Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/00440

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, зүүн дэнж 4-16 тоотод оршин суух, Б.Э /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 29б-15 тоотод оршин суух, “Г” ХХК /Регистрийн дугаар:5894824, 88053893/-д холбогдох

“2,350,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э би дээрхи компанийн захирал Д.Ахамтран ажиллахаар аман гэрээ хийж 2018 оны 08 сард Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж байгаа Цэнгээний хотхонд 1200м2 талбай бүхий явган замын ажлыг 1м2 явган замын ажлын хөлсийг 10 000 /арван мянган /-төгрөгөөр нийт 12 000 000 /арван хоёр сая / төгрөгөөр хийхээр тохиролцон ажилласан. Явган замын хавтан олдохгүй байна гээд 900м2 талбайн явган замын ажлыг хийж гүйцэтгээд ажил зогссон. 900м2 явган замын ажлын хөлсөнд 9 000 000 /есөн сая/ төгрөгний ажлын хөлс авах байсан боловч 8 150 000 /найман сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг авч 850 000 /найман зуун тавин мянган/ төгрөгөө хавар ажил эхлэхээр аваарай гэсэн. 5 сард ажлаа эхлэнэ та ажлаа дуусгаад 3 850 000 /гурван сая найман зуун тавин мянган/төгрөгөө гүйцээж аваарай. Ажил эхлэх хугацааг Аймгийн засаг даргын тамгын газраас хэлнэ тэгээд таныг би дуудна гэсэн боловч хэлээгүй өөр хүмүүсээр хийлгэсэн байсан. Таны мөнгийг аймгаас мөнгөө авахаар өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Та замын ажил эхлэх болоогүй байгаа тул “Барс-2”-ын дээврийн ажлыг гүйцээгээд өгөөч гэхээр нь бас хийж өгсөн 11 ширхэг хар цаас дутлаа та дараа хийж өгөөд 1 500 000 /нэг сая таван зуун мянган / төгрөгөө аваарай гэсэн бас авч чадаагүй. “Барс-2”-ын дээврийн ажлыг 2018 оны 10 сарын сүүлч 11 сарын эхээр 1-р үеийн цаасыг нааж өгсөн. 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр хийхээр тохирсон боловч 500 000 /таван зуун мянган / төгрөгийн нь өгсөн. Үлдсэн 11 цаасаа наагаад үлдэгдэл 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөө аваарай гэсэн. Би удаа дараа үлдэгдэл хар цаасаа наахаар нэхээд ажлаа дуусгая гэсэн боловч авч өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Д.А нь аман гэрээгээр хийлгэсэн ажлаасаа ямар нэгэн шимтгэл татвар авахгүй гэж тохирсон. Энэ хүн ажлаа хийж дуусах дөхөөд ирэхээр материал дууслаа гэж ажлаа зогсоож ажлын хөлсөө гүйцээж өгдөггүй залилан хийдэг хүн байна гэж би ойдгож байна. Өвлийн хүйтэнд гэрийн ажлаа орхин өглөө 9 цагаас орой 19-20 цаг хүртэл ажлаа дуусгах гэж цай хоолчгүй хөлдөж үхэх дөхөн ажиллаж байсан. Ар гэрээ мартан өвлийн хүйтэнд хөлдөж үхэх дөхөн биеэрээ, эрүүл мэндээрээ хохирон хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байгаадаа гомдолтой байна. Ажлын хөлсийг авахад минь туслаач зөвийг тогтоож өгөөч. Би яг хийж гүйцэтгэсэн явган замын ажлын хөлс 850 000 /найман зуун тавин мянган/ төгрөг, “Барс-2” барилгын материалын дэлгүүрийн дээврийн ажлын хөлс 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг бүгд 2 350 000 /хоёр сая гурван зуун тавин мянган/ төгрөгний ажлын хөлсийг авахаар нэхэмжилж байна тусална уу гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.А иргэн би Б.Эийн надад холбогдуулж гаргасан 2 350 000 төгрөгний нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Б.Эийн гаргасан нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Б.Этэй цэцэрлэгт хүрээлэнгийн явган замын хавтан 1200м2 талбайн ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч 900м2-ыг нь чанар муутай хийж 8 150 000 төгрөг өгсөн нь үнэн, гэхдээ 300м2 талбайн үлдэгдэлтэй байсан. Б.Э нь тохиролцсон ёсоороо ажлыг бүрэн дүүрэн чанартай гүйцэтгэлгүй дутуу орхиж хийж гүйцэтгэсэн. 900м2 талбайн 170м2 нь хэмжээ алдаж чанар муутай хийж мөн 210 м2 талбайг хэсэгчлэн засвар хийсэн миний бие Ц.Батбилэг гэх хүнээр дахин замын талбайг хуулуулж 2 600 000 төгрөгний хөлс төлж тухайн ажлыг дахин гүйцэтгүүлсэн. Мөн Барс 2-ын дээврийн ажлыг Б.Э нь бас л гүйцэтгээд алга болсон 600 000 төгрөг өгсөн учраас энэ хүний нэхэмжлэлийг дутуу бөгөөд чанарын шаардлага хангахгүй хийж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлдээ Б.Э намайг луйварчин, залилагч мэтээр бичсэн байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй байгаа ба харин Б.Э нь ажлаа дутуу, чанар муутай хийгээд сураггүй алга болдог, дуудахад ирдэггүй итгэлгүй хүн юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд би энэ хүнд чанар муутай, дутуу хийсэн ажилд нь илүү буюу 2 700 000 төгрөгийг төлсөн учир энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Түүнийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг гэрчлэх гэрчүүдийг хэрэг шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцуулах болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан явган замын ажлын хөлс 850,000 төгрөг, “Барс-2” барилгын материалын дэлгүүрийн дээврийн ажлын хөлс 1,500,000 төгрөг нийт 2,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:...“дээрхи компанийн захирал Д.Ахамтран ажиллахаар аман гэрээ хийж 2018 оны 08 сард Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж байгаа Цэнгээний хотхонд 1200м2 талбай бүхий явган замын ажлыг 1м2 явган замын ажлын хөлсийг 10,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцон ажилласан. Явган замын хавтан олдохгүй байна гээд 900м2 талбайн явган замын ажлыг хийж гүйцэтгээд ажил зогссон. 900м2 явган замын ажлын хөлсөнд 9,000,000 /есөн сая/ төгрөгний ажлын хөлс авах байсан боловч 8,150,000 /найман сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг авч 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгөө хавар ажил эхлэхээр аваарай гэсэн”, “Та замын ажил эхлэх болоогүй байгаа тул “Барс-2”-ын дээврийн ажлыг гүйцээгээд өгөөч гэхээр нь бас хийж өгсөн 11 ширхэг хар цаас дутлаа та дараа хийж өгөөд 1,500,000 /нэг сая таван зуун мянган / төгрөгөө аваарай гэсэн бас авч чадаагүй. “Барс-2”-ын дээврийн ажлыг 2018 оны 10 сарын сүүлч 11 сарын эхээр 1-р үеийн цаасыг нааж өгсөн. 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр хийхээр тохирсон боловч 500,000 /таван зуун мянган / төгрөгийн нь өгсөн. Үлдсэн 11 цаасаа наагаад үлдэгдэл 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөө аваарай гэсэн” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн явган замын хавтан 1200м2 талбайн ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч 900м2-ыг нь чанар муутай хийж 8,150,000 төгрөг өгсөн нь үнэн, гэхдээ 300 м.кв талбайн үлдэгдэлтэй байсан. Б.Э нь тохиролцсон ёсоороо ажлыг бүрэн дүүрэн чанартай хийж гүйцэтгэлгүй дутуу орхиж хийж гүйцэтгэсэн. 900 м.кв талбайн 170 м.кв нь хэмжээ алдаж чанар муутай хийж мөн 210 м.кв талбайг хэсэгчлэн засвар хийсэн, Ц.Батбилэг гэх хүнээр дахин замын талбайг хуулуулж 2.600.000 төгрөгний хөлс төлж тухайн ажлыг дахин гүйцэтгүүлсэн. Мөн Барс 2–ын дээврийн ажлыг Б.Э нь бас л гүйцэтгээд алга болсон 600,000 төгрөг өгсөн учраас энэ хүний нэхэмжлэлийг дутуу бөгөөд чанарын шаардлага хангахгүй хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 08 сард Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж байгаа Цэнгээний хотхонд 1200м2 талбай бүхий явган зам тавих, 2018 оны 10 сарын сүүлээр “Барс-2”-ын дээврийн ажлыг хийж гүйцэтгэх, хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажл гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон гэрээний гол нөхцөл болох хөлсийн тухайд явган хүний замын хувьд 1м2 явган замын ажлын хөлсийг 10,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгөөр, дээврийн ажлыг  2,000,000  төгрөгөөр хийхээр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь 1200м2 талбай бүхий явган зам тавихаас 900м2 талбайн явган замын ажлыг хийж гүйцэтгэсэн 9,000,000 төгрөгний ажлын хөлс авах байсан боловч 8,150,000 төгрөгийг авч 850,000 төгрөг үлдсэн, дээврийн ажлын хөлс 2,000,000 төгрөгөөс хариуцагч нэхэмжлэгчид  500,000 төгрөг төлж 1.500.000 төгрөг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна

Хариуцагч  нь  900 м.кв талбайн 170 м.кв талбайг нэхэмжлэгч хэмжээ алдаж чанар муутай хийсэн, мөн 210 м.кв талбайг хэсэгчлэн засвар хийсэн гэдэг байдлаа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгчээс шаардаж байсан, гомдол гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн замын ажил доголдолтой байсан бол хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажил ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авсанаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан боловч доголдлын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь үлдсэн төлбөр 850,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Харин “Барс-2”-ын дээврийн ажлын тухайд нэхэмжлэгч нь дээврийн 1-р үеийн цаасыг нааж өгсөн, цаас нийлүүлэгдээгүйн улмаас ажлыг бүрэн хийж дуусгаагүй болох нь тогтоогдож байх тул үлдэгдэл 1,500,000  төгрөгөөс 500,000 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351..3-д заасан “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх” гэсэн үүргээ зөрчиж шаардлагатай материал буюу дээврийн цаасаар хангаж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч ажлыг бүрэн гүйцэтгэж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхэд  шаардлагатай үлдэгдэл хар цаасаар хангах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ажлыг бүрэн дуусгаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар “...гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагчаас 1,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 343 дугаар  зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1,351 дүгээр зүйлийн 351.1.1-д  заасныг баримтлан “Грийт стар” ХХК-аас 1,350,000 төгрөг гаргуулан  Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51,270 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас 36,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                  Б.БЯМБАСҮРЭН