| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/179 |
| Огноо | 2023-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0174/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2318000000190 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /,******* хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,*******-ийн аж ахуйн албанд ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын хойд талдтай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “дээд 2 шүдний мултрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогчын мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13/, гэрчын мэдүүлэг /хавтаст хэргийн 15/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 46-47/, ДарханУул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 48-49/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* : “...Хохирогч 2,300,000 төгрөг нэхэмжилсэн. Би 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 1,300,000 төгрөгийг өгч чадахгүй гэж бодож байна.
...Хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын хойд талдтай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “дээд 2 шүдний мултрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5/,
-Хохирогчын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цаг 30 минутын үед Ундрам нэртэй зочид буудалд орсон. 2 найзтайгаа архи ууж ярьж сууж байгаад 23 цагийн үед буудлаас гарч яваад үүдэн хэсэгт нь хоёр залуутай маргасан. Тэгээд зодоон эхэлсэн ба нэг залуу намайг тэвэрч аваад нөгөө залуу нь дөхөж ирээд халаасанд байсан утас авах гээд байсан. Би ойртуулахгүй ноцолдож байгаад хальтраад газар унасан чинь миний нүүр хэсэг рүү нэг залуу нь өшиглөөд 2 шүдийг минь унагаж үүдэн хоёр хиймэл шүдийг бас хугалж хаясан. Толгой руу цохиж толгойноос их хэмжээгээр цус гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/;
-Гэрчын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн найз *******гийн хамт дархан-Уул аймгийн 13 дугаар багт байх “” нэртэй зочид буудлын доод талын бааранд найзтайгаа пиво ууж байсан. Тэгээд гараад явах гэтэл манай найзаас нэг танихгүй залуу тамхи асуугаад тэгтэл манай найз ******* тэр хоёр хоорондоо маргаад байсан. Буудлаас гараад хоорондоо учиргүй зодолдоод эхлэхээр нь би салгах гээд дийлэхгүй байсан. Манай найзын амнаас нь нөгөөхийн амнаас цус гараад бие биенээ нүүрэн хэсэгт нь цохиод байсан. Би арай гэж салгаад хоёр тийш нь болгоод явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/;
-“... *********** биед “дээд 2 шүдний мултрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47/;
-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 48-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогчын биед “дээд 2 шүдний мултрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Хохирогчт учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүний биед халдаж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
2.Хохирол, хор уршиг:
Хохирогч нь шүүхийн шатанд “Өмнөговь аймагт ажилтай тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй. Гэмт хэргийн улмаас учирсан зардлыг ******* нь бүрэн төлж барагдуулаагүй тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх хүсэлт ирүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан. этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ