Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2020/00092

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг ..... дугаар байрны ........тоотод оршин суух, УБТЗ-ын Шивээ-Овоо техник үйлчилгээний хэсэгт вагон үзэгч ажилтай, Олхонууд овогт Б.Б /РД:ДЮ930........, утас:88......./-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, ....... дүгээр байрны ........ тоотод оршин суух, Шивээ Овоо ХК-д оператор ажилтай, Хотгойд овогт Н.Б /РД:ЕУ9..........., утас:99.........../-д  холбогдох

 

хүү Б.Т, Б.Тэ нарт тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Н.Б, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Бд холбогдуулан хүү Б.Т, Б.Тэ нарт тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь анх 2012 оны 12 дугаар сард Н.Бтэй танилцаж, үерхэж эхэлсэн. Би сургуулиа төгсөөд Н.Бтэй амьдрахаар Улаанбаатар хотоос Шивээговь суманд шилжин ирж ажиллаж, амьдарч байна. Бидний дундаас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр том хүү Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бага хүү Б.Тэ төрж, ам бүл 4 болсон. Н.Б бага хүүг төрөх жил буюу 2018 оноос өөр хүнтэй явж давхар амьдралтай болсон байсан. Ингээд би Улаанбаатар хотоос аав, ээж, дүүгээ Шивээговь сум руу шилжүүлэн авч ирж, одоо аав, ээжийнхээ гэрт дүү, хоёр хүүгийн хамт ам бүл зургуулаа амьдарч байна. Н.Б хүнтэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй маргаад аав, ээжийнхээ гэрт очсон боловч одоо Л.Б.........тэй хамт 15 дугаар байрны 07 тоотод амьдарч байгаа. Хоёр хүү, бид гурвыг манай аав, ээжийн гэрт орхиод өөрөө тусдаа амьдраад 1 жил 3 сар болж байна. Би өнөөдрийг болтол хоёр хүүгийнхээ төлөө гаргаж байгаа байдлыг хүлээсний эцэст хуулийн дагуу шийдүүлэх байдалд хүрсэн. Одоогийн байдлаар хоёр хүү минь өөрийн орон гэргүй, харж өсгөж, тэжээх аавгүй байдалтай байна. Миний бие бага хүүгээ 10 сартай байхад нь байгууллагадаа хүсэлт гаргаж ажилдаа орсон. Нэгэнт бидний амьдрал ийм байдалд хүрсэн тул одоо энэ хүнээс 2 хүүхдэд тавих анхаарал, тэтгэвэр тэтгэмжийг нь хуулийн дагуу шийдүүлэхийг хүсэж байна. Цаашид би хоёр хүүхдээ өөрөө асрамжилна, эвлэрэх боломжгүй. Намайг албан ёсоор бэр гуйж аваагүй учраас бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй гэв.

 

            Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр хамтран амьдарч байсан нь үнэн. Хоёр хүүхэд миний төрсөн хүүхдүүд мөн. Цаашид би хүүхдүүдээ өөрийнхөө боломж бололцоогоороо тэжээн тэтгэнэ. Гэхдээ одоо өр зээлтэй учраас тэтгэлгийн асуудлыг түр хугацаанд хойшлуулж өгөхийг хүсч байна. Бид салах шалтгаан нь Б.Баас өөрөөс нь болсон. Надад хамтран амьдардаг өөр хүн байхгүй. Би хоёр хүүхдээ салгахыг хүсээгүй учраас ээжтэй нь хамт байлгахаар шийдсэн гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Бд холбогдуулан хүү Б.Т, Б.Тэ нарт тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Н.Б нарын дундаас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Тэ нар төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2012-2019 он хүртэлх хугацаанд нэг гэрт хамтран амьдарсан, хүүхдүүд одоогоор эхийн асрамжинд байгаа болох нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай “.......Баянбатын Б.Б нь ам бүл 6, ... оршин суудаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай “....Б.Т 4 настай эрэгтэй, Б.Тэ 1 нас 5 сартай эрэгтэй, ... эрүүл өсч байгаа” гэсэн тодорхойлолт, хүү Б.Т, Б.Тэ нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрлэлт бүртгэлгүй тухай” лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.Б нь хүү Б.Т, Б.Тэ нарыг өөрийн төрсөн хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар хүүхдүүд эцгээрээ овоглож төрсний гэрчилгээ авснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон, хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаагүй, одоогоор эх Б.Бын асрамжинд байгаа болох нь тогтоогдож байх тул бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эхдээ ээнэгшин дассан байдал, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхүүдийг эхийнх нь асрамжинд үлдээлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхэд тус бүрийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ эцэг Н.Бгээр хүү Б.Т, Б.Тэ нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.  

 

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 Тодруулбал мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагч Н.Б нь “...өр зээлтэй учраас хүүхдийн тэтгэлгийг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь хүүхэд төрсөн цагаас эхлэн хуулийн дагуу тэжээн тэтгүүлэх эрх үүсч, уг эрхийг хангах нь эцэг, эхийн үүрэг болно. Улмаар хүүхдийн тэтгэлэг нь тухайн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах учиртай тул эцэг Н.Бгийн хүсэлтээр хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг хойшлуулах боломжгүй. 

 

            Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66 210 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 66 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.Т, Б.Тэ нарыг эх Б.Бын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Хотгойд овогт Н.Бгийн Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Хотгойд овогт Н.Бгийн Б.Тэ нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн тэднийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Бгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66 210 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 66 210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.Н