй хүн цохьсон талаар гурвуулаа хоорондоо ярьсаар гарч ирцгээсэн юм. Тэгэхэд баарны гадаа хажууд нь зогсоод сонсож байхнээ Баянмөнхийг баарнаас гарах гэхэд нэг танихгүй залуу түлхчихсэн юм шиг байна лээ. Тэгэнгүүт нь Баянмөнх хөлөөрөө жийсэн чинь тэр танихгүй залуугийн биед нь хүрээгүй юм билээ. Тэгэхээр нь Жавхлан хажуугаас гараараа цохьчихсон юм шиг байна лээ. Тэгээд бид нар хоорондоо яриад зогсож байтал баарнаас хамгаалагч нар гарч ирээд Жавхланг аваад орчихсон юм. Тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн. ...Жавхлангийн биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй байх шиг байсан. ...Баянмөнх Минт бааранд танихгүй залуутай анх маргалдсан юм билээ, тэгэхэд Жавхлан Баянмөнхийг өмөөрч тэр танихгүй залууг цохисон байсан. Гараараа хамар, уруул хавьд нь нэг удаа цохьсон юм шиг байсан. Өөрөөр биед нь цохиж зодоогүй юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

           Гэрч Р.Оюунчимэгийн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө буюу 04:00 цаг өнгөрч байхад би зааланд цэвэрлэгээ хийж байсан юм. Тэгсэн намайг цэвэрлэгээ хийж байхад цагаан срочикон цамцтай халзан толгойтой залуу гаднаас орж ирэхдээ баарнаас гарч байсан залуучуудтай маргалдсан юм шиг байсан. Тэгсэн хар нүдний шилтэй, юүдэнтэй цамцтай нэг залуу нь цагаан срочикон цамцтай халзан толгойтой залууг цохиж унагачихаад баарнаас гараад явж байхыг нь харсан. Ямар шалтгааны улмаас цохих болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Цагаан срочикон цамцтай, халзан толгойтой залуугийн нүүр нь зүгээр байсан. Цохиулсныхаа дараа хамар, амнаас баахан цус, нөж гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

          

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн акт №13241  

  1. Э.Итгэлийн биед тархи доргилт, хамар ясны зүүн, баруун талд зөрүүтэй хугарал, баруун гайморын хөндийн урд ханын цууралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун бугалга, цээж, зүүн тохой, бүсэлхий, зүүн дээд зовхинд цус хуралт, зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

        Шинжээч Г.Ханхүүгийн: “...Итгэлд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хавтаст хэрэгт хавсаргасан бичлэгийг үзэхэд дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд нь шалан дээр унах үед үүсэх боломжтой. Энэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Харин баруун бугалга, цээжинд болон бүсэлхийд үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүртэй болон тэсэрч дэлбэрэх зүйлээс бусад зүйлс хамаарна. Үүнд гар, хөл гэх мэт зүйлсээр дээрх гэмтлүүд нь үүсгэгдэн боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

       -2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл,  /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

-2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 89 дүгээр хуудас/,

-Хохирогч Э.Итгэлийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 90-125 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Э.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21:00 цагийн үед найз Баянмөнхийн төрсөн өдөр болсон юм. Ингээд Жаргаланхан, Баярмагнай, Цэбо буюу Цэвэрболд, Билгүүн-Очир бид нар хамт Минт бааранд Баянмөнхийн төрсөн өдрийг тэмдэглэхээр орцгоосон юм. Тэгээд Минт бааранд бүжгийн талбайд бүжиглэж байгаад гадагшаа гарах гэж байхад нэг үл таних залуу хамгаалагч нарт гараа өчүүлчихсэн байдалтай гарч байгаа харагдсан юм. Тэр үед бид нар баарнаас гарах гэж байхад нөгөө хамгаалагч нарт гараа өчүүлээд гадагшаа гарч буцаж орж ирж байгаа нь үүдний хэсэгт таарсан юм. Тэр үл таних залуу нилээн халамцуу байгаа бололтой харагдаж байсан юм. Тэгээд бид нарыг гарах гэж байх үед тэр залуу манай найз Баянмөхийг мөрлөнгүүтээ гараараа савж цаашаа зайл гэж хэлээд түлхсэн юм. Тэгэнгүүт нь Баянмөнх “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр үл таних залуу “ална шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд агсараад байсан юм. Тэгээд тэр үл таних залуу Баянмөнхийг гараараа төвөнх хэсэгт хүрээд түлхсэн юм. Тэгсэн чинь Баянмөнх хөлөөрөө өшиглөх гэсэн чинь нөгөө үл таних залууг хөлөөрөө онолгүй хий өшиглөсөн юм. Тэгэхээр нь би зодоон болж байна гэж ойлгоод Баянмөнхтэй маргалдаж байсан залуу над руу хандаж “ална шүү” гэж хэлээд намайг цохих гэж байна гэж ойлгоод түрүүлээд баруун гараараа ам, хамар хэсэгт нь нэг удаа хүчтэй цохьсон юм. Тэгээд би гадагшаа гаръя гэж хэлээд баарнаас гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би догшин авирлаагүй, Минт баарнаас зүгээр гарах гэж явахад над руу согтуу агсарч ална шүү, пизда минь гэж хэлээд над руу ойртохоор нь би зөрүүлээд цохьчихсон юм. Тийм болохоор догшин авирлаагүй гэж үзэж байна. ...2016 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Минт баарнаас гарах гэж яваад үүдний хэсэгт нэлээн согтуу залуу манай найз Баянмөнхийн хоолой төвөнх хэсэгт нь гараараа түлхэж “зайл” гэж хэлэхэд нь манай найз Баянмөнх уурлаад “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “ална шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хэлсэн юм. Тэгсэн Баянмөнх өшиглөх гэж оролдоод оноогүй хий өшиглөсөн юм. Жаргаланхан Баянмөнхийг аваад Минт баарнаас гарах гэж байхад би ард нь явж байхад тэр нилээн согтуу залуу над руу хандаж “ална шүү, пизда минь” гэж хэлээд над руу дөхөхөөр нь би намайг цохих гэж байна гэж ойлгоод нэг удаа эрүү, ам хэсэгт нэг баруун гараараа нэг удаа цохьсон юм...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 71 дүгээр хуудас/,

-Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 73 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/,

-Шүүгдэгчийн гурван үеийн намтар /75-77 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Жавхланг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв. Учир нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэг авагдан эд мөрийн баримтаар хураагдсан “Минт” баарны хяналтын камерын тухайн хэргийн үйл явдлыг баримтжуулсан бичлэгийг дүгнэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасан “Шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй” тухай заалтыг хэрэглэх үндэслэлийг бий болгож байна.

Шүүгдэгч Э.Жавхлан, хохирогч Э.Итгэл нар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд 2016 оны 09 дүгээр сарын 21-22-ны  шилжих шөнө үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Минт” баарны хяналтын камерын тухайн хэргийн үйл явдлыг баримтжуулсан бичлэгийг үзэж шинжлэх явцад  хохирогч Э.Итгэл,  гэрч Б.Баянмөнх нар маргалдсан болон гэрч А.Нямдаваа уг маргааныг салгах явцад шүүгдэгч Э.Жавхлан нь гараараа хохирогч Э.Итгэлийн нүүр орчим цохиж унагаасан талаарх мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд  тус тус дүрс хэлбэрээр тусгагдсан, тухайн бичлэг нь дуу авианы бичлэггүй байна.

 

Дээрх мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэгүүд болон “Минт” баарны хяналтын камерын тухайн хэргийн үйл явдлыг баримтжуулсан бичлэг нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлтийг тодорхойлсон нотлох баримтууд юм.

Шүүгдэгч Э.Жавхлан нь “Минт”  баарнаас шөнийн 04 цагийн орчим тухайн хэрэгт гэрчээр байцаагдсан найз Б.Баянмөнх, Б.Жаргалхан нарын хамт гарах явцад хаалганы орчим хохирогч Э.Итгэл гаднаас орж ирэх явцдаа Б.Баянмөнхийн цээж орчим түлхэж тухайн зодоон маргааныг өдөөж сөргөлдөөнийг эхлүүлсэн, түүний хууль бус буюу согтуурсан үедээ гаднаас орж ирэхдээ Б.Баянмөнхийг цээж буюу хоолой орчим түлхсэн, дайрч давшилсан ёс суртахуунгүй үйлдэл нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгч Э.Жавхлан шүүхийн хэлэлцүүлэгт “...Э.Итгэлийг цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлж байх боловч түүний гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Жавхлан гараараа хохирогч  Э.Итгэлийн нүүрэн тус газар цохисон үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлэг “ Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт хамаарах бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн байна шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заажээ.

          Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, мөн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

          Шүүгдэгч Э.Жавхлан нь 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04:00 цагийн орчим Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч Э.Итгэлийн найз Б.Баянмөнхийг түлхсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газарт цохиж, бие махбодид нь тархи доргилт, хамар ясны зүүн, баруун талд зөрүүтэй хугарал, баруун гайморын хөндийн урд ханын цууралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг,хохирогч Э.Итгэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

           гэрч Б.Баянмөнхийн “...Тэгээд Баярмагнай, Цэвэрболд, Билгүүн гурав түрүүлээд Минт баарнаас гараад гадаа хүлээгээд байж байсан юм. Харин Жаргаланхан, Жавхлан бид гурав 04:00 цагийн үед баар хаагаад гадагшаа гарах гэж байхад баарны үүдэнд явж байхад нэг халзан толгойтой залуу нилээн согтуу байгаа бололтой, гаднаас орж ирээд намайг болон надтай хамт явж байсан найзуудыг маань гараараа түлхэхээр нь би “чи одоо яагаад зүгээр байхад түлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь өөдөөс тэр халзан толгойтой залуу надад хандаж “чамайг түлхэхээр яадаг юм, ална шүү, чи муу ер нь хэн юм бэ” гэж хараалын үг хэлэхээр нь би уурлаад хөлөөрөө өшиглөсөн чинь хажууд байсан манай найз Жаргаланхан татахад миний хөл халзан толгойтой залууг хөлөөрөө оноогүй, хий өшиглөсөн юм. Тэгээд намайг манай найз Жаргаланхан арагшаа татаад баарны үүдээр аваад гарсан юм. Тэгэхэд манай найз Жавхлан намайг өмөөрч баруун гараараа тэр халзан толгойтой залуугийн ам, эрүү хэсэг рүү нэг удаа гараараа хүчтэй цохичиход гадагшаа гарч явсан юм. ...Би Жавхлан, Жаргаланхан хоёртай зүгээр баарнаас гарах гэж байхад гаднаас тэр танихгүй халзан толгойтой залуу орж ирэнгүүтээ шууд учир утгагүй намайг түлхэж хэл амаар доромжилсоноос болж маргааны эх үүсвэр үүссэн юм.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

        гэрч Б.Жаргаланханы “...Тэгээд 04:00 цаг болоод Минт баар хааж байсан юм. Цэвэрболд, Баярмагнай, Билгүүн гурав Минт баарнаас түрүүлээд гадаа гараад хүлээж байсан юм. Харин Жавхлан, Баянмөнх бид гурав араас нь гарч байхад халзан толгойтой залуу гаднаас нилээн согтуу байгаа бололтой “хаана байна” гэж хэлсээр орж ирээд Баянмөнхийг гараараа түлхсэн юм. Тэгэхэд Баянмөнх халзан толгойтой залуутай маргасан юм. Тэгээд Баянмөнх гэнэт уурлаад халзан толгойтой залууг хөлөөрөө жийгээд өшиглөх үед би араас нь Баянмөнхийг татсан чинь тэр халзан толгойтой залууг хөлөөрөө өшиглөж чадаагүй хий өшиглөсөн юм. Тэгэхэд хажууд явсан Жавхлан тэр халзан толгойтой залуугийн ам, эрүү, уруул орчим руу нь нэг удаа баруун гараараа хүчтэй цохьсон чинь халзан толгойтой залуу баарны шалан дээр унаж байгаа харагдсан юм.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

          гэрч А.Нямдаваагийн “...Итгэл бага зэрэг архи уучихсан байгаа бололтой “Минт” баарнаас цагаан срочикон цамцтай гарч ирэхээр нь би өөдөөс нь тосож очоод гадуурх пиджакаа бааранд орхичихсон юм биш үү гэж хэлсэн. “өө тийм байна” гээд бид хоёр буцаж “Минт” баар руу орсон юм. Тэгсэн яг Минт баар руу ороод үүдний хэсэгт явж байгаад гурван залуучуудын хажуугаар гарахдаа нэг залууг нь 2 гараараа түлхээд биенээсээ холдуулсан юм. Тэгтэл тэр танихгүй залуу нь гэнэт уурлаад маргалдаж хэл амаар доролмжилж байгаад Итгэлийн цээж хэсэг рүү өшиглөх үед нь би Итгэлийг арагш нь татахад тэр хөлөөрөө өшиглөсөн залуу хий өшиглөсөн юм. Тэгэхээр нь Итгэлтэй маргалдсан залууг арагшаа болгож, салгаж холдуулсан. Тэгтэл зүгээр зогсож байсан Итгэлийг нэг юүдэнтэй цамцтай, нүдний шилтэй, үүргэвч үүрсэн залуу гэнэт хажуу талаас нь гэндүүлэн гараараа маш хүчтэй цохиход Итгэл ямар ч өөрийгөө удирдах чадваргүй болтлоо ухаан алдаж, арагшаа шалан дээр савж унасан.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Э.Тэлмэнгийн  өгсөн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Ц.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч А.Цэвэрболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Р.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн акт №13241 /хх-ийн 43 дугаар хуудас/, шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл,  /хх-ийн 87-88 дугаар хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

         Иймд Э.Жавхланг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

Хохирогч Э.Итгэл нь шүүгдэгч Э.Жавхлангаас эмчилгээ хийлгэсэн зардал 5.627.070 төгрөгийг нэхэмжилсэн, цаашид дахин хамрандаа хагалгаа хийлгэх шаардлагатай гэх 32.145.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчээс шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг төлсөн болно.

 Хохирогч Э.Итгэл нь Солонгос улс руу эмчилгээнд явсан бөгөөд түүний гадаад паспорт, тухайн үеийн вонын ханш зэрэг  бусад шаардлагад хамаарах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна. 

Иймд хохирогч түүний өмгөөлөгч нь дээрх шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

         Шүүгдэгч Э.Жавхланд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос нөхөн төлсөн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтай байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, Э.Жавхлан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.