| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 112/2025/0009/З |
| Дугаар | 221/МА2025/0737 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0737
С.-Агийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р багт байрлах 26.04 м2 талбайтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн 2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэл, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0033 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Хариуцагч Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 112/2025/0009/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0033 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг тус тус баримтлан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн С.А-гаас Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан "Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р багт байрлах 26.04м2 талбайтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн 2005.11.16, 2012.01.27, 2012.02.06-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, 2013.07.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч С.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “...нэхэмжлэгч С.А нь 2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хууль болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.2. Нэхэмжлэлийн үндэслэл нь өмчлөгч С.А-г оролцуулалгүйгээр өмчлөх эрхийг нь хүчингүй болгосон гэж маргадаг.
2.3. Хариуцагч тал өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн бүртгэл хийсэн гэдэг.
2.4. Өвлөх эрхийн гэрчилгээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн С.А-ийн өмчлөх эрхэнд халдаагүй байхад улсын бүртгэл сайн дураараа С.Агийн бүртгэлд өөрчлөлт хийсэн.
2.5. Шүүхийн үндэслэх хэсгийн 9.4 дэх хэсэгт заагдсан ...хуульд нийцсэн бүртгэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.6. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрхийн улсын бүртгэл зохих өөрчлөлт оруулахын өмнө түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхлоо шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд ирсэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрөл нотариатаар гэрчлэгдсэн байна" гэж зохицуулжээ.
2.7. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1, 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.1-д заасан үндэслэлүүдийг анхаарч үзсэнгүй.
2.8. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 112/ШШ2025/0033 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.А-гаас Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэл, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
4. Анхан шатны шүүх “... эдгээр бүртгэлийг хуульд бусад тооцож, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн орон сууц өмчлөх эрх сэргэнэ гэж тайлбарлаж байх боловч хууль ёсоор өвлөгч Л.Н нас барсан, түүнээс хойш иргэний эрх зүйн гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учир бодит байдалд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулагч Н.Х-ыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.
4.1. Харин маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Барьцааны /ипотек/ зээлийн гэрээнд бүртгэлтэй гэж хариуцагчаас тайлбарлан маргаж байхад энэ талаар шалгаж тодруулах ажиллагааг хийгээгүй, “Хас банк” ХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-т заасны дагуу Н.Хын өмчлөлд бүртгэгдэж улсын бүртгэлийн 000202895 тоот гэрчилгээ олгогдсон. Өнөөдрийн байдлаар уг орон сууц нь “Хас банк” ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1200086885 дугаартай ипотекийн гэрээнд бүртгэлтэй байна” гэсэн ба барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хэрэгт хавсаргаж ирүүлсэн.
6. Дээрхээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй..., 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийгээгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
7. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагч “Хасбанк” ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.
8. Энэ агуулгаараа шүүхээс давж заалдах шатны шүүх маргаан бүхий улсын бүртгэл хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР