| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2022/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-06-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
2023 06 21 2023/ШЦТ/120
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
иргэдийн төлөөлөгч Г.*******,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2315000000083 дугаартай, 163/2022/0114/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Батсуурийн *******, ******* аймгийн ******* суманд 1974 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдарч байсан, 49 настай, эрэгтэй, урьд
-******* аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар,
-******* аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:ГЮ74102019/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны ******* тоот хашааны гадаа Б.ы бие эрх чөлөөнд халдан зодож гэмтэл учруулсны улмаас ******* аймгийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 03 сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим түүний амь нас хохирсон буюу “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000083 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны ******* тоот хашааны гадаа Б.ы бие эрх чөлөөнд халдан чулуу мэт зүйлээр нүүрэн тус газар цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, суурь яс, баруун зүүн чамархайн ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай, зүүн чамархайн ясны хугарал бүхий гэмтэл авч ******* аймгийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гомбын өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай найз хүүхэн нэг шил архитай ирсэн. Тэгээд тэр архийг уугаад өмнө нь хамт ажиллаж байсан Хуягбаатар гэх ахын гэрт очоод нэг шил архи хувааж уугаад гарсан. Тэгээд салхинд цохиулаад нэлээн согтсон. Ганбаа ахынхаас гараад салхинд цохиулсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн ба байцаагч орж ирээд та ийм хэрэг хийсэн байна, гэрч нар таныг хийсэн гэж мэдүүлж байна гэж хэлэхээр нь тийм байна гээд хэргээ хүлээсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын өгсөн: Би гомдолтой байна. Талийгаач өвчин зовлон ярьдаггүй байсан. Тэр өдөр би хөдөө явах гээд өглөө талийгаачийн гэрт очиход аймаг явсан байсан. Тэгээд 8 цагийн үед цагдаагаас дуудахаар нь яваад очиход ийм зүйл болсон байсан. Ажил явдалд 6 сая гаран зардал гараад 1.500.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэх 4 сая гаран төгрөгийг нэхэмжилнэ. Нийт оршуулгын зардалд 6.072.000 төгрөг гарсан гэх мэдүүлэг,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сум 5 дугаар баг ******* тоот хашааны гадны талд болсон байв. Хэргийн газарт бетон шон байв. Уг шонгийн модны хойд талын шороон нь дээр 5 см харьцаатай уул мэт хүрэн улаан өнгийн зүйл байсныг дээж болгож авсан. Уг газар нь нэлэнхүүдээ шороо байх бөгөөд тод гарсан ул мөргүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 03-06 дугаар тал/,
4. Цогцост үзлэг хийсэн: 165 см урттай, толгойдоо 9 см буурал суусан шингэн хар үстэй, биеийн галбир зөв, мах мариа дунд зэрэг, хөшилт биеийн бүх булчинд сул илэрсэн, хүүрийн толбо биеийн дарагдаагүй хэсгээр бүдэг ягаан өнгөөр үүссэн, дарахад арилахгүй, хоёр нүдний зовхи хаалттай, нээж үзэхэд хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, үзэгдэх шүд дээд зүүн 7, 8 шүднээс бусад шүд байхгүй буйл мөлгөр, доод эрүү баруун талын 5,6 дугаар шүднээс буйл мөлгөр 2 дэлбэн бүтэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 10-13 дугаар тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын өгсөн: "... улмаар оройн 20 цагийн орчимд ******* аймгийн нэгдсэн эмнэлэг дээр яаралтай ирээрэй гэж цагдаа нар хэлсний дагуу очтол талийгаач Б. ахын маань нүүр хэсэг нь чихэгдэж орсон байдалтай байсан бөгөөд эмч нар биеийн байдал их тааруу хүнд байгаа гэж хэлсэн. Тухайн үед талийгаач ах маань өөрийн гэсэн ухаангүй хэвтрийн байдалтай байсан. Тухайн үед талийгаач ахын маань хувцсыг сувилагч эмэгтэй торонд хийсэн байсан. Тухайн хувцаснууд цусаар бохирлогдсон дахин ашиглах боломжгүй болсон учир манай гэрийнхэн тухайн хувцсыг шатаачихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
6. Насанд хүрээгүй гэрч Д.ийн өгсөн: “...Би өнөөдөр буюу 2023 оны 03 сарын 20-ны өдрийн орой ******* аймгийн ******* сумын төвд байрлах гэртээ хоолоо идчихээд хоолоо шингээж алхана гээд гэрээсээ ганцаараа гарсан. Тэгтэл манай нохой хуцаад байхаар нь очоод хартал хоёр танихгүй хүн хоорондоо зодоон хийж байсан ба тухайн үед нэг нь доор нь орчихсон хэвтэж байсан. Харин нөгөө ах нь болохоор дээр нь гарчихсан нүүр лүү нь гараараа цохиж байсан. Тэгээд би жаахан ойртоод харахад нөгөө дээр нь гарчихсан байсан ах хажууд нь байсан чулууг авч “өргөөд чи нүүрээ хамгаалахгүй юм уу” гэж асууж байсан. Харин доод талд нь байсан ах болохоор хариулахгүй дуугүй байсан... Дээр нь гарчихсан ах болохоор дээр нь суучихсан байсан бөгөөд миний харснаар эхлээд 5-6 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
7. Гэрч Г.ийн өгсөн: “... Би өнөөдөр буюу 2023 оны 03 сарын 20-ны өдрийн орой 19 цагийн орчимд гэртээ хоол ундаа хийж идсэн... Тэгтэл удалгүй охин маань гэрт орж ирээд аав хашааны ард талд хоёр хүн зодолдоод байна гэхээр нь би гэрээс гарч хашааны завсраар харсан. Тэгтэл манай хашааны ард талд байх цахилгааны шонгийн харалдаа нэг залуу нь эгц дээшээ хараад хэвтчихсэн цустайгаа холилдчихсон байсан. Харин нөгөөх залуу нь куртикээ өмсөөд зогсож байсан. ... Харин нөгөө эгц дээшээ хараад хэвтэж байсан залууг харахад цээжний баруун хэсэгт том хэмжээний чулуугаар даруулсан амьсгаа нь давхацчихсан, баруун хөмсөгний дээд талд нь цохисон харагдаж байсан... би хашааны цаанаас харахад ******* гэж дууддаг залуу куртикээ өмсөж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
8. Гэрч Б.ын өгсөн: “...Тухайн хүнд эмчилгээ үзүүлж Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэх тасагт эмч нарын зөвлөгөөн хийж хэвтүүлэн эмчилгээ хийгдэж Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын төвийн эмч нараас зөвлөгөө аван эмчилгээг үргэлжлүүлэн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг 50 минутад зүрх зогсож нас барсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,
9. Гэрч Т.гийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна, одоо он сар өдрөө сайн санахгүй байна. Тухайн өдөр би талийгаач Мөнхбат ахын гэрт нь орж цай уучихаад өглөө 11 цагийн үед гараад ертөнцийн зүгээр баруун талын гудмаар явсан. Улмаар тухайн гудамжны үзүүр хэсгээр очтол дэлгүүрээс талийгаач ах гарч ирсэн. Тухайн үед араас нь ******* согтуу байдалтай дагаад гараад ирсэн. Тухайн үед ахын ханцуйнд нь архи байгаа бололтой харагдахаар нь би ахаас өчигдөр архи уучихсан үхэх гээд байна архи байна уу? гэтэл намайг дагаад яв гэж ах хэлсэн. Тэгэхээр нь би хаана очиж уух юм гэтэл ах Үзмээгийнд очиж ууна. Үзмээ үхэх гээд хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахын хамтаар алхаад Үзмээгийн гэр лүү явсан. Тухайн үед ******* нь араас согтуу дагаад зайтай явж байсан. Тэгээд Үзмээгийн гэрт орж ирээд архиа гаргаж ирээд задалтал гаднаас ******* ороод ирсэн. Тэгтэл талийгаач нь Гомбыг хөөтөл ******* уурлаад талийгаач тай барьцалдаж авсан. Тэгэхээр нь би салгах гэтэл Үзмээ нь гарч зодолд гээд , ******* хоёрыг хөөсөн. Би тэгэхээр нь авчирсан байсан архинаас аяганд хийж уучихаад , ******* нарыг юу болж байгаан бол гэж бодоод гэрээс гарч улмаар гудамжинд гараад хартал гудамжинд талийгаач нь хашаа налаад суучихсан бололтой байсан, очоод хартал дух хэсэг цөмөрчихсөн байдалтай байсан бөгөөд хажуу талд нь 2 чулуу байсан. Тухайн үед ******* нь гудмаар баруун зүгт явж байсан бөгөөд би араас нь очиж *******той уулзсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,
10. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээч Б.Энхбатын 31 дугаартай дүгнэлтэд:“...1,2.Талийгаач Б.ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавап тархины битүү гэмтэл, суурь яс, баруун, зүүн чамархайн ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, халтуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн булчин, баруун зүүн хуйхны цус хуралт, духны баруун хэсэгт шарх, зулгаралт, хоёр нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо З.суурь ясны хугарал, баруун, зүүн, чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Духны баруун хэсэгт шарх, 2 нүдний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин, баруун, зүүн хуйхны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн байдлаар гавал тархины битүү гэмтэл, суурь яс, баруун, зүүн, чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн булчин, баруун, зүүн хуйхны цус хуралт зэрэг хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн гадны биетээр үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 1682 дугаартай “... ХГҮ-ээр хураан авсан гэх хөвөн бамбар дээр хүний цус илэрсэн. Уг цус нь В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. ы гэх цус нь В/Ш/бүлгийн харьяалалтай байна. Гомбын гэх цус нь О/1/бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,
12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 10 дугаартай: “…Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учрал болох үед сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй байсан болно. Б.******* нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай болно. Б.******* нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бетонон саарал өнгийн чулууг таниулж судалсанаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.******* гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Гомбыг гэм буруутай гэжээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт талийгаач Б.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хашааны гадаа түүний толгойн тус газар нь бетонон чулуу мэт зүйлээр цохиж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан гэрч Г., Т., насанд хүрээгүй гэрч Д. нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан бетон чулуу, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Гомбын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Гомбын амь хохирогч Б.ы толгойн тус газар бетон чулуугаар цохисон үйлдэл нотлогдсон, түүний энэ хууль бус үйлдэл нь хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл, суурь яс, баруун, зүүн, чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн булчин, баруун, зүүн хуйхны цус хуралт бүхий хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.******* нь амь хохирогчийн бие махбодод бетонон чулуугаар халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.
Шүүгдэгч Б.Гомбын хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохирсон хор уршгаараа хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж тус тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Б.Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир гэм буруугийн тал дээр маргахгүй гэж шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Б.ы амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдсон, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргээс дүгнэлт хийхэд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэх дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Гомбын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Гомбын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь талийгаачийг оршуулахтай холбоотойгоор гаргасан 6.072.945 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт 1.500.000 төгрөгийг хүлээн авсан тул хасаж 4.572.945 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсний дагуу хохирлыг дараах байдлаар тооцов.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь хавтаст хэргийн 155-168 дугаар хуудсанд хохиролын баримтуудыг гаргаж өгсөн байна.
Эдгээр баримтуудаас хавтаст хэргийн 155 дугаар талд авагдсан 219.355 төгрөгийн баримтыг 490.255 гэж, 157 талд 87.240 төгрөгийн баримтыг 366.840 төгрөг, 159 талд 1.147.550 төгрөгийн баримтыг 721.500 гэж үнийн дүнг зөрүүтэйгээр нэхэмжилсэн, Алтан хүнсний дэлгүүрээс авсан 401.000 төгрөгийн баримтыг 2 удаа тус тус давхардуулан хавсаргаж тооцжээ.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас давхардуулан үнийн зөрүүтэй бодсон 1.350.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Б.*******ын нэхэмжилсэн талийгаачийг оршуулах зан үйлтэй холбоотой 3.222.145 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Б.*******ос гаргуулахаар шийдвэрлэв.
Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Гомбын үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг нотлогдож, шүүх гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 133 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ******* аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, ******* аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь хэрэгт холбогдохын өмнө ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдарч байсан, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Б.Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн санал болгож буй 13 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын доод хэмжээг оногдуулах саналыг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******ос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн бетон чулуу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Батсуурийн Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гомбыг 10 / арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гомбын цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.*******ос 3.222.145 /гурван сая хоёр зуун хорин хоёр мянга нэг зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.350.800 /нэг сая гурван зуун тавин мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн бетон чулуу нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ