Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2020/00232

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-6-124 тоотод оршин суух, А.Б /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, 2-р баг, 7-9 тоотод оршин суух, Ч.Я /Регистрийн дугаар: /-д холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгэлд 3,169,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б, хариуцагч Ч.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нд Ч.Ягийн гуйлтаар 1,500,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй үл хөдлөх хөрөнгө болох Ү-2102000158 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны гэрчилгээг нотариатаар батлуулж, зээлийн гэрээ байгуулж өгсөн. Сарын дараа хүүгээ өгч дахин шинээр гэрээ байгуулж 420,000 төгрөг нэмж аваад 1,920,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 26-наас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 7 хувийн хүүтэй зээлж сунгасан. Үүнээс хойш үндсэн мөнгө болон хүүнээс нэг ч төгрөг өгөөгүй. Утсаар ярих гэхээр утсаа авахгүй мессэж бичээд хариу байхгүй. Гэрт нь очиж уулзахад 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүх тооцоогоо хийнэ гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд Ч.Ягаас үндсэн мөнгө 1,500,000 төгрөг, хүү 1,015,000 төгрөг, дараа авсан 420,000 төгрөг, хүү 254,000 төгрөг нийт 3,169,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч.Ягаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,169,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдэгчид төлөх үүрэг бүхий зээлийн гэрээг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,920,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдэгчид төлөх үүрэг бүхий зээлийн гэрээг, Ү-2102000158 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Зээлдүүлэгч А.Б нь зээлдэгч Ч.Ягийн өмчлөлд 1,920,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Ч.Я шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх бөгөөд талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй, мөн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.

Хэдийгээр талууд 1,500,000 төгрөгний болон 1,920,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд нийт 1,920,000 төгрөгийг шилжүүлсэн, 3,169,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар талууд маргахгүй байна.

Ийнхүү зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч уг мөнгийг хүлээн авч гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээний үүрэгт 3,169,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ягаас 3,169,000 төгрөг гаргуулан А.Бд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ын төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ягаас улсын тэмдэгтийн хураамжид 65,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН