| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/1019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1055 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1055
2023 8 31 2023/ШЦТ/1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн, хохирогч Д.***,
шүүгдэгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1201 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн ***, урьд:
- 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 89 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 323 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 15 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,
*** /РД: /;
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.*** нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Мөнгөн гүүр эмнэлгийн хашаанд “...эхнэр доромжиллоо...” гэх шалтгаанаар хохирогч Д.***тай маргалдан, нүүрэн тус газарт нь шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 885 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.*** нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Мөнгөн гүүр эмнэлгийн хашаанд “...эхнэр доромжиллоо...” гэх шалтгаанаар хохирогч Д.***тай маргалдан түүнийг архины шилээр цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.***гийн “...найз Цэрэнбат, зүс таних Төрөө нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Мөнгөн гүүр эмнэлгийн хашаан дотор хүний 4 пиво, нэг Сөжү архи уусан. Тэгтэл архи ууж байхад Төрөө гэх залуугийн эхнэр нь ойр ойрхон Төрөө рүү яриад байхаар нь би “танай эхнэр чинь ямар ядаргаатай юм бэ, яасан ойр ойрхон ярьдаг юм бэ” гэж хэлэхэд гартаа бариад ууж байсан Сөжүний шилээрээ миний баруун талын нүд хэсэг рүү 2 удаа цохисон. Тэр үед Сөжүний шил хагарсан. Тэгээд бид хоёрыг Цэрэнбат салгаад байж байтал гэнэт газраас чулуу аваад гартаа атгаж байгаад миний зүүн талын нүд рүү 2 удаа цохисон. Тэр үед дахиад Цэрэнбат бид хоёрыг салгахад Төрөө гэх залуу зугтаагаад яваад өгсөн. Тэгтэл гэнэт цагдаа нар хүрээд ирсэн ...би Гэмтэл дээр очиж баруун талын хөмсөг хэсэгтээ 4 оёдол тавиулсан. Тухайн залууг би огт зодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх8-9/, Мөн хохирогчоор дахин мэдүүлсэн “...би гадуур 350.000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Томографийн зураг 150.000 төгрөгөөр авхуулж, эм тариа, тос 200.000 төгрөгөөр авсан. Мөн эмнэлэг, гэр хоёрын хооронд 60.000 төгрөгөөр такси хөлсөлсөн. Надад тухайн эмийн баримт болон такси хөлсөлсөн баримт байхгүй. Надад нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдүүлэг /хх12/,
Гэрч Д.***ийн “...Би тухайн үед Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлээд гараад явж байтал эмнэлгийн хашаанд гурван эрэгтэй хүн байсан бөгөөд хоёр эрэгтэй нь хоорондоо маргалдаж, нэг нь чулуу аваад шидэж нөгөө эрэгтэй нь мөн газраас юм хайгаад шидэх гээд байсан. Тэгж байгаад тэр хоёр машины цаагуур ороод хэсэг алга болсон бөгөөд эргэж машины цаанаас гарч ирэхдээ арай өндөр залуугийн нүүрнээс цус гарсан байдалтай гарч ирсэн. Тэр үед хамт явж байсан эрэгтэй салгах гээд дийлэхгүй байсан. Тэгтэл зодуулсан гэх эрэгтэй нүүр ам нь цус болчихсон чулуу авч шидээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх16/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7558 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.***гийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, баруун шуу, цээжинд цус хуралт, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх18-19/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг шил болон гараар цохих үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
7. Хохирогч нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой нийт хохиролд 400.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн талаар харилцан мэдүүлжээ.
8. Мөн хохирогч нь эмнэлгийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалаас зардал гарсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгчөөс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.***гийн эмчилгээний зардалд зарцуулсан 161.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэж /хх55, 59/ холбогдох баримтыг хавсаргажээ.
Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих М.***өөс 161.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгч М.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол шүүгдэгч гэм буруугаа хүлээж байна, хугацааг уртасгаж өгнө үү гэсэн бол, хохирогч хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
10. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.*** нь хохирол төлсөн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч шүүгдэгчийн эхнэрийг доромжилсон зүй бус үйлдлээс шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын согтуугаар хохирогчтой маргалдан улмаар гэмтэл учруулсан, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.
12. Иймд шүүгдэгч М.***ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлсөн, хэргийн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.***өөс 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР