Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2020/00050

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Боржигин овогт С.У /РД:ЕЮ8........, утас:90.......0/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:   О.О /РД:СЩ.........., утас:........./-д холбогдох

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У /цахимаар/, хариуцагч О.О, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.У нь хариуцагч О.Оод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 онд танилцаж, 2 жил үерхээд 2006 оноос гэр бүл болж хамт амьдрах болсон. 2007 онд охин О.М төрсөн. 2008 оноос хойш О.О архи их ууж, өр шир тавьж, агсам согтуу тавьдаг болсон төдийгүй олон хүүхэнтэй орооцолдож намайг араар тавьдаг байсан. Ингээд 2011 оноос бид гэр бүл байхаа больж О.О хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Энэ хугацаанд би өөрийн болон О.Оын цалингийн зээлүүдийг төлдөг байсан. О.О салж явахдаа хүүхдийн мөнгөний дэвтрийг хүртэл барьцаанд тавьсан байсан. Ингээд үндсэндээ 2011 оноос өнөөдрийг хүртэл би О.Ооос нэг ч төгрөг авч үзээгүйгээр амьдралаа болгож, охиноо өсгөсөөр ирсэн. Цаашид би охиноо өөрөө асрамжилна, эд хөрөнгийн маргаан байхгүй. Тиймээс одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Энэ олон жилийн хугацаанд гэрлэлт цуцлуулах гэсэн боловч О.Оын хаяг тодорхойгүй байсан гэв.

 

Хариуцагч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О миний бие С.Утай гэр бүл болж 2007 онд охин О.М маань төрсөн. 2011 онд бид салж түүнээс хойш тусдаа амьдрах болсон. Охин маань ээжтэйгээ амьдардаг. Архи уудаг нь үнэн, гэхдээ хүүхэнтэй орооцолдсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдийн асрамжийн болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо би өөр хүнтэй хамтран амьдардаг, нэг хүүхэдтэй. Иймд миний зүгээс гэрлэлтээ цуцлуулах, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.У нь хариуцагч О.Оод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч С.У, хариуцагч О.О нар нь 2004 онд танилцаж, 2006 оноос хамтран амьдарч байгаад 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин О.Мыг төрүүлсэн нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн ажлын албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2/3318 дугаартай “С.У нь ...ам бүл 3, ээж, хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежерийн “...О.М 7А ангид суралцдаг” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, О.Мын төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөрийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.

 

Иймд хариуцагч О.О нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, мөн тэрээр өөр бусадтай гэр бүлийн харилцаатай болж, улмаар дундаас нь хүүхэд төрсөн, гэрлэгчид тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчид харилцан тохиролцсон гэж үзэж, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 

Талууд хүүхдийн асрамжийн асуудлаар шаардлага гаргаагүй хэдий ч шүүх гэрлэлт цуцлах үед насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Охин О.М нь төрсөн цагаасаа эхлэн эх С.Уын асрамжинд өсөж, хүмүүжиж байгаа бөгөөд цаашид ээжтэйгээ хамт амьдрана гэсэн саналыг шүүхэд гаргасныг харгалзан шүүх бага насны хүүхдийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүддээ ээнэгшин дассан байдал, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан, одоо амьдарч байгаа орчныг нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж охин О.Мыг эх С.Уын асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

 Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулахгүйгээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж шаардлага гаргасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдал, түүнчлэн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Дорноговь аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ эцэг О.Ооор охин О.Мыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

  

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 073 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ооос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээр тооцон 53 024 төгрөг, нийт 123 224 төгрөгийг гаргуулж, үүнээс 121 073 төгрөгийг нэхэмжлэгчид, 2 151 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт С.У, Доёд овогт О.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Доёд овогт О.Оын М-ыг эх С.Уын асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Доёд овогт О.Оын Маргадыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Ооор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

5.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 073 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 123 224 төгрөгийг гаргуулж, үүнээс 121 073 төгрөгийг нэхэмжлэгчид, 2 151 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ