Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

 

 

2023          06            20                                  2023/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******од холбогдох эрүүгийн 2315000000145 дугаартай, 163/2023/0122/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Галсангийн *******, ******* аймгийн ******* суманд 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, ******* дүүргийн 5 дугаар хороо******* А тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, архивч, бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 33 настай, эрэгтэй, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт оршин суух хаягтай иргэн Г.*******гаас жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Өнөр авзага” авто сургуульд дадлагажуулагчаар ажиллаж байх хугацаандаа Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Б.Уранчимэгийг өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5016337033 тоот данс руу 700.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт оршин суух хаягтай иргэн Г.*******гаас жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Өнөр авзага” авто сургуульд дадлагажуулагчаар ажиллаж байх хугацаандаа Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Б.Уранчимэгийг өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5016337033 тоот данс руу 700.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 124 дэх тал, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 02 дугаар тал, хохирогч Г.*******гийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 05 дахь тал, гэрч С.Намхайжамцангийн өгсөн мэдүүлэг 24-25, 99-100 дахь тал,  гэрч Б.Уламбаясахын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 27-29, 93-94 дэх тал, гэрч Б.Уламбаярын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 31-32, 96 дахь тал, хохирогч Б.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 67 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Г.*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Уранчимэгт 700.000 төгрөг, хохирогч Г.*******д 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Уранчимэгт 700.000 төгрөг, хохирогч Г.*******д 800.000 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгч Г.******* нь төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Галсангийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 2000  /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ