| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00341/и |
| Дугаар | 142/ШШ2020/00396 |
| Огноо | 2020-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2020/00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Надежда хотхон 7-1-27 тоотод оршин суух, Т.Т /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-34-01 тоотод оршин суух, Булган аймаг, Хангал сум, 2-8 тоотод түр оршин суух, Т.Д/Регистрийн дугаар: /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Т.Д, шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т би Т.Дтой 2011 оноос эхлэн үерхэж эхлээд 2013 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хүү Д.Т төрсөн. Тэгээд бид хоёр 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж 120 дугаарт бүртгүүлсэн. Т.Д хамт амьдрах хугацаандаа архи их уудаг, гэр бүл үр хүүхдэдээ хайр халамж байдаггүй, ажлын цалин хөлсөө гэртээ авчирч өгдөггүй, байнга гадуур тэнээд алга болчихдог, гэртээ тогтож хамт байдаггүй, гэр бүлийн дулаан уур амьсгал гэдэг юм байхаа болиод удаж байна. Миний хувьд Т.Дтой албан бусаар 2 тийш болжтусдаа амьдраад 1 жил 4 сар орчим болж байна. Энэ хугацаанд Т.Дийг эргээд амьдръя үр хүүхэд гэр бүлээ бодъё гэх мэтээр эргэж ирж уучлалт гуйгаад хуучин амьдралаа босгохоор надтай уулзах байх гэж бодсон боловч ирээгүй. Т.Д ер нь бол салья гэдэг бодолтой хүн байгаа юм. Намайг нэг удаа дуудахад ирээд 2 хоног архидаж байгаад яваад өгсөн гэр бүлийнхээ талаар ганц ч юм ярилгүй явчихсан. Т.Д Улаанбаатар төмөр замын Эрдэнэт Вокзал дээр замчинаар ажиллаж байгаад тодорхойгүй шалтгаанаар Хангал дах өртөөнд замчинаар ажиллахаар шилжээд явчихсан. Бид хоёр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж шийдвэрлүүлсэн боловч Т.Д нэг удаа ирчихээд дахиж ирээгүй, тэгээд ажиллагааг дуусгавар болгосон юм. Би Баян-Өндөр сумын ЗДТГ-т нийгмийн ажилтан ажилтай, сарын орлого 486.000 төгрөгний цалинтай ажил хийдэг, одоо би хүү Д.Тийн хамтаар аав ээжтэйгээ амьдарч байгаа, Т.Д хүүхдийнхээ боловсрол, хүмүүжил, эрүүл мэндэд төдийлөн анхаараад байдаггүй, би л хүүгээ харж, хамгаалж сургууль цэцэрлэгт зөөдөг байсан болохоор хүү Д.Тийгөө өөрийнхөө асрамжинд авах, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоолгох, гэрлэлт цуцлуулахаар нэхэмжпэл гаргаж байна гэжээ.
Шүүх бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Т.Дт холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Т.Т, Т.Д нар нь 2011 онд танилцаж, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд хамтран амьдрах хугацаандаа 2013 оны 09 дүгээр 04-ний өдөр хүү Д.Тийг төрүүлсэн болох нь гэрлэгчдийн гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь зан харьцааны хувьд таарамжгүй, бие биенээ харилцан ойлгож хүндэлдэггүй байсны улмаас 2019 оноос эхлэн тусдаа амьдрах болсон байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй байгаа зэргийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хүү Д.Т нь төрсөн цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байх бөгөөд хүүхдийн эрх ашиг, өсөж торних орчин нөхцөл, хүүхдийн насны байдал, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул хүү Д.Тийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Т.Доос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлэг 1,236,000 төгрөгнөөс тэмдэгтийн хураамж тооцож 34,214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3-д заасныг баримтлан Т.Т /регистрийн дугаар: /, Т.Д/Регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 09 дүгээр 04-ний өдөр төрсөн хүү Д.Тийг эх Т.Ты асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Д.Тт бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Т.Доор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 104,414 төгрөг /70,200+34,214/ гаргуулан Төрийн санд оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр үчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
7.Иргэний хэргийг шүүхэд янан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.7,120 дугаар зүлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөд зохигч,гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй,зохигчид хуульд заасн хугацааны дотор шийдвэрийг гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу толоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН