| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/Э2023/701 |
| Дугаар | 2023/ШЦТ/701 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/701
2023 05 15 2023/ШЦТ/701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч Ж.М түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ж Мд холбогдох эрүүгийн 2206029983646 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63 дугаар байрны 31 тоотод оршин суух хаягтай, Урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан М овогт Ж М /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.М нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн Монгол гэрийн мод худалдаалах хэсэгт иргэн П.Аоос 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр худалдан авч П.Аын Хаан банкин дахь 5542073339 тоот дансанд урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгөө өгөөгүй, мөн үргэлжилсэн үйлдлээр “Тендерийн ажил авч өгнө, жолооны үнэмлэхийн эрх сэргээж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч П.Аоос 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3.250.000 төгрөгийг Хаан банкны 5027797677 тоот дансаар шилжүүлэн авч нийт 4.950.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би “Грийн тендер” гэх зүйл байхад хүмүүс ирж уулз гэхэд П.Атой Нарантуул худалдааны төв дээр дээр уулзсан. Чи гэр аваад өгчих гэж хэлсэн. 4 ханатай гэр ээждээ авч өгсөн. Үндсэндээ бэлнээр 700.000 төгрөг өгсөн. Гэрийг хүүхэд нөхөртэйгөө авчирч өгөөд найрлаад ууж идсэн. Би хэрэгцээний мөнгө хэрэг болохоор 2-3 удаа мөнгө авсан нь үнэн. Машин нь эвдэрчихлээ гэж хүүхэд нь ирээд хүүхэд нь туслаад зөндөө явж байсан. Тэр хүүхэд нь жолооныхоо эрхийг хасуулчихлаа гэхээр нь би нэг хүнтэй ярихад болно гэхээр нь өөрөө мөнгө өгсөн. Тэр мөнгийг буцаагаад ав гэхэд нөгөө ажлаа зохицуул гэж хэлсэн. 56.000.000 төгрөгийн хохиролтой байхад тэрийг тоогоогүй. Хүн таг чиг байсан бол ингэж болохгүй. Мөрдөн байцаах газрын дүү нь надтай уулзсан. Тэрэнтэй нь маргалдаад 2-3 удаа ирэхэд би өгөхгүй чаддаг юм бол надаас аваарай гэж хэлж байсан. Энэ мөнгийг авсан миний буруу. Би прокурортой нүүрэлдүүл гэхэд цаагуураа зугтаагаад хууль хүчний байгууллагыг урдаа барьчхаад яваад байсан. Би 2.500.000 төгрөг өгсөн байхад өгөөгүй юу ч ороогүй гэж байна. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Тэр үед надтай нөхөрлөхгүй луйварчин гэдэг. Зах дээр ажилладаг хүмүүс бүгд намайг мэднэ. Би 56.000.000 төгрөг алдчихаад иргэний шүүхэд гомдол гаргасан байгаа. Манай ээжийн гэрээр дайлуулж цайлуулаад явдаг байсан. Алга болгосон байсан...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт “...Прокурорын зүгээс оруулсан яллах дүгнэлт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэжээ.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.М нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн Монгол гэрийн мод худалдаалах хэсэгт хохирогч П.Аоос 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр худалдан авч П.Аын Хаан банкин дахь 5542073339 тоот дансанд урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгөө өгөөгүй, мөн үргэлжилсэн үйлдлээр “Тендерийн ажил авч өгнө, жолооны үнэмлэхийн эрх сэргээж өгнө” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд иргэн П.Аоос 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3.250.000 төгрөгийг Хаан банкны 5027797677 тоот дансаар шилжүүлэн авч нийт 4.950.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Аын өгсөн “...Мөнхсайхан нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр надаас анх 4 ханатай гэр худалдан авах үедээ надтай танилцсан. Тухайн өдрөө 2.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн мөнгөнөөс 300.000 төгрөгийг миний 5542073339 дугаартай данс руу шилжүүлээд гэрээ авч явсан боловч үлдэгдэл 1.700.000 төгрөгийг шилжүүлээгүй. Мөнхсайхан нь надад Монгол гэрийн модны тендер авч өгнө, тендерийн ажил авахын тулд хүмүүстэй уулзахад ойр зуурын мөнгө хэрэг болно гэж хэлж байсан. Тэгээд тендерийн ажлын хүмүүстэй хамт хоол идэх гэж байна, амралтад явах гэж байна гэх мэтээр худлаа хэлж надаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 250.000 төгрөгийг тус тус авсан бөгөөд гүйлгээний утга дээр зээл гэсэн байдлаар бичсэн юм. Үүнээс хойш Мөнхсайхан нь тендерийн ажил удахгүй бүтэх гэж байгаа, портер машин байна уу гэхээр нь манайд портер машин байгаа боловч манай хүү жолооны эрхээ хасуулсан гэж хэлтэл хэд хоногийн дараа над руу залгаад жолооны эрх сэргээгээд өгөх хүн байна, 1.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Мөнхсайханы хэлсэн 5027797677 дугаарын данс руу шилжүүлсэн. Гэтэл Мөнхсайхан нь хэд хоногийн дараа дахин над руу утсаар яриад жолооны үнэмлэх сэргээхэд нийт 1.800.000 төгрөг болдог юм байна, яаралтай 800.000 төгрөг шилжүүл гэж хэлсний дагуу түүний эхнэрийн 5027797677 тоот данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-21/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Даваахүүгийн өгсөн “...Би Мөнхсайхан гэж хүнийг танихгүй, уулзаж байгаагүй бөгөөд ээжийн ярианаас нь сонсож байсан. Мөнхсайхан гэж хүн ээжид Монгол гэрийн модны тендер авч өгнө, жолооны эрх сэргээнэ гэж хэлээд мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Саранцэцэгийн өгсөн “...Би Адьяадолгор гэдэг хүнийг танихгүй. Ямар шалтгааны улмаас манай нөхөр Мөнхсайхан нь тэр хүнээс мөнгө авсан, авсан мөнгөө юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна...” мэдүүлэг /хх-ийн 28-29/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Аын Хаан банкин дахь 5031685141, 5542073339, Б.Даваахүүгийн 5064189745 тоот депозит дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-35, 39-40/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Мы яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг болон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.
Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Ж.М нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч П.Аоос урьдчилгаа төлбөр өгч гэр худалдан авч үлдэгдэл мөнгийг нь өгөөгүйн зэрэгцээ хохирогчид тендерийн ажил авч өгнө, жолооны эрх сэргээж өгнө гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилсан идэвхтэй үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч Ж.Мы үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Ж.М нь анхнаасаа хохирогчийг залилан мэхлэх гэсэн идэвхтэй үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон огт байхгүй тендерийн ажил авч өгнө гэж, мөн хуулиараа боломжгүй зүйл буюу жолооны эрх сэргээж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан, өөрөөр хэлбэл хохирогчтой хэрхэн харилцах, түүнийг хэрхэн төөрөгдүүлэх санаа зорилгоо амжилттай гүйцэлдүүлэх вэ зэргээ нарийн тооцож тодорхойлсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Ж.М нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл өөрийн гэм буруутай үйлдэлтэй огт маргаагүй болно.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ж.Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.М нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч П.Ат учруулсан 4.950.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Ж.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Хохирогч маань өөрөө гомдол, саналгүй, хохирлоо бүрэн авсан тул хэргийг Мөнхсайхан ашигтайгаар шийдвэрлэж өгөө гэдэг байр суурьтай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцдог. Тийм болохоор миний үйлчлүүлэгчид дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс хувийн байдлыг харгалзан үзэж байна, өмнөх торгуулийн ялыг барагдуулж дуусаагүй гэж ярьж байна. Тэгэхээр прокурорын хувьд энэ эрүүгийн хариуцлага саналаа хэлэхдээ өмнөх шийтгэл гэж яриад байна. Өмнөх шийтгэх тогтоол дээр торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож өгсөн юм. Одоогоор төлж дуусах хугацаа нь дуусаагүй байна. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор хамгийн сүүлчийн үйлдэл нь 2021 оны 03 дугаар сард буюу энэ үйлдэл дээрээ Мөнхсайхан нь ял авсан юм. Ийм болохоор шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож байгаа болохоор прокурор үүнийг харгалзан үзэх ёстой шүү дээ. Прокурор бол яллах болон цагаатгах талыг барих ёстой. Гэтэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр хууль зүйн үндэслэлгүй зүйл яриад сууж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож байгааг прокурор болон хуульч хүмүүс бүгд хараад мэднэ. Мөн энэ гэмт хэрэгт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын төлөх хугацаа нь дуусаагүй байна. Энэ асуудал маань өөр журмаар шийдэгдэнэ. Өмнөх шийтгэх тогтоолыг яаж шийдэх талаар прокурор ер ярихгүй байна. Уг нь бол прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг ярих байсан боловч ярьсангүй. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”гэсэн заалтыг баримталж байгаа. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчийн хувьд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн торгуулийн ялыг төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл Мөнхсайхан нь тодорхой эрхэлсэн ажилтай. Энэ үндэслэлээр учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Тийм учраас зайлшгүй нийгмээс тусгаарлаж, хорих ял эдлүүлэх шаардлагагүй юм. Хувийн байдал болон учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэх ёстой. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн хувьд маргадаггүй зэрэг үндэслэлийг харгалзан үзээд торгох ялын хамгийн бага хэмжээ буюу 450 нэгжээр торгож өгөөч гэсэн саналыг шүүхэд гаргаж байна...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч Ж.Мы зүгээс эрүүгийн хариуцлагын талаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг гаргажээ.
Шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байдал, өмнө нь өмчлөх эрхийг эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Ж.Мыг мөн хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс оногдуулсан 07 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Гурав. Бусад асуудлаар.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04/9282 дугаартай албан бичгээр шүүгдэгч Ж.М нь 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаас 400.000 төгрөгийн төлөлтийг хийсэн, өнөөдрийн байдлаар шүүхээс тогтоож өгсөн торгуулийг ялыг биелүүлэх хугацаа дуусах болоогүй болох нь тогтоогдож байна.
Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ж М “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд 07 /Долоон/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Мы шүүхээс оногдуулсан 07 сарын зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Ж.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА