Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ20/00258

 


 

2020 оны 01 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2020/00258 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 2 077 282.09 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.ХКК нь 2015 оны 1 сараас 2015 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 1 384 855.09 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 692 427 төгрөг, нийт 2 077 282.09 төгрөгийн нийггмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, болон Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2 077 282.09 төгрөгийг А.ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч М.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалийн өр төлбөрт 2 077 282 төгрөгийг манай компаниас шаардаж байна. Үндсэн өр төлбөр болох 1 384 855 төгрөгийг манай компани өр төлбөрийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн компанийн санхүүгийн байдал хүнд байгааг удаа дараа хэлж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алданги тооцохдоо нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэдэг зохицуулалтыг барьж алдангийг 692 427 төгрөгөөр тооцож гаргасан. Тухайлан хуульд заасанчлан хариуцагчийн санхүүгийн байдлыг харгалзан үзэж алданги дээр хөнгөлж өгнө үү гэх байр суурьтай оролцож байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч А. ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 2 077 282.09 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч А.ХКК нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажиллаж байгаа даатгуулагчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй 1 384 855 төгрөгийн өр, төлбөр үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаангүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 17.1.1-д ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нөгөөтэйгүүр, А.ХКК  нь дээрх өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс, нэхэмжлэгч байгууллага нь хуульд заасан алданги буюу 692 427 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасантай нийцсэн байна.

 

Харин хариуцагчийн компани өр төлбөрийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн компанийн санхүүгийн байдал хүнд байгааг харгалзан алдангийг багасгах талаар тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй ба хариуцагч нь энэ талаараа баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч А.ХКК нь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар төлөөгүй, түүнчлэн хугацаа хэтрүүлсэн байх тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1 384 855.09 төгрөг, алданги 692 427 төгрөг, нийт 2 077 282.09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө. гэсэн үндэслэлд хамаарч байх ба хуульд зааснаар хариуцагчаас хангаж буй үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.ХКК/-иас Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2 077 282.09 төгрөгийг гаргуулж, Н.Д-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 48 187 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ