Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2020/00731

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: “Х” ХХК

Хариуцагч: Ш.Т

Гэрээний үүрэгт 50 387 997 төгрөгийг “Хоту” ХХК-иас гаргуулах, “Хоту” ХХК төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд батлан даагч Ш.Түвшинжаргалаас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Хоту” ХХК-ийн, нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-иас 31 709 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-нд хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, У.Ганчулуун, хариуцагч, хариуцагч “Хоту” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Түвшинжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Тус компани нь  2018 оны 02 дугаар сарын 19-нд “Хоту” ХХК-тай “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах  гэрээ” байгуулж, тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ш.Түвшинжаргал захиралтай батлан даалтын гэрээг байгуулсан. Батлан даалтын гэрээгээр хэрэв компани үүргээ гүйцэтгэхгүй бол ямар нэгэн маргаан байхгүйгээр Ш.Түвшинжаргал захирал гүйцэтгэнэ гэсэн нөхцлийг уг гэрээнд заасан. Гэрээний дагуу “АОДЭ” ХХК-иас “Хоту” ХХК нь 16 ширхэг дугуйг 37 670 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Өнөөдрийг хүртэл хугацаанд 8 250 000 төгрөгийг төлсөн.  Сүүлийн 2 жилийн хугацаанд хариуцагч байгууллага төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн.  Бид нар “Хоту” ХХК-иас дугуйны төлбөрөө төлөхийг утсаар, албан бичгээр, тэр байтугай хуулийн фирм хөлслөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт “Хоту” ХХК-ийн оффис дээр очиж, Ш.Түвшинжаргал захиралтай уулзан, хүү алдангиа чөлөөлье, төлбөрөө л төлчих гэсэн шаардлагыг удаа дараа шаардаж байсан. Гэвч Ш.Түвшинжаргал захирал  “юу яриад байгаа юм бэ, ийм хүнд хэцүү үед та нар мөнгө нэхлээ, шүүхээрээ яв, хэрвээ тэгэх юм бол энэ хэрэг маргаан шийдэгдэхгүй 2-3 жил болно шүү” гэж хэлээд биднийг өрөөнөөсөө хөөгөөд гаргаж байсан удаа бий. “Сэлбэг зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний тусгай нөхцлийн 3.2.1-т “худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулна”, 7.1-т “төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд сар тутамд 1 хувийн хүү тооцно”, 2.1-т “2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно” гэсэн тохиролцоонуудыг талууд хийсэн. Ингэж тооцоход үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 29 420 000 төгрөг, хүү 6 257 997 төгрөг болсон. 2018 оны дугаар 03 дугаар сарын 05-наас 2020 оны 01 дүгээр сарын 13-ныг хүртэл хүү  тооцсон. Энэ хугацаанд нийт 12 хувийн хүүг 647 хоногоор тооцсон бөгөөд 1 хоногийн хүү 9 672 төгрөг, нийт 6 257 997 төгрөг болсон. Гэрээний 7.1.2-т  заасны дагуу хүүг тооцоход 29 420 000 төгрөгөө 12 хувьдаа үржүүлээд 365  хоногтоо хуваагаад, 1 өдөрт бодогдох хүү 9 672 төгрөгийг 647 хоногт үржүүлээд 6 257 997 төгрөгийн хүү болсон.  Гэрээний 7.2.1-т зааснаар 678 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд хоног тутамд 0,5 хувиар  алданги тооцвол  99 733 800 төгрөг болсон бөгөөд үүнийг Иргэний хуульд нийцүүлэн тооцоход 14 710 000 төгрөг болсон. Нийт нэхэмжлэлийн дүн 50 387 997 төгрөгийг “Хоту” ХХК-иас гаргуулах, хэрвээ “Хоту” ХХК уг төлбөрөө сайн дураараа гүйцэтгэхгүй бол батлан даагч Ш.Түвшинжаргалаас уг төлбөрийг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хариуцагч “Хоту” ХХК нь манай үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Хүү болон алдангийг зэрэг нэг гэрээнд байх ёсгүй гэсэн хуулийн  хориглосон заалт байхгүй. Тэгэхээр бид нар хүү, алданги, үндсэн төлбөрөө бүгдийг нь нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагч “Хоту” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Түвшинжаргалаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээр бид нийт 16 ширхэг дугуйг нийтдээ 37 670 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээ 2018 оны 03 дугаар сарын 05-нд дуусах байсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний талаар яригдаад байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ бол төлбөр төлөх эцсийн өдрийн дотор хүү бодогдоно, тэрнээс хойш бол гэрээний үүргийн хариуцлагын асуудал анзын асуудал болно.  Анзын тухай ойлголтод алданги орох ба  хоног тутамд 0,5 хувиар тооцно. Гэтэл  хүү гэж нэг аваад, алданги гэж бас дахиад авах тухай ойлголт байхгүй. Гэрээ сунгагдсан асуудлын талаар үзэхэд талуудын хооронд сунгасан тухай тохиролцоо болоогүй. Яагаад гэвэл гэрээнд та үүргээ 1 сарын дотор биелүүлсэн бол 1 хувийн хүүтэйгээр дугуйны үнийг төлнө, үүнээс хойш 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж алданги бодно гэж заасан бол үүн дээр алдангийн л асуудал яригдана. Бид  36 000 000 төгрөгийн 1 хувийн хүүд  326 000 төгрөг л  хүүнд төлөх боломжтой, ингээд 15 000 000 орчим төгрөгт эвлэрэх боломжтой гэсэн санал гаргасан. Гэрээний тухайн үеийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх үеийн үйл баримтын талаар тодруулахад, хариуцагч компани нь 2 машин нэхэмжлэгчээс  худалдаж авахын тулд 16 ширхэг дугуйг өөрөөс нь мөн худалдаж авсан.
Уг машинуудын дугуй сайн, шаардлага хангаж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгч компани нь дугуйнуудыг “манай байгууллагаас худалдаж ав” гэсэн санал тавьсан. Бид нар Эрээнээс худалдаж авах боломжтой л байсан. Бид Ховд аймгийн Алтай сумын Хөшөөтийн уурхай руу явахад 2 удаа машины мотор эвдэрсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол учирсан хохирлоо шаардах эрхтэй, 232.8.-д  зааснаар анзын хэмжээ  их илт байвал нөхцөл байдлыг харгалзаж, шүүх түүнийг багасгаж болно. Хэргийн нөхцөл байдлыг талаар тодруулахад, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь манай сөрөг нэхэмжлэлтэй хоорондоо салшгүй холбоотой юм. Хэрвээ машин сайн дугуйтай байсан бол 1 ширхэг дугуйг 2 350 000 төгрөгөөр, нийт 36 000 000 төгрөгөөр 16 ширхэг дугуй худалдаж авах шаардлага байхгүй байсан. Яагаад гэвэл Эрээн хотоос дугуй 1 800 000 төгрөгөөр худалдаж авах байсан. Үүнээс харахад нийт дугуйн дээр л гэхэд 5 500 000 орчим төгрөгийн нэмэгдэлтэй авсан байдаг. Бид  нэхэмжлэлээс үлдэгдэл төлбөр 29 420  000 төгрөг, алданги 14 710 000 төгрөг, хүүнд 326 000 төгрөг, нийтдээ  44 456 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулах журам, онцлогийг  Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1., 263.2.-т  тодорхой заасан. 263.4.-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1.-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ” гэж заасан. Гэтэл хуульд нийцүүлж заагаагүй мөртлөө одоо санхүүгийн түрээсийн гэрээ байсан гээд  өгсөн 20 000 000 төгрөгийг нь  буцааж өгөхгүй байж, дугуйны үнийг нэхэхээрээ зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж хүү нэхээд байгаа нь үндэслэлгүй. Энэ  нь Иргэний хуулийн 262.1., 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа учраас хүү шаардах эрхээ алдсан байна. Харин талууд хоорондоо тохиролцоод худалдах, худалдан авах гэрээг бол байгуулсан байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх гэхээр, бичгээр хийгдсэн гэрээн дээр бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээг, сар бүрт төлөх хүүний хэмжээг маш тодорхой тусгасан байх ёстой гэсэн шаардлагууд хангагдаагүй. Аливаа хэлцэл хүсэл зоригийн хувьд хуульд нийцсэн байх ёстой. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.-т заасны дагуу гэрээний аль нэг заалтын утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг гэрээний бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан 2 машин худалдан авах гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ биш гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрчихөөд одоо 20 000 000 төгрөгийг хариуцагч талд өгөхгүй гэж байгаа чинь ямар үндэслэлтэй юм бэ. Шаардлага хангахгүй техникийг бусдад худалдчихаад сүүлд нь мотор засаж, сэлбэг хэрэгсэл тавиад чанар сайжраад ашиглалтад орж  явах боломжтой болохоор нь санхүүгийн түрээсийн гэрээ байсан юм  гээд машинаа буцаагаад авчихдаг.   

Иргэний хуулийн  202 дугаар зүйлийн 202.1.-т заасны дагуу стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байдаг. Энэ тохиолдолд стандарт нөхцлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан учраас эрхийн асуудлыг талаар яригдаад байна. Машин шилжүүлж худалдаж авснаас хойш гарсан санхүүгийн баримтуудыг дандаа “АОДЭ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. Хэрвээ бусад өөрийнхөө машинуудад тэр сэлбэгийг тавих байсан бол заавал тэр богино цаг хугацааны дотор шаардахгүй байсан. Тэр машиныг худалдаж аваагүй байсан бол энэ 16 ширхэг дугуйг худалдаж авах ёстой байсан эсэх тухай асуудал бас гарч ирнэ. Тэр худалдаж авсан дугуйнууд эргээд шинэ дугуйны үнээр худалдагдахгүй. Энэ дугуйнуудыг 6 сар үндсэндээ хэрэглээгүй байна. Яагаад гэвэл дунд нь засвар үйлчилгээ хийгдээд яваад байсан. Үүнийг шүүх тал талаас нь харгалзаж үзэх нь зүйтэй гэв.

 

Хариуцагч Ш.Түвшинжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Батлан даалтын гэрээг байгуулсан нь үнэн. Би өөрөө “Хоту” ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Тийм ч учраас батлан даалтын гэрээ байгуулсан. Бид нар олон жил хамтран ажилласан найз, нөхөд байсан учир янз бүрийн гэрээ байгуулахдаа анхаарал хандуулахгүй, шалгаж байгаагүй, шууд л итгэлцлийн үндсэн дээр гарын үсэг зураад явдаг байсан. Энэ байдал миний буруу боллоо. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй, Ш.Түвшинжаргалаас ямар үндэслэлээр гэрээний төлбөр, хариуцлага нэхээд байгаа, юуг хариуцуулах шаардлагатай юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой. Батлан даалтын гэрээ гэдэг үндэслэлээр яриад байгаа болохоос биш компанийн гүйцэтгэх захирал бол компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бөгөөд тэрийг компанийн зүгээс хэлцэл хийж байгаа тохиолдолд компанийн гүйцэтгэх захирлыг өөрөөр нь батлан даалтын гэрээ байгуулна гэдэг бол төлбөрийн асуудал дээр хэрхэн яаж батлан даах вэ гэдэг нь ойлгомжгүй. Тиймээс Ш.Түвшинжаргалд холбогдох төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дугуйны төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг бол “Хоту” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг шаардах эрхтэй гэв.

 

Хариуцагч “Хоту” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл маань 16 ширхэг дугуй худалдаж авсан асуудалтай салшгүй холбоотой.  “Howo”  маркийн 2 ширхэг, 2012 онд үйлдвэрлэсэн, түүнээс хойш 8 жил уул уурхайд тасралтгүй ажилласан хуучин машинуудыг 140 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулсан гэдэг зүйл ярьсан. “Санхүүгийн түрээсийн гэрээ”  байгуулахдаа  “та нар урьдчилаад 20 000 000 төгрөг өг, түүний дараа машинаа ав” гэж хэлээд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн, Төв аймгийн Заамар сумын байрлах “ АОДЭ” ХХК-ийн хашаанаас тус 2 машиныг хүлээж авсан, тухайн үед аль аль талаасаа машин хүлээлцсэн акт үйлдээгүй.  Манай байгууллага уул уурхайд олон жил ажилласан бөгөөд 40 тонны том даацын машинуудыг засаж, сэлбэж чадна, өөрсдөө ч ийм машин ашиглаж байсан, одоо ч ашиглаж байгаа болохоор энэ 2 машиныг өөрсдийн өмч болгож худалдаж авна, Хөшөөтийн уурхайд хөрс хуулалт хийнэ гэсэн төлөвлөгөө, зорилготойгоор худалдан авсан. Бид ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулахыг хүсээгүй. Хэрвээ би түрээсийн гэрээ байгуулж, том даацын машин худалдаж авах байсан бол юу гэж өөрсдийгөө болон жолооч нараа зовоож, өвлийн хүйтэнд машиныг дахин дахин засварлаж, шинэ мотор авч, сэлбэг тавьж,  шинэ дугуй худалдаж авах үйлдэл хийхгүй байсан.  Машинууд шаардлага хангахгүй талаар  Д.Боргил захирал руу ярихад “та нар өөрсдөө худалдаж авч байгаа учраас өөрсдөө засаж ав, сэлбэг болон дугуйг зөвхөн манай байгууллагаас худалдаж ав”  гэсэн болзол тавьсан учраас 16 ширхэг дугуйг  5 сая төгрөгийн алдагдал гаргаж байгаад төлж байгаад авсан. Ингээд уг 2 машинд тавьсан бүх сэлбэгийг “АОДЭ” ХХК-иас худалдаж авсан, нийтдээ 11 709 400 төгрөгийн зардал гарсан. 2018 оны автомашины татварт 330 000 төгрөг, 9 500 төгрөгийг тус тус өмнөөс нь төлсөн. Үүнийг нэхэмжлэгч машинуудаа буцааж авахдаа манайд өгөөгүй. Яагаад гэвэл бид нар машинуудыг худалдаж авч байсан учраас татваруудыг хүртэл төлж байсан. Уг машинуудад нэхэмжлэгчийн хашаан дотор засварчдаар нь засвар хийлгэж, мотор засч 2018 оны 03 дугаар сарын 02-нд Ховд аймаг орохоор явахад  22-ын товчооноос цаахна дахиад л манай 08-81 ТТА дугаартай “Howo 371” маркийн машины мотор нь эвдэрч буцаад л дахин “АОДЭ” ХХК-ийн Төв аймгийн Заамар суманд байдаг хашаанд нь чирч авчраад, нэхэмжлэгч талд “бид нар энэ машиныг засаж чадахгүй юм байна, мэргэжлийн хятад хүмүүсээр нь засвар үйлчилгээг  нь хийлгэе” гэж хэлсэн. Ингээд  “Бугат тэнгэр” гэдэг хятад засварчидтай компанид хандаад 5 105 000 төгрөгөөр моторыг нь боолгосон.  Мотор засах гэж 4-5 хоног болсон. Тэгээд 2 машиныхаа моторыг засаад Ховд аймаг руу 1500 км замд явахад том машинууд учраас цагт 5-10 км-ээс хэтрэхгүй мөн зам хальтиргаа гулгаатай байсан учраас 11-12 хоног явж байж Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд 04  дүгээр сарын 01-нд очиж, нийт 5 хоног ажилласан, 05 дугаар сард 7 хоног ажилласан, хуучин машин байсан учир жигд ажлын бүтээмж гаргаж чадахгүй байсан. Ажлын бүтээмж гаргаж чадахгүй байсан учир  бид нарт захиалагч талаас алданги тооцож байсан. 2018 оны 05 дугаар 03-нд Засгийн газраас шийдвэр гарч Хөшөөтийн уурхайн ажлыг зогсоосон. Үүнтэй холбоотой бид нар 2018 оны 06 дугаар сарын 06-наас бүх техник хэрэгслүүдээ өөрсдийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сум дахь алтны уурхайгаа ажиллаж эхлүүлэхээр нүүж, наадмын өмнөхөн өөрийн алтны уурхайд ирж уурхайн бэлтгэл ажлуудыг хийсээр нэлээд хугацаа орсон, энэ тухайгаа захирал Д.Боргилд хэлж танилцуулахад  “тийм зүйл байхгүй, бид нар 2 машинаа буцаагаад авлаа” гээд 2018 оны 08 дугаар сарын 05-ны үед буцаан авсан. Тэр үед бид 2 машинаа авах гэж байгаа бол бидний худалдаж авсан 16 ширхэг дугуйны хамт авахыг хүсэхэд хүлээж аваагүй. Бид 16 ширхэг шинэ дугуйгаа тайлж авсан, оронд нь өөрт байсан дунд зэргийн чанартай 16 ширхэг дугуйг тавьж өгсөн. Бид машины үнэд төлсөн  20 000 000 төгрөгтөө дугуйныхаа мөнгийг суутгана гэхэд Д.Боргил  захирал “танд алданги болон ямар нэгэн хүү тооцохгүй, та боломжтой үедээ дугуйныхаа мөнгийг төлөөрэй” гэж хэлсэн. Тиймээс бид одоо машины үнэнд төлсөн 20 000 000 төгрөг, мөн нэхэмжлэгчээс өөрөөс нь худалдаж авч машинуудад нь тавьсан сэлбэг хэрэгслийн үнэ, мотор боолгосон хөлс гэх мэт нийт 11 709 400 төгрөгийг зарцуулж хохирсон учир 31 709 400 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулах хүсэлттэй  байна гэв.

 

Нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г 2018 оны 01 дүгээр сарын 30-нд байгуулсан. Уг гэрээний тусгай нөхцлийн 17-д “ баталгаат хугацаа: техникүүд нь хуучин техникүүд бөгөөд ямар нэгэн хэлбэрээр баталгаат хугацаа, нөхцөл байхгүй болно” гэж тохиролцсон. Энэ нь анхнаасаа 2 машин нь хуучин техник байсан гэдгийг мэдэж худалдаж авсан гэсэн үг юм. Ингэж худалдаж авчихаад одоо бид нараас засварын төлбөр нэхээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагч талаас засвар хийсэн гээд төлбөрийн даалгавар, зарлагын баримт, дансны хуулга  өгсөн байгаа бөгөөд энэ баримтууд нь үнэхээр манай байгууллагаас авсан 2  ширхэг “Howo” машинд хийсэн юм уу гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ компанид олон жил  уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан учраас энэ 2 машинаас өөр олон ийм машинууд байхад яг аль машинд нь засвар орсон гэж үзэх юм бэ. Мөн 16 ширхэг дугуйг бид  нар буцааж аваагүй бөгөөд хариуцагч байгууллага өөрсдөө хэрэглээд явж байгаа.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа байдаг. Баталгаат хугацаа олгоогүй тохиолдолд дээрх хуульд заасны дагуу шаардлага гаргаагүй. 254.7.-д баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолно гэж байгаа. Тэгэхээр хуулийн дагуух 6 сарын хугацаанд эрсдэл ямар тохиолдолд шилждэг вэ гэхээр манайхаас 2 машиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлснээр эрсдэл ч шилжсэн. Үүнээс хойш 6 сарын хугацаанд хариуцагч тал доголдлын талаар гомдлын шаардлага гаргах ёстой боловч, энэ хугацаанд гаргаагүй байна. Мөн 20 000 000 төгрөгийн тухайд  энэ мөнгөнөөс өөрөөр ямар ч төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд бид нар олон жилийн хамтын ажиллагаагаа хүндэтгээд хүлээсэн боловч дахин нэмж төлөлт хийгээгүй тул  өгсөн техникээ буцааж авсан. Тухайн үед Х.Олонбаяр захирал нь “манай байгууллагын Хөшөөтийн уурхай ажил зогсчихлоо, ах нь ямар ч төлөлт хийх боломжгүй байгаа учир чи энэ техникүүдээ буцаагаад ав, 20 000 000 төгрөгийн төлбөрөө шингээнэ” гэж ярьж тохиролцсон байдаг. Хэрэв бид 6 сар машинуудыг түрээслэхэд зах зээлийн ханш сард 25-30 сая төгрөгийн орлого олох байсан. Гэтэл бүтэн 6 сарын хугацаанд энэ машиныг ашиглаад, урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөг, түүн дээр нэмж 11 709 400 төгрөг нэмж нэхсэн нь үндэслэлгүй. Бид энэ гэрээг хуульд заасан санхүүгийн түрээсийн гэрээ биш гэдгийг зөвшөөрч байгаа. Харин зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж үзэж байна. Хүү тооцох талаар гэрээний тусгай нөхцлийн 4.2.2-т “сарын хүү, төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд цаашид сард 2 хувийн хүү тооцно” гэж заасан. Талууд гэрээний доторхи заалтуудыг тохиролцсон гэж үзнэ. Санхүүгийн түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлийн 8.4.6-д “түрээсийн зүйлийн эвдрэл гэмтлийг түрээслэгч хариуцна. Түрээсийн зүйлийн урсгал засвар болон урьдчилан сэргийлэх оношлогоо үйлчилгээг өөрийн зардлаар хийж гүйцэтгэнэ”, гэрээний тусгай нөхцлийн 15-д “түрээслэгч нь түрээсийн хугацаанд, түрээсийн зүйлийн холбогдох татвар хураамжийг цаг хугацаанд нь төлнө” гэж заагаад өгсөн. Мөн гэрээний 10.5-д зааснаар түрээслэгчийн буруугаас түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нөхцөлд түрээслэгчийн төлсөн түрээсийн төлбөрийг ашигласан хугацааны төлбөрт шилжүүлэн тооцох буюу түрээсийн зүйлийн ашиглалтыг эд хөрөнгө хөлслөх зарчмаар тооцно”, 10.6-д “ашигласан хугацаа гэдэгт түрээсийн зүйлийг түрээслүүлэгч түрээслэгчид хүлээлгэж өгсөн өдрөөс хойш буцаан өгсөн өдөр хүртэл хугацааг ойлгоно”, 10.7-д гэрээнд түрээслэгчийн буруугаас түрээслүүлэгчийн санаачлагаар цуцалж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нөхцөлд урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгохгүй бөгөөд түрээсийн зүйлийг түрээслүүлэгч эзэмшилдээ эргүүлэн авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг гүйцээн хангуулна” гэсэн заалтууд байгаа учраас 20 сая төгрөгийг нэхэмжлэгч үлдээсэн. Харин ч манай тал хамтын ажиллагаагаа хүндэтгээд гэрээнд заасан өөр төлбөр аваагүй. Санхүүгийн түрээсийн гэрээ болон сэлбэг зээлээр нийлүүлэх гэрээг аль аль нь сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрөөд байгуулсан болохоос биш хэн нэгэндээ тулгаж, хүчээр байгуулсан зүйл байхгүй. Мөн хариуцагч тал 16 ширхэг дугуйг заавал “АОДЭ” ХХК-иас аваад байх шаардлага байхгүй байсан. Хөшөөтийн уурхай зогссонд, бүтэн 1 сар техникээ ашиглаагүйд “АОДЭ” ХХК ямар ч буруугүй, ямар ч оролцоогүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төв аймгийн Заамар суманд байсан хашаанаас “Howo” маркийн машиныг Улаанбаатар хот руу авч ирэх үед тухайн машинд ямар эвдрэл гэмтэл байх вэ гэдгийг мэдэх боломж бүрэн байсан. Хүлээж авч байгаа хүмүүс өөрсдөө уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүс, 140 000 000 төгрөгийн 2 ширхэг “Howo” маркийн машиныг авахдаа үзэж, шалгасан байх ёстой. Тэндээс Улаанбаатарт ирээд эвдэрчихээд байхад нь буцааж өгөх боломжтой байсан. Тэгэхээр эднийх гэрээнд заасны дагуу, өөрсдөө тохиролцсоны дагуу ч хуучин, засварлах шаардлагатай машин механизм байсан гэдгийг хүлээн зөвшөөрч түүний дагуу авсан гэж үзэж байна. Тиймээс засварын төлбөрийг нэхэмжлэгч хариуцахгүй.  Анхнаасаа худалдан авч өөрийн өмчлөлийнх болгох гэсэн хүсэл зоригтой байсан гэдэг, “Санхүүгийн түрээсийн гэрээ”-нд ч гэсэн мөнгөө бүгдийг нь төлөх юм бол өмчлөх эрх үүснэ гэсэн талаар заалт байгаа. Мөнгөө төлөөгүй байхад худалдах, хуцдалдан авах гэрээний дагуу хариуцагч талд яаж өмчлөх эрхийг шилжүүлэх юм бэ, гэрээнд ч 20 000 000 төгрөгийг буцаахгүй гээд заасан. Сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүл

 

эгт зохигчдын гаргасан тайлбар болон  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АОДЭ” ХХК нь хариуцагч “Хоту” ХХК-д холбогдуулан зээлээр  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсэний торгууль, алдангид нийт 50 387 987  төгрөг гаргуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд хариуцагч Ш.Түвшинжаргалаас төлбөрийг гаргуулах  тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн  зарим хэсгийг буюу үлдэгдэл төлбөр  29 420 000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 14 710 000 төгрөгийг, 326 000 төгрөгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй, харин 16 ширхэг дугуйг худалдан авахдаа гэрээний хугацаанд хүү тохироогүй, хүү төлөх ёсгүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, хариуцагч Ш.Түвшинжаргалаас төлбөрөө төлөхгүй тохиолдолд төлбөрийг төлүүлнэ гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул үндэслэлгүй  гэж тайлбарлан нэхэмжлэлийн зарим хэсгийг үл зөвшөөрөн,  улмаар хариуцагч “Хоту” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 30-нд байгуулсан  гэрээний дагуу 2 ширхэг “Howo” маркийн өөрөө буулгагч машиныг худалдаж авахад урьдчилж төлсөн 20 000 000 төгрөг, уг машинуудад засвар хийж сэлбэг хэрэгсэл авч тавьсан зардалд зарцуулсан 11 709 400 төгрөг, бүгд 31 709 400 төгрөгийг “АОДЭ” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

Нэхэмжлэгч “АОДЭ” ХХК нь  сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрч хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр манай компаниас худалдаж авсан 2 ширхэг “Howo” машиныг хуучин гэдгийг мэдэж авсан, уг 2 машинд 11 709 400 төгрөгийн сэлбэг хэрэгслийг зарцуулсан гэдэг нь нотлогдоогүй, эвдрэлтэй байсан бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хохирлоо шаардаагүй, машины үнийг хугацаандаа төлөөгүйгээс бид машинаа буцааж авсан, 2 машиныг бүтэн 6 сар ашигласан түрээсийн төлбөрт 20 000 000 төгрөгийг суутгасан, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй  гэж тайлбарлан маргажээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудын  зарим хэсгийг дараахь үндэслэлээр  ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч “Хоту” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-иас худалдан авсан байсан 2 ширхэг “Howo” маркийн өөрөө буулгагч том оврын машинд хэрэглэхээр уурхайн зориулалттай 16 ширхэг дугуйг 1 ширхэгийг нь 2 350 000 төгрөг, бүгд 37 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч  буюу нэхэмжлэгч “АОДЭ” ХХК нь гэрээний зүйлийг худалдан авагч буюу “Хоту” ХХК-д  шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  AODE-GPCSP-2018/04 тоот “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, түүний хавсралт, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Батлан даалтын гэрээ” зэрэг баримтуудаар нотлогдсон.

Талуудын хооронд байгуулсан “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний тусгай нөхцөлийн 2.1, 3.1,  гэрээний  1 дүгээр хавсралт болох ерөнхий нөхцөлийн 2.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 16 ширхэг дугуйг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 3.2-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны дотор гэрээний зүйлийн үнийг хариуцагч төлж дуусгах үүргийг хүлээсэн байна.

Энэ хугацаанд хариуцагч нь дугуйны үнэд нийт 8 250 000 төгрөг төлж, гэрээний зүйлийн үнээс 29 350 000 төгрөг төлөөгүй үлдсэн байх боловч  хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөрийг 29 420 000 төгрөг үлдсэн гэсэн тооцооны талаар  хүлээн зөвшөөрч, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.

“Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний тусгай нөхцөлийн 3.1-д “Хүү: Зээлийн дүнгээс хуваарьт хугацаанд хүү тооцохгүй. Төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 1 хувь байна” гэж, гэрээний хавсралт ерөнхий нөхцөлийн 7.1.1-д “Зээлийн эрхээс хуваарьт хугацаанд хүү тооцохгүй”, 7.1.2-т “Худалдан авагч нь тухайн сарын зээлийн эрхээ хугацаанд нь хаагаагүй нөхцөлд барааны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөөс сарын 1 хувийн хүү тооцно...” гэж зааснаас үзэхэд талууд гэрээний хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд гэрээний зүйлийн үнийн дүнгээс хүү тооцохоор тохиролцоогүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2., 263 дугаар зүйлийн 263.2.3.-д зааснаар гэрээний хугацаанд төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцсон, гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн үнэ нэмэгдсэн байх  зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинжийг агуулаагүй байна.

Харин нэхэмжлэгч болон хариуцагч “Хоту” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн дээрх  гэрээний тусгай нөхцөлийн 3.1, ерөнхий нөхцөлийн 7.1.2-т заасан хүү нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д заасан “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасантай ч нийцэхгүй байх тул  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч төлбөрийг хугацаанд төлөөгүйн хүүд 6 257 997 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.

Дээрх гэрээний хавсралт ерөнхий нөхцөлийн 7.2.1-д “Худалдан авагч нь ...үүргээ хугацаанд биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө...” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 29 420 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 14 710 000 төгрөгийг тус тус хариуцагч төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч  “Хоту” ХХК нь дээрх үүргүүд дээр нэмж 326 000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч болон хариуцагч “АОДЭ” ХХК-ийн хооронд байгуулсан AODE-GPCSP-2018/04 тоот “Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний тусгай нөхцөлийн 3.1, гэрээний хавсралт ерөнхий нөхцөлийн 6.3-т “Тусгай нөхцөлд харилцан тохиролцсон бол талууд гуравдагч этгээдээр батлан даалт гаргуулж болно. Батлан даагч нь худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэж худалдагчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Түвшинжаргалтай  2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Батлан даалтын гэрээ”-г бичгээр байгуулсан байна.

Уг гэрээний 1.1-д батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үндсэн гэрээний дагуу хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй, гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээн, үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргийг үл маргах журмаар өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулахаар зааж, энэ үүргийг хариуцагч Ш.Түвшинжаргал хүлээхээр тохиролцсон нь  Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д заасан батлан даалтын гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд  462 дугаар зүйлийн 462.1.-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч “Хоту” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-иас батлан даагч буюу хариуцагч Ш.Түвшинжаргалд мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагч “Хоту” ХХК нь нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-д гэрээний төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Түвшинжаргалд холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах боломжгүй болно.

 

Хариуцагч “Хоту” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч “Хоту” ХХК нь нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-иас “Howo” маркийн өөрөө буулгагч 08-82 ТТА улсын дугаартай, 08-81 ТТА улсын дугаартай  2 ширхэг 40 тонны даацтай, ачааны зориулалттай машиныг нийт 140 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 30-нд “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан дээрх AODE-FLC-2018/01 тоот гэрээний тусгай нөхцөлд  “...Түрээслэгч талын зүгээс гэрээний хугацаанд сарын 0 хувийн хүү тооцож түрээслүүлэгч талд төлнө. Түрээслэгч тал төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд цаашид сарын 2 хувийн хүү тооцно... Урьдчилгаа төлбөр 80 000 000 төгрөг байна... урьдчилгаа төлбөрийн 20 000 000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор...60 000 000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлын 20 өдрийн дотор түрээслүүлэгч талд шилжүүлнэ. Урьдчилгаа төлбөр бүрэн төлөгдсөнөөр энэ гэрээ хэрэгжих үндэслэл болж, техник хүлээлгэн өгнө...үлдэгдэл төлбөр болох 60 000 000 төгрөгийг техник хүлээн авсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд 2 хувааж түрээслүүлэгч талд шилжүүлнэ...” гэж, гэрээний хавсралт ерөнхий нөхцөлийн 8.2.2-т “Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх” гэж тус тус зааснаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн, нэг бүр нь 70 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг  өөрөө буулгагч машиныг хариуцагчид 140 000 000 төгрөгөөр худалдаж, уг машинуудыг урьдчилгаа төлбөр төлсний дараа хариуцагчид  шилжүүлэх, хариуцагч нь гэрээний зүйлийн үнэ болох 140 000 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах үндсэн үүргүүдийг тус тус  хүлээсэн байна.

 Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 312.2.-т “Түрээслүүлэгч  нь түрээслэгчийн хүсэлт зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсхүл худалдан авах үүрэгтэй” заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 2 машиныг хариуцагч талд тодорхой хугацаагаар ашиглуулахаар шилжүүлээгүй, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид уг машинуудыг ашигласны хөлс буюу түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд тодорхой хэмжээгээр төлөхөөр тохиролцоогүйн дээр гэрээний зүйлийг түрээслэгч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригийг хэн аль нь илэрхийлсэн байна.

Иймд  талуудын хооронд   санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, харин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

AODE-FLC-2018/01тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 5.4-т заасны дагуу гэрээний зүйлийг хүлээлцсэн актыг талууд үйлдээгүй байх боловч нэхэмжлэгч 2 машиныг 2018 оны 02 дугаар сарын 05-нд хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь мөн өдөр гэрээний зүйлийн урьдчилгаа үнэд 20 000 000 төгрөгийг төлсөн, түүнчлэн 2018 оны 08 дугаар сарын 06-нд уг 2 машиныг нэхэмжлэгч буцаан авсан болох нь  зохигчдын тайлбар, “Санхүүгийн түрээсийн гэрээ”, Ш.Түвшинжаргал болон нэхэмжлэгч нарын  хооронд байгуулсан “Батлан даалтын гэрээ”, 20 000 000 төгрөгийн дүн бүхий “Хоту” ХХК-ийн 2018  оны 02 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн баримт зэргээр нотлогдсон бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан, 2018 оны 02 дугаар сарын 05-ний өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны “Хоту” ХХК-ийн төлбөрийн баримтууд, 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Бугат тэнгэр” ХХК-ийн 5 105 000 төгрөгийн дүн бүхий зарлагын баримт, ХААН банк дахь “Хоту” ХХК-ийн 5129037881 тоот, иргэн Ш.Түвшинжаргалын 5112010620 тоот дансны депозит даны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны мемориалын баримт, “Хоту” ХХК-ийн тус банк дахь 8140000112 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч тал нь, нэхэмжлэгч  биет байдлын доголдолтой 2 машин шилжүүлсний улмаас  мотор засуулах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгсэл сольж тавих зэргээр нийт 11 709 400 төгрөгийг зарцуулж хохирсон гэж нэхэмжилсэн боловч уг баримтууд нь гэрээний зүйл болох “Howo” маркийн өөрөө буулгагч, 08-82 ТТА улсын дугаартай, 08-81 ТТА улсын дугаартай  2 машинд уг 11 709 400 төгрөг зарцуулж сэлбэг хэрэгсэл авсан, засвар үйлчилгээ хийсэн гэх үйл баримтыг нотлох үндэслэл болохгүй байна.

Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 3.1-ийн 17-д “Техникүүд нь хуучин техник бөгөөд ямар нэг хэлбэрээр баталгаат хугацаа, нөхцөл байхгүй болно” гэж, гэрээний хавсралт ерөнхий нөхцлийн 9.9-д “Түрээслэгч түрээсийн зүйлийг хүлээн авахдаа биет байдлын доголдолтой эсэхийг нягтлан шалгаж авах ба ийнхүү шалгаж авснаас хойш учирсан доголдол болон зохих горимынх нь дагуу ашиглаагүйгээс үүдэлтэй учирсан доголдлыг бие дааж бүрэн хариуцна” гэж тус тус заасан байх бөгөөд гэрээний зүйлийг 2018 оны 02 дугаар сарын 05-нд хариуцагчид хүлээлгэн өгөх үед дээрх машинууд хуучин байсан болохыг хариуцагч мэдэж байсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн  254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээгээ цуцлах шаардлага гаргах эрхтэй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-нд 2 машиныг хүлээн авснаас хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан хугацааны дотор худалдагчид хандан шаардлага гаргасан талаар баримтгүй, түүнчлэн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1., 255.1.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал  зөвхөн энэ хуулийн 219.3., 225.2.-т заасан зөрчлийг арилгуулах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээнээс татгалзаж болно” гэсний дагуу хариуцагч буюу худалдан авагч “Хоту” ХХК нь гэрээний зүйлийн үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүйгээс худалдагч буюу “АОДЭ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 30-нд байгуулсан “Санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй худалдах, худалдан авах  гэрээнээс татгалзах эрхтэй.

            Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “ Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205.7.-д “ Энэ хуулийн 205.1.-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь 2 машины үнэд урьдчилан төлсөн 20 000 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж,  хариуцагч “Хоту” ХХК-иас 44 456 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон хариуцагч Ш.Түвшинжаргалд холбогдох хариуцагч “Хоту” ХХК нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хариуцагч Ш.Түвшинжаргалаас төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг,  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “АОДЭ” ХХК-иар төлүүлж, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 380 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч “Хоту” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  нэхэмжлэгчээс 257 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 44 456 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д  олгож, нэхэмжлэлээс  5 931 987 төгрөгийн шаардлагыг болон “хариуцагч “Х” ХХК нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хариуцагч Ш.Т-аас төлбөрийг гаргуулах” тухай хариуцагч Ш.Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас 20 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Х” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 11 709 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Х” ХХК-иас 380 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч “Х” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  нэхэмжлэгч “А” ХХК-иас 257 950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Хоту” ХХК-д  олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

      

 

 

ДАРГАЛАГЧ                                          Ж.БАЙГАЛМАА