Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2020/00088

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н.... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Д. Б-ийннэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Н.Э холбогдох

 

гэрлэлт цуцлуулж, хүү Э.М, охин Э.Мя нарт асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С....., хариуцагч Н.Э, нарийн бичгийн дарга Б.А..... нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Э.М, охин Э.Мя нарт асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б миний бие нь хариуцагч Н.Этай 2009 онд гэр бүл болж 2010 оны 11 дүгээр сарын 15-нд гэр бүлээ батлуулж, хамтран амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд 2009 онд хүү Э.М, 2014 онд охин Э.Мя нарыг төрүүлсэн. Бидний амьдрал тодорхой хугацаанд сайн сайхан байсан үе бий. Гэсэн ч 2013 оноос эхлээд намайг байнга үндэслэлгүй хардаж, цохиж зоддог болсон. Тухайлбал хамар, аманд алчуур чихэх, үсдэх, нуруун дээр өвдөглөчихөөд үснээс зулгаах, мөн мотоциклийнхоо түлхүүрээр зүүн хөмсөгний дээд талд яз цохих, мотоциклийн яндан дээр баруун гарын алгаар дарж түлэх, нүүр ам руу өшиглөх, нүүр битүү хавдар болгох, хөдөө аваачиж байгаад хувцас урж нүцгэлэх, мотоциклийн татлагаар боох, хутга, буу бариад чамайг алчихаад өөрийгөө ална гэх зэргээр тоймгүй олон удаа зодож, эрүүл мэндэд минь халдаж, байнгын айлгаж сүрдүүлдэг байсан. Энэ олон удаагийн зодуур, доромжлолыг би 2 хүүхдийнхээ эцэг гэдэг утгаар тэвчиж өнгөрүүлж байсан. Мөн аав Долгоржавынхаа санааг зовоохгүй гэж чимээгүй өнгөрдөг байсан. 2017 оны зун Н.Э согтуу ирээд орой 7, 8 цагаас шөнийн 02 цаг хүртэл зодсон. Ингэж зодохдоо нүүр лүү өшиглөсөн, хүзүү боосон, гар хөл мушгиж, өчсөн, үсдсэн, уруул язалж, шүд хөдөлгөсөн, утас эвдсэн. Энэ зодуураас үүдэн миний бие ээжийн дүү Баярсайхан гэдэг ахындаа очоод хэд хоног хэвтэж байгаад биеэ гайгүй болгоод гэртээ харьж байсан. Манай нөхөр Н.Э манай ах Баярсайханыд ирж намайг дахин зодохгүй, одоо хоёулаа сайхан амьдарна гэж худлаа амлалт өгч гуйсаар байгаад намайг авч явж байсан. Н.Э намайг дандаа хүний нүднээс хол аваачиж байгаад эсвэл утас эвдэж байгаад зоддог байсан. Тухайлбал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг Морьт нэх нутагт мал маллаж амьдардаг байсан ба энэ үед сумын төв ороод хөдөө явах замдаа хөдөө зогсож байгаад зодох, гар мотоциклийн халуун янданд түлэх гэх мэт. 2018 оны намар 10 дугаар сарын орчимд намайг Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 41 тоотод шөнө ажлаас ирэхэд согтуу утас эвдээд, хаалга түгжиж байгаад үсдэж, нүүр, уруул, нүд рүү цохисон, гар нүүрийн алчуураар боосон, ингэж боохдоо намайг хөдөлгөөнгүй болгоод ухаан алдахаар суллаад л эргээд дахин боолт хийж, тохуурхан даажигнаад байсан. Үсдээд тонгорч унагаахдаа орны модонд зүүн хөлний дотор талын шилбэний мах тасалсан. Өгзөг, гуя руу өшиглөснөөс хөхрөлт, няцралт үүссэн байсан. Ингэж зодсоноос цагдаад дуудлага өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэний улмаас 2019 оны 01 дүгээр сард Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулж байсан. Н.Э нь 2019 оны 05 дугаар сарын эхээр суллагдаж гарч ирсэн. Шоронгоос гарч ирээд нэг хэсэгтээ зодох нь гайгүй байсан ч хэл амаар доромжлох, хардаж, сэрдэх нь хэрээс хэтэрсэн. Ингэхдээ чи цагдаа нартай хуйвалдсан, цагдаа нарт бөгсөө худалдаж байгаад намайг шоронд явуулсан гээд хэл амаар доромжилдог болсон. Н.Э нь намайг зодохдоо хоёр хүүхдээ сууж бай гэж байгаад зоддог ба намайг миний хүү гараад цагдаа дууд, айлд хэл гэхэд аав нь хөдлөх юм бол ална гэхээр айгаад орилоод хөдөлж чаддаггүй.  ...2020 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоожийг хөшиж гэрт ороод хувцасны шкаф, телевизор, мөлхөө тавилга, гал тогооны тавилга зэргийг алхаар цохиж хэмхэлж, бүх савтай ус асгаснаас дэвсгэр наалдаж хөлдсөн байдалтай байсан. Миний бие энэ байдлыг цагдаад мэдэгдсэн. Иймд миний бие 2013 оноос хүчирхийлэлтэй гэр бүлд амьдарч ирсэн, маш олон удаа Н.Эт зодуулж байсан. Энэ бүхнийг хоёр хүүхдийнхээ төлөө гэр бүлээ бүтэн амар амгалан авч байхын төлөө тэвчиж байсан. Энэ цаг үеэс хойш Н.Эт дахин зодуулж, үндэслэлгүй хардуулж, хэл амаар доромжлуулмааргүй байна. Энэ бүх зодуур, доромжлолоос хамгаалуулахаар гэр бүлээ эвлэрүүлэн зуучлалаар оролгүй цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна. Миний амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа тул хариуцагч Н.Эаас гэр бүлээ цуцлуулах, хүү Э.М, охин Э.Мяийг өөрийн асрамжиндаа авч, Н.Эаар тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гэрлэлтээ цуцлуулна. Хүү Э.М нь аавынхаа ээжид илүү элэгтэй, идээшиж дассан, өөрөө аавтайгаа байхаар санал гаргасан тул  хүүгээ аавд нь өгөөд, охиноо өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь асрамжилж байгаа учраас хэн хэнээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

 

Хариуцагч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э миний бие Д.Бгийн салах хүсэлтийг зөвшөөрч байна. Би архи уугаад зодсон нь үнэн. Том хүү одоо Дорноговь аймгийн Даланжаргалан суманд манай аав, ээж дээр байгаа. Цаашид хоёр хүүхдээ нэг нэгээр нь аваад, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн бодолтой байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Э.М, охин Э.Мя нарт асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Б нь хүү Э.Мийн саналыг харгалзан үзээд, охин Э.Мяийг өөрийн асрамжинд, хүү Э.Мийг эцэг Н.Эын асрамжинд байлгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 

 

Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.  Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Н.Э нар нь 2009 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү Э.М, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Мя нарыг төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаартай “Долгоржавын Б. нь ...ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай “...Э.М нь Б.Амгалан багштай 5в ангид суралцдаг” гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай “...Э.Мя нь бэлтгэл бүлэгт суралцдаг” гэсэн тодорхойлолт, Э.М, Э.Мя нарын төрсний гэрчилгээний хуулбар болон тэднийг эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлсон Энхтусдэм Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас эвлэрүүлэн зуучлалын журмаар нэхэмжлэлээ урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй хэмээн үзэж шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор нөхөр Н.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг буюу эхнэр Д.Бг байнга зодож үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн мөн тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ЗШ/15 дугаар шийтгэврээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөний улмаас 20 цаг албадан сургалтанд хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан зэргээс үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэр бүлийн хүчирхийллээс болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй үйл баримт бий болсон нь тогтоогдож байна.

 

Иймд дээрх нөхцөл байдал болон хариуцагч Н.Э нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлсэн зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар  шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хүү Э.Мийн саналыг харгалзан үзээд, охин Э.Мяийг өөрийн асрамжинд, хүү Э.Мийг эцэг Н.Эын асрамжинд байлгахаар шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул талууд хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон гэж үзэж, хүү Э.Мийг эцгийн асрамжинд, охин Э.Мяийг эхийн  асрамжинд үлдээлээ.

 

 Хэдийгээр шүүхээс охин Э.Мяийг эхийн асрамжинд, хүү Э.Мийг эцгийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Талууд хоёр хүүхдээ нэг нэгээр нь асрамжиндаа авсан үндэслэлээр хүүхдийн тэтгэлгийн асуудлаар шаардлага гаргаагүй хэдий ч шүүх гэрлэлт цуцлах үед насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүүхэд тус бүрээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар эцэг, эх харилцан тохиолцож гэрээ байгуулаагүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ охин Э.Мяийг эцэг Н.Эаар, хүү Э.Мийг эх Д.Бгаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

  

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 410 төгрөгийн 123 224 төгрөгийг /гэрлэлт цуцлах шаардлагад ноогдох 70 200 + нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгт ноогдох  53 024/ орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13 186 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Н.Эаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээр тооцон 33 105 төгрөг, нийт 103 305 төгрөгийг гаргуулж, үүнээс 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар Их догшин овогт Долгоржавын Б., Боржигин овогт Наранбаатарын Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Боржигин овогт Н.Эын Э.Мяийг эх Б.гийн асрамжинд, хүү Боржигин овогт Н.Эын Э.Мийг эцэг Н.Эын асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Боржигин овогт Н.Эын Э.Мяийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/,мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Эаар сар бүр, 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Боржигин овогт Н.Эын Э.Мийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Д.Бгаар сар бүр  тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 136 410 төгрөгийн 123 224 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13 186 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 103 305 төгрөгийг гаргуулж, үүнээс 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг зохигчдод даалгасугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ