Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      А.Дгийн хүсэлттэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00263 дугаар шийдвэртэй

А.Дгийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч А.Дгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Д, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлт болон тайлбарт: “А.Д нь 1978.08.28-1981.04.30 хүртэл Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1981.05.01-1986.05.31 хүртэл Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газарт манаач жижүүрээр, 1986.05.31-1986.12.05 хүртэл Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд тракторын жолоочоор, 1988.12.05-1995.01 сар хүртэл Архангай аймгийн Зам барилга ашиглалтын ангид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. А.Дгийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдэж үгүй болсон тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохоос өөр аргагүй болоод байна. Архангай аймгийн Хашаат суманд ажиллаж байсан байдлын талаархи баримт байхгүй учир хүсэлтийн энэ хэсгээ татан авч байна.” гэжээ.

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00263 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигий овгийн Анандын Даваасамбууг Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачнаар, Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газарт 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд манаачаар, Архангай аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагч А.Дгийн хүсэлтээс 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч А.Дгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 263 тоот шийдвэрээр миний ажилласан жилийг тогтоохдоо 1979.08.01-1981.04.30-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт болон тус аймгийн Зам ангид 1993.01.01-1995.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажилласан байдлыг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Миний бие улсад тасралтгүйгээр 1978-1994 оныг дуустал ажилласан ба ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдснээс ийм байдалд хүрч хохироод байна. Шүүх миний материалыг үнэлээд ажиллаж байсан байдлыг бүрэн тогтоох боломжтой байсан гэж үзэж буй тул хэргийг бүхэлд нь хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Г.Э өмгөөлөгчийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчснөөр хэргийн оролцогчийн хуульд заасан эрх хязгаарлагдаж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хүсэлт гаргагч А.Д нь ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх 1-2/

 

Шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129/Ш32018/00866 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар шүүх хуралдааны товыг мөн өдрийн 1530 цагт хийхээр товлож, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад зааснаар шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийг мөн өдөр хэргийн материалтай танилцуулж шүүх хуралдаан хийсэн нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн эрхийг хязгаарласан алдаатай болжээ.  

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байх боловч энэ нь шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцсны дараа шүүх хуралдаан эхлэх хүртэлх хугацаанд нотлох баримтыг нэмж цуглуулах, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах хуульд заасан үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.1, 4.3.3-д заасан шаардлагыг зөрчжээ.

 

Хүсэлт гаргагч А.Д нь Авто замын ерөнхий газрын Архангайн зам барилга ашиглалтын ангид 1988.07.15-наас эхлэн тракторын жолоочоор ажилласан, “Авто зам” хувьцаат компаний замчны ажлаас 2000.10.15-ны өдөр чөлөөлөгдсөн байх ба тракторын жолоочийн ажлаас хэзээ чөлөөлөгдөж, улмаар замчны ажилд хэзээ томилогдсон нь тодорхой бус байх тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Түүнчлэн Архангайн зам барилга ашиглалтын анги хэзээ “Авто зам” хувьцаат компани болон өөрчлөн байгуулагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2018/00263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хүсэлт гаргагч А.Дгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн           167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                               М.МӨНХДАВАА

                                                                Д.БЯМБАСҮРЭН