| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2022/1145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/896 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/896
2023 09 07 2023/ШЦТ/896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Улсын яллагч: Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч: С.О, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С.Од холбогдох эрүүгийн 2109 00586 0174 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б” танхимд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Л” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Баянзүрх дүүргийн ................................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Т овогт С.О/РД:...../.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч С.О нь “Л” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэн их хэмжээний татварт ногдох орлого буюу 771,818,181 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилт бүхий 26 ширхэг төлбөрийн баримтаар үйл ажиллагаа явуулдаггүй О ХХК-аас бодитоор худалдан авалт, ажил үйлчилгээ авсан мэтээр үйлдүүлж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 77,181,818 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 223 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/ хохирол төлсөн баримт, дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 16-27 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2 Шүүгдэгч С.О нь “Л” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулдаггүй О ХХК-аас 771,818,181 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн мэтээр хий бичилт бүхий 26 ширхэг НӨАТ-ын падаан баримт худалдан авалт хийж, зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 77,181,818 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь “Л” ХХК-д Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс нягтлан шалгах ажиллагаа хийсэн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ”...“Л” ХХК нь “О” ХХК-аас 2020 оны 11 сард 12 ширхэг төлбөрийн баримтаар 272,727,272.73 төгрөгийн, 2020 оны 12 сард 14 ширхэг төлбөрийн баримтаар 499,090,909.09 төгрөгийн, нийт 771,818,181.81 төгрөгийн 26 ширхэг төлбөрийн баримтаар худалдан авалт хийсэн нь татварын албанд ирүүлсэн тайлангаар нотлогдож байх тул төсөвт төлөх албан татварыг 77,181,818.18 төгрөгөөр бууруулсан байж болзошгүй гэж үзэж байна...” гэх танилцуулга /1 дүгээр хавтаст хэргийн 5-10 дугаар тал/,
“Л” ХХК /5850126/-ийн хувийн хэргийн хуулбар баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 42-133 дугаар тал/,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн 2021 оны 5 сарын 20-ны өдрийн 50 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 136-141 дүгээр тал/,
“О” ХХК-д Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс нягтлан шалгах ажиллагаа хийсэн “...“О” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 12,080,452,089.08 төгрөгийн борлуулалтын падаан бичсэн нь нягтлан шалгах шалгалтаар нотлогдож байна. Үүнээс 2020 оны 12 дугаар сарын и-баримтын цахим төлбөрийн системд 33 аж ахуйн нэгжид хамаарах 12,080,452,089.08 төгрөгийн борлуулалтын орлого бүхий 355 ширхэг падаан шивсэн боловч тус орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, тайлагнаагүй байна. Тайлан өгөөгүй тул тайлангийн ногдол үүсэхгүй. Дээрх нийт 12,080,452,089.08 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 1,208,045,208.90 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөхөөр тайлагнаж, ногдуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 84.1.2 “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” заалтыг дагаж мөрдөөгүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичив...” гэх танилцуулга /2 дугаар хавтаст хэргийн 205-224 дүгээр тал/,
Гэрч Б.Иийн “..манай найз Г-ийн эхнэр Ш.Лнь 2020 оны 12 сард надтай уулзаад Татан буугдаж байгаа барилгын компани байгаа юм. Эзэмшигчийг нь шилжүүлэх гэсэн юм, чиний нэр дээр шилжүүлж авах гэсэн юм гарын үсэг зураад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд би наад асуудал намайг ямар нэгэн асуудалд оруулчих вий дээ” гэж хэлэхэд тийм зүйл болохгүй, 2021 он гаргаад буцаагаад шилжүүлээд авчихна маргааш чам руу хүн залгах байх тэгээд тэр хүнтэй уулзаарай гэж хэлсэн. 2021 оны 12 сарын дундуур над руу 80-тай дугаараас эмэгтэй хүн залгаад уг эмэгтэй хүн 1 эрэгтэй хүний хамт Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаа уулзаад Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах нотариатын газар орж надаар олон цаасан дээр гарын үсэг зуруулсан тухайн үед л О ХХК-ийг миний нэр дээр шилжүүлсэн байх...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 162-164 дүгээр тал/,
Гэрч Б.Д-ийн “Л” ХХК нь 771,818,181.81 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган, төсөвт төлөх албан татварыг 77,181,818.18 төгрөгөөр бууруулан тайлагнасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн танилцуулга гаргасан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 169-172 дугаар тал/,
2021 оны 7 сарын 29-ний өдөр Ч.О, Ш.Л нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд /3 дугаар хавтаст хэргийн 13-18 дугаар тал/,
“Г П А”-ХХК-ийн “...Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Л” ХХК-ийн татварын албаны мэдээллээр “О” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 272,727,272.73 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 499,090,909.09 төгрөг, нийт 26 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 771,818,181.81 төгрөгийн борлуу-лалтын бичилт хийсэн нь нотлогдож “Л” ХХК-ийн улсын төсөвт төлбөл зохих татварыг 77,181,818.18 төгрөгөөр бууруулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4 дэх хэсэгт заасан Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална буюу “Үнэн зөв байх” гэснийг, 16.2-т Аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь энэ хуулийн 16.1-д заасан этгээдийн шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв бүрэн гаргаж өгнө гэснийг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийн “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэснийг, 17.2.2 дахь эхсэгт хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах үүрэгтэй гэсэн заалтуудтай нийцээгүй гэж шинжээчийн зүгээс үзэж байна.... гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 69-81 дүгээр тал/,
Яллагдагч С.О-ын “...миний санаж байгаагаар манай компани тодорхой хэмжээний НӨАТ-ын өртэй байсан. Энэ нь бусад зээл авах зэрэг асуудалд саад болдог байсан. Манай компани худалдан авагч нартаа НӨАТ шивж өгдөг. Харин манайд бараа бүтээгдэхүүний материал нийлүүлж байгаа компаниуд НӨАТ шивж өгдөггүй байсан. Энэ шалтгааны улмаас манай компани дээр НӨАТ өр үүссэн. Татварын байгууллагаас үүссэн татвараа төл гэдэг шаардлага тавьдаг байсан. Тухайн үед би компанийн санхүү, нөөц хариуцсан ерөнхий менежерээр ажилладаг байсан. Тэгээд над руу үл таних эрэгтэй хүн утсаар залгаад /тухайн хүнийг татварын улсын байцаагч гэж бодсон/ татварын өрөө төлөөрэй гэсэн. Би тухайн үед нь одоохондоо төлөх боломжгүй байна гэхэд татвараа төлөх гаргалгаа байдаг юм аа гэж хэлсэн...тэгтэл нөгөө хүн НӨАТ-ын бичилт хийдэг юм аа гэж хэлээд компаниудад НӨАТ худалдаж авдаг гэдэг санааг хэлж өгсөн. Тухайн хүн манай компани руу тодорхой хэмжээний үнэ хөлсөөр НӨАТ шивж өгөхийг би дур мэдэн хүлээн зөвшөөрсөн. Ингээд үл таних эрэгтэй хүн НӨАТ-ын шивэлтээ хийж дуусаад үнийн дүнгийн 3%-тай тэнцэх мөнгийг авна шүү гэж байсан. Ингээд эхний удаа НӨАТ-ын шивэлт аваад байж байтал тодорхой хугацааны Хулан захирал ажилдаа ороод энэ юун бичилтүүд хийгдээд НӨАТ-ын падаанууд ороод ирэв ээ гэхээр нь би үнэнээ хэлээд НӨАТ-ын худалдан авалт хийчихлээ гэхэд Хулан манай компани өнөөдрийг хүртэл 2 тайлан гаргадаггүй байгаа зүйлээ бүгдийг нь үнэн зөвөөр тайлагнаад явж байхад та юу хийчих вэ та энийгээ зогсоо гэсэн. Ингээд НӨАТ-ын худалдан авалтаа зогсоох хэрэгтэй юм байна гээд байж байтал 2 дахь удаагийн буюу 2020 оны 12 сард тухайн компаниас НӨАТ-ын шивэлт дахин орж ирсэн. Захирал Х намайг НӨАТ худалдан авсан буруу үйлдэл хийлээ гээд нягтлангийн ажлаас чөлөөлж холдуулсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 114-115, 131-133 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын “...шинжээчийн дүгнэлттэй танилцсан байгаа, шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүн нь манай татварын байгууллагаас шалгаж гаргасан, танилцуулгад тусгасан дүнтэй таарч байгаа бөгөөд “Л” ХХК-ийн тухайд “О” ХХК-ийн хий бичилттэй буюу хуурамч НӨАТ-ын падаан баримтыг өөрсдийн худалдан авалтаар тайлагнаж 2020 онд нийт төсөвт төлөх 77,181,818 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөс зайлсхийсэн байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал/,
Яллагдагч С.О-ын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, “Л” ХХК-ийн 2020 оны 1 сарын 21-ний өдрийн 009/Б дугаартай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 138-150 дугаар тал/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
3. “Татвар төлөхөөс зайлсхийх” гэж Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан байхыг ойлгодог.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд Л компанийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулдаггүй компаниас бараа, ажил үйлчилгээ авсан мэтээр хуурамч төлбөрийн баримт үйлдэн их хэмжээний татвар ноогдох орлогыг зориуд худал тодорхойлсон болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
4. Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
5. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг Ч.О, Ш.Л нартай бүлэглэн үйлдсэн байх тул прокуророос шүүгдэгч С.О-ын үйлдлийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хуульд нийцжээ.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7. Гэмт хэргийн улмаас улсад 77.181.818 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.О нь бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бол,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...”, шүүгдэгчээс “...өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна...” гэжээ.
9. Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүхээс үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, бусдад гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломж олгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг болон өндөр настай гэх хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди-г тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С.О /РД:...../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч С.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ