| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00139/И |
| Дугаар | 00194 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00194
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00194 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Н багт оршин суух, М овогт С-ийн Б /../-ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00139/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч С.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 оны 02 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд айлын 8 дахь хүүхэд болон төрсөн. Манайх ам бүл 17-уулаа байсан. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж 1977 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 7 настай байхдаа элсэн орж суралцаж байгаад 1985 онд 8 дугаар анги төгссөн.
Манай эгч С.Амантай нь Ховд аймгийн Буянт суманд айлын бэр болж очоод, намайг хажуудаа авч сургаж төгсгөсөн. Миний бие нь 1985 оны 6 дугаар сард дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригад буюу Улаанбураа бригадад малчин аав Ж.Сабыгийн үхэр сүргийн суурьт туслах малчнаар очиж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
Миний аав Ж.Сабы нь нэгдлийн мал маллаж байгаад 1986 оноос ногоочноор ажиллаж эхэлсэн. Миний бие нь 1989 оны 12 дугаар сарын 05-нд Ители овогт Амбиягийн Молдабитай гэр бүл болж, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн.
Молхы гайп овогт Сабыгийн Б миний бие нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригад буюу Улаанбураа бригадад 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс нэгдэл тарах хүртэл ногоочноор ажилласан.
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн.
Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа бригадад Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа бригадад 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...Би 1986 оны 3 дугаар сараас ногоочноор ажиллаж эхэлсэн.гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Б нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа бригадад 1986 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 69 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаан бураа бригадын 1986-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар баримтууд, гэрч С.Наскейн ....Би 1971 оноос эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байхад С.Б нь аавыгаа дагаж хадлан хийж, ногоочноор ажиллаж байсан. С.Б нь 1985 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жлийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Ингээд гэр бүл болтлоо Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд эцэг эхийнхээ хамт ногоочноор ажиллаж байсан. Хэдэн онд гэр бүл болсныг нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч О.Тохойн ....С.Б нь 1985 онд Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Ингээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж эхэлсэн. Аав ээж нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад ногоочин болсон. С.Б нь нэгдэлд ногоочноос өөр ажил хийж байгаагүй.... гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-10, 23-24, 25-26 дугаар тал/
Харин нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдаанд ....Би 1986 оны 3 дугаар сараас ногоочноор ажиллаж эхэлсэн.... гэж тайлбарласан бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлэн нэхэмжлэгчийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа бригадад 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарыг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
С.Б нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1613000405 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11 дүгээр тал/
Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Я.Мухан, С.Наскей нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М овогт С-ийн Б /../-ы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа бригадад 1986 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа бригадад 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарыг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ