| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2333000000024 тоот хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамтаар, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 0-р баг өндөр хороололд оршин суух хаягтай, урьд:
2001 оны 12 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 3/104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.1, 241.1 дэх хэсэгт зааснаар 80,000 төгрөгийн торгуулийн ялаар,
2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн №03/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилээр тэнсэж хянан харгалзсан,
2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн №03/77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 20 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж 2 жилээр тэнсэж хянан харгалзсан,
2010 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж Өршөөлийн хуулиар суллагдсан,
2011 оны 05 сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн эд хөрөнгө хураах ял оногдуулж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай магадлалаар 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 13 хоногийн хорих ял болгон өөрчилсөн,
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж ялын хугацаа дуусаж суллагдсан ******* РД:(МВ******).
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-нөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны хооронд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Номгон уулын зүүн шанаа орчмоос хохирогч*******ы өмчлөлийн 1 тооны улаан хээр зүсмийн зүүн гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай нас гүйцсэн адууг иргэн ******* өмчлөлийн морь, өөрийн өмчлөлийн олсоор бугуйл хийж ашиглан хулгайлж 600,000 төгрөгийн хохирол, 2023 оны 02 дугаар сарын 28-наас 2023 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч ******* өмчлөлийн 1 тооны улаан халзан зүсмийн эр бярууг өөрийн эзэмшлийн 0000 ОРА улсын дугаартай тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулан хоёр бод буюу бусдын олон тооны малыг машин механизам ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт
Шүүгдэгч ******* нь нь 2023 оны 02 дугаар сарын 24-нөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны хооронд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Номгон уулын зүүн шанаа орчмоос хохирогч*******ы өмчлөлийн 1 тооны улаан хээр зүсмийн зүүн гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай нас гүйцсэн адууг иргэн ******* өмчлөлийн хүрэн зүсмийн морийг унаж, өөрийн олсоор бугуйл хийн хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол, 2023 оны 02 дугаар сарын 28-наас 2023 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч ******* өмчлөлийн 1 тооны улаан халзан зүсмийн эр бярууг ******* хүрэн зүсмийн мориор туун хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учруулан бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт
1.Шүүгдэгч *******ийн өгсөн: “...Намар самарт явахдаа ахынхаа мориор яваад өвөл тэжээж байсан юм. 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр 2 сарын эхээр доошоо гол уруудаж морио цантуулж явж байхдаа Номгоны зүүн шанаа гэх газар гуайн адуутай таарсан. Чандмань тамгатай хээр морийг нь барьж авсан. Буцаж Төвд 2 хонуулаад таараад адуу янзлаад өгөөч гээд гэх 2 хүнээр янзлуулсан. Тэгээд машинаар ачиж Орхон аймагт гэх ченжид 600,000 төгрөгөөр өгсөн. 2023 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр гэж ахындаа очиж золгох гэж морьтой давхиж яваад голын ард улаан халзан бяруутай таарсан. Тэгээд мориор хөөгөөд гэртээ ирж авчирч байж байгаад 80-49 ОРА гэсэн приус 10 маркийн машинд ачиж нагац ах болох ахындаа аваачиж тавьсан. Ах юун бяруу юм гэхээр нь би хүнээс авсан юм танайд түр тавьчихъя гэсэн. Тэгээд би 2023 оны 02 сарын сүүл 3 сарын эхээр бяруу тууж гол өгсөж явахдаа гуай гэдэг хүнтэй таарсан. Мэнд мэдээд хаа хүрч яваа юм гэхээр нь хүнээс 1 бяруу авч явж байна гэсэн. гэдэг хүний хохирлын үнэлгээ 1,300,000 төгрөг гарсан би тэрийг төлж барагдуулсан. гэдэг хүний бярууг би буцааж хүргэж өгсөн. Хохирол гомдол бүгдийг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. хохирогч ******* өгсөн: “...Би гэр бүлийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мал маллаж амьдардаг юм. 2023 оны 02 дугаар сарын 28-ны орой малаа хашаанд оруулаад маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө босоод малаа бүртгэсэн чинь 1 тооны улаан халзан зүсмийн 1 тооны эр бяруу байхгүй байсан. Тэгээд ойр хавийн айлын үхэр мал дагаад явчхав уу? гээд нэлээн хэд хоног хайгаад олоогүй юм. 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай сумын фейсбүүк зар дээр манай бярууны зургийг тавьчихсан ийм бяруу алдсан хүн байвал яаралтай холбогдоно уу? гэсэн пост манай сумын цагдаа оруулсан байхаар нь утсаар нь холбогдоод зургийг нь харсан чинь миний алдсан бяруу мөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-р хуудас/,
2.Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...Тухайн 8049 ОРО дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг би 2022 оны 07 дугаар сар, аймагт авто засварын газар ажиллуулдаг өөрийн ээжийн дүүгийн хүүхэд хамаатаны ах болох , нараас авч өөрийн хуучин унаж байсан машины кропыг сольж тавиад бага хэмжээний мөнгө өгч авч байсан юм. Тухайн машин нь ах нарын авто засварын газарт задаргаанд ирсэн байсан юм. Тухайн үед явдаггүй байсан машин юм. 0000 ОРО улсын дугаартай Приус-10 маркийн машины нэрийг солих гэсэн боловч бичиг баримт дээрх хүн олдоогүй мөн их хэмжээний торгуультай байсан учраас нэрээ өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй юм. Тухайн тээврийн хэрэгслийг би ажил төрөлд явах хүүхэд зөөх гээд ахуйн хэрэглээндээ зориулж өөрийн цалингаас мөнгө гаргаж авч байсан юм. Тээврийн хэрэгсэл нь миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 0000 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн өдрийн цагаар надад буюу манай ажлын гадаа байсан. Тэгээд би 19 цаг өнгөрөөд тараад гэрт очсон. Тэгээд манай гэр бүлийн хүн машин аваад явсан, хаашаа яах гэж авч явсаныг нь мэдэхгүй байна. Би өөрийн 0000 ОРО улсын дугаартай Тоёота приус-10 тээврийн хэрэгслийг өөртөө авч үлдэх хүсэлтэй байна. Би тухайн хэрэгслийг өөрийн цалингаар авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,
3.Иргэний нэхэмжлэгч Д.******* өгсөн: “...2022 оны намар самарт явна гэж надаас зөв гуяндаа уйлан тамгатай хүрэн зүсмийн соёолон үрээ авч самарт унаж ашигласан юм. Тэгээд самарнаас буугаад надад хэлэхдээ нилээд турж эцчихлээ гэхээр нь би "уг нь наад үрээг чинь ирэх жил уях гэж байсан юм. Энэ өвөл чи хашаандаа тэжээгээд аятайхан онд орууладах” гэж хэлсэн. Энэ өвөл дээр байсан. Одоо ч тэнд байгаа. Миний эзэмшлийн хүрэн зүсмийн соёолон үрээгээр мал хулгай хийсэн талаар мэдээгүй байж байгаад 2023 оны 03 дугаар сарын дунд үед цагдаад шалгагдаж байгаа гэж мэдсэн. Сүүлд сонсоход Орхонтуул сумаас 1 адуу хулгайлж авсан гэж яригдаж байсан. Гомдол санал гээд байх зүйл алга байна. Өөрийн өмчлөлийн хүрэн зүсмийн соёолон үрээгээ авч үлдэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-р хуудас/,
4. Хохирогч*******ы өгсөн: “...Манай адуу Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Номгон уулын зүүн хашаанд бэлчдэг байсан юм. Хамгийн сүүлд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай хүү адуугаа очиж эргэхэд бэлчээртээ тоо ёсоороо байсан гэсэн 2023 оны 02 дугаар сарын 24-25-ны өдрийн орчим адуугаа эргэхэд 2 тооны адуу дутаж байсан тэгээд би хүүхдүүдтэйгээ нийлээд ойр хавиараа хайгаад олоогүй. Тэр өдрөө бүтэн өдөр хайгаад олоогүй маргааш нь 1 тооны унагыг маань чоно идсэн байдалтай байхад нь сэг зэмийг нь замын бэлчдэг бэлчээрийнхээ цаахан талаас олсон. 1 тооны улаан хээр зүсмийн зүүн гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай бүдүүн морио хайгаад олоогүй юм. Манай алдсан хээр зүсмийн адуу сүрхий содон гээд зүйл байхгүй. Хээр зүсмийн зүүн гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай бүдүүн морь байсан..., би хулгайд алдагдсан мориныхоо өртөгөнд унагалах хээлтэй гүү авсан гэх мэдүүлэг /хх-ийн 131, 133-р хуудас/,
5.Гэрч өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын дундуур санагдаж байна гэртээ байж байсан чинь манай эхнэрийн эгчийнх нь нөхөр , гээд найзтайгаа 10 цагийн орчим манайд ирээд ах гэрт очоод "Жаахан юм хийлцээд өгөөч" гэхээр нь би гэр лүү нь дагаад явсан. Тэгээд намайг гэрт нь очсон чинь нэг тооны адуу алчихсан амбаарт нь байсан. Тэгсэн ах энэ адууг янзлаад өгчих гэсэн. Тэгээд ах бид 2 өвчиж янзалсан. Бид 2-ыг амбаарт ороод удаагүй байж байсан чинь гаднаас амбаараа цоожилчихсон. Тэгээд гаднаасаа цоожтой цаг гаран болоод ах буцаж ирээд хаалгаа онгойлгосон. Энэ ямар учиртай адуу юм бэ, яагаад гаднаас цоожлоод байгаа юм бэ гэсэн чинь айх юм байхгүй ээ, би хөдөөнөөс авч ирсэн адуу байгаа юм ах нь хүргээд өгье гээд намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 140-р хуудас/,
6.Гэрч өгсөн: “...Намайг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 2023 онь 01 дүгээр сарын дундуур найз нартайгаа уулзаад явж байхад надтай малтай хороололд таараад тэгээд намайг нэг адуу янзлаад өгөөч би авчирсан юм аа гэж хэлсэн. Тэгэхэээр нь би зөвшөөрөөд ийн гэрлүү явсан. дахиад нэг янзалдаг залуу байгаа тэрийг дуудаад ирье гээд явсан. Намайг гэрт нь яг очиж байтал Тувшинтөгс араас гээд залуутай хамт ирсэн. Тэгээд бид хэд ийн хашааны баруун талд байрладаг модон амбаарт ороход адууг унагаасан байсан. Тэгээд би той хамт амбаарт нь адуугаа бид хоёрыг амбаартаа үлдээгээд гараад ирье гээд явсан. Тэгээд адуугаа янзалж байтал гэдэс өвдөөд байна гээд гарах гэтэл гаднаас цоожилсон байсан. Тэгэхээр нь би цоожных нь төмөрийг нь татаад онгойлгоод гар гээд цоожийг нь онгойлгоод гарсан. Тэгээд бид хоёр нийлээд адууг нь гаргаж дуусгаад гялгар уутан дээр тавиад ийн гэрлүү ороод цай ууж байтал ирсэн. Тэгээд г хүргэж өгнө гээд явсан. Би гэрт нь үлдсэн тэгээд буцаж ирээд бид хоёр машинд махаа ачаад Орхон аймаг руу явсан. Орхон аймаг руу ороод гэдэг ахад 600,000 төгрөгөөр махаа зараад надад 200,000 төгрөг мал алж өгсөн гээд өгсөн. Би Орхон аймагт эгчийндээ үлдээд Баруунбүрэн сумруу буцсан. Би эгчийндээ хоноод маргааш нь шууд аймаг руу явсан.Тухайн адуу хээр зүсмийн адуу байсан. Тамга нь харагдаагүй. Өөрийнх нь адуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Надад огт юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 хуудас/
7.Гэрч Н.ы өгсөн: ...Манай хаваржаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу явдаг зам дагуу байдаг. Энэ хавар 2023 оны 02 дугаар сарын сүүлчээр санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Сар шинэ өнгөрөөд шинийн аравдын үе байсан байх. 17 цагийн үед гэрийнхээ ойролцоо Бургалтайн гол дагуу мал эргүүлээд ганцаараа явж байсан чинь тэй таарсан. урагшаа Орхонтуул орчихоод буцаж явна гээд нэг улаан халзан эр бяруу туучихсан явж байсан. Тэгээд мэндлээд өнгөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/
8. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл /бусдын нэг тооны улаан халзан зүсмийн бяруу хулгайлсан байж болзошгүй/ хүлээн авсан тухай тэмдэглэл/ хх-ийн 01-р хуудас/,
9. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр малд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 02-04-р хуудас/,
10. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06-р хуудас/,
11. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 03, 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Сум дундын прокурорын газрын прокурорын тогтоол /хх-ийн 12-13, 19-20, 22-23-р хуудас/,
12. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Улаан халзан эр бярууны зах зээлийн өнөөгийн үнэн цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар 700000=00 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэтэй байна/ гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,
13.2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Үнэлгээнд хамрагдсан дээрхи /Тоёота приус-10 0000 ОРА улсын дугаартай ногоон өнгийн суудлын/ автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар 1500000=00 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй байна/ гэх дүгнэлт/хх-ийн 36-37-р хуудас/,
14.2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл /******* эзэмшлийн нэг тооны улаан хээр зүсмийн адуу бэлчээрээс алдагдсан/ хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 35-р хуудас/,
15.2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 86-87-р хуудас/,
16.2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 88-91-р хуудас/,
17. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 90-93 хуудас/
18. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-97 хуудас/
19. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Үнэлгээнд хамрагдсан дээрхи /улаан хээр зүсмийн морь 1 толгой/ үнэ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар 1200000=00 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэтэй байна/ гэх дүгнэлт /хх-ийн 103-104-р хуудас/,
20. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Хүрэн зүсмийн соёолон үрээ, үнэ цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар 600000=00 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэтэй байна/ гэх дүгнэлт/хх-ийн 111-112-р хуудас/,
21. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Үнэлгээнд хамрагдсан дээрхи /эмээл 1 ш, хазаар 1 ш, мяндсан олсон /9м/ 1 ширхэг/ зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар 120000=00 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэтэй байна/ гэх дүгнэлт/хх-ийн 120-212-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн шүүгдэгч *******ийг 2023 оны 02 дугаар сарын 24-нөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны хооронд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Номгон уулын зүүн шанаа орчмоос хохирогч*******ы өмчлөлийн 1 тооны улаан хээр зүсмийг адууг иргэн Д.******* өмчлөлийн морь, өөрийн өмчлөлийн олсоор бугуйл хийж ашиглан хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол, 2023 оны 02 дугаар сарын 28-наас 2023 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч ******* өмчлөлийн 1 тооны улаан халзан зүсмийн эр бярууг өөрийн эзэмшлийн ОРА улсын дугаартай тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулан хоёр бод буюу бусдын олон тооны малыг машин механизам ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Шүүгдэгч ******* нь ******* 1 тооны улаан халзан эр бярууг хулгайлахдаа тээврийн хэрэгсэл ашиглаагүй, Д.******* хүрэн зүсмийн мориор тууж хулгай хийсэн болох нь гэрч Н.ы: ....Энэ хавар 2023 оны 02 дугаар сарын сүүлчээр санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Сар шинэ өнгөрөөд шинийн аравдын үе байсан байх. 17 цагийн үед гэрийнхээ ойролцоо Бургалтайн гол дагуу мал эргүүлээд ганцаараа явж байсан чинь тэй таарсан. урагшаа Орхонтуул орчихоод буцаж явна гээд нэг улаан халзан эр бяруу туучихсан явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/, шүүгдэгч Д.Түвшигтөгсийн: ... 2023 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр гэж ахындаа очиж золгох гэж морьтой давхиж яваад голын ард улаан халзан бяруутай таарсан. Тэгээд мориор хөөгөөд гэртээ аваачсан... гэж мэдүүлж байх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны буюу хоёр тооны бод малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлэг өгсөн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү гэм буруугийн талаарх дүгнэлт танилцуулах шатанд “*******ийг прокуророос үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, тус тусдаа цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн болно.
Олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно... гэж Эрүүгийн хуульд тайлбарласан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно... гэж заасан байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.
Хохирогч*******ы “...Миний бие алдсан хээр зүсмийн морины хохирлыг ******* барагдуулсан тул надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /2-р хавтаст хэргийн 27-р хуудас/,
Хохирогч *******: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохиролоо төлсөн болох нь тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******өд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч “...Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл халдаах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******өд 2 жил 2 сарын хорих ял оногдуулах саналыг оруулж байна. Шүүгдэгч *******өд оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид үргэлжилсэн үйлдэл гэж үзэхээр хуульчилсан байгаа. 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Тийм учраас 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирол төлөгдсөн өөрийнхөө үйлдэлд чинь санаанаас гэмшиж байгаа энэ байдлыг харгалзан хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оноож өгөөч...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Бусдын олон тооны мал хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн хохирол хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******өд оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан баримтаар тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул энэ хэрэгт битүүмжлэгдсэн 0000 ОРА улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Т.Ганбүрэнд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ Д.******* эзэмшлийн Соёолон насны хүрэн зүсмийн ашигласан байх бөгөөд морийг битүүмжилсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож хүрэн зүсмийн соёолон морийг иргэний нэхэмжлэгч Д.Сугаррагчаад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгчээс хүрэн зүсмийн /Хүрэн зүсмийн соёолон үрээ 1 толгой/ морины үнэлгээгээр тогтоогдсон 600,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Мөн эд мөрийн баримтаар хураагдсан орос эмээл, хазаар, олс зэргийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******өд оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 8049 ОРА улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, Д.******* эзэмшлийн Соёолон насны хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болмогц 80-49 ОРА улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Т.Ганбүрэнд, соёолон насны хүрэн морийг иргэний нэхэмжлэгч Д.Сугаррагчаад тус тус буцаан олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгчээс хүрэн зүсмийн /Соёолон үрээ 1 толгой/ морины үнэлгээгээр тогтоогдсон 600,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орос эмээл хазаар, олс зэргийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН