Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/997

 

 

 

 

 

 

 

    2023         08          22                                    2023/ШЦТ/997

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Д.Ренчинханд,

улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч: Л.Баяраа

шүүгдэгчийн өмгөөлөгч:Н.Нямхүү 

шүүгдэгч: Б нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох эрүүгийн 23003002780226 тоот хэргийг 2023.06.26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн........ аймгийн ........ суманд ........-ний өдөр  төрсөн, ....... настай, эрэгтэй, бага боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа /барилга дээр ажилладаг/ ажилтай гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт ......... аймгийн ......... сум .......... баг хаягт оршин суух бүртгэлтэй, одоо  Сонгинохайрхан дүүгийн .......... хороо ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД:............/ Ш овогт Б Б нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оrange” мини маркетын арын замд 2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 20 цаг 36 минутын орчимд Мazda Сагаvаn маркийн 48-82 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б мөргөж амь насыг нь хохироосон зам тээврийн осол гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

             -  Гэмт хэрэг, зөрчлийн талаар дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-04/,

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-5- 12/,

            - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “0.00%” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13/,

- Гэрч Х...2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр СХД-н 28-р хороо Ногоон чулуут 1а-53 тоот байрлах гэртээ байж байгаад найз Бтай Тэнгис кино театр орж кино үзэх гээд Б Mazda Сагаvаn маркийн 48-82 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянхошууны хөтлийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй би урд талын суудалд суугаад зорчих хэсгийн 1-р эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт урд хүн гараад ирсэн тэгээд машинд тухайн хүн мөргөгдөх шиг болоод цааш яваад зогссон. Тэгээд би Баас юу болов гээд асуутал сая хүн дайрчихлаа гээд бид 2 машинаас буугаад тухайн хүн дээр очтол амьсгалж байхаар нь тухайн хүнийг зүгээр үү гээд асуутал өөдөөс юм дуу гарахгүй авиа гараад байхаар нь 103-102-т дуудлага мэдээлэл өгөөд машинаа замаас гаргаад боржуур давуулаад зогсоосон. Тэгээд машинаас каск аваад зам хааж тавиад байж байтал түргэн ирээд тухайн хүнийг нас барсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-57/,

            -  Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-28/, тухайн бичлэг бүхий диск,

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б...2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр орой гэртээ байж байтал 23 цагийн орчимд манай эгч Д.Батцэцэг рүү цагдаагийн байгууллагаас залгаад “ах машинд мөргүүлээд нас барчихлаа” гэж хэлэхээр нь би 2 эгчтэйгээ тээврийн цагдаагийн албан дээр ирж уулзсан” гэх мэдүүлэг /хх-31/,

- Гэрч У: ”Талийгаач Дарханд амьдардаг юм. Тэгээд 2023 оны 04 сарын 14-ний өдөр Дарханаас талийгаач бид 2 хамт ирээд Улаанбаатар хотод барилгын ажил хийхээр ирсэн юм. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр зурагтын ойролцоо нийтийн байранд манайх амьдардаг юм. Тухайн өдөр орой 20 цагаас 21 цагийн хооронд манай эхнэр П, Б, 2 зээ, Ц гээд бид хэд нийтийн байр луугаа алхаад явж байтал талийгаач Б ах нь нэг тамхи татаад ирье та нар явж бай би талханд яваад ирье гээд салаад яваад өгсөн. Тэгээд бид нар гэртээ ороод 30-40 минут болоод талийгаач ирэхгүй болохоор нь би араас нь гартал зам дээр эмнэлгийн машин ирчихсэн байхаар нь ойртоод хартал Б зам дээр хэвтэж байхаар нь би очоод хартал эмч нь ойртуулахгүй гэхээр нь би иргэний үнэмлэхийг нь гаргаад эмчид өгсөн”... гэх мэдүүлэг /хх-46/,

- Гэрч П: Талийгаач 2023 оны 04 сарын 14-ний өдөр манайд ирж 3-4 хоноод Налайх руу явах ажилтай байна гээд явчхаад 04 сарын 20-ний өдөр орой манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт байж байсан 2023 оны 04 сарын 23-ний өдөр манай нөхөр У талийгаач Б 2 хотод барилга дээр ажиллахаар болсон.  тухайн барилгын хүн нь Ард кино театр дээр ирээд уулзаадах гэж байна гээд очиж уулзчихаад үдээс хойш нормын хувцас хунар өгөөд дарга нь манай гэрт хүргэж ирээд би ажилчид даа цаанаас нь байр хоол ундыг нь гаргаж өгдөг гээд хувцас хунараа аваад явцгаасан. Тэгээд би ажилчид байрлаж байсан гэрт нь очиж хоолыг нь хийж өгчхөөд У Б, Ц гээд бид хэд манай гэр лүү явцгаасан. Тэгээд замдаа явж байгаад талийгаач Б Уаа ахдаа нэг тамхи өгчих тамхи татчихаад очъё та нар түрүүлээд явж бай гэхээр нь би Б ахаа та дэлгүүр ороод нэг талх аваад ирээч гээд хэлтэл “тэгье” гээд миний виза картыг аваад явсан юм. Тэгээд бид хэд хариад 30-40 минут орчим болоод Б ахыг ирэхгүй болохоор нь манай нөхөр У Ц нар араас нь хайгаад гартал зам дээр машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байна гээд над руу утсаар залгасан. Тэгээд 2 зээгээ дагуулаад гарах гэтэл манай нөхөр намайг битгий ир ийм юм битгий хар гээд гэр лүүгээ ороод байж бай гээд хэлэхээр нь гэртээ орсон... гэх мэдүүлэг, /хх-49/,

            - Гэрч Ц: 2023 оны 04 сарын 23-ны өдөр 20-21 цагийн орчимд Б ах дэлгүүрээс талх тамхи авах зорилгоор явсан. Ирэхгүй удаад байхаар нь У ахын хамт ардаас нь гарсан тэгсэн зам дээр ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай атиралдан хэвтэж байсан. Би ойртон очиж хараад айгаад ухаан балартан яах учраа мэдэхгүй гар утсаар Цэвээн Отгон ах болон Тогтохоо нарыг дуудсан... гэх мэдүүлэг /хх-53/,

            -  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-18/,

            - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1201 дугаартай: Талийгаачийн цогцост гавал тархи, цээж хэвлийн хөндийн, хүзүүний нугалам, мөчдийн хавсарсан гэмтэл, дух ясны цөмөрсөн ил хугарал, тархины зүүн тал бөмбөөгийн духны дэлэнгийн голомтлог няцрал, баруун, зүүн уушгины няцрал ба гялтан доорх цус хуралт, элэгний баруун дэлбэн болон 2 дэлбэнгийн цус хуралт, баруун бөөрний үүдэвч хэсгийн язрал, гол судасны гадна хана, 2 бөөрний өөхөн эд ба хальсан доорх, элэгний өргөн холбоос, өрцний цус хуралт, хүзүүний 3,4-р нугалам их биеэрээ бүрэн салсан хугарал, нугас бүрэн тасрал, зүүн талын 2-4-р хавирганы шууд хугарал, зүүн, баруун шилбэний шаант ясны хугарал, орчмын булчингийн цус хуралт, дух, баруун тохой, баруун, зүүн шилбэ, сарвууны язарсан шарх, зүүн хөмсөг, баруун тохой, баруун, зүүн өвдөг, цээж, баруун алга, баруун ташаа, баруун сарвууны зулгаралт, цээжний хөндийн зүүн хөндийн цус хуралдалт, дух, баруун тохой, баруун, зүүн шилбэний язарсан шарх, зүүн хөмсөг, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөг, баруун нүдний дээд зовхи, цээж, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх үед үүсгэгдсэн байх боломжтой байна. Талийгаач В/Ш/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн, хүзүүний нугалам, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-72-78/,

        - Шүүх шинжилгээний инженер-техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2112 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн DVD дискт хадгалагдаж байх “Оранж дэлгүүр 91,mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй “Оранж дэлгүүр 91.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 20:42:03 секундэд дүрслэгдэх суудлын авто машин нь “А”- “Б” цэгийн хоорондох 4 метр зайг ойролцоогоор /43.6-57.6/ км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн... гэх дүгнэлт /хх-137-140/,

            - Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 320005 дугаартай ... Урд копут баруун гар талын хажуу үзүүр хэсгээрээ хонхойж орсон, урд нүүр баруун гар талын хажуу хэсэгтээ цуурсан сэвтэй, хойд гуфер баруун гар талын булан хэсэгтээ бага зэрэг хагарсан, зүүн гар талын урд их гэрэл сэвтэй, урд оврын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын хойд их гэрэл хагархай сэвтэй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Урд копут баруун гар талын хажуу үзүүр хэсгээрээ хонхойж орсон /шинэ/, урд нүүр баруун гар талын хажуу хэсэгтээ цуурсан сэвтэй /шинэ/, хойд гүфер баруун гар талын булан хэсэгтээ бага зэрэг хагарсан /хуучин/, зүүн гар талын урд их гэрэл сэвтэй /хуучин/, урд оврын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын хойд их гэрэл хагархай сэвтэй /хуучин/ зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Тухайн зам тээврийн ослын үед урд копут баруун гар талын хажуу үзүүр хэсгээрээ хонхойж орсон /шинэ/, урд нүүр баруун гар талын хажуу хэсэгтээ цуурсан сэвтэй /шинэ/ зэрэг гэмтлүүд үүссэн байна Мazda Сагаvan маркийн загварын тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВ5 бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна... гэх дүгнэлт  /хх-148-152/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх  баримтууд, шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оrange” мини маркетын арын замд 2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 20 цаг 36 минутын орчимд Мazda Сагаvаn маркийн 48-82 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б мөргөж амь насыг нь хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дуудлага хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, тухайн бичлэг бүхий диск,  гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1201 дугаартай дүгнэлт,  шүүх шинжилгээний инженер-техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2112 дугаартай дүгнэлт,  мөн шүүх-шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2112 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 320005 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

            Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” заалт, мөн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 “явган хүний зохицуулалтай газар руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж, гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

             

Иймд  шүүгдэгч Б.Быг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний  амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Б нь хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батзориг нь  төрсөн ах  Б нас барсантай холбоотой учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар төлж арилгахыг шүүгдэгч Б.Баас  шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч Б.Бын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас 54 настай Д.Б амь насаа алдсан хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б зүгээс оршуулгын зардалд 20888671 төгрөг, өмгөөллийн хөлс 5000000 төгрөг, 49 хоног хураасан зардалд 2007581 төгрөг, нийт 27.896.252  төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг хавсарган өгсөн болно. /хх-196/

Тухайн баримтыг шалгаж үзэхэд хэргийн 196-216 дугаар хуудсанд оршуулгын шууд зардалтай холбоотой баримт хавсаргагдсан байх ба  зарим баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй хэт бүдэг, гаргацгүй /196 дугаар хуудасны ар талын 3 баримт, 200 дугаар хуудасны 22 гэж дугаарласан баримт/, хэргийн 201 дүгээр хуудсан дахь 500000 төгрөгийн зарлага давхардсан, хэргийн 200 дугаар хуудсан дахь Хаан банкны мөнгө бэлнээр авсан баримтыг зардалд тооцохгүй зэрэг шалтгаанаар хасаж бусад баримтыг нэгтгэхэд нийт 12.486.502 төгрөг болж байгааг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч талд олгох үндэслэлтэй байна.

Үлдэх зардал болох 10382750 төгрөг нь шашны зан үйл болон хоног хураах зан үйлтэй холбоотой гарсан зардал нь оршуулгын зардалд хамаарахгүй, мөн өмгөөлөгчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон шийдвэр болон дээр дурдсан төлбөртэй холбоотой шийдвэрийг танилцуулахад хохирлоо төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгч талаас 2500000 төгрөгийг хохирогч талд шилжүүлсэн, өмнө нь нийт 10 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны баримтаар тогтоогдож байх тул өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.Б нь баримтаар нотлогдсон төлбөрийг төлж барагдуулсанд тооцох үндэслэлтэй байна.

Харин хохирогч нас барснаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, тухайн оршин суугаа газраас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Бидний зүгээс оршуулгын зардалд баримтаар 27.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Хэрэг гарсан өдрөөс авхуулаад өдөр өдрөөр нь 49 хоног хураах болон зан үйлийн холбогдолтой баримтуудыг гаргаж өгсөн. Үүнээс шүүх дүгнээд зан үйлийн холбогдолтой баримтуудыг төлүүлэх арга хэмжээг авсангүй, 12.500.000 төгрөг төлүүлсэн. Хүний амь нас ийм бага мөнгөөр үнэлэгдэх ёсгүй. Хүнээ алдаад дээр нь эдийн засгаар хохирсон. Шүүгдэгчийг 27.500.000 төгрөгийг төлчих болов уу, хүн ёсоор хандах болов уу, ирж уулзах болов уу гэж зөндөө харсан. Ирж уулзаагүй, шүүх хуралдаан дээр л нүүр царайг нь харж байна. Тиймээс маш их гомдолтой байна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хорих санал гаргасан, өмгөөлөгчийн хувьд дэмжиж байгаа тул таарсан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодож яваад анхаарал болгоомжгүйгээсээ болоод санамсаргүйгээр хүний амь насыг хохироосон. Шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа хэлсэн. Талийгаачийн оршуулгын үеэр 3 удаа очсон, буяны ажил явдалд нь 500.000 төгрөг өгсөн, уулзаагүй биш уулзсан байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан гэж үзэж байна. Б.Б нь санамсар болгоомжгүйгээс болж тохиолдлын шинж чанартай хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн хэргийн газарт осол болсон гэдгийг мэдээд тэр дороо зугтаалгүй зогсоод, цагдаа дуудаж, тусламж үзүүлэх гээд очиход харамсалтай нь талийгаач өнгөрсөн байсан. Ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байдаггүй. Шүүгдэгч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, бүрэн бүтэн техник хэрэгсэлтэй байсан. Энэ зүйл анги нь хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ялтай юм. Улсын яллагчийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгож байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс заавал хорих ялын саналыг оруулж байна. Хохирогчийн зүгээс шүүх хуралдааны явцад оролцож байхдаа учирсан хохирлоо нэхэмжлэх, хэрэг үнэн зөв, хууль ёсны дагуу шалгагдсан эсэх талаар ярих ёстой. Түүнээс биш ялыг зааж шүүхэд чиглүүлэх эрх, үүрэг байхгүй. Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчаас оногдуулж байгаа ялын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, харьяа хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэх байдлаар ялын хүрээ, хэлбэрийг тогтоож, ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний  амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар Б.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй..

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар  хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нас барснаас учирсан гэм хорийн төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 15.396.252 /арван таван сая гурван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  сэтгэл санаанд учирсан  гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй  орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч талд мөнгөн дүнгээр 12.500.000  /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б мэдэгдсүгэй.

10. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг Б холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

11. Энэхүү шийтгэх тогтоол болмогц Б.Бын 1410999 дугаартай жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ