Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1018

 

 

 

 

 

 

 

 

    2023            8           25                                          2023/ШЦТ/1018         

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Н.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 02176 1299 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 979 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэссэн,

*** /РД: /.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч H.*** нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоотод Б.***тай тухайн үед үүссэн маргааны улмаас маргалдан дагз хэсэг рүү нь архины шилээр цохиж, зодон эрүүл мэндэд нь зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 898 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, Н.***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх74-75/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг /хх57-66/ шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.***.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 93-04 тоотод H.***, Б.*** нар нь хамтдаа архи ууж согтуурсан, улмаар хоорондоо маргалдан Н.*** нь хохирогч Б.***н дагз хэсэг рүү нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Б.***н “...Би 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэртээ өөрийн авга ах ***бектэй хамт байшингаа засаж янзлах талаар ярилцаад хоол хийж идээд 2.4 литрийн том Нийслэл гэх нэртэй пиво хувааж уугаад байж байсан юм. Тухайн үед 21 цаг болж байхад бид хоёр авсан пивонуудаа ууж дуусаад амарч байтал Н.*** ах гаднаас 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад манай гэрт орж ирсэн бөгөөд надад нэг аяганд хийж өгөхөд нь би уугаагүй бөгөөд ***бек ахтай хамт авчирсан архиа ууж байсан. Тэгээд удалгүй тэр хоёр ууж байсан архиа дуусаад Н.*** ах гарахдаа намайг сандал дээр сууж байтал түлхэж унагаасан бөгөөд унахдаа би толгойныхоо ард дагзыг хувцасны шүүгээний буланд цохичихсон. Тэгэхэд миний уур хүрээд Н.*** ахын араас гараад барилцаж газарт унаж ноцолдож байгаад босож ирээд салж гэр рүүгээ орох гээд хашааныхаа хаалгыг онгойлгож байтал Н.*** ах араас гүйж ирээд миний мөрөн дээр дараад гартаа барьж байсан 0.33 литрийн архины шилээр миний толгойны ард дагз хэсэг рүү цохиод ухаан балартаад уначихсан. Тухайн үед босож ирэхэд толгойн ард дагзнаас цус гараад өмдөн дээр дусаж байсан бөгөөд ***бекийн хүүхэд Н.*** ахын охин ***ыг дуудахад охин нь ирээд цагдаагийн байгууллага болон түргэн тусламжид дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх13-14/,

            - гэрч Б.***ын “...Хашааны гадаа гартал гудамжинд манай аав Н.*** нь Б.*** гэх нагац ахтай зодолдож байгаа байдалтай хоорондоо зууралдчихсан газарт хэвтэж байсан бөгөөд Б.*** ахын толгойноос цус гарчихсан байдалтай байхаар нь очиж ***бек ахын хамт салгаад аавыг гэр рүү нь оруулаад *** ахад 103 түргэн тусламжийн утсанд дуудлага мэдээлэл өгч цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд цагдаагийн газар очиж уулзчихаад, Б.*** ахын толгой хагарсан байхаар нь ГССҮТ эмнэлэгт толгойг нь оёулсан...” гэсэн мэдүүлэг. /хх20-21/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 8555 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8555 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.***н биед зулай дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.” гэжээ. /хх26-27/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг архины шилээр цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч нь эрүүл мэндэд хохирол учирсантай, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт гаргаж хавсаргуулаагүй байх ба хохирогчид ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Сувд-Эрдэнэ “...Хохирогч Б.***д үзүүлсэн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас 283.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04/3112 дугаартай албан бичгээр гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаар гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэж /хх18/, хохирогч Б.***н хөнгөн гэмтэл авч, 283.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарсныг төлүүлэх нэхэмжлэлийг холбогдох баримтыг хавсаргажээ. /хх33/

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

Шүүгдэгч нь хуралдаанаас өмнө 283.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Тиймээс энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол шүүгдэгч гэм буруугаа хүлээж байна, торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

9. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.*** нь хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын согтуугаар хохирогчтой маргалдан улмаар гэмтэл учруулсан, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч Н.***ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР