| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2020/0006/Э |
| Дугаар | 2020/ДШМ/09 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ДШМ/09
Ц.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор А.О,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Э,
Хохирогч Ж.О өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ын давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Аргаль хамгаалах нөхөрлөлийн гишүүн ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ДЕ83070216 регистрийн дугаартай, Ж овогт Ц-ийн Б.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.О-г “аргалийн бүс нутаг руу мал бэлчээлээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ж.О-д 92.058 /ерэн хоёр мянга тавин найм/ төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх надад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах зүйлийг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
1. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр маргаан зодоон болсон газрын харьяалал нь Завхан аймгийн Шилүүстэй сумын орон нутгийн тусгай хамгаалалтай, Аргаль хамгаалах бүс нутаг болох Цахир гэдэг газар болсон байхад харьяалал зөрчиж, Тайшир сумын хэсгийн төлөөлөгч өөрийн ашиг сонирхолоороо уг хэргийг хэт нэг талыг барьж шалгасанд гомдолтой байна.
2. Хэрэг явдал болоход байсан гэрч Т-ийг гэрчээр оролцуулаагүй. Шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг хангаагүй. Хар дээлийг огт мэдэхгүй шар дээл болгож зургийг нь хэрэгт хавсаргасан. Хэрэг бүртгэлийн шатанд өмгөөлөгч авхуулаагүй. Наад хэрэг дээрээ өмгөөлөгч авч яах гэсэн юм бэ гээд цаасан дээр юм бичээд дуурайлгаж бичүүлсэн. Камерын бичлэгт байгааг шалгуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх огт авч хэлэлцээгүй.
3. Байгаль хамгаалах ажил үүргээ гүйцэтгэж явахад намайг ирж зодсон байхад хохирогчийн өгсөн худал мэдүүлгийг үндэслэн уг хэргийг нарийвчлан шалгаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд уг хэргийг дахин хянаж үнэнийг олж, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор А.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 16.3 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг хангалттай нотлон тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй. Тухайн гэмт хэрэг нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадсан байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гэж дүгнэж байгаа учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Шилүүстэй сумд гарсан хэрэг маргааныг яагаад Говь-Алтай аймгийн Тайшир сумын байцаагч О нь ашиг сонирхлын зөрчилтэйгээр авч шийдвэрлэв. Гэрчийг оролцуулаагүй. Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг дэвгэрт хамгаалалттай бүс нутгийн пайз зүүсэн байхад Ж.О нь анзаараагүй, үзээгүй гэж мэдүүлэг өгсөн. Бичиг үсэг тайлагдаагүй байсан ч машинтай хүн, буу үүрсэн хүн явж болохгүй, хөгжим дуугаргаж болохгүй гээд зурсан байдаг тул мэдэх ёстой. Итгэмжлэгдсэн байгаль хамгаалагч нь 8-10 дугаар ангийн боловсролтой байх ёстой. Танд боловсрол байхгүй байна. Тийм учраас ажил сунжирна. Өмгөөлөгч, гэрч гээд байлгүй. Түргэн, шуурхай шийдвэрлэнэ. Та хүсэлтээсээ татгалз гэж О нь надад хэлсэн. Үүний дагуу би өмгөөлөгч, гэрчийг оролцуулаагүй. Та бичиг үсгийн чадвар муутай учраас асуудал үүснэ гэсэн. Гэтэл бодоод байхад идэвхтэн байгаль хамгаалагч бичиг үсэг мэддэг, боловсролтой байх албагүй. Нутаг ус, ан амьтнаа сайн мэддэг хүн хэрэгтэй гэж санагдаж байна. Надаас мэдүүлэг авахдаа цагдаагийн байрны өрөөнд авсан. Тэр өрөө нь камертай байсан. Тэр камерийг шүүлгэж өгнө үү. Гомдол саналгүй гээд цаасан дээр бич гэсэн. Би бичиг үсгийн чадвар муутай учраас дуурайлгаж бичсэн гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь эх сурвалжаараа харъялал зөрчсөн. Миний үйлчлүүлэгчийн оролцуулахаар хүсэлт гаргасан гол хэрэг гарсан нөхцөл байдлыг мэдэх гэрчийг хүртэл оролцуулаагүй. Бичиг үсэг мэдэхгүй байхад хуулуулж бичсэн байсан. Хэргийн дугаар буюу 10 оронтой дугаарыг бичээд энэ хэрэг дээр өмгөөлөгч авахгүй гэж бичүүлсэн байсан. Хууль зүйн боловсролтой хүмүүс хэргийн дугаарыг мэдэхгүй байхад Ц.Б хэргийн дугаарыг бичүүлээд өмгөөлөгч авахгүй гэж бичүүлсэн. Хүчээр өмгөөлөгчгүй оролцуулж, өмгөөлөгч авах юм бол энэ хэрэг чинь удааширна гэж тайлбарлаж эрх, ашгийг нь зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих асуудал нотлогдоогүй тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан маргаж, оролцож байсан. Давж заалдах гомдолд дурдагдсан асуудал нь яригдаагүй асуудлууд байсан. Урьдчилсан хэлэлцүүлгээр шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж шүүх хуралдаанд шинжээч оролцсон. Хөнгөн гэмтэл үүссэн гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд маргалдахдаа тархины даралтыг хувийн эмнэлгээр тогтоолгосон байна. Томографаар тогтоогоогүй байна гэж маргасан. Шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн зүгээс заавал томографаар тогтоох шаардлага байхгүй. Миний бодит үзлэгээр тархи доргилтын шинж илэрч байсан. Иймд эмнэлгийн эмчийн үзлэгээр тархи доргилт онош тогтоогдож байсан тул би шууд дүгнэлт гаргасан. Тогтоогдохгүй, эргэлзээтэй нөхцөл байдалд томографын шинжилгээ хийлгүүлэхээр явуулдаг гэсэн тайлбар хэлснээр тухайн асуудал тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ташуураас нь татсан гэж ярьж байна. Ташуураас нь татсан зүйл тогтоогдоогүй. Оролцуулна гэж байгаа гэрч нь Ц.Б, Ж.О нарыг зодолдоход байгаагүй гэдгийг 2 тал хоёулаа хэлсэн. Тийм учраас гэрчийг заавал асуух шаардлага байхгүй гэж үзээд гэрчийг асуух талаар шийдвэрийг шүүгч урьдчилан хэлэлцүүлэгт гаргаагүй. Газар нутгийн асуудлыг ярьж байна. Хэсгийн төлөөлөгч өөртөө ажил удах гэж байгаа биш Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж байхгүй. Энэ асуудал нь мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй асуудал. Би шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогч морин дээрээсээ хэрхэн унасан бэ? гэж асуухад би ташуур ханцуй хоёрын зааг дээрээс нь татаад унагаасан гэж хариулсан. Та татаагүй байсан бол хохирогч унах уу? гэж асуухад юу гэж унахав дээ гэж 2 асуултад бодитоор хариулсан. Толгой руу цохисон нь тогтоогддогүй юм аа гэхэд морин дээрээс татаад унагахад тархи доргилт битгий хэл гэмтэл учрах боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь заавал санаатай хөнгөн гэмтэл учруулсан байхыг шаарддаггүй. Санамсаргүй, болгоомжгүй байсан ч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар ял оногдуулна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.
Хохирогч Ж.О “Б намайг 3 удаа чулуутай гараараа толгойн зүүн дээд хэсэг, ар дагз руу цохьсон. Намайг зодож байх үед ямар нэгэн хүн байгаагүй. Зодоод дуусах үед малчин нь ирсэн. Миний араас Б 2, 3 чулуу авч шидсэн оноогүй. Тэгээд малчин нь болиулаад авч явсан” гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч Ц.Б нь “Би идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг. Ж.О нь орон нутгийн хамгаалалттай аргалийн бүс нутагт малаа бэлчээснээс уг маргаан үүссэн, Ц.О намайг мал хөөлөө гээд морин дээрээсээ над руу чулуу шидэж байгаад, ташуураар цохих гэхээр нь ханцуйнаас нь татаж унагахад намайг зодлоо цагдаад хэлнэ гээд явсан. ...Тэгээд Ж.О мориндоо мордоод чулуугаар намайг шидээд байж байтал Тайшир сумын Далан багийн Т энэ үйл явдлыг хараад ирсэн” гэж мэдүүлсэн байна.
Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэхэд уг үйл явдал богино хугацаанд болж өнгөрсөн байх бөгөөд үйл явдал дуусч байх үед ирсэн малчин уг үйл явдлыг ойроос харсан, мэдсэн цорын ганц гэрч байж болохоор байна.
Тухайн гэрчийн мэдүүлэг хэргийн үйл баримтыг бодитой тогтооход чухал ач холбогдолтой, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохоор байхад хэрэг бүртгэлтэд уг гэрчээс мэдүүлэг аваагүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Хэргийн үйл баримт буюу Ц.Б, Ж.О нарын үйлдэл, сэдэлт, санаа зорилго зэргийг хангалттай, бодитой тогтоож, тэдгээр үйлдэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийснээр хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой.
Мөрдөн байцаалтын энэхүү дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой.
Өөрөөр хэлбэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.10 дахь хэсэгт заасан “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх”, гэм буруутай бол 1.9 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулсан эсэхийг” хянах шаардлагуудыг зөрчсөн нь шүүхээс хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.
Мөн хохирогч Ц.О нь Тайшир, Шилүүстэй сумын хилийн заагийг тогтоож, бэлчээрийн маргааныг шийдэж чадаагүйгээс ийм асуудал үүсч байна гэж мэдүүлсэн, шүүгдэгч Ц.Б нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Алаг цахир байгаль орчны нөхөрлөлийн гишүүн, Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын шийдвэрээр идэвхтэн байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байгаа тухай нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч нь “Аргалийн бүс нутагт тухайн үйл явдал болсон гэж мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан “Цахир” гэдэг газар нь аль аймгийн нутаг дэвсгэрт харъяалагдаж байгаа нь эргэлзээтэй байхад гэмт хэрэг гарсан газрыг баттай тогтоолгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг үргэлжүүлэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан газар, хэргийн харъяаллын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Мөн шүүгдэгч хэрэг бүртгэлтэд бүрэн дунд, бага боловсролтой гэж мэдүүлж байсан боловч түүний хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэх хүсэлтээс харахад Ц.Б нь Монгол бичиг үсэг, мэддэг эсэхэд эргэлзээ төрөхүйц байхад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад шүүгдэгчийн энэ талаарх хувийн байдлыг тодруулалгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, яллагдагчаар татаж, өмгөөлөгч авахгүй байх хүсэлтийг нь ханган шийдвэрлэж байсан байна.
Түүнчлэн шүүгдэгч яллагдагчаар татах тогтоол танилцуулснаас хойш өмгөөлөгч авсан, шүүх хуралдаанд “Би бичиг үсэг мэдэхгүй. Мөрдөгч О намайг өмгөөлөгч авч болохгүй. Гэрчийг оруулж болохгүй. Тэгвэл ажил сунжирна. Үүнийг хуулаад бич гэж бичүүлсэн. Байцаалтын камерийн бичлэгийг үзсэн нь дээр байх. Би төрийн албан хаагчийг гүжирдэх эрхгүй. Зодоон болсон нутаг бол Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг байгаа” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч бичиг үсэг мэдэхгүй байхад өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эрх ашгийг нь зөрчсөн. ...Гэмт хэрэг хэзээ хаана үйлдсэн нөхцөл байдлыг нотлуулах хүсэлтэй байна.” гэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг бодитой тогтоосон эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрх нь зөрчигдсөн эсэх талаар, үндэслэл бүхий дүгнэлт, няцаалт хийгээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн харъяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалт, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн байна.
Тодруулбал шүүхээс шийтгэх тогтоол гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд хамруулан үзнэ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтуудад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
2. Шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э