| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0270/З |
| Дугаар | 221/МА2025/0742 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0742
Ч.Аийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0658 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.А
Хариуцагч: Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
Төрийн албаны зөвлөл
Гуравдагч этгээд: С.Б
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.
Хариуцагч Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.
Хэргийн индекс: 128/2025/0270/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0658 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасныг тус тус баримтлан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын мөрөөр авах арга хэмжээний тухай” 341 дүгээр тогтоолын Ч.Ад холбогдох хэсгийг, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ч.Аийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 1151 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
2.1. ... Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан боловч бидний үйлчлүүлэгч Ч.Аийг үүрэгт ажлаас чөлөөлсөн захирамжид түүнийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа болон ажлаас чөлөөлөх болсон хууль зүйн үндэслэлийн талаар огт дурдаагүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” хэмээн хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл баримт болсон тул ажлаас чөлөөлөх эрх олгосон буюу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т жагсаан тооцсон чөлөөлөх үндэслэлүүдээс аль тохирохыг сонгон хэрэглэх ёстой байсан.
Гэтэл Ч.Аийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа чөлөөлөх болсон үндэслэлийг заагаагүй, чөлөөлөх эрх олгосон хуулийн заалтыг тодорхой заагаагүйн улмаас ойлгомжтой, тодорхой байх шаардлагад нийцэж чадаагүй юм. Эдгээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаар тодорхойлсон үндэслэлийг хариуцагч тал няцааж чадаагүй, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гаас бид Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэх үүрэгтэй учраас л Ч.Аийг чөлөөлсөн" гэх агуулгаар мэтгэлцсэн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээр тодорхойлсон дээрх үндэслэлд огтоос дүгнэлт хийлгүй, зөвхөн хариуцагч талын татгалзлаар тодорхойлсон тайлбар, бусад баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
2.2. Анхан шатны шүүх “... Хариуцагч Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга “туслах түшмэл”-ийн албан тушаалд ажиллаж байсан Ч.Аийг “Дэс түшмэлийн ангиллыг алгасуулан “Ахлах түшмэл”-ийн ангиллын албан тушаалд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр ангилал алгасуулж томилсон нь Төрийн албаны тухай хуулийн дээр заалтуудад нийцээгүй, хууль бус...” хэмээн илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Ч.Ад холбогдох хэсэгт хууль зөрчсөн гэх үндэслэлийг “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн...” хэмээн хууль хэрэглээний алдаатай тогтоол гаргасан болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Учир нь маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд уг орон тоог хэрхэн нөхөх харилцааг зохицуулж байгаа, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг нь төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс тусгай шалгалт авахтай холбоотой харилцааг зохицуулсан билээ.
Нэхэмжлэгч Ч.Аийн тухайд төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гараад эсхүл нөөцөд бүртгэлтэй байгаад шинээр тухайн албан тушаалд томилогдоогүй билээ. Харин тэрээр төрийн тусгай алба буюу Тагнуулын байгууллагад шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөж, мэргэжлээрээ ажиллаж байгаад Улсын Их Хурлын Тамгын газраас мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэргэжилтэн хэрэгтэй гэх хүсэлтийг тавьсны дагуу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан үндэслэлээр шилжин ажиллаж байсан. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн тогтоолын энэхүү хууль хэрэглээний алдааг нягталж шалгахгүйгээр түүнийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг зөвтгөсөн нь буруу болжээ.
2.3. Эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим
Шийдвэрийн үндэслэх хэсгийн нэг дэх хэсгийн 9, 10-т дурдсан үндэслэлийг судалж үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 26 дугаар “Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт”-д тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтныг “Туслах түшмэл”- тай адилтгана гэсэн тул маргаан бүхий актууд үндэслэл бүхий байсан гэх дүгнэлтийг гаргасан нь хууль ёсны болж чадаагүй.
Нэхэмжлэгч нь уг ажил, албан тушаалд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 683 дугаар захирамжаар шилжүүлэн томилогдон ажилласан бөгөөд тухайн цаг хугацаанд төрийн тусгай албан хаагчийг шилжүүлэн ажиллахад албан тушаалын ангиллыг хэрхэн адилтгах Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн 18.1 -д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албан төв байгууллага батална” гэх хуулийн хэсэг батлагдаагүй байсан. Энэ хэсэг нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлээр нэмж батлагдсан.
Ийнхүү хариуцагч нар Ч.Аийг ажил, албан тушаалд томилогдож байх үед мөрдөгдөж байгаагүй, тухайн цаг хугацаанаас хойш гурван жил гаруйн дараа батлагдсан хуулийг буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг дордуулсан байхад энэ нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүйд бидний үйлчлүүлэгч гомдолтой байгаа юм.
2.4. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Энэ хуулийн 44.1.-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн тусгай албан хаагч байсан Ч.Аийг Тагнуулын байгууллагад ажилласан жил, туршлага, мэдлэг, боловсрол, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадварыг үнэлж Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн референтийн албан тушаалд томилсон дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байсан, ийнхүү шилжүүлэн ажиллуулдаг практик байсан болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.
2.5. Анхан шатны шүүх “...Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлж, Ч.Аийг ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн..." гэх ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлтийг хийжээ.
Энэхүү дүгнэлтээс үзвэл анхан шатны шүүх захиргааны үйл ажиллагаанд баримтлах уг зарчмыг энэ тохиолдолд Ч.Аийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь түүнийг чөлөөлөх зорилготой байсан тул тэр зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал болон хууль хэрэглээний алдаа байхад тэр нь бодит нөхцөлд нь тохирсон, чөлөөлөх болсон хууль зүйн үндэслэлээ заагаагүй байхад түүнийг үндэслэл бүхий болсон гэх байдлаар тайлбарласантай өмгөөлөгч нар санал нийлэхгүй байна.
Харин ч маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүйгээс гадна мөн зүйлийн 4.2.5-ыг тайлбарласан шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
3. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0658 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Ч.А нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 1151 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх “Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 30.1, 30.2-д зааснаар жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй, мөн хуулийн 10.2, 10.4, 18.7, Улсын Их хурлын 2019 оны18 дугаар тогтоолд зааснаар референтийн албан тушаалыг “ахлах түшмэл” ангилал, АА-6 зэрэглэлд байхаар заасан, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 26 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтаар Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан, ажилтныг захиргааны албаны “туслах түшмэл”-ийн албан тушаалтантай адилтган үзэхээр заасан, Ч.Аийг дэс түшмэлийг алгасуулж ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд томилсон нь Төрийн албаны хуулийн 27.1.3, 33.3-д заасанд нийцээгүй. Мөн хуулийн 65.6-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг заавал биелүүлэхээр заасны дагуу гаргасан Ерөнхий нарийн бичгийн даргын 1151 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцсэн байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор өгсөн үүрэг даалгавар хуульд нийцсэн эсэх, биелэгдэх боломжтой эсэх, нэхэмжлэгчийн тус байгууллагад шилжүүлж авсан нөхцөл байдал буюу төрийн байгууллагын албан ажлын зайлшгүй шаардлагад үндэслэн тусгай албанаас захиргааны албан тушаалд шилжүүлсэн нь ердийн журмаар төрийн албан хаагчийн сул орон тоо нөхөх журмаас ялгаатай байгааг анхаараагүй, энэ талаарх Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн, тухайн үед хүчин төгөлдөр байгаагүй сүүлд батлагдсан жагсаалтыг хэрэглэсэн, мөн төрийн захиргааны албан тушаалд ажиллуулсан хугацаа, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгосны улмаас хөндөгдөх төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдөөгүй гэж буруу дүгнэлт хийсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.
2. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр тогтоолын Ч.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1 Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнийг тогтоож, 1 дүгээр хавсралтад дурдсан нэр бүхий 43 албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөх арга хэмжээ авахыг Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасны дотор нэхэмжлэгч Ч.А багтсан бөгөөд мөн тогтоолоор тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд мөн хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг мэдэгдэж, уг тогтоолыг биелүүлэхийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасан байна.
2.2. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө ... төрийн жинхэнэ албан хаагчийг ... томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж ... томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж заажээ.
Төрийн албаны зөвлөл уг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт явуулж төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад чиглэж төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой гаргасан алдаагаа засахыг үүрэг болгосон тогтоол гаргасны улмаас нэхэмжлэгч Ч.Аийн төрийн албанд хөдөлмөрлөж, цалин хөлс авах эрх, ашиг сонирхол нь шууд зөрчигдөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахааргүй байна.
2.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр тогтоолын Ч.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3. Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Хариуцагч Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга нь 2025 оны 1151 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолыг үндэслэн, нэхэмжлэгч Ч.Аийг Цахим парламент, инновацын газрын Цахим шилжилт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн референтийн үүрэгт ажлаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.
3.2. Уг тушаалын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн дээрх 341 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад Ч.Аийг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1-ийг зөрчиж томилсон” гэж заажээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.А нь Тагнуулын ерөнхий газрын даргын 2010 оны 43 дугаар тушаалаар тус газрын Сөрөх тагнуулын 4-р хэлтэст мэдээллийн аюулгүй байдлын мониторинг хяналт шалгалтын инженерээр томилогдон 10 жил ажиллаж байхад нь мөн даргын 2019 оны Б/826 дугаар тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс Улсын Их Хурлын Тамгын газрын мэдэлд шилжүүлэхээр,
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 683 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг үндэслэн “Албан ажлын зайлшгүй шаардлагаар Тагнуулын ерөнхий газраас Улсын Их Хурлын Тамгын газарт шилжүүлэн ажиллуулахаар ирүүлсэн Ч.Аийг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн референтийн албан тушаалд ажиллуулахаар тус тус шийдвэрлэсний дагуу тухайн байгууллагад төрийн захиргааны албан тушаалыг гүйцэтгэн ажиллаж байжээ.
Анх томилогдсоноос хойш 2020 оны тушаалаар ..., 2021 оны тушаалаар ... албан тушаалд өөрчлөгдөн томилогдож, нийт 5 жилийн турш Улсын Их Хурлын тамгын газарт төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулж байсан, ямар нэгэн зөрчил гаргаагүй байна.
3.4. Нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.
Тайлбар: “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэжээ.
3.5. Уг хуулийн заалтаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сул орон тоог нөхөхтэй холбоотой ердийн журмаар ерөнхий болон тусгай шалгалт өгч, төрийн захиргааны албан тушаалд томилогдохоор зохицуулсан харилцаанаас ялгаатай тусгай тохиолдлыг зохицуулжээ.
Тэрээр төрийн байгууллагын албан ажлын зайлшгүй шаардлагаар буюу мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагатай хүний нөөц бүрдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор төрийн 2 байгууллага тохиролцон, төрийн албан хаагчийг шилжүүлэх тохиолдлыг зохицуулсан, харин ямар нэгэн шалгалт авах урьдчилсан нөхцөлийг заагаагүй, мөн тухайн үед төрийн тусгай албан тушаалаас захиргааны албан тушаалд шилжүүлэхэд ангилал, зэрэглэлийг хэрхэн адилтгах талаар ямар нэгэн зохицуулалт байгаагүй байна.
3.6. Түүнчлэн мөн хуулийн 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж шилжиж байгаа ажилтны эрхийг дордуулахгүй талаар баталгаажуулсан, харин тусгай албанаас захиргааны албан тушаалд шилжихэд эдгээр нөхцөлүүдийг ахиулахад ямар нэгэн хязгаарлалт заагаагүй байна.
3.7. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 26 дугаар тогтоолоор тусгай албан тушаалыг захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэж болох талаар анх зохицуулсан боловч тус зөвлөл нь шилжилтийн үеийн буюу үүнээс өмнө тусгай албанаас захиргааны албан тушаалд шилжин томилогдчихсон байсан албан хаагч нарын тухайд хэрхэх талаар зохицуулаагүй, тодорхой зөвлөмж өгөөгүй байна.
3.8. Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийг 2019 онд дээрх тусгай зохицуулалтын дагуу шилжүүлэн томилсон байхад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасныг зөрчиж томилсон гэж үзэх үндэслэлгүй.
Мөн төрийн тусгай албан тушаалд ажиллаж байсан Ч.Аийг 2019 онд шилжүүлж, 5 жилийн туршид төрийн захиргааны албан хаагчаар ажиллуулсан байхад 5 жилийн дараа Төрийн албаны зөвлөл нь ажилд томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг хариуцагч Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасан нь хуульд нийцээгүйн дээр биелэгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл биелэгдсэн тушаалыг хүчингүй болгохыг даалгасан нь ойлгомжгүй, хууль бус шаардлага болжээ.
Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн тусгай албан хаагч байсан Ч.Аийг тагнуулын байгууллагад ажилласан жил, туршлага, мэдлэг, боловсрол, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадварыг үнэлж, Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн референтийн албан тушаалд томилсон дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байсан, ийнхүү шилжүүлэн ажиллуулдаг практик байсан болохыг анхаарч үзээгүй...” гэсэн нь үндэслэлтэй байна.
3.9. Хариуцагч Ерөнхий нарийн бичгийн дарга нь дээрх хуульд нийцээгүй, биелэгдэх боломжгүй Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Ч.Аийг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар, хуульд заагаагүй үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “... хууль дээдлэх” зарчимд нийцээгүйгээс гадна мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа, хөдөлмөрлөж, цалин хөлс авах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна.
3.10. Харин хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг 2019 онд шилжүүлэн томилох тухай тушаалаас хойш 2020 оны 578, 2024 оны 120 дугаар тушаалуудаар байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т зааснаар анх томилогдсон албан тушаалын нэрээс өөр албан тушаалд тус тус томилж, үргэлжлүүлэн ажиллуулсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шалгалт өгөх боломжоор хангаж хүлээсэн, ... албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжилтэй таарахгүй хэр нь ажилласаар ирсэн байдаг ... шаардлага хангаж шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилсон ...” гэх тайлбар, хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудад шаардагдах мэргэжил нь өөр өөр нэртэй тусгагдсан зэргээс үзвэл шүүх энэ талаар дүгнэх боломжгүй байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг шууд хангах үндэслэлгүй байна.
3.11.Төрийн албаны зөвлөлийн тогтоолд энэ талаар заагаагүй боловч томилох эрх бүхий этгээд нь байгууллагын орон тоо бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан этгээдийг ажиллуулах үүрэгтэй тул албан тушаалын тодорхойлолтууд яагаад өөрчлөгдсөн, сүүлд томилохдоо мэдээллийн технологи, аюулгүй байдал, программ хангамжтай холбоотой мэргэжлийн нэр төрөл нь технологийн хөгжилтэй уялдаад өргөжсөн[1] байх байх тул нэхэмжлэгчийг анх эзэмшсэн мэргэжил нь сүүлд томилогдсон албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжилтэй дүйцүүлж болох эсэхийг цаашид тодруулж, энэ хүрээнд сонсох ажиллагаа явуулж, уг харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 62.1.3, 62.1.4-т заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг дахин акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0658 дугаар шийдвэрийн удиртгал болгосон хуулийн заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-д гэж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамжийг цаашид хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж,
мөн хэсэгт “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын мөрөөр авах арга хэмжээний тухай” 341 дүгээр тогтоолын Ч.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт,
“3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 1151 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 3 дахь заалтыг тус тус нэмж, бусад заалтын дугаарлалтыг өөрчилж, агуулгыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Ч.Аийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/262, 2017 оны А/52, 2020 оны А/308, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/11, А/146 тушаал