| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00329/и |
| Дугаар | 142/ШШ2020/00432 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2020/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгод 13-14 тоотод оршин суух, Б.М /Регистрийн дугаар: ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-17-120 тоотод оршин суух, Ц.Э /Регистрийн дугаар: /-д холбогдох
28,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Э нь 2018 оны 10 сарын 22-ны өдөр 4.500,000 / дөрвөн сая таван зуун мянган / төгрөгийг зээлж авсан ба зээлийг 8 хоногийн хугацаатай мөн хугацаагаар 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон. Уг зээлийн гэрээг байгуулах үед мөнгийг Ц.Эийн ХААН банкны 5094114194 дугаарын дансанд шилжүүлсэн юм. Зээлийг хугацаандаа төлнө гэх боловч зээлийн хүү болон үндсэн зээлийг буцаан өгөөгүй. Ц.Э нь /ФБ:76032403 / 2018 оны 10 сарын 22-ны өдөр 4.500,000 / дөрвөн сая таван зуун мянган / төгрөгийг зээлж авсан ба зээлийг 8 хоногийн хугацаатай мөн хугацаагаар 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон. Ингэж авахдаа бид хоёрт эгч нь үйлдвэрлүү юм шахсан хүнд налог өгөхгүй бол ажил бүтэхгүй юмаа гэж авсан Үүнээс хойш Эрдэнэчимэг нь 99409975 дугаарын утаснаасаа залгаж уулзая гээд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тендэрт мөнгө нэмж өгөх шаардлагатай байна тэгвэл та хоёрын 4.500,000 төгрөгийг ч бөөнд нь гаргаад өгчих гээд байна гээд 10.000,000 / арван сая /төгрөг 7 хоногийн хугацаатай хэрэгтэй байна олоод өгөөч гээд гуйгаад байсан. Би итгэж хөгшин аавынхаа байр авах гэж байсан бидэнд хадгалуулсан мөнгөнөөс нь өгсөн.Тэгээд 10.000.000 сая төгрөгийг хорооллын гандан дээр байхад араас ирж уулзаад өгчих богино хугацаанд гаргаад өгчих чи эгчийнхээ ажлыг мэднэ биздээ гэсэн. Ингэхдээ мөн адил зээлийн гэрээ хийе эгч нь найдвартай гэж хийлгүүлсэн. Анх нутгийн зөвлөлийн нарийн бичиг гэж анх танилцсан юм. Үүнээс хойш хэлсэн хугацаандаа өгч чадахгүй өөдөөс шууд зовлон тоочоод эхэлсэн. Аав маань байраа авах гээд мөнгөө нэхээд эхнэр бид хоёр хүнд байдалд орж мөнгө хайж явж байгаад танил ах Мөнхтөрөөр цалингийн зээл авахуулж 10.000.000 төгрөгийг аавд өгч аав минь Төгөл гарден хотхоноос байр авсан. Ингээд Эрдэнэчимэгээс болж бусдад хүү төлж эхэлсэн. Мөнхтөр ахад хүү төлж явсаар хүү нь 6.000.000 төгрөг төлсөн ба хүүг нь төлж чадахаа байж өрөнд орж эхлэхээр нь аргаа бараад Булган аймаг Орхон сумын Залуугын булаг буюу Оросын булагт байрлах 6,5*8,5 хэмжээтэй мансардтай дүнзээр барьсан 20.000.000 сая төгрөгөөр барьсан зуслангийн байшингаа хоног хугацаанд баригдаж маш бага үнээр буюу 12.200.000 / арван хоёр сая хоёр зуун мянган төгрөгөөр зарж С.Мөнхтөр ахын үндсэн зээл 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хүүнд нь 6.000.000 төгрөг төлж хохирч байгаадаа маш их гомдож байна. Иймд Б.Эрдэнэчимэгээс:
1.2018 оны 10 сарын 22 -ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4.500.000, 8 хоногийн хүү 360,000 / гурван зуун жаран мянган/ төгрөг, алданги 2.250.000 / хоёр сая хоёр зуун тавин мянган / төгрөг нийт 7.110.000 / Долоон сая нэг зуун арван мянган/ төгрөг,
2. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10.000.000 төгрөг, 7 хоногийн хүү 700.000 төгрөг, алданги 5.000.000 / таван сая/ төгрөг нийт 15.700.000 / Арван таван сая долоон зуун мянган төгрөг,
3.С.Мөнхтөр ахад төлсөн 6.000.000 / зургаан сая / төгрөг, нийт 28.810.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч Б.Мы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Эт холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Миний хуурай эгч Уранбилэгээр дамжуулан 2007 онд танилцаж гэмгүй сайн найз нөхөд болсон Оюунчимэгийн Батсайхан 2018 оны 5-р сард над руу залган ажил төрөл асууж, өөрийгөө уул уурхайн компани /Хануй констракшн”ХХК/-тай болсон гэх зэрэг энэ тэр юм ярьсан. Үүнээс хойш О.Батсайхан өөрийн компани дээр шалгалт ороод данснаас гүйлгээ хийгдэхгүй болоод байгаа юм, 7 хоноод дансны гүйлгээ хэвийн болох хүртэл мөнгөний хэрэгтэй байгаа талаар хэлж мөнгө зээлэх хүн олоод өг гэсэн. Үүний дагуу зээл чөлөөлнө, мөнгө зээлнэ гэсэн зарын дагуу 99363500 гэсэн утсаар Б.М гэх хүнтэй холбогдож 7 хоногийн хугацаатай яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн ба тухайн үед би өөрийн ажил албан тушаал болон бусад байдлынхаа талаар огт хэлээгүй зөвхөн манай найзын компани шалгалтанд ороод мөнгө зээлэх хэрэгтэй байгаа талаар хэлсэн.
Ингээд О.Батсайхан хотод байна гэсэн учир 2018 оны 10-р сарын 22-ны өдөр Б.Мтай би гэрээ байгуулах болж 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг өдрийн 1 /нэг/ хувийн хүүтэй 7 /долоо/ хоногийн хугацаатай зээлсэн гэх гэрээнд гарын үсэг зурсан ба мөнгийг миний ХААН банкин дахь 5094114194 тоот дансаар шилжүүлэнгүүт нь өөрт байсан 500,000 төгрөгийг нэмж 5,000,000 /таван сая/ төгрөг болгон О.Батсайханы ахын эхнэр Болормаа гэх хүний ХААН банкны дансруу шилжүүлсэн.
Хэд хоногийн дараа О.Батсайхан мөн холбогдон, дахин яаралтай мөнгө хэрэгтэй байна өмнө нь авсан мөнгө, хүү зэргийг нийлүүлээд нэн даруй төлбөрийг хийнэ гэхээр нь мөн Б.Мтай холбогдон хэлсэн ба 2018 оны 10-р сарын 30-ны өдөр дахин 10,000,000 /арван сая/ төгрөгийг өдрийн 1 /нэг/ хувийн хүүтэй 7 /долоо/ хоногийн хугацаатай зээлэхэд мөн О.Батсайхан хотод байгаа гэх шалтгаанаар би гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсаны дараа мөнгө хийхийг нотариат зөвлөсний дагуу Б.М миний дансруу мөнгийг хийсэн.
Мөнгийг хийсэн дараа О.Батсайханы өгсөн ХААН банкны Баярчимэгийн 5029602893 дансруу 9,995,000 төгрөгийг шилжүүлсэн.
Ингээд хэсэг хугацаа болоход О.Батсайхан мөнгийг өгөөгүй, энэ үеэс эхлэн намайг Б.М гэрээ байгуулснаар та төл гэх болсон. Арга буюу би цагдаад О.Батсайханыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдснээр гомдол гаргасан .Энэ байдлыг нэхэмжпэгч маш сайн мэдэж байгаа бөгөөд уг асуудал удах болсон учир надаас мөнгийг авна гэж хэлэх болж миний ажлын газар болон гэр орноор ирж намайг дарамтлах болсон. Сүүлдээ би өмгөөлөгч ахтай хүн, ах маань ингэж зөвлөж байна, тэгж зөвлөж байна, ажилтай чинь яриад байхад учир олдоно гэж байна, тендер авах гэж наад хүүхэн чинь мөнгө аваа биз, ийм ажилтай улс ийм л юманд мөнгө өгдөг гэж байна, таныг залилсан гэж цагдаад өгнө гэх зэргээр ярих болсон. Миний ажил болон хаана юу хийдэг хаана амьдардаг зэргийг бүгдийг мэдэх бөгөөд их дарамтлах болсон.
Цагдаагийн байгууллагад О.Батсайханыг шалгаж байгааг мэдсээр байж намайг мөнгөө өг гэх болсон. Цагдаагийн байгууллага нь таны данснаас мөнгө Батсайхан авсан нь тогтоогдож байгаа учир таныг хохирогчоор тогтооно, Б.М та хоёрын хооронд байгуулсан гэрээг үндэслэн Б.Мыг хохирогчоор тогтоох боломжгүй гэсэн. О.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 03-р сарын 04-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болох товыг надад өгсөн байгаа. Уг мөнгийг би огт хэрэглээгүйг нэхэмжлэгч мэдэж байгаа атлаа намайг гарын үсэг зурж авсан, миний дансруу мөнгийг шилжүүлсэн гэж надаас нэхнэ гэж удаа дараа хэлсэн бөгөөд ажпын байранд мөн олон удаа очиж дарамталж байна. Би 2019 оны 08-р сарын 16-ны өдөр 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн зээлийн төлөлтийг Б.Мы эхнэр Гэрэлмаагийн дансруу шилжүүлэн өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Тухайн мөнгө зээлсэн О.Батсайхан мөнгийг өгөхгүй болсон учир уг гэрээний дагуу намайг мөнгө өг гэх болсон. Зээлийн гэрээний дагуу миний дансруу шилжүүлсэн 14,500,000 төгрөгнөөс 400,000 төгрөгийг өгсөн байгаа үлдэгдэл 14,100,000 /арван дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгийг би төлөхийг зөвшөөрч байна. Харин би алданги болон өндөр хүү, бусдаас авсан зээл зэргийг төлөх боломжгүй учир бусад шаардлагыг төлөхийг зөвшөөрөхгүй байна.
Би өрх толгойлсон эх бөгөөд зөвхөн өөрийн цалингаар өрх гэрээ тэжээн тэтгэж байгаа, мөн цалингийн зээлтэй байгаа болно. Өндөр хүүтэй мөнгө зээлэх шаардлага надад байгаагүй бөгөөд О.Батсайхан гэх хүн бусдыг залилах гэж байсныг мэдээгүй бусдаас мөнгө авахад нь гэрээ байгуулж гарын үсэг зурж, мөнгийг нь шилжүүлж өгсөн учир уг асуудлаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэх гэж байгаа асуудлыг шийдвэрлүүлж нэхэмжлэгчийг аль болохоор хохиролгүй болгох гэж хөөцөлдөж байгаа болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.Эт холбогдуулан 28,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч үндсэн зээлийн төлбөр 14,500,000 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Б.М, Ц.Э нар нь 2018 оны 10 сарын 22-ний өдөр 4,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.1 хувийн алданги төлөх нөхцөлтэй, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь нийт 14,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна.
Зээлдүүлэгч Б.М нь зээлдэгч Ц.Эийн өмчлөлд 14,500,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Ц.Э шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх бөгөөд талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүүгийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүүг шаардах эрхтэй, мөн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Ц.Маас 14,500,000 төгрөг зээлж авсан талаар маргахгүй байна.
Хариуцагч нь алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: би Б.Мтай зээлийн гэрээ байгуулсан боловч, надаар дамжуулан Б.Маас О.Батсайхан гэж миний найз зээлж авсан, энэ байдлыг нэхэмжлэгч мэдэж байгаа, би өрх толгойлсон эх хүн бөгөөд цалингийн зээлтэй, надад хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх шаардлага байгаагүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Учир нь хариуцагч О.Батсайханы гуйлтаар Б.Мтай зээлийн гэрээ байгуулж, зээлсэн мөнгөө О.Батсайхны хэлсэн дансаар дамжуулан шилжүүлсэн, О.Батсайхныг залилан хийсэн хэргээр цагдаад гомдол гаргаж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээгүй байна, надад хүнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч бичгийн баримтаар нотлоогүй, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн үндсэн зээл, хүүг хамт төлөх боломжгүй байдал нь зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: хариуцагчид зээлсэн 10,000,000 төгрөгийг С.Мөнхтөрөөс 10 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хүүнд нь 6,000,000 төгрөгийг, үндсэн төлбөрт Булган аймагт байрлах дүнзээр барьсан зуслангийн байшингаа зарж төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн хүүнд 6,000,000 төгрөг, үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг нь хангалтай нотлох баримт болж чадахгүй байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг нь 8 хоногийн хугацаатай байгуулсан гэж байгаа боловч гэрээндээ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэж хугацааг заасан байх ба гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулсан байна.
Мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10.000.000 төгрөгний гэрээг мөн 7 хоногийн хугацаатай байгуулсан байх тул 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,500,000 төгрөг, 7 хоногийн хүү 315,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, 7 хоногийн хүү 700,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 22,765,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,045,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эээс 22,765,000 төгрөг гаргуулан Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,045,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 271,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН