Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0726

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БХХК болон иргэн Л.Бо

         нарын нэхэмжлэлтэй захиргааны

                                                          хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0553 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч: БХХК, иргэн Л.Бо

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ

Гуравдагч этгээд: эт ХХК, “г” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.

Хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

 

Хэргийн индекс: 128/2025/0138/З

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0553 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 8.5-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т нэхэмжлэгч нартай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БХХК нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т холбогдуулан гаргасан “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн байна.

 

2. Нэхэмжлэгч БХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Үүнд:

2.1. Манай компанийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0960 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэрэг шалгагдах хугацаанд шүүгч нь “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасан “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэх заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Учир нь шүүгч энэ хуулийн 54.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн байхад хэрэг үүсгэснээс 2 сарын дараа хэргийг хүлээн авсан шүүгч нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/Ш32025/2853 дугаартай шүүгчийн захирамж, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/Ш32025/3166 дугаартай шүүгчийн захирамж тус тус гарган нийт 2 удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, дээрх тогтоолуудынхаа Үндэслэх нь хэсэгтээ нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах шаардлага байгаа талаар дурдаад, хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд захирамжлах нь хэсэгт захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан нь хуулийн заалтыг ноцтой зөрчсөн Захиргааны хэрэг үүсгэхээс өмнө хийгдэх ажиллагааг хэрэг үүсгэснээс хойш хийсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. 

2.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0553 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 8.5 хэсэгт зааснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай” 16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”, тухайлбал тус журмын 4.2.1, 4.2.2, 4.2.4 заасныг хэрэгжүүлсэн гарсан Нийслэлийн Засаг даргын захирамж болон хариуцагч “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-өөс гаргасан албан бичиг /мэдэгдэл/ байх бөгөөд уг маргаан бүхий актуудыг буруутгах үндэслэлгүй байна гэж, мөн Үндэслэх нь хэсгийн 7-д “Түүнчлэн дээрх зохицуулалт нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь нутаг дэвсгэрийн харьяаллаар Улаанбаатар хотод хамаарах нийтийн эдэлбэр газрыг ашиглан нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэхээр шийдвэр гаргах эрх үүргийг журамлан заасныг харуулж байна. Үүгээрээ газрын тухай хуулийн 6.2, 6.2.2, 10.1.2, 12.2 дэх хэсэгт заасныг үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна гэж, Тогтоох нь хэсгийн 1-д дээр дурдагдсан хуулийн заалтуудыг баримтлан нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус заажээ.

2.3. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэх нь, тогтоох нь хэсэгт дурдагдсан хууль, журмуудыг хэрэглэсэн нь буруутгах үндэслэлгүй юм бол уг “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрт тавих нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтооно” гэсэн заалт, мөн дээрх Үндэслэх нь хэсгийн 6 дахь хэсэгт заасан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.8 дэх хэсэгт заасан “Авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах ашиглах үйл ажиллагаанд “Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага” М№5342:2007, Монгол Улсын стандарт болон "Авто зогсоол” БНбД 21-05- 10, “Тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага” USC0902В:2022 стандартыг дагаж мөрдөнө” гэх заалт, мөн журмын 3 дугаар зүйлийн 3.3.2-т архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу авто зогсоолын загвар зургийг боловсруулах, батлуулах гэсэн заалтуудыг шүүгч авч үзээгүй байна. Нэг хууль болон журамд заасан заалтыг 2 өөр байдлаар ашигласан нь шүүгч хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох тогтоох чиглэлээр ажиллаагүй гэж үзэхээр байна.

2.3. “3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан заалтууд зөрчигдөж байгаа нь харагдаж байна. Тухайлбал: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 153 дугаар тогтоолд заасан авто зогсоолын менежментийг сайжруулах төслийн талаар заасан. Дээрх тогтоолыг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн захирамж гарсан эсэх, мөн Нийслэлийн Засаг даргын А/1058 дугаар захирамжтай холбоотой нотлох баримтуудыг цуглуулаагүй гэж үзэж байна. Дээр дурдсан хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмуудад зогсоол төлөвлөхөд стандартын шаардлагыг заавал хангасан байх ёстойг нэг бүрчлэн зааж өгсөн байхад хууль зөрчиж гарсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2.4. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоох үүрэгтэй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0553 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5-д манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргах үндэслэлүүдийг дурдаад зэргээр маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй байгаагаа тайлбарлаагүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал’’-ын 3.4 дэх хэсэгт “нэхэмжлэл үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүй гэж үзсэн бодит болон хууль зүйл үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлана” гэж, 3.4.1-д нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг /Шийдвэрийн тодорхойлох хэсгийг дүгнэх байдлаар/ нэг бүрчлэн бичнэ гэсэн аргачлалаа зөрчсөн байна. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна" гэх заалтыг зөрсөн байна.

2.5. Нэхэмжлэгч тал болох манай зүгээс шүүхэд “50 байршил дахь авто зогсоолын жагсаалтыг гаргуулан авах талаар болон манай байгууллагын үүдний хэсэг нь авто зогсоолоор ашиглаж болох эсэх талаар стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч зогсоолд үзлэг хийхдээ хэмжилт хийгээгүй, би бол зүгээр үзэх л үүрэгтэй гэж тайлбарласан, хэрэг шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий нөхцөл байдал байхад энэ талаар ерөөсөө ач холбогдол өгөөгүй шийдвэр гарахдаа шийдвэртээ огт дурдаагүй байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ын 3.4.1-д маргааны зүйлийг буюу нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлсонтой холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар үйл баримт тогтоогдож байгааг дүгнэх. Үүнд нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн байдлаа бичнэ гэж заасан аргачлалаа зөрчсөн байна.

50 байршил дахь авто зогсоолын жагсаалтыг шүүгч өөрийн эрхийн дагуу хариуцагч талаас албан ёсоор нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх байдлаар гаргуулж аваагүй, зогсоолд үзлэг хийсэн боловч үзлэгийн үр дүнгийн талаар оролцогч нарт танилцуулаагүй, үзлэгийн үед тэмдэглэл танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулж авсан, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дурдаагүй байгаа нь хууль зөрчсөн байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан стандарт хангасан эсэх талаар шалгуулах болсон үндэслэл нь уг захиргааны актыг хууль бус гэдгийг нотлуулах зорилготой байсан бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагад чухал нөлөөлөх хүчин зүйл болох байлаа. Учир нь стандартын шаардлага хангасан, хангаагүй эсэхийг тогтоох нь хэрэв стандарт хангаагүй газарт төлбөртэй зогсоол ажиллуулахаар шийдвэрлэсэн бол энэ нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дэх заалт “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” акт нь илт хууль бус акт болох байсныг тогтоолгохоор удаа дараа тайлбарласан байхад шүүгч ерөөсөө ач холбогдол өгч шалгаагүй, шүүгч шийдвэртээ огт тайлбарлаагүй байгаа нь "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2.6. Нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлдээ гаргасан Нийслэлийн засаг даргын 2023 оны “Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/165 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай манай нэхэмжлэлийн шаардлагаас шүүгч энэ захирамжийн утга нь “Ажлын хэсэг байгуулах тухай” агуулгатай байна” гэж хэлж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзуулахад хүргэсэн.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна гээд, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан байхад нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой заасаар байтал танай яг ямар эрх ашгийг хөндөв гэж тулгаж байна. Захиргааны акт хууль бус болохыг нь тогтоолгохоор маргаж байхад ямар эрх ашиг зөрчигдсөн талаар асууж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Захиргааны акт нь заавал хэн нэгний эрх ашиг сонирхлыг хөндөхдөө гол биш хуулийн хүрээнд гарсан байна уу үндэслэлтэй байна уу гэдгийг нь шалгаж тогтоож дүгнэлт өгөхдөө гол нь гэж үзэж байна.

2.8. Нэхэмжлэгч БХХК нь 2022 онд өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн ... хаягт байх нэгж талбарын 1460600092 дугаар бүхий 2398 м2 газар дээр 24 давхар “БХХК-ийн худалдаа үйлчилгээний барилга”-ын зургийн загвар гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитектуроор батлуулсан бөгөөд Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь хэсэгт зааснаар Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь “барилга байгууламжийг барьж байгуулахаас өмнө тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамжны нэр, барилгын дугаарыг тогтоож, газрын кадастрын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулах” гэсэн эрхийн дагуу зургийн загварыг баталж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа.

Батлагдсан зургаар худалдаа үйлчилгээний төвийн барилгын гарцыг хойд хэсэгт байхаар шийдсэн бөгөөд хаалганы хэсгийн талбайд үйлчлүүлэгч нарын авто машинууд төв замын хөдөлгөөнд саад учруулахааргүй байдлаар Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1,2.18-д заасан “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” зам хэлбэрээр төлөвлөж шийдсэн нь Улаанбаатар хотын ерөнхий архитекторын хяналтаар орж батлагдсан. Гэтэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”-ын журмын 3 дугаар зүйлийн 3.3.2-т архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу авто зогсоолын загвар зургийг боловсруулах, батлуулах гэж заасан бөгөөд шүүгч энэ талаар ямар нэгэн нотлох ажиллагааг хийгээгүй, баримт бүрдүүлээгүй нь харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэх үүргээ биелүүлээгүй байна.

2.9. Иймд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0553 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Л.Боын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нийтийн эдэлбэр газрыг өөрийгөө ашиглах бүрэн эрхтэй гэж маргаагүй, Нийслэлийн Засаг дарга нийтийн эдэлбэр газрыг өөрийн эрх хэмжээний хүрээнд авто зогсоолын болон бусад зориулалтаар ашиглах талаар захирамж гаргах эрхтэй талаар маргаагүй бөгөөд тухайн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, өөрөөр хэлбэл “Төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаа” эрхлэгчийн эрхийг зөрчихгүй байх ёстой гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

3.2. Нэхэмжлэгч Л.Боын төлбөртэй авто зогсоол ажиллуулж байгаа буюу нийтийн эдэлбэр газрын зарим хэсэг нь “Залуу Монгол корпораци” ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байгаа гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

3.3. Нийтийн эзэмшлийн зам, талбай болох авто зогсоол нь тухайн зогсоолыг өөрийн хөрөнгөөр тохижуулж авто зогсоол болгосон “Залуу Монгол корпораци” ХХК, “Зүчи зочид буудал” ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Залуу Монгол корпораци” ХХК, “3үчи зочид буудал” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг сансрын зурагтай давхцуулан нотлох баримтаар гаргуулж авах тухай” хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.4. Хэдийгээр анхан шатны шүүхэд хэлэлцээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй ч дараах нотлох баримтыг тайлбарын хамт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын дагуу эт ХХК, “Грэйп сити” ХХК-ийн түншлэлийг шалгаруулан дээрх 50 байршлын ихэнхийг чөлөөлөн үйл ажиллагаагаа эхлүүлж, тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага /UCS 0902В:2022/-ийн дагуу засвар арчлалтыг хийх, зогсоолыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд авто машины хяналтын камер, шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх, төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон бусад систем хөгжүүлэлт хийх, төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “SmartСаг” системтэй холболт хийх зэрэг ажлыг хийж байгаа болно.

3.5. Төслийн дагуу дээрх үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа атлаа дахин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Ухаалаг зогсоолын менежментийн төслийн хүрээнд зогсоолын менежментийн системийн үндсийг тавих, төрийн болон хувийн зогсоолын мэдээллийг нэгтгэх, төлбөрийн систем болон талбайн тоног төхөөрөмжийг сайжруулах, илүү дэлгэрэнгүй зураг төсөл боловсруулах, одоогийн байгаа зураг төслийг улам сайжруулан хөгжүүлэх, зураг төсөл тусгасан газар шорооны ажил хийх, сонгосон 3 байрлалд системийг нэвтрүүлэх, энэхүү төсөл амжилттай хэрэгжсэний дараагаар Улаанбаатар хотын бусад байрлал дахь зогсоолуудад төслийг хэрэгжүүлэх, системийн үйл ажиллагаа болон зогсоолын менежментэд техникийн туслалцаа үзүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ” гэсэн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ сонгон шалгаруулалтын зарыг Өдрийн сонины 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр нүүрэнд англи хэлээр нийтэлсэн байна. Дээрх үйлдлийг нэг төслийг давхардуулан хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08-р сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

          ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч БХХК, иргэн Л.Бо нараас анх хамтран нэхэмжлэл гаргаж, “... Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/165 дугаар захирамж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар “Зөрчил арилгаж, газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. (1 хавтас, 1-3 хуудас, 99, 22 хавтас-214 хуудас)

3. Нийслэлийн Засаг даргын А/1058 дугаар захирамжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар  тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр, хэрэгжүүлэх журам”-ыг тус тус үндэслэн,

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг у ХК-д даалган шийдвэрлэжээ.

3.1. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нарын “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний хугацаа дууссан, ... гэрээний хэрэгжилт болон заалтын талаар талууд маргаагүй, маргаж буй зогсоол байршиж буй газрууд нь нийтийн эдэлбэр газар тул хариуцагч нар нь нийтийн хэрэгцээний авто зогсоолын менежментийг сайжруулахаар шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй, А/1058 дугаар захирамжид нэр байхгүй, шууд чиглэн гарсан гэж уншигдахгүй боловч “50 байршил” гэдгийн цаана нэхэмжлэгч нарын эрхэлж байсан байршлууд багтаж байгаа болох нь тогтоогдож байна гэж үзэж, шүүхийн хяналтад оруулсан” гэх мэтээр дүгнэж, нэхэмжлэгч БХХК болон Л.Бо нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 дугаар захирамж, Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01/57 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, нэхэмжлэгч нартай гэрээг үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч БХХК-ийн гэрээг үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.2. Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар нь анх хамтарч нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим үндэслэлээ адил тодорхойлсноо дэмжиж, харин тэдгээрийн авто зогсоолын байршил өөр байгаатай холбоотой тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага, зарим үндэслэл болон  зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлоо ялгаатай тодорхойлон маргасан байхад үүнийг анхаараагүй, нийтлэг байдлаар дүгнэлт хийсэн, тухайн үндэслэл тус бүртэй хамааралтай баримтыг бүрэн цуглуулаагүй, дүгнэлт өгөөгүй, мөн маргаан бүхий актын зорилгод нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа яагаад нийцээгүй, өөр этгээдийг шалгаруулах зайлшгүй ямар шаардлага гарсныг маргаан бүхий актаар зохицуулсан талаарх баримтыг цуглуулаагүй, зарим нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь захиргааны акт мөн эсэхийг дүгнээгүй, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг батлахдаа тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй болох талаар урьдчилан сануулаагүй байна.

3.3. Нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд захиргааны акт нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нарын гэрээний хугацаа дуусаагүй байхад үйл ажиллагаатай давхардуулан өөр этгээдийг шалгаруулж гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн, нэг этгээдэд давуу байдал олгосон, Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг зөрчиж, эрх нь хөндөгдөх бидэнд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, актад заасан “50 байршил” нь тодорхойгүй” гэж үндэслэлээ ижил тодорхойлж маргажээ.

3.4. Нэхэмжлэгч нартай 2021 оноос ... 6 сарын хугацаатай гэрээ байгуулсны дагуу гэрээний хугацаа дуусмагц үргэлжлүүлэн байгуулсаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна.

3.4.1. Уг гэрээний зорилго, нэхэмжлэгч нарын явуулсан үйл ажиллагаанаас үзвэл уг А/1058 дугаар захирамжаар шийдвэрлэсэн асуудал буюу Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь зогсоолын менежмент, засвар, арчлалтыг нэхэмжлэгч нараар  хариуцан гүйцэтгүүлж байжээ.

3.4.2. Мөн 2023 оны А/1058 дугаар захирамжийн үндэслэл болсон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ: ... 8.3.11.авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;” гэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар  тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр, хэрэгжүүлэх журам”-д өөрчлөлт ороогүй байна.

3.4.3. Үүнээс үзвэл хариуцагч Засаг дарга нь дээрх хууль тогтоомжийн хүрээнд авто зогсоолын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан ашиглуулж байсан атлаа ямар үндэслэлээр цаашид дахин гэрээний хугацааг сунгах боломжгүй болсон, ямар хэрэгцээ, шаардлага гарснаар төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэгчийг нэг этгээдэд хариуцуулах зайлшгүй шаардлага гарч, дахин сонгон шалгаруулалт зарласан, 50 байршил нь нэмж зогсоол бий болгох, эсхүл урьд нь ажиллуулж байсан зогсоолуудад хамаарах эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүйгээс маргаан бүхий актын зорилго, бодит нөхцөл байдалд тохирсон эсэх, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх зэрэгт шүүх дүгнэлт  хийх боломжгүй байна.

3.5. Анхан шатны шүүх хариуцагч нарыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж дурдсан нь энэхүү маргааныг шийдвэрлэх хууль зүйн дүгнэлт болж чадахааргүй байна.

3.5.1. Учир нь хариуцагч нар энэ бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч нартай гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн зогсоолын өөрсдийнх нь хөрөнгөөр сайжруулж, арчлалт хамгаалалтыг гүйцэтгүүлж, олсон орлогын тодорхой хэсгийг нэхэмжлэгч болон нийслэлийн орлогод хуваарилан авч байсан бол маргаан бүхий шийдвэр гарснаар энэ үйл ажиллагааг 40 байршилд нэг этгээдэд хариуцуулахаар гэрээ байгуулж, мөн орлогыг хуваарилсан байгаагаас үзвэл хариуцагч нь аль ч тохиолдолд тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд шийдвэр гаргаж, гэрээ байгуулсан байна.

3.5.2. Мөн нэхэмжлэгч нар нь тодорхой хугацаатай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж тодорхой орлого олж байсан, гэрээний хугацаа дууссан боловч хариуцагчаас тухай бүр гэрээг байгуулж, уг үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх боломжийг олгож байсан этгээдийн хувьд тухайн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой гэж үзэх хууль ёсны итгэл байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5.3. Харин хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу зайлшгүй тодорхой шаардлага, хэрэгцээ үүсэж, түүнийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх бололцоогүй гэж үзсэн тохиолдолд тухайн асуудлыг зохицуулж,  шинэчлэл, сайжруулалт хийж өөр этгээдийг шалгаруулахыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь тодорхой тооцоо судалгаа, баримтаар тогтоогдсон байх, нэхэмжлэгчид урьдчилан сонсгож мэдэгдсэн байх үүрэгтэй.

3.6. Иймд энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулж, А/1058 дугаар захирамж нь ямар хэрэгцээ шаардлагын үндсэн дээр тодорхой ямар тохиолдлыг зохицуулахаар гарсан, энэ нь бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэх зэрэгт тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг зөв сонгон хэрэглэж дүгнэлт хийж, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх шаардлагатай. 

            4. Нэхэмжлэгч БХХК-ийн зөрчигдсөн гэх нэг эрх, ашиг сонирхлоо тайлбарлахдаа тухайн авто зогсоолын байршил нь “... “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” талбай хэлбэрээр манай компанийн ашиглаж байсан газрыг нийтийн эдэлбэр газарт хамаарах тул төлбөртэй зогсоол ажиллуулах тухай шийдвэр гарч, манай компани зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан, тухайн үед нь энэ талаар мэдэгдэж зөвшөөрөхгүй талаар хэлж байсан. Тухайн  авто зогсоол нь стандартын шаардлага хангасан эсэхийг тогтоогоогүй, дамжин өнгөрөх зориулалтаар ашиглахаар баригдсан...” гэж тайлбарлан маргасан байхад шүүх энэ талаар тодруулаагүй байна.

4.1. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн /2024.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ 8 дугаар зүйлийн 8.2-т “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталжээ.

4.1.1. Уг журмын 2.8-д “Авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах ашиглах үйл ажиллагаанд “Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага” МNS5342:2007, Монгол Улсын стандарт болон “Авто зогсоол” БНбД 21-05-10, “Тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага" UCS0902В:2022 стандартыг дагаж мөрдөнө”, 4.2-т “Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нийтийн хэрэгцээний авто зогсоолыг хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний нягтрал, авто зогсоолын эрэлт, хэрэгцээтэй уялдуулан зогсоолтой холбоотой дараах үйл ажиллагааг зохион байгуулна: 4.2.1-д “нийтийн хэрэгцээний авто зогсоол барих шаардлагатай газрын судалгааг боловсруулан, зөвшилцөж боломжит байршлыг тогтоон Нийслэлийн Засаг даргад танилцуулах”, 4.2.2-т “авто зогсоол барьж байгуулахад шаардагдах техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гарган, авто зогсоол барихаар тогтоосон байршлаас хамааран авто зогсоолын хэлбэр, хэмжээ, төрлийг тодорхойлох ажлыг зохион байгуулах”, 4.2.3-т “авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн байршилд газар чөлөөлөх санал гаргаж, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулах” гэж тус тус заасан.

4.1.2. Дээрх хууль, журмаас үзвэл маргаан бүхий авто зогсоол нь стандартын шаардлага хангасан эсэх, маргаан бүхий актаар тогтоосон 50 байршлын нэг мөн эсэх талаарх нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэлийн энэхүү үндэслэлтэй холбоотой тодорхойлсон зөрчигдсөн эрх, ашиг сонирхлынх нь талаар дүгнэлт хийх шаардлагатай.

5. Л.Боын нэхэмжлэлийн үндэслэл болон гомдолд “... авто зогсоолыг төлбөртэй ажиллуулан тодорхой ашиг олж, 4 хүнийг ажлын байраар хангаж, цалинжуулдаг, ... нийтийн эрх ашигт болон тодорхой бүлэг этгээдийн эрх ашигт оруулж байгаа хувь нэмэр буюу тэр боломжийг маргаан бүхий захиргааны актууд хөндөж байна..., нэг этгээдэд давуу эрх олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... гэрээг үргэлжлүүлэн байгуулах боломжгүй болгосон ... нэг төслийг давхардуулан хэрэгжүүлж байна” гэх зэргээр зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо ялгаатай тайлбарлан маргасан.

5.1. Гэтэл анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч иргэний төлбөртэй авто зогсоолын чиглэлээр явуулсан үйл ажиллагаа, хариуцагч нарын хэрэгжүүлсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг үгүйсгэх үйл баримт нь нэхэмжлэгч хуулийн этгээдтэй ижил төстэй бөгөөд энэ хэсгийн 6-8-д заасан агуулга нэгэн адил утга дүйж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэх дүгнэлт болох юм...” гэж дүгнэж, ялгаатай нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

6. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/165 дугаар захирамж, А/1058 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны VIII хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн байна.

6.1. Анхан шатны шүүх дээрх мэдэгдлийг нэхэмжлэгчийн маргаж буй А/1058 дугаар захирамжийн дагуу хүргүүлсэн байхад бие даасан захиргааны акт мөн эсэх, тодорхой тохиолдлыг зохицуулсан, захирамжилсан шийдвэр мөн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

7. Шүүхэд нэхэмжлэлийг гаргаснаас хойш Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжаар зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй этгээдийн зогсоолын хаалт, объектыг албадан буулгаж, үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэснийг нэхэмжлэгч хэн аль нь эс зөвшөөрч хамтарч 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн авч, хариу тайлбар авсан, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2853 дугаар захирамжаар бусад шаардлагад бүрдүүлбэр хангуулах захирамж гарсан боловч хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн, Л.Бо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин А/276 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

8. Шүүх нэхэмжлэгч БХХК-ийг нэхэмжлэлээ нэмэх бүрт нь бүрдүүлбэр хангуулж, бүрдүүлбэр хангуулсан захирамжийн үр дагавар арилгах тухай захирамжаар нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг  2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3432 дугаар захирамжийн 1 дэх заалтаар, 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны үед “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж ажиллахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус тус батлахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасан үр дагавартай байхад анхан шатны шүүх энэ талаар урьдчилан танилцуулж, баримтад гарын үсэг зуруулаагүй[1] байна.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр тус шүүхээс нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч БХХК, иргэн Л.Бо нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА

 

   ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] ШЕЗ-ийн 2024.10.03-ны өдрийн 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 5.15.1.