Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2020/00073/И |
Дугаар | 134/ШШ2020/00073 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 134/ШШ2020/00073
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Д /РД:ЕУ......, утас:......../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: 2 Б.Б /РД:С....., утас:........../-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д миний бие нь 2017 онд Б.Бтэй танилцаж, хоёр талын аав, ээжийндээ ирэн очин хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү Д.Х төрсөн. Б.Б гэрлэлтээ батлуулахгүй гэсэн учраас бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хүү Д.Хыг өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Б.Б намайг хүүхдээ төрүүлээд 2,3 хоногтой байхад ирээд миний хүүхэд биш гээд явсан. Тэрнээс хойш хүүгээ 6 сартай байхад нь бид эвлэрээд Б.Бгийн аав, ээжийнд нь очиж 3 сар хамт амьдраад салж, тэрнээс хойш тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Д.Х миний асрамжинд амьдарч өсч торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.Хт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2017 онд танилцаж 2018 онд хүүхэдтэй болсон. Нэг жил гаран хамт амьдрахад хоёр талын эцэг, эхчүүд хоорондоо таарахгүй болоод салсан. Д.Х нь миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар шүүхийн онцгой харъяалал буюу тэжээн тэтгэхтой холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр нэхэмжлэгч О.Д нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхийн харъяалал зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч О.Д, хариуцагч Б.Б нарын дундаас 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү Д.Х төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2017-2018 оны хооронд хамтран амьдарч байсан болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 542 дугаартай “О.Д нь ам бүл 2, ... оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, өрхийн эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Д.Х нь 1 нас 6 сартай, эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь хүү Д.Хыг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаан гаргаагүй, хүүхэд одоогоор эх О.Дгийн асрамжинд байгаа болох нь тогтоогдож байх тул бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээлээ.
Улмаар Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ эцэг Б.Бгээр хүү Д.Хыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 492 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 31 492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 1 614 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Д.Хыг эх О.Дгийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт О.Дгийн Х.........г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 31 492 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 31 492 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 1 614 төгрөгийг гаргуулж орон нутгийн төвсийн орлогод оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ