Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2020/00081

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н....... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.О  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ц.А  холбогдох

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Ц.А, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Ц.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О миний бие нь Ц.Атай 2012 онд гэрлэлтээ батлуулсан, 7 настай нэг хүүхэдтэй. Хамт амьдрах хугацаанд Ц.А архи их ууж, маргаан гаргадгаас болж бид 2015 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү А.Б нь надтай цуг амьдардаг. 2015 онд Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулан дуусгавар болж, шийдвэр гарсан. Иймд бид цаашид хамтдаа амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй, Ц.Ааас хүүхдийн мөнгө болон өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Ц.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А миний бие Ц.Отэй 2011 оны 10 дугаар сараас хамтдаа амьдарч эхэлсэн, 7 настай нэг хүүхэдтэй. Хамт амьдарч байхдаа би архи уудаг байснаас бол гэр бүлийн маргаан гардаг байсан. Тэгээд 2015 оны 06 дугаар сард салж, одоог хүртэл тусдаа амьдарч байна. Ц.Оийн өргөдлийн дагуу гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөр хүнтэй сууж байгаа учир цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Ц.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Ц.А нар нь 2011 оны 10 дугаар сараас хамтран амьдарч 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж, 2015 оны 06 дугаар сар хүртэл хамт амьдарсан байх бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.Болд-Эрдэнийг төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаартай “Ц.О нь ...ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...А.Б нь 7 нас 4 сартай эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, А.Болд-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч Ц.Батдоржийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр тайлбар гаргагч Ц.А нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвхи санаачлагагүй хандаж, хүрэлцэн ирээгүй үндэслэлээр дуусгавар болгожээ.

 

Энэ талаар нэхэмжлэгч Ц.О нь “...тухайн үед биднийг 2 удаа уулзуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 3-4 сар үргэлжилсэн. Тэгээд сүүлийнх дээр нь Ц.А ирээгүй учир эвлэрэх боломжгүй юм байна гээд дуусгавар болгосон” гэж, хариуцагч Ц.А нь “...цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй” гэж тайлбарласан тул шүүхээс дахин эвлэрүүлэн зуучлах урьдчилсан арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ц.А нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчид харилцан тохиролцсон гэж үзэж, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 

Талууд хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар шаардлага гаргаагүй хэдий ч шүүх гэрлэлт цуцлах үед насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

Иймээс, хүү А.Б нь төрсөн цагаасаа эхлэн эх Ц.Оийн асрамжинд өсөж, хүмүүжиж байгаа, цаашид ч эхийнх нь асрамжинд байлгахыг хариуцагч зөвшөөрсөн бөгөөд хүүхэд ээжтэйгээ хамт амьдрана гэсэн саналыг шүүхэд гаргасныг харгалзан шүүхээс, бага насны хүүхдийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүддээ ээнэгшин дассан байдал, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан, одоо амьдарч байгаа орчныг нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж хүү А.Болд-Эрдэнийг эх Ц.Оийн асрамжинд үлдээлээ.

 

 Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Ц.Аыг “эрхэлсэн ажилгүй” гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг гаргаагүй нь хуульд нийцэхгүй юм.

 

Учир нь эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хуулийн дагуу үүсдэг учир хүүхдийг асран хамгаалж буй эхийн хүсэл сонирхлын үүднээс эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.

 

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.О нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч шүүх, хүүхдийн эрхийг хамгаалж Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан журмын дагуу хүү А.Болд-Эрдэнийг эцэг Ц.Ааар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ааас гэрлэлт цуцлах шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 33 105 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мандах овогт Цэвээндоржийн Ц.О, Төгрөг хайрхан овогт Цогбаярын Ц.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү     А.Болд-Эрдэнийг эх Ц.Оийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү   А.Бо.... 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, түүнчлэн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Ааар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ааас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 103 305 төгрөг гаргуулж, үүнээс 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.От даалгасугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ