Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 154/ШШ2018/00048 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух Бурд овогт Сүхбаатарын Оюунбаатарын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагч байгуулагын төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: С.Оюунбаатар би тус ангид 2006 онд галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажиллаж байтал 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр салбарын захирагч тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь миний бие ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Иймд Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Манай байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар 2015 оны 01 дүгээр сард дээд удирдлагаас мэдэгдэл ирж байсан. Тус мэдэгдлийн дагуу С.Оюунбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Хөдөлмөрийн хуульд заасны дагуу мэдэгдэл өгсөн.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Н106, 5/754 дугаар тушаалын дагуу салбарын гэрээт харуул гэдэг орон тоог мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуул гэдэг албан тушаал болгон өөрчилсөн. Гэрээт харуул С.Оюунбаатар нь ахлагчийн албан тушаалд тэнцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирачийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бурд овогт Сүхбаатарын Оюунбаатарыг Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбараас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11449725 /арван нэгэн сая дөрвөн зуун дөчин есөн мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбаатарт олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгох 11449725 төгрөгөөс шимтгэл хураамжийг нь холбогдох байгууллагад  нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт үүрэг болгосугай.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч  Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбар хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 198146 төгрөг, нийт 268346 /хоёр зуун жаран найман мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргасангүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал, нотлох баримтуудад хууль зүйн үүднээс бодит дүгнэлт хийгээгүй нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч С.Оюунбаатарыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Жанжин штабын даргын тушаалаар нас хэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Батлан хамгаалах яамны сайдын 2008 оны 75 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан ахлагчийн алба хаах журмын 3.2.3-т заасны дагуу алба хаах насны хязгаар хэтэрсэн тул шинэчлэгдэн батлагдсан харуулын орон тоон дээр ажиллах боломжгүй.

Шинэчилсэн бүтэц зохион байгуулалтанд шилжинэ гэдэг асуудал 2014 оноос эхлэн яригдаж 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С.Оюунбаатарын ажиллаж байсан ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орж, ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орсон тухай мэдэгдэх хуудсыг хариуцах албан тушаалтнаар бичүүлэн С.Оюунбаатарт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан.

Одоо Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт гэрээт харуул гэсэн орон тоо байхгүй, харуулын үүргийг ахлагч нар гүйцэтгэж байгаа.

Ахлагчаар алба хаах журам байдаг. Энэ журамд “30 наснаас доош насны Монгол улсын иргэнийг ахлагчийн албанд татаж болно гэсэн заалт байдаг.

С.Оюунбаатарын хувьд цэргийн албанд ажиллах насны хязгаар хэтэрсэн тул үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан тул ажлаас чөлөөлсөн тул хариуцагчийн шийдвэр хууль ёсны юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд үндэслэлээ “гэрээт харуулын орон тоо байхгүй, одоо харуулын үүргийг ахлагч нар гүйцэтгэж байгаа, 30 наснаас доош Монгол Улсын иргэнийг ахлагчийн албанд татдаг тул С.Оюунбаатарын нас хэтэрсэн учраас ахлагчаар авах боломжгүй” гэж тайлбарлажээ.

 

С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдох хэрэг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд талуудын хооронд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна гэжээ.  

 

Гэтэл Хяналтын шатны шүүхээс хэрэг ирсний дараа  нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээтэй хамт хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний 305 дугаар ангийн тусгай салбарын захирагчийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаал, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаал зэрэг нотлох баримтууд нь хэргийн оролцогчийн буюу Зэвсэгт хүчний 305 дугаар ангийн тусгай салбарын “хуулбар үнэн” дарцтай байгаа нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь,  хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхээс нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон хариуцагч талын давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 154/ШШ2018/00048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР