| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
2023 06 06 2023/ШЦТ/109
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 2315000000119 дугаартай, 163/2023/0107/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Баасанжаргалын Хатанбаатар, Булган аймгийн ******* суманд 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Гуртын 4-419 тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Монгол Улсын иргэн, ******* овогт Даваагийн Нямдорж, Булган аймгийн ******* суманд 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хороо, 6 дугаар гудамж 11 тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, 39 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Нямдорж, Б.Хатанбаатар нар нь бүлэглэж 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг буюу 3,4 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж байгаль экологид 573427 төгрөгийн шууд хохирол учруулсан /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.720.281 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000119 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Нямдорж, Б.Хатанбаатар нар нь бүлэглэж 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг буюу 3,4 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж байгаль экологид 573427 төгрөгийн шууд хохирол учруулсан /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.720.281 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хатанбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нямдоржийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
3. Иргэний нэхэмжлэгч Ж.*******гийн өгсөн: “...Одоо би ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаад 13 жил болж байна. Би энэ талаар цагдаагийн байгууллагаас дуудахад нь мэдсэн. ******* суман дахь сум дундын ой ангийн гаргасан дүгнэлтээс хохирол тодорхой гарсан байна. Байгаль экологид учирсан хохирлыг тухайн модны бодит хэмжээг гаргаад, гарсан мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор Байгаль хамгаалах тухай хуулинд тусгасан байдаг юм аа. Дээрх иргэний модны хохирлын хэмжээг гаргасан байгаа болохоор тэр хэмжээгээр гарна гэсэн үг. Тухайн иргэн нь мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан гэхдээ босоо мод бэлтгэн, тээвэрлэсэн нь хууль бус үйлдэл нь тодорхой байна. Буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид сум дундын ой ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм. Заасан газраас өөр газраас авах хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг нь хүчингүй болгох үндэслэл болдог юм. Олгосон эрхийн бичгээр зөвхөн заагдсан газраас байгалийн жамаар унасан мод, хожуул, торцовыг цэвэрлэж авах байтал дээрх иргэн нь огт зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. Тухайн байгаль хамгаалагч мод бэлтгэх газраа өөрийн биеэр очиж иргэдэд заан өгч бэлтгүүлж, тээвэрлэлтэд хяналт тавих үүрэгтэй. Баг тус бүрд 1-2 газарт тусгаарлалт хийгдсэн байгаа. ******* багт ******* гэх газар тусгаарлалт хийгдсэн. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Сумын иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад багийн иргэдийн нийтийн хурал болон хэсэгчилсэн байдлаар байгаль орчны талаар сургалт, сурталчилгааг жил бүр зохион байгуулж ажилладаг. Иргэн бүр нь байгалийн дагалдах баялаг болон түлээ болон хэрэглээний модны зохих зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авч, хууль журмын дагуу мод бэлтгэдгийг сайн мэдэж байгаа гэх …” мэдүүлэг хавтаст хэргийн 32-35 дахь тал,
4. Гэрч Б.*******гийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр Б.Хатанбаатар нь найз Нямдорж гэх хүнтэй хамт модонд яваад ирье гэж хэлээд явсан. Тэгсэн орой 19 цагийн үед манай нөхөр Хатанбаатар нь гэртээ ирэхдээ модоо ачаад сумын төв орох гээд явж байтал цагдаа зогсоож шалгаад та хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж хэлээд миний машиныг журмын хашаанд хийсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед гэртээ байсан болохоор ямар төрлийн мод бэлтгэж, тээвэрлэсэн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр Хатанбаатар нь надад хэлэхдээ найз Нямдоржийнх гаднаа модгүй болсон байна хамт модонд яваад өгөөч гэж хэлж байсан. Тэгэхээр түлээний мод л бэлтгэсэн байх гэж бодож байна. Манай нөхөр Хатанбаатар нь өөрийн эзэмшлийн 50-07 БУЛ улсын дугаартай Портер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр найз Нямдоржтой хамт модонд явсан. Тухайн өдөр нэг удаа л модонд явсан гэх...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
5. Гэрч Э.гийн өгсөн: "... Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хутаг- өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Янзтай зоогийн газар”-ын урд 16 цагийн үед эргүүл шалгалт хийж байх үед 50-07 БУЛ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Б.Хатанбаатар нь хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэн явсныг цагдаагийн тасгийн кобан байрны журмын хашаанд түр саатуулсан....” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 43-44 дэх тал,
6. Гэрч Д.ын өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээр байхад манай сумын 1 дүгээр багийн иргэн Б.Хатанбаатар нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би иргэн Хатанбаатарыг мод бэлтгэх газрыг нь зааж өгөөд явуулсан. ******* 2 дугаар багийн “*******” гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талбайн тусгаарлалт хийгдсэн. Дээрх газарт нийт 10 га талбайд талбайн тусгаарлалт хийгдсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-ний хооронд ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрүүдээр эргүүл, шалгалт хийж явах үед манай сумын экологийн байцаагч Анхтөмөр олж тогтоосон. Тухайн өдөр иргэн Хатанбаатар нь надаас 5 куб цэвэрлэгээний ажлаар модны эрхийн бичиг авсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг өгч явуулаад модоо бэлтгээд ирэхэд нь шалгах гэж байсан чинь Янзтай зоогийн газарт цагдаад баригдсан байсан. Тэгээд би бэлтгэсэн модыг харсан. Би очиж өөрийн биеэр харахад ургаа мод байсан. Тухайн үедээ надад энэ талаар хэлсэн зүйл байхгүй. Шинэс гэх хар мод байсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 46-47 дахь тал,
7. Гэрч Б.ийн өгсөн: “...Би одоо Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт байгаль хамгаалагчаар ажиллаад 14 жил болж байна. Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* 2 дугаар багийн төвөөс ******* сумын төв орох гээд 16 цагийн үед Янзтай зоогийн газрын урд явж байтал манай сумын иргэн Б.Хатанбаатар нь 50-07 БУЛ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй цагдаад шалгуулаад зогсож байсан. Тэгээд би өнгөрөөд сумын төв рүү яваад өгсөн. Ургаа хуурай мод байсан. 5 куб орчим мод тээвэрлэн явж байсан. Шинэс гэх хуурай хар мод байсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 49-50 дахь тал,
8.Тольдох оюуны өгөөж ХХК-ны шинжээч Д.ы “...Hyundai Porter 50-07 БУЛ тээврийн хэрэгслийн үнэ 1.083.458 төгрөг...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 67 дахь тал,
9. Шинжээч Б.ы өгсөн: “... Уг мод нь “Шинэс” төрлийн 43 ширхэг мод байсан бөгөөд хэмжилтээр 3.4 /м3/ куба болсон. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 573.427 төгрөг болсон. Би байгаль орчин аж үйлдвэрлэлийн яамны сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын хавсралт, Ойн тухай хуулийн 18.3.4 зүйлийг үндэслэл болгон гаргасан юм. Б.Хатанбаатар нь мод бэлтгэх эрхийн бичгээр зөвхөн байгалийн жамаар унасан унианга мод бэлтгэх байтал 5 ширхэг босоо модыг бэлтгэн, тээвэрлэсэн нь модыг бэлтгэхдээ хууль бусаар бэлтгэсэн байна. ******* сумын ******* 2 дугаар багийн ойн сан нь бүхэлдээ 1 дүгээр бүсэд хамаарагдана. ******* 2 дугаар багийн “******* гэх газарт 10 га талбайд талбайн тусгаарлалт хийгдсэн гэх ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх баримтат мэдээлэл бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.*******, гэрч Б.*******, Э., Д., Б. нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Д.Нямдорж, Б.Хатанбаатар нар нь бүлэглэж 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг буюу 3,4 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж байгаль экологид 573427 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Шүүгдэгч Д.Нямдорж, Б.Хатанбаатар нар нь эрх бүхий байгууллагаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч, зөвшөөрлөнд заагдсан түлээний мод биш шинэс төрлийн модыг улсын ойн сан бүхий газарт халдаж тайрч бэлтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нар нь санаа, зорилгоороо нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зөвшөөрөлгүйгээр бүлэглэж ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд нийт 573.427 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган аймгийн ******* сумын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1.702.281 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байх тул шүүгдэгч нараас хохирол, нөхөн төлбөрийн 1.702.281 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нараас хувь тэнцүүлэн 851.140 төгрөгийг тус тус гаргуулахаар, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Д.Нямдорж нь 637,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх хохирол 214.140 төгрөгийг, шүүгдэгч Б.Хатанбаатараас 851.140 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарыг бүлэглэж ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 117-128 дугаар талд авагдсан Булган аймгийн ******* сумын Хутаг багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Хатанбаатар нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Гуртын 4-419 тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Д.Нямдоржийн хувьд хавтаст хэргийн 130-133 дугаар талд авагдсан Булган аймгийн ******* сумын Хутаг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Нямдорж Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хороо, 6 дугаар гудамж 11 тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн болон хөрөнгө орлогын байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялын саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн санал болгосон тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн шинж байхгүй байна.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг өөрөө хүндрүүлэх бүрэлдэхүүнээр орж ирсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, амьдралын шаардлагаар гэмт хэрэгт холбогдсон гэдгийг харгалзан үзнэ үү. Нийгэмд учирч байгаа хор уршгийг харгалзан үзэж тэнсэн харгалзах ялыг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 50-07 БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Хатанбаатарын өмчлөл, эзэмшилд байгаа нь нотлогдож байх тул түүнийг 50-07 БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 5 ширхэг буюу 3.4 метр куб шинэс зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэргийн газрын нөхөн үзлэгээр илрүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80,000 төгрөгийн /наян мянга/ үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Баасанжаргалын Хатанбаатар, ******* овогт Даваагийн Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх зааснаар шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарыг оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Хатанбаатар, Д.Нямдорж нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 1.720.281 /нэг сая долоон зуун хорин мянга хоёр зуун нэг/ төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.Хатанбаатараас 851.140 /найман зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин/ төгрөгийг, шүүгдэгч Д.Нямдоржоос 214.140 төгрөгийг /хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуун дөчин/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 50-07 БУЛ улсын дугаартай Портер загварын 1.163.458 /нэг сая нэг зуун жаран гурван мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Хатанбаатарын өмчлөл, эзэмшилд байгаа нь нотлогдож байх тул тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 5 ширхэг буюу 3.4 метр куб шинэс мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн JIN SHI WANG гэсэн бичиглэлтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ