| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/1000/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1016 |
| Огноо | 2023-08-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1016
2023 8 25 2023/ШЦТ/1016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.***өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1225 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ***, урьд:
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэрэгсэхгүй болгосон,
*** /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*** нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 136 байрны гадна хохирогч О.***гийн *** улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, копут, крыло, хаалга зэргийг зурж гэмтээсний улмаас нийт 1.225.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 864 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, дүгнэлтээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Д.*** нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 136 байрны гадна зогсоолд байсан хохирогч О.***гийн *** улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, копут, крыло, хаалга зэргийг зурж гэмтээсэн үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.***гийн “...Миний бие 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны *** тоотод эхнэрийн эгч Амарынд 17 цаг өнгөрч байхад усанд орох гэж ирсэн. Төд удалгүй Амарын хүүхдүүд ахаа таны машиныг эвдлээд байна гэж хэлэхээр нь шууд гараад машин эвдэлж байсан үл таних залууг болиулж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа ирэх хугацаанд үл таних залуу “Нандиа” гэж орилоод байсан. Тэр залуу 160 см орчим өндөр, цайвар өнгийн цамцтай үл таних залуу урд салхины шил хагалсан мөн машин дээр элс асгасан байсан. 5 литрийн усны саванд элс хийж урд салхины шил хадгалсан. Мөн 5 литрийн усны саванд байсан элс шороогоо асгаж, гараараа хүчтэй дарж тараан зурсан байсан ба сүүлд машинаа дахин шалгахад жолоочийн эсрэг талын хаалга руу өшиглөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх6/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1/, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.***гийн тээврийн хэрэгслийн салхины шил, шил арчигчийн суурь, капут, крыло, хаалга болон будах зардалд 1.225.000 төгрөгийн зардал гарах нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 911 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх10-11/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрчээ.
4. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж байгаа хууль бус үйлдлээ мэдэж, хүсэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан нь гэмт хэргийн шинжтэй байна.
5. Иймд шүүгдэгч Д.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Шүүгдэгч нь хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул, түүнээс үлдэх 725.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Д.***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлж, хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Д.*** нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан, хохирол бүрэн төлөгдөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, учирсан хохирлыг барагдуулж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд 2 удаа санаатай гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
11. Иймд шүүгдэгч Д.*** нь хэдий авто угаалгын газарт ажилладаг, хохирол бүрэн төлөхөө илэрхийлж байгаа боловч нийгэмжүүлэх зорилгын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 510.1-т зааснаар шүүгдэгч Д.***өөс 725.000 /долоон зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.***д олгуулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР