Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00395

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Саруул төв өөрийн байранд байрлах, “С” ХХК /Регистрийн дугаар: 2576376, 91118169/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-6-35 тоотод оршин суух, Г.А /Регистрийн дугаар: /-д холбогдох

            2,383,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ань манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дараа төлбөрт Монголдоо 20 үйлчилгээний дугаар болох 91700004 гэх дугаарын эзэмших эрхийн гэрээ байгуулж, улмаар дугаар дээрээ Samsung S9 маркийн гар утсыг 6 хувааж өлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Г.Ань гэрээний үүргээ үл биелүүлж 91700004 дугаарын гар утасны төлбөрөө 2018 оны 04 дүгээр сараас эхлэн нэг ч  удаа төлөөгүй тул гэрээний 6 дугаар зүйл 6-1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд Г.Амарсанаагаас төлбөрийн үлдэгдэл 2,378,713 төгрөг, наториатын зардал 4500 төгрөг нийт 2,383,213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г.Амарсанаад холбогдуулан 2,383,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Ань нэхэмжлэгчээс Samsung S9 маркийн гар утсыг Монголдоо-20 үйлчилгээний эрхтэй 91700004 дугаарын хамт худалдан авч, гар утасны төлбөр болох 2,350,000 төгрөгийг 6 сарын хугацаанд эхний сар 400,000 төгрөгөөр, дараа сараас сар бүр 390,000 төгрөгөөр төлөх нөхцлөөр 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан зээлээр худалдан авсан болох нь гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ тул уг гэрээг үндэслэн шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

Хариуцагч нь гар утасны үнэ болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 2,378,713 төгрөг, бусад зардал болох 4,500 төгрөг нийт 2,383,213 төгрөгийг төлөөгүй нь харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, хариуцагч Г.Амарсанаагаас 2,383,213 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгохоор хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Г.А 2,383,213 төгрөг гаргуулан С ХХК ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53,082 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 53,082 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Б.БЯМБАСҮРЭН