| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/110 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/110
2023 06 06 2023/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч М.Э*******
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2315000000089 дугаартай, 163/2023/0108/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Б*******ын *******, Булган аймгийн *******суманд 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн *******сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хам амьдардаг,
-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 34 настай, эрэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуурсан үедээ Булган аймгийн *******сумын ******* 2 дугаар багийн төв “*******” гэх газарт оршин суух иргэн М.Э*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслийг хашаанаас нь завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчим Булган аймгийн *******сумын ******* 2 дугаар багийн төвд ******* улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7а, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж явган зорчигч О.Б*******ыг мөргөж дайрч амь насыг нь хохироосон,
Мөн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2315000000089 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуурсан үедээ Булган аймгийн *******сумын ******* 2 дугаар багийн төв “*******” гэх газарт оршин суух иргэн М.Э*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслийг хашаанаас нь завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчим Булган аймгийн *******сумын ******* 2 дугаар багийн төвд ******* улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7а, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж явган зорчигч О.Б*******ыг мөргөж дайрч амь насыг нь хохироосон,
Мөн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
3. Үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-07 дахь тал/,
4.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
5.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.гийн өгсөн: “... Миний хувьд хэргийн талаар мэдэхгүй байж байгаад талийгаач Б*******ын ахыг сумын эмнэлэг дээр амьсгал хураачихлаа гэж манай хүү хэлэхээр нь мэдсэн. Талийгаачийн ар гэрийн зүгээс гомдолтой байна. Харин ямар нэгэн мөнгө нэхэмжлэхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
5. Хохирогч М.Э*******ын өгсөн: “… Хэрэг болох үед миний эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй манай хашаанаас унаж явсан. Улмаар манай хашаанаас урагш ойролцоогоор 300-400 орчим метр зайд талийгаач аав Б*******ыг мөргөж чирсэн байсан. Улмаар цааш *******сумын төв ороод сумын төвийн зүүн урд талд шатахуун түгээх газрын ойролцоо миний машиныг хээр хаясан байсан. Тухайн газар хүртэл 4-5 орчим километр зайтай.Би бол машинаа унаж явах зөвшөөрөл өгөөгүй.Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
6. Гэрч М.Э*******ын өгсөн: “...Би өчигдөр шөнө буюу 2023 оны 02 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнийн 01 цагийн орчимд манай эхнэр намайг сэрээгээд гэрийн гадаа байсан ачааны машиныг маань хүн асаачихлаа чи босоорой гэж сэрээсэн. Тэгээд би сэрээд өндийгөөд хартал миний ******* улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг хүн асаагаад улмаар хашааны хаалгаар гарч байхыг харсан. Улмаар би араас нь явган гарсан бөгөөд би гүйцэхгүй байсан юм. Тэгээд би хадам аав Б*******ын гэрт ороход хадам ээж орондоо унтаж байсан. Харин хадам аав Б******* байхгүй байсан. Тэгэхээр нь би арын айл болох хадам аавын төрсөн дүүгийнд орж хүүхэд нь болох ыг сэрээгээд миний машиныг хүн унаад явчихлаа чи машинтай юм чинь хамт араас цуг явъя гээд босгоод машинтай нь хоёулаа хадам аав Б*******ын хашааны баруун талаар гараад явж байтал зам дээр хадам аав Б******* суугаа байдалтай нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би юу болов аав гэхэд нөгөөдөх чинь намайг дайрчхаад давхиад явчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хадам аав Б*******ыг машинд суулгаад улмаар сумын эмнэлэгт авчирч үзүүлээд эмчилгээ хийлгэж байтал улмаар бие нь муудаж амьсгал хураасан. Тэгээд би сумын цагдаагийн хамтаар сумын төвөөр өөрийн машиныг хайж байтал миний машиныг шатахуун түгээх газрын доод талд орхичихсон байсан. Тэгэхээр нь би машинаа аваад цагдаагийн хашаанд хийсэн. Тэгээд *******ийг хайгаад олохгүй байж байтал хадам ээж нартай тааралдаж машинд нь суусан байхаар нь би цагдаагаас хамт очиж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
7. Гэрч Г.Гын өгсөн: “… Өчигдөр шөнө буюу 2023 оны 02 сарын 26-27-нд шилжих шөнө 02 цаг 20 минутад Э******* гэх хүн надад дуудлага өгсөн. Тухайн үед утсаар хэлэхдээ машинтай унаад хүн бэртэж эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би шууд эмнэлэг дээр ирэхэд Б******* нь амьд байсан бөгөөд би юу болсон талаар асуухад талийгаач Б******* ах нь хүүгээ зогсоох гэж байгаад чадсангүй тэгээд машин доогуур нь ороод хажуугаараа хэвтээд хоёр бөөрөнхий зүйлд чирэгдээд явсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
8. Гэрч Г.ын өгсөн: “… шөнө 02 цагийн орчимд гэртээ унтаж амарч байхад Э******* ах гэрт орж ирж намайг сэрээсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ******* машин аваад явчихлаа хоёулаа араас нь явчхаад ирье гэхээр нь би машинаа жолоодоод Э******* ахын хамтаар хөдөлсөн. Тэгээд явж байхад цас орчихсон давхар дугуйтай ачааны Портер машины мөр ганцхан байхаар нь араас нь дагаад явсан. Тэгээд талийгаач Б******* ахын баруун талаар явсан байхаар нь мөрийг нь дагаад явж байтал Б******* ах зам дээр сууж байсан. Тэгэхээр нь машинаас буугаад юу болсон талаар асуухад ******* намайг дайрчхаад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
9. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэд “...О.Б*******ын биед сээрний 11-р нугалмын их бие, хажуугийн сэртэнгийн хугарал, нугасны бүрэн бус тасрал, хальсанд цус хуралт, баруун 1,2,3,4,5,6, зүүн 1-р хавирганы шууд хугарал, өвчүүнд цус хуралт, баруун уушги, элэг, бөөрний язарсан шарх, цээж, хэвлийн хөндийд цусан хуралдалт /350мл/, баруун чих, дагз, баруун гарын 5-р хуруу, баруун тавхай, зүүн шуун, зүүн тохойд шарх, уушгины гялтан, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун, зүүн алга, баруун тавхайд зулгаралт, цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, дагз, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чамархай, зүүн алга, баруун, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун шагай, нуруу, зүүн өгзөг, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан сээрний 11-р нугаламын их бие, хажуугийн сэртэнд хугарал, нугасны бүрэн бус тасрал, хальсанд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун уушги, элэг, бөөрөнд шарх, цээж, хэвлийн хөндийд цусан хураа /350мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээж, хэвлий, нуруу, нугасны хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь Булган аймгийн *******сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудсанд бичсэнээр 2023 оны 02 дугаар сарын 27-ны 05 цаг 25 минутанд нас баржээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/,
10. Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 66 дахь тал/,
11. Шинжээч Г.Золжаргалын 1513 дугаартай дүгнэлт: “...1.ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. ГИ59090510 ******* гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн.Цусан дахь 1.0 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуурсан үедээ Булган аймгийн *******сумын ******* 2 дугаар багийн төв “*******” гэх газарт оршин суух иргэн М.Э*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгслийг хашаанаас нь завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван уг тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох явцдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7а, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч О.Б*******ыг мөргөж дайрч амь насыг нь хохироон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.******* нь Булган аймгаас Орхон аймаг руу хүүхдүүд рүүгээ очих зорилгоор хадам ах М.Э*******ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг авч явсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба түүний согтуурлыг шалгах зорилгоор биологийн дээж авахад шинжээчийн 1513 дугаартай дүгнэлтээр 1.0% промилли спирт илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь тогтоогджээ.
Мөрдөгчийн 24 дугаартай магадалгаагаар шүүгдэгч Б.*******ийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ, тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг магадлагаа нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглалтай агуулгын хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь цогцост хийсэн шинжээчийн 22 дугаартай дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Б.*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан,
Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодож 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас А.Б*******ын амь хохирч хүнд хор уршиг учирчээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О., хохирогч М.Э******* нар нь гомдол саналгүй мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О., хохирогч М.Э******* нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 96- дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Б.******* нь ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн *******сумын 2 дугаар баг ******* гэх газарт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс:
Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 496 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 496 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 62 хоног буюу 2 сар 2 хоногийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 75 өдөр буюу 2 сар 15 хоногийн хорих ялаар тооцож, нийт ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 5 жил 4 сар 17 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жил 4 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч Б.******* тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, 27.11 дүгээр зүйлд заасан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ял эдлэх 1 хоногоор тооцож 6 сарын хорих ялаар тооцож, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт Б.*******ийн жолоодох эрхийн жолооны үнэмлэх хэрэгт ирээгүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг /1/ хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
2. Шүүгдэгч ******* овогт Б*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
3. Шүүгдэгч ******* овогт Б*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хугацаагаар хорих ялаар,
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******ийн нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******д нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
10. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ