| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/1001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1015 |
| Огноо | 2023-08-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1015
2023 8 25 2023/ШЦТ/1015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,
шүүгдэгч Л.***, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02826 0941 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1955 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 68 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.*** нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Улаанчулуутын эцэст автобуснаас буухдаа иргэн О.***гийн гээгдүүлсэн “Самсунг А53” загварын гар утсыг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 800.000 төгрөгийн буюу, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
шүүгдэгч Г.*** нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч О.***гийн өмчлөлийн Самсунг А53 маркийн гар утсыг Л.***гээс өөртөө шилжүүлэн авч, улмаар өөрийн нэр дээр бүртгэлтэй *** дугаарыг хийж 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ашигласан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 842 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Л.***, Г.***г нар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд Л.*** нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Улаанчулуутын эцэст автобуснаас буухдаа иргэн О.***гийн гээгдүүлсэн “Самсунг А53” загварын гар утсыг олсон, улмаар хамт ажилладаг Л.***д гар утас олсон талаараа хэлсэн, Л.***гийн нөхөр Г.*** уг гар утасны кодыг гаргуулан ашиглах боломжтой гэж авч, дараа нь мөнгө төлөхөөр тохирсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.***гийн “...Би 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос "Улаанчулуут-Вокзал" чиглэлийн 46 номерын цэнхэр өнгийн автобусанд суугаад 16 цаг 50 минут орчимд Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Улаанчулуутын эцсийн буудал дээр буусан. Тухайн автобусанд гар утсаа гартаа бариад буухынхаа өмнө халаасандаа хийсэн. Автобусанд анх суухдаа суудал дээр суусан юм. Тэгээд халаасандаа хийгээд буудал дээрээ буусан бөгөөд буугаад утсаа үзтэл байхгүй болчихсон байсан. Ингээд гар утас руу залгахад дуудаж байгаад сүүлдээ унтраачихсан юм. Миний алдсан гар утас “Самсунг А53” загварын гар утас байсан бөгөөд би 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сайн электрониксоос 1.699.000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх15/,
- Л.***гийн гэрчээр мэдүүлсэн “...*** эгч тухайн гар утсыг надад өгөхөөсөө сар гаруйн өмнө олсон байсан ба би нэг өдөр *** эгчид хандаж, таны нөгөө олсон утас чинь байна уу, хэрэглүүлээч, утастай болтлоо хэрэглэе, та хэдэд зарах вэ, мөнгөтэй болохоороо өгье гэхэд *** эгч зөвшөөрсөн ба надад өгөхдөө 800.000 төгрөгөөр аваарай, кодыг нь гаргахгүй бол болохгүй юм шиг байна лээ шүү гэж хэлсэн. Тухайн үед би гэрт нь нөхөр хүүхдийн хамт очиж авсан ба манай нөхөр түгжээг нь тайлж, хүүхдэдээ сим хийж тухайн А-53 маркийн гар утсыг бариулсан. Тухайн үед манай гэр бүл мөнгөний боломж муу байсан учир мөнгө өгөөгүй ба *** эгч надаас мөнгөө нэхэж шаардсан зүйлгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа ахин цагдаагаас дуудаж улмаар манай нөхөр *** эгчээс авсан утсаа цагдаад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх66/,
- шүүгдэгч Л.*** яллагдагчаар мэдүүлсэн “...би тухайн гар утсыг олоод өөртөө хэд хоног болгосон, тухайн үед ***гийн оёдолын цехэд эсгүүр хийлцэж, цалин авдаг байсан ба гар утас олсон тухайгаа хэлсэн. Тэгээд нэг өдөр хүүхдүүдийн хичээл орсон үед *** надаас олсон гар утсаа өгчих, би охиндоо бариулъя гэж хэлсэн. Тухайн гар утсыг нэг орой гэртээ байж байтал ирж авсан. ***, *** хоёр хамт ирж авсан...” гэсэн мэдүүлэг /хх70/,
- шүүгдэгч Г.*** шүүх хуралдаанд мэдүүлсэн “...олсон гар утас гэдгийг нь мэдсэн, кодыг нь гаргуулаад хүүхдэдээ бариулахаар очиж авсан, эзэн нь залгавал өгчихнө гэж бодож байсан, миний нэр дээрх дугаарыг уг гар утсанд хийж ашиглаж байсан...” гэсэн мэдүүлэг, “Юнител” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05-01/1337 дугаар албан бичигт “... имэй кодтой утсанд Г.***гийн ... дугаарыг хийж ашигласан байна...” гэсэн /хх43/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1643 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг А-53” загварын гар утасны хохирлын дүнг 800.000 төгрөгөөр тогтоожээ. /хх26/, Шүүгдэгч, хохирогч нь хохирлын үнэлгээтэй холбоотой аливаа санал, хүсэлт гаргаагүй байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж дүгнэлээ.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар гээгдэл эд хөрөнгө олсон хүн нь өмчлөгчид нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх, тийнхүү мэдэгдэх боломжгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх, түүнчлэн олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврээс гээгдэл эд хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэх өгөх үүрэг хүлээж, улмаар гээгдэл эд хөрөнгийг хүлээлгэн өгсөнтэй холбоотой шагнал шаардах эрхтэй байна.
Гэтэл шүүгдэгч Л.*** нь хохирогчийн гар утсыг олсон даруй холбогдох эзэмшигч болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өөртөө хадгалж, улмаар бусдад худалдахаар шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь иргэний үүргээ биелүүлэлгүй бусдын гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хувьдаа завшсан нь гэмт хэргийн шинжтэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан хэрэгт буруутгасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Харин улсын яллагчаас шүүгдэгч Г.***г гээгдэл гар утас зарах гэж байгааг мэдсээр байж түүнийг авч, эзэмшиж ашигласан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэснийг дараах байдлаар өөрчлөн зүйлчиллээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.*** нь гар утас олсон талаараа шүүгдэгч Г.***гийн эхнэрт хэлсэн, шүүгдэгч, эхнэрийн хамт очин үнэтэй утас байна, өөрийн хүүхдэдээ хэрэглүүлье, дараа нь мөнгийг нь өгөхөөр, мөн тухайн утасны кодыг гаргуулах ашиглах боломжтой гэсэн нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ тохиолдолд шүүгдэгч Г.***г хууль бус, буруу зүйл хийж байна гэснээ мэдэж байсан гэж үзнэ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь хуулиар хүлээсэн үүргээ санаатай биелүүлэхгүй байх, тухайн хөрөнгийг өөрт эдийн засгийн ашиг болгох зорилготой байдаг бол, энэ тохиолдолд шүүгдэгч Г.***г гээгдэл эд зүйл олсон хүний хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхгүй байхад нь зориуд дэмжлэг үзүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь үнэтэй гар утас олсон байна, кодыг нь гарган ашиглах боломжтой, уг утсыг авч хүүхдэдээ бариулъя, дараа нь танд мөнгө өгье гэж тохирон авч, ашиглаж байсан нөхцөл байдлаас мөнгө угаах бус тухайн гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэлээ.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
9. Иймд шүүгдэгч Л.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завшихад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
10. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Шүүгдэгч Г.***гээс “Самсунг А-53” загварын гар утсыг хохирогч О.***д биет байдлаар буцаан олгосон /хх50/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
11. Улсын яллагчаас шүүгдэгч Л.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд оршин суугаа хорооноос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаанд оршин суугаа хорооноос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан.
12. Шүүгдэгч Л.***гийн өмгөөлөгч дүгнэлтдээ: шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирогч эд зүйлээ буцаан авсан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжээр торгож өгнө үү гэсэн бол,
Шүүгдэгч Г.***гийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэх өгөхгүй байх эрхийг нь хангалттай тайлбарлаагүй гэрчээр мэдүүлэг авсан, гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 6 сараар тэнсүүлэх дүгнэлт гаргасан.
13. Шүүгдэгч нар нь хохирогчид эд зүйлийг буцаан өгч хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
14. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
15. Иймд шүүгдэгч Л.***гийн тэтгэвэрт байдаг, насны байдлыг харгалзан торгох ялыг сонгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д мөн 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Л.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд,
шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завшихад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Л.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр,
шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР