Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2020/00427

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 33-25б тоотод оршин суух,  Л.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 33-25б тоотод оршин суух бүртгэлтэй, Төв аймаг, Заамар сум, 3-р баг, Хайлаастад түр оршин суух, Б.Б/Регистрийн дугаар: /-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Б нь 2007 онд Б.Бтай танилцаж, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Б.Т 2008 онд, охин Б.Э 2014 онд тус тус төрсөн. Б.Б тогтсон тодорхой ажилгүй, Төв аймгийн Заамар сумын Сав гэдэг газар луу алтанд явж амьжиргаагаа залгуулдаг байсан. 2012 оноос Заамар луу алтанд явахдаа гэр орондоо ирэх нь багасаж мөнгө төгрөг явуулах нь ховордож утсаар ч ярихаа байсан. Түүнээс хойш би гэдэг хүн нөхөртэй, нөхөргүй хүн шиг явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд 70 гарсан хадам ээжтэйгээ цуг амьдарч байсан. Нөхөр маань хэдэн сараар явж ирдэг. Ирэхээр ахи ууж агсам согтуу тавьж намайг үсдэн зодож тархи толгой руу нүдэж хэл амаар доромжилж хажууд байгаа өндөр настай ээжийгээ болон хүүг минь айлгаж ичээж зовоодог байсан. Би 2-3 удаа цагдаа дуудаж баривчлуулж байсан. Миний цалингийн зээлээр авсан хөргөгч, угаалгын машиныг хутгаар сийчиж эвдсэн. Миний биеийг хөх няц болтол зодож хатуу харгис ханддаг байсан. Тухайн үед салах гэсэн боловч хадам ээж минь битгий салаач хүүгээ бодооч гэж уйлаад гуйж байсан. Хадам ээжийгээ өрөвдөж хүүгээ ч бодож салж чадаагүй. Энэ хүн гэр орондоо байхаасаа байхгүй нь их. Манайх гэрт амьдардаг болохоор гэрийн тооно хаалга эвдрэх, гадна бүрээс өрх урагдах, гэрээ дулаалах, нимгэлэх гэх мэт элдэв асуудал бүгд л миний толгой дээр буудаг. Би нөхөргүй хүн шиг л хамт олон, найз нөхөд ах дүүсээ гуйж янзлуулж, гэр орноо өөд нь татаж явсан. Энэ болгоныг минь ойлгохгүй, чи мөнгөө яачихсан юм бэ, өөрөө цалингаараа болгохгүй юу гэж намайг дайрч доромжилж элдвээр хэлж загнадаг. Энэ хүн гэр орноо өөд нь татах сэтгэлгүй, хүйтэн хөндий болоод байгаа нь улам бүр мэдрэгдэж эхэлсэн. Тэгтэл Заамарын Савд С.Нямсүрэн гэдэг хүүхэнтэй хамтын амьдрал зохиогоод удаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд үргэлж тэр С.Нямсүрэн гэдэг хүүхэнтэйгээ алтанд явж баяр ёслолоор хааяа нэг гэртээ ирдэг болсон. Хэдэн сараар гэртээ ирэхгүй байж байгаад 2013 оны намар 10 сарын сүүлээр ирэхэд нь хадам ээж минь хүүдээ гомдоод уйлж байсан. Нөхрөө ирэн очин байх энэ хугацаанд би охиноо олж 1 сард ирэхэд нь нөхөртөө жирэмсэн болсноо хэлж хүүхдээ авахуулах болсон тухайгаа хэлсэн чинь өөр хүнээс л хүүхэд олоогүй юм бол гарга гэж хэлсэн. Жирэмсэн том гэдэстэй байхад хүртэл надад гар хүрч зоддог байсан. 2014 оны хавраас хадам ээж минь гэнэт өвдөж би хүүгээ Говил руу цэцэрлэгт зөөж, өөрөө ажлаа хийж хажуугаар нь хадам ээжийгээ асардаг байсан. Хадам ээж минь Б.Быг ир гэж зөндөө хэлүүлдэг байсан боловч уурлаад ирдэггүй байсан. Хадам ээжийгээ асарч, тойглон эмчид үзүүлдэг байсан. Тэгэхэд хадам ээж минь уйлж чи минь яаж төрнө дөө миний төрсөн хүүхдүүдээс илүү чи л намайг хир буртагнаас минь салгаж усанд оруулах юм гэж орж гарсан хүмүүст болон өрхийн эмч сувилагч нарт хүртэл хэлдэг байсан. 2014 оны 06 дугаар сард хадам ээж минь бурхан болж, Б.Б хальт ирж ажил явдлыг нь дуусгаад яваад өгсөн. Би хүүтэйгээ хоёулахнаа байж байгаад Б.Быг араас нь өчнөөн утасдаж дуудуулж байж ирүүлээд 7 сард хийсвэрээр охиноо төрүүлсэн. Төрөх явцад даралт хаван ихтэй, цус их алдаж маш их стресстэй хүндрэлтэй төрсөн. Охин бид хоёрыг эмнэлэгээс гарсны дараа 7 хоноод нөгөө С.Нямсүрэн хүүхэнтэйгээ цуг алтанд явлаа гээд яваад өгсөн. Би нялх биетэй, 2 жаахан хүүхэдтэй надад маш хэцүү байсан. Хадам ээж минь бурхан болоод удаагүй би төрсөн болохоор сэтгэл санаа маш тайван бус байсан. Энэ үед өөрийн ах, дүү нар ирж тус дэм болж байсан. Би жирэмсэн байх хугацаандаа болон дөнгөж төрөөд охиноо нялх байхад нь хүртэл тэр С.Нямсүрэн гэдэг хүүхэн рүү залгаж чи Б.Баас холдоод яваад өгөөч гэж зөндөө царай алдаж гуйдаг байсан. Эмэгтэй хүн, эх хүн байж чи л явууд өгвөл Б.Бүрнээ гэр орондоо үр хүүхдүүд дээрээ ирнэ гэж хэлдэг байсан. Даан ч миний үгийг хүлээж аваагүй, өдийг хүртэл цуг амьдарч байгаа. Б.Б охиныг минь дөнгөж 2-3 сартай байхад хүртэл архи ууж агсам тавьж хагалсан түлээ шидэж, хүүхдүүдээ айлгадаг байсан. Би хэд хэдэн удаа цагдаа дуудаж өгч байсан. Нөгөө С.Нямсүрэн нь хүртэл элдэв янзаар хэлж, доромжилдог байсан. Энэ хугацаанд би сэтгэл санааны гүн хямралд орж, их хэцүү үеийг сэтгэлийн тэнхээ, тэвчээрээ даван туулсан. Охиноо дөнгөж 7 сартай байхад нь байгууллагынхаа дарга нарт хэлж ажилдаа орсон. Өвлийн хүйтэнд хаа холоос 2 унаа дамжин ажилдаа ирж, харанхуй шөнөөр галгүй хүйтэн гэрт даарч хөрч хоолой ам өвдөж 2 хүүхэд минь халуурч бүлээрч намайг айлгадаг байсан. Тэгээд Б.Бүрнээ рүү залгаж 2 хүүхэд өвдөөд гэхээр надад уурлаж загнаж элдвээр хэлж доромжилдог, эсвэл утсаа авахгүй салгадаг байсан. Гэвч би сэтгэлийн тэвчээр гаргаж хоёр хүүхдээ л бодъё хойд эцгийн гар харуулбал үүнээс ч хэцүү юм билүү гэж бодон нөхрөө эргээд гэртээ ирэх болов уу гэж хүлээсээр ирсэн. 2016 онд гэртээ ирж хэсэг байж байгаад явахад нь би жирэмсэн болчихсон байсан. Тэгээд эмчид үзүүлж эхогоор харуулсан чинь хоёр ихэр хүүхэдтэй болчихсон байхаар нь нөхөртэйгээ холбогдох гэж бөөн юм болж байгаад холбогдож хэлсэн чинь надад хамаагүй, авахуулахгүй юу гэж хэлээд огт тоогоогүй, дахин холбогдож авахуулах мөнгө өгөөч гэж хэлэхэд чадахгүй гэсэн. Аргаа бараад хамт амьдардаг С.Нямсүрэн хүүхэд нь би ийм байдалтай байна. Адилхан эмэгтэй хүн, намайг ойлгооч гэхэд чиний асуудал надад хамаагүй, хүүхдээ цувуулаад дуугай л сууж байхгүй юу гэж намайг элдвээр хэлж доромжилсон. Иймд би цалингийн зээл дээрээ нэмж зээлж авч байгаад 2016 оны 09 дүгээр сард хоёр ихэр хүүхдээ нүд дүүрэн нулимстай авахуулж байсан. Тэгэхэд л би тэр хүүхэн С.Нямсүрэн болон өөрийн нөхөр болох Б.Б нарт гомдож уйлж байсан. Салъя гэж хэлэхээр юу гэх бол гэж бодон айлгах зорилгоор хэлж үзтэл тэгж л байхгүй юу гээд ер тоогоогүй. Би бүр аргаа бараад тэр С.Нямсүрэн хүүхнийг нь харааж загнаж ч үзсэн салахгүй юм байна лээ. Одоо би энэ цаг үед нөхрөөсөө салаад амьдрахад хэдий хэцүү ч энэ хүний нэгэнтээ цаашаа гэсэн сэтгэл байнга мэдрэгдэж 6 жил гаруй өнгөрсөн байна. 2017 онд ээлжийн амралтаа аваад Заамар луу замын таксинд сууж нөхрийнхөө хамтран амьдрагч Нямсүрэн болон гэр орон ахуй амьдралыг өөрийн нүдээр харах гэж очсон. Би учир байдлыг тайван байдлаар хэлсэн боловч Б.Б элдвээр хэлж, Нямсүрэн нь намайг зэрлэгээр зодсон. Би аллаа амь авраач гэж хэлж байж зодохоо больсон. Би маш их гомдож байсан. Тэр шөнөдөө намайг Эрдэнэт рүү гэрт хүргэж өгөөд тэр дороо буцаад явсан. Маргааш нь би цагдаад өргөдөл өгсөн боловч хөдөө томилолтоор явах болсон тул өргөдөлөө шийдүүлж чадаагүй. 9 дүгээр сарын 25-ны өдөр ээж минь гэнэт бурхан болж хөдөөнөөс гэнэт дуудагдаж ирж ар гэрийн гачигдлын улмаас өргөдөлөө буцаалгасан. Түүнээс хойш нөхөр гэр орондоо бүр ирэхээ больж, мөнгө төгрөг ч өгөхөө больсон. Би 2017 оны 08 дугаар сард өөрийн төрсөн эгчийн хашаанд гэрээ барьсан. Бага насны хоёр хүүхдээ орхиж үлдээж болохгүй, би 24 цагийн ээлжийн ажилтай учир аргагүйн эрхэнд эгчийнхээ хашаанд нүүж ирсэн. Нөхөр болон хамтран амьдрагч нар нь миний аргагүйн эрхэнд нүүснийг минь ойлгохгүй, Нямсүрэн нь намайг элдвээр хэлж доромжилсон. Хөдөө явахдаа 2 хүүхдээ эгчийндээ орхидог. Бүрнээ рүү хоёр хүүхдээ хараад өгөөч гэхээр чадахгүй гэж хэлдэг. Дорнод аймгийн Халх гол суманд ажиллахаар 7 сарын хугацаанд явахдаа ар гэртээ, 2 хүүхдэдээ санаа зовж байсан тул арга буюу нөхөр лүү утасдаж хүүхдүүдээ хараад өгөөч гэж гуйсан боловч чадахгүй гэж хэлж байсан, 2 хүүхдээ ерөөсөө тоодоггүй, 8 сард хүү минь дугуй унаж яваад гараа хугалж хүнд хагалгаанд орсон. Энэ хэцүү үед ч эцгийнхээ үүрэг, хариуцлагыг биелүүлээгүй, аав нь орхиод явсны улмаас хүү минь сэтгэл санааны маш их хямралд орж, одоо 11 настай хэрнээ орондоо шээдэг. Аав нь орхиод явчихсан болохоор ээж бид хоёрыг орхиод явчихвий гэсэн айдастай байдаг.би Б.Быг 2 сайхан үрээ бодоод эргээд хүрээд ирэх байлгүй гэж зөндөө харсан. Ирэх нь битгий хэл хоёр хүүхэдтэйгээ утсаар ч ярьдаггүй, харж ханддаггүй, мөнгө нэхэхээр байхгүй хүнээс би юу авах юм гэж үргэлж дайрч элдэв янзаар хэлдэг. 2018 онд Б.Б хамтран амьдрагч С.Нямсүрэнтэйгээ хамт амьдарч байх хугацаандаа алтныхаа нүх рүү унаж хөлөө гэмтээсэн. Тэгээд хагалгаанд орсон нь үнэн боловч түүгээрээ далимдуулан тахир дутуу болчихсон, мөнгө төгрөг байхгүй гэж хэлдэг. Тэр хоёрын эргэн тойрны хүмүүс нь тэр хоёрыг алтанд цуг явах, эсвэл комиссын бараа зардаг дэлгүүр ажиллуулж байнга юм хийдэг гэдгийг нь хэлсэн. Би цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь 2007 онд Л.Бтай танилцаж, 2008 онд Эрдэнэт хотод гэр бүлээ батлуулж гэр бүл болсон нь үнэн. Одоо 12 жил болж байна. Энэ хугацаанд хүү, охин хоёртой болж бусдын адил амьдарч байлаа. Би амьдралдаа тус нэмэр болохын тулд хийж чадах бүхнийг хийдэг байлаа. Ээж минь хамт амьдардаг байсан болохоор бид хоёрын амьдралд нэмэр болж хүүг минь харж өгч бид хоёр сэтгэл зовохгүй тус тусынхаа ажлыг хийж хөдөөнөөс ээж махаар таслахгүй, идэх, өмсөхөөр дутаж байгаагүй. Л.Бтай амьдарч байх хугацаанд эхэндээ болж бүтээд гайгүй л байдаг байлаа. Сүүлдээ хүүхэдтэй болсны дараа үргэлж хэрүүл хийж, ажил төрөлгүй мөнгө л олж ирэхгүй бол амгалан тайван байх аргагүй байдаг болсон. Гэрт мөнхийн хэрүүлтэй уур амьсгалтай болсон болохоор би ээжийгээ бодоод мөнгө л олох газар байвал хаа хамаагүй явж эхэлсэн. Мөнгө өгвөл хэд хоногтой гайгүй байна. Төв аймгийн Заамар сум руу алтанд явж амьжиргаагаа залгуулдаг байсан. Хамт яваа хүн бүрийн утсыг олж авч өгсөн мөнгөний чинь тал нь яасан гэх мэтээр хэрүүл хийнэ, эсвэл энэ тэр хүүхэн ярьж хардаж хэрүүл хийнэ, би айлд бусдын гэрт бусдын царай харж яваа болохоор хэрүүл хийхээс нь айж утсаа авахгүй байдаг байлаа. Энэ хугацаанд өөрөөсөө ч харамлан байж хэдэн төгрөг цуглуулж унах унаатай боллоо, короно гэх хуучин машин хүнээс авсан. Тэгэхэд баян хүүхэнтэй болоо юу, хүүхэн авч өгөө юу гэж хэрүүл хийнэ. Хүйтэн нойтон зовж хэдэн төгрөг олсноо гэр бүл рүүгээ явуулна, өөртөө ч хувцас хунар авч өмсдөггүй байсныг надтай хамт алтанд явж амьжиргаа залгуулдаг эргэн тойрны найз нөхдүүд бүгд мэднэ. Одоо мөнгөтэй байгаа даа гээд гэртээ ирэхэд аль хэдийн дууссан байна. Мөнгөө дэмий үрлээ, араас хэрүүл хийлээ гээд жоохон архи уусан үедээ хэлэхээр уусанаараа миний л буруу болоод дуусна. Тэгээд л эргээд явна, гэрт ирээд л явбал жирэмсэн болчихлоо мөнгө гэнэ, гэрт байгаа хүүхдүүддээ яая гэж яваа хүн гэдсэнд байгааг манатай авахуулаач гэнэ, тэгэхээр авахуулах мөнгө гэнэ, би бараг гэртээ харихаас ч айдаг боллоо. Мөнгө, хүүхэн гэх хэрүүлтэй амьдралаас залхсан ч хийсэн мөнгөө хүүхдүүддээ л өгдөг байлаа. Тэднийгээ бодоогүй мөч байгаагүй. Заамарт найзындаа амьдарч хамт алтанд явдаг байсан энэ өргөдөл дээр байгаа Нямсүрэн гэх эмэгтэйн нөхөр болон дүүтэй нь хамт байхад эхнэр Байгалмаа ирж хэрүүл хийсэн тул энэ айл намайг гэртээ байлгахгүй гэсэн болохоор би тэднийд байхаа больсон. Би үр хүүхдүүдээ гэж яваагаа сайн мэддэг, өрийн дарамттай хүнээс ялгаагүй амьдарч яваа нэгэн болон хувирсан. Өг өгөхгүй бол шүүхэд өгнө л гэнэ. 2018 оны 03 дугаар сард цас гулгаа арилаагүй байхад бас л мөнгө гэж яваад уурхайн 2 метр хамгаалтын шуудуу руу унаж чөмгөө хугалж хиймэл хөл суулгаж хиймэл үе суулгахад 3 сая төгрөг шаардлагатай болсон тул машинаа 1,5 сая зарсан. Үлдсэн төлбөрийг ах, эгч нар өр тавьж хагалгаанд ГСҮТ-д мэс засал хийлгэсэн билээ. Эмнэлэгт байхад эхнэр хүн шиг эргэж  ирээгүй мөртлөө хөлөө чирээд явдаг болохтойгоо зэрэг л мөнгө нэхэж эхэлсэн. Яаж ийж мөнгө олж өг, өгөхгүй бол шүүхэд өгнө гэхээр нь би өг гэж зөвшөөрсөн. Үнэн зөвөөр шийдэж өгнө гэж итгэж байгаа билээ. Ажил төрөлгүй алсдаа группэд орох бодолтой байгаа. Б.Байгалмаа 12 жил хамт амьдарсан амьдралаа үнэ зөв бичээч гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Л.Б, Б.Б нар нь 2007 онд танилцаж 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Т, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Энар төрсөн болох нь зохигчийн тайлбар, Б.Тгийн ФД08320210 тоот регистртэй, 0228216 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Энхзулын регистртэй,  дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны хувьд таарч тохирохгүйн улмаас хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон байх тул Л.Б, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Хүү Б.Т, охин Б.Энар нь эхийн хамт амьдарч байгаа гэж тайлбарласан ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч нь хүү Б.Т, охин Б.Энарыг ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрсөн, мөн хүүхдийн насны байдал, хүү Б.Тгийн саналыг харгалзан насанд хүрээгүй хүү Б.Т, охин Б.Энарыг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Б.Баас сар бүр хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Бгийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Л.Б /регистрийн дугаар: /, Б.Б/Регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Энарыг эх Л.Бгийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Энарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б/Регистрийн дугаар: МВ79080218/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд, 54,502 төгрөг гаргуулан Төрийн санд олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН