| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 125/2025/0044/З |
| Дугаар | 221/МА2025/0735 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0735
Б.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Н.О
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаартай “Б.Бэд сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Цэцэг сумын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2025 оны ээлжийн амралтын мөнгө 3.342.276 төгрөгийг гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр шийдвэр;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О
Хариуцагч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 125/2025/0044/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаартай “Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Цэцэг сумын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2025 оны ээлжийн амралтын мөнгө 3.342.276 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн "Ээлжийн амралтын олговор 3.342.276 /гурван сая, гурван зуун дөчин хоёр мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаартай "Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Цэцэг сумын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх"-ийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Н.О нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
3.1. “...Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Засаг даргын Тамгын газрын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн.
3.2. Жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь холбогдох байгууллагат хүргүүлэх үүрэг тамгын газрын дарга Б.Б-ийн үүрэг биш бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт нь байхгүй. Харин тайланг хүргэж өгөх, цахимаар илгээх, тайлан гаргах үүрэг Ховд аймгийн Цэцэг сумын тамгын газрын нягтлангийн үүрэг юм. Үүнд бас санхүүгийн албаны дарга хяналт тавих ёстой бөгөөд шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч нягтлан, санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт байхгүй гэдэг шалтгаанаар шүүхийн шаардсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
3.3. Маргаан бүхий акт гаргахдаа хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримталсан боловч хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх заалтыг баримталсан боловч Б.Б-ийг 3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх баримт байдаггүй.
3.4. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д заасныг баримталсан боловч 47.1.4-д энэ хуульд заасан бусад үндэслэл гэж зааж өгсөн. Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх, халах үндэслэлд хамаарахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг баримталсан боловч 48.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан бөгөөд хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан гэж зааж өгсөн. Б.Б өмнө нь ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл авч байгаагүй.
3.5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас бүх тайлан бэлэн болсны дараа тайланг хүргүүлэх ёстой гэж хэлээд намайг явуулаагүй мэргэжилтнүүдээс заалгаж 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн орчмын холбогдох санхүүгийн үеэр цахимаар санхүүгийн тайлангаа илгээж баталгаажуулсан..." гэх мэдүүлэг, Б.А-гийн: "...санхүүгийн тайланг цахимаар илгээхэд тамгын дарга оролцдоггүй. Харин хэвлэж, бичгээр гаргасны дараа баталгаажуулдаг жилийн эцсийн санхүүгийн тайланд Б.Б биш Б.Ү гарын үсэг зурсныг би мэдэхгүй..." гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Бийн буруутай үйл ажиллагаанаас болж тайлан хоцорсон зүйл байхгүй.
3.6. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй.
3.7. Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.18-ны өдрийн 125/ШШ2025/0061 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын өдрийн Б/12 дугаар “Б.Бэд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар “Засаг даргын Тамгын газрын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлээгүй” үндэслэлээр Засаг даргын тамгын газрын даргын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд “Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Б/12 дугаартай “Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүү мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны ээлжийн амралтын мөнгө 3.342.276 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
3. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 2017 оноос тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан атлаа санхүүгийн тайланг хүргүүлэх үүргийг хүлээдэггүй, албан тушаалын чиг үүрэгт хамаарахгүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна, ... Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд өөрөө төлөвлөж, зарцуулсан төсвийнхөө гүйцэтгэлийг гаргах, тайлангийн үнэн зөв эсэхийг хянан баталгаажуулж, хуулиар тогтоосон хугацаанд тайлагнах эрх бүхий албан тушаалтан байна, ...Иймд төсвийн шууд захирагч нь санхүүгийн тайланг гаргахдаа санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогчийг удирдан зохион байгуулж ажиллах байтал өөрөөс үл хамаарах шалтгаанаар тайланг хоцроосон гэж тайлбарлаж байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, ...Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн тухайд Төрийн аудитын тухай хуульд тусгайлан заасан байх тул энэ тохиолдолд нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ, ... дүгнэвэл нэхэмжлэгч Б.Б нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/12 дугаар захирамж нь хуульд нийцсэн” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, холбогдох хуулийн заалтыг зөв хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэхээр байна.
4. Тухайлбал: Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д төсвийн шууд захирагч гэж “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” ойлгоно, 16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.15-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн...гэж зааснаар сумын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч байна”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.7-д “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэж заажээ.
5. Дээрх хуульд зохицуулснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь төсвийн шууд захирагч байх бөгөөд төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагч болон аймгийн Төрийн аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй.
6. Гэтэл нэхэмжлэгч нь Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2024 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрээр, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр бэлтгэж, тайлагнана”, 8 дугаар зүйлийн 8.9.1-д “төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх” гэж заасныг зөрчиж, 2024 оны 4 дүгээр улирлын тайланг 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдөр цахимаар илгээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүд болон үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Төрийн аудитын газрын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2/104 дугаар “Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай” албан бичгүүдээр нотлогдож байна.
7. Нөгөө талаас нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь ажлын байрны тодорхойлолтод тайлан мэдээ гаргаж өгөх чиг үүрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод байхгүй гэж маргасан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр баталж, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж дагаж мөрдсөн гэх Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 5-д “Төрийн сангийн үйл ажиллагаанд болон төсвийн төлөвлөлт хуваарилалтад хяналт тавина”, Ажлын байрны 6 дугаар зорилтын 1-д “Тухайн жилийн төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын байдалд хяналт тавьж, төрийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, улирал жилийн тайланд үнэлэлт дүгнэлт өгөх” гэж заасан бөгөөд Төсвийн тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод зааснаар Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, улирал, жилийн тайланд үнэлэлт дүгнэлт өгөх талаар ажлын байрны тодорхойлолтод заасан байх бөгөөд энэ хэсгийн 4, 5, 6-д зааснаар мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх чиг үүрэгтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42.4-т “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэж зааснаар Ховд аймгийн Төрийн аудитын газраас Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд дүгнэлт өгөхөөс татгалзсан тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь дээрх хуулийн нарийвчилсан зохицуулалтаар нэхэмжлэгч Б.Б-ийг Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.
9. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т “ төрийн албанаас халах” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь Төсвийн тухай хуульд зааснаар 2024 оны Цэцэг сумын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хугацаанд нь холбогдох байгууллагуудад хүргүүлээгүй буюу албан үүргээ биелүүлээгүй эс үйлдэлд нь Төрийн албаны болон Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
10. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэхэд хамааралтай Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй хэр нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4-т заасныг баримталсан байх тул хууль хэрэглээний алдаа гэж үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 125/ШШ2025/0061 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Төсвийн тухай хуулийн” гэснийг Төрийн аудитын тухай хууль” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР