Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/07

 

А.Мөнхбатад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч, шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                

                            Оролцогчид

                               Прокурор                                       Б.Энхтулга

                               Шүүгдэгчийн  өмгөөлөгч            Р.Атарцэцэг

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Босоо овогт Алтантулгын Мөнхбатад холбогдох эрүүгийн 1931000000180 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 5 дугаар хэсэг 119 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, Босоо овогт Алтантулгын Мөнхбат /РД:МЬ88052819/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Мөнхбат нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд иргэн О.Мөнхсүхээс “чиний олсон гар утас чинь миний таньдаг хүний утас байна, бас цагдаа нар манайд орж ирээд байна. Би тэр гар утсыг эзэнд нь өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож “СамсунгЖи7” маркийн гар утсыг нь авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан  шатны  шүүх  А.Мөнхбатад  холбогдох  хэргийг  2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 214 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг
 

журамлан шүүгдэгч Босоо овогт Алтантулгын Мөнхбатыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Босоо овогт Алтантулгын Мөнхбатад 06 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ялтан А.Мөнхбатын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж, биечлэн эдлэх ялын хэмжээг 08 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Мөнхбатад оногдуулсан 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Ялтан А.Мөнхбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан А.Мөнхбатад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дээд шатны прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар эсэргүүцэлдээ:

... Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч А.Мөнхбатыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбатад 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ялтан А.Мөнхбатын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 сарын хорих ялыг шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж, биечлэн эдлэх ялын хэмжээг 8 сарын хугацаагаар тогтоожтус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Учир нь шүүгдэгч А.Мөнхбат урд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа биечлэн эдлээд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тавьж шийдвэрлэж байсан.

Шүүгдэгч А.Мөнхбат нь хяналтын хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу А.Мөнхбатын эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмэх байсан атал 2 сарын хорих ялыг нэмсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр
 

зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дээрхи эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 214 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг илэрхийлж, оролцож байна. ... Энэ хүн хэзээ шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан байна, хэзээ гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг хоёрын хоорондох хугацааг хэрхэн тооцож байна вэ, тодорхойгүй байна. Энэ нөхцөл байдлын хувьд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Цаашилбал хэргийг буцаах санал тавьж байна. Хэрэв буцаахаар бол зүйлчлэлийн хувьд ч гэсэн маргаан гарна. Энэ хүн гэмт хэрэг үйлдээд олсон гар утас гэдгийг мэдсэн тохиолдолд эзэмшсэн буюу ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлээр зүйлчлэл энэ хэрэгт анх яригдсан. Шүүгдэгчийн хувийн байдал 6 нялх хүүхэдтэй, эхнэр нь өнөөдрийн шүүх хуралд орж ирээд сууж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч А.Мөнхбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  06 сарын хорих ял оногдуулж, түүний урьд эдлээгүй үлдсэн ялаас 02 сарын  хорих ял нэмж нэгтгэн нийт 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийн дагуу А.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1931000000180 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

А.Мөнхбат нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 235 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялыг биечлэн эдлээд Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 65 тоот захирамжаар эдлээгүй үйлдсэн ялын 04 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тавьсан хугацаанд дээрхи гэмт хэргийг үйлджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт ...шүүгдэгч А.Мөнхбатын гэмт үйлдэл 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр болсон байх тул түүний эдлээгүй үлдсэн ялаас 02 сарын хорих ялыг нэмж, түүний эдлэх ялын хэмжээг 08 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв... гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар шийтгэх тогтоолын  “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтаар “3 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ялтан А.Мөнхбатын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж, биечлэн эдлэх ялын хэмжээг 08 сарын хугацаагаар тогтоосугай...”, гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг

эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...”, гэсэн заалтыг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ