Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/949

 

           

 

 

  2023         07           03                                  2023/ШЦТ/949

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч А.Ганзориг,

Хохирогч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Солоон овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2206057421643 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар  сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Парис баарны хамгаалагч ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 8-38 тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр  торгох ял шийтгүүлсэн, Солоон овогт *******гийн ******* /РД:*******/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******гийн ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис нэртэй баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа тус баараар үйлчлүүлж байсан хохирогч П.*******ыг “тооцооноос болж зөөгчтэй маргалдсан” шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт тус холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Хохирогч манай зөөгчтэй тооцооны асуудлаар маргалдаан зөөгчийг заамдсан болохоор нь би дундуур нь орж салгах гэсэн чинь намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би хариу заамдалцаж байгаад хойшоо унахдаа бид хоёр цагаан өнгөтэй ширээ, сандал дээр уначихсан. Энэ үед хохирогч гэмтсэн байх, эсхүл надтай заамдалцахаас өмнө үл таних 3 залуутай маргалдаж байхдаа гэмтсэн байх. Түүнээс би хохирогчийн биед халдаж, зодож, цохисон асуудал байхгүй...” гэжээ.

Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би одоо юу болсныг сайн санахгүй байна. Өмнөх өгсөн мэдүүлэг дээр бүх зүйл байгаа. Би маш их гомдолтой байна. Ер нь бол тооцооноос болж зөөгчтэй маргалдаад байж байсан чинь хамгаалагч залуу /*******/ дундуур орж ирээд намайг заамдаж, түлхэж унагаагаад миний нүүрэн дээр хэд хэдэн удаа цохисон. Одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Эм авч хэрэглэж байсан. Утсан дээр зураг нь байгаа. Баримт нь одоо байхгүй. Эмнэлгээс нь очиж авбал гаргаад өгөх байх. Одоогоор эмнэлгийн зардалтай холбоотой баримт авчраагүй...” гэжээ.

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.*******ын өгсөн мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Алтаннавчийн өгсөн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15764 дугаартай дүгнэлт,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн ******* 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Парис нэртэй бааранд хамгаалагчаар ажиллаж байх явцдаа тус баараар үйлчлүүлж байсан хохирогч П.*******ыг “тооцооноос болж зөөгчтэй маргалдсан” шалтгаанаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.*******ын   өгсөн “...  зөөгч нь Отгонбаатараас “хажуу ширээний эмэгтэйчүүдэд өгсөн пивоны мөнгө гээд 2 пивоны мөнгө нэхсэн” гэсэн зүйл яриад Отгонбаатар зөөгчтэй “би өгөхгүй” гэх утгатай зүйл яриад нэлээн маргалдсан, хамгаалагч нь ирсэн байдалтай байсан. Би Отгоог явъя гэсэн, тэгсэн хамгаалагч гэх 25-30 орчим насны 170см орчим өндөртэй махлагдуу биетэй, шардуу царайтай залуу, нөгөөх нь 180 см өндөртэй, махлагдуу, бор царайтай залуу байсан, би согтсон байсан, тооцооноос болж маргалдаж, хамгаалагч залуутай зууралдаад заамдалцаад зогсож байсан. Тэгсэн нөгөө хамгаалагч нь түрж унагаагаад нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон, бусад хамгаалагч нар нь салгаад миний гарыг хойно гавлаад суулгасан. Тэгээд Отгонбаатар цагдаад дуудлага өгсөн байсан. ...миний биед 170 см орчим өндөртэй, махлаг, шардуу царайтай хамгаалагч цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15764 дугаартай “... П.*******ын биед хоёр ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, духанд зулгаралт, зүүн зовхи, мөр, баруун бугалганд цус хууралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн   “... Шөнө дунд байх буйдантай ширээн дээр сууж байсан 30 гаруй насны, 170-173 см өндөртэй ах найзынхаа хамт согтуу, бүжгийн талбай дээр хүнтэй маргалдаад байсан. Сүүлдээ манай зөөгч Наранхүү нь тооцоогоо хий гэж хэлээд тэрнээс болж зөөгчийг заамдаж аваад байсан. Тэгээд хамгаалагч ******* очоод салгасан ба тэр хүн *******тэй заамдалдаж аваад давхардаад ширээ сандал руу ханараад унасан. Би гүйж очоод тэр ахыг гэдсээр нь тэвэрч аваад сууж байсан буйдан дээр суулгасан. Тэр ах бид хоёрыг цохичих гээд гар хөлөө сарвагануулаад намайг 2 удаа төмсөг рүү өшиглөсөн, мөн мөргөх гээд дайраад байсан тул *******тэй нийлж байгаад бид хоёр тэр ахыг гавласан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Алтаннавчийн өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 04 цагийн үед Кемпински зочид буудлын хойд талын бааранд очиход 2 цагдаа ирсэн байсан. Нөхрийгөө харахад нүд нь хөхөрсөн, хамар нь мэдэгдэхгүй болтлоо хавдсан, хүзүү, цээж нуруу хэсгээр майжсан юм шиг урагдсан байсан, нэг талын ташаа нь хөхөрсөн байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хэргийн үйл баримтаас үзвэл хэрэг болсон гэх өдөр шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис нэртэй баарны хамгаалагчаар ажиллаж байх явцдаа тус баараар үйлчлүүлж байсан хохирогч П.*******тай тухайн үед үүссэн үл ойлголцлоос үүдэн маргалдсан байна.

Маргааны үндэслэл нь хохирогч П.******* нь тухайн баарны зөөгчтэй тооцооны асуудлаас үүдэн маргалдаж, улмаар заамдаж авсан тул шүүгдэгч Ц.******* нь салгах гэж очоод хохирогчтой маргалдсан байна.

Гэтэл шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар баталгаажсан хүний халдашгүй байдалд халдан хохирогч П.*******ыг цохиж, зодон түүний эрүүл мэндэд хоёр ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, духанд зулгаралт, зүүн зовхи, мөр, баруун бугалганд цус хууралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан шүүгдэгч Ц.******* нь хохирогч П.*******ын биед шууд санаатай халдаж, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэдийгээр шүүгдэгч Ц.******* нь тухайн хэрүүл маргааныг эхлүүлээгүй ч заавал бусдын биед халдан зодохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хохирогч П.*******ын биед халдаж зодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч “...П.*******ын биед хоёр ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, духанд зулгаралт, зүүн зовхи, мөр, баруун бугалганд цус хууралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Ц.*******гийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд, шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч П.******* нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгч Ц.*******гээс баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч П.******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Ц.*******гээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлыг улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Дахин хамгаалагчийн ажил хийхгүй гэдэг бүх нөхцөл байдлаа хэлсэн. Тэгээд хамгаалагчийн ажлаасаа гарсан юм байна лээ. Ажил үүргээ гүйцэтгэх байх явцдаа бусдын биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.  Тийм учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Шүүхээс шүүгдэгч Ц.*******д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгчийн хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д  450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Солоон овогт *******гийн *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 10 /Арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Ц.*******гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.САНЖИДМАА