Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0780

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    Ш ХХК-ийн

      гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ш ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0759 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: Ш ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Гомдол гаргагчийн Д.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б

Гуравдагч этгээд Э.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

Хэргийн индекс: 128/2025/0620/З

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 759 дүгээр шийдвэрээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0133905 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

2. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “... Иргэн Э.Б нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ш ХХК-д холбогдох гомдол гаргасныг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.О хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаа хийх хугацаанд иргэний хүсэлтээр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б надад 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн.

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б би Зөрчлийн 2509001138 дугаар хэргийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийхэд Ш ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “4 сарын цалин” гэж Э.Бгийн дансанд мөнгө шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх (Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана) заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь (ажилтны цалин хөлсийг ... тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан) заалтыг үндэслэн шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5 дахь (хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах) заалтад зааснаар тухайн ажилтан үндсэн эрхээ зөрчигдсөн гэж үзсэний улмаас төрийн байгууллагад гомдол гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг гаргаж байна” гэжээ.

3. Гуравдагч этгээд Э.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “...Миний бие Э.Б нь энэхүү хэрэгт  гуравдагч этгээдийн эрхээр оролцсон болно. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Од хандан Ш ХХК-ийн хууль бус ажиллагааны талаар гомдол гаргаснаар 2509001138 дугаар зөрчлийн хэрэг үүсгэгдсэн.

Уг хэрэг гурван сарын хугацаанд шийдэгдэхгүй удааширч, байцаагч Ч.О нь миний гаргасан нэмэлт нотлох баримтыг буцаасан, хэргийг зориуд удаашруулсан, нөгөө талын эрх ашигт үйлчилсэн байдал илэрсэн тул би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт байцаагч солих хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлт хангагдаж, хэрэг улсын ахлах байцаагч Г.Бд шилжсэн болно.

Шалгалтын явцад Ш ХХК нь гэрч дуудах болон хэрэгтэй танилцах ажиллагаанд зориудаар ирээгүй, шалгалтыг саатуулсан нь эрх бүхий албан тушаалтны утсаар дуудсан, ажлын байран дээр очсон баримтуудаар нотлогдсон.энэ нь холбогдогч өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх; 3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх; З.З.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх гэсэн үүргээ биелүүлээгүй.

Гуравдагч этгээдийн гомдлын дагуу 2509001138 дугаар зөрчлийн хэрэг нээгдэж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №0133905 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч байгууллагыг 5 сая төгрөгөөр торгосон асуудал нь хэзээ хэдэн төгрөгөөр өгөөгүй нь тодорхой бус байна гэжээ. Гуравдагч этгээд анх тус газарт гомдол гаргахдаа хэдэн төгрөг нэхсэн нь түүний өргөдлөөс тодорхой харагдаж байхад хэдэн төгрөг авах ёстой нь тодорхой бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Гуравдагч этгээдийн гомдлын дагуу 2509001138 дугаар зөрчлийн хэрэг нээгдэж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №0133905 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч байгууллагыг 5 сая төгрөгөөр торгууль оногдуулсан. Харин анхан шатны шүүх уг шийтгэврийн хуудсыг “хэргийг 58 хоног хэтрүүлэн шийдвэрлэсэн" гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд хийгдсэн. Улсын ахлах байцаагч Г.Б нь Прокурорын тогтоосон хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шийтгэврийн хуудас гаргасан бөгөөд хуульд заасан хугацаа дуусгагдаагүй. Прокурорын хугацаа сунгах бүрэн эрх хуульд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл “Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль"-ийн 2.2 дугаар зүйлийн 1.5 зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хуульд заасны дагуу сунгаж болно.Мөн хуулийн 2 дугаар зүйл: Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргана. Иймд шүүхээр бус прокурорын шатанд хянуулах зохицуулалттай. Нэхэмжлэгч тал анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдааны явцад өөрчилсөн. Эхлээд зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогоогүй гэсэн боловч дараа нь “58 хоног хэтэрсэн” гэх шинэ үндэслэл гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөхийг хориглодог процессын журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0759 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд болон хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Ш ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0133905 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

3. Уг шийтгэлийн хуудсаар Ш ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй” зөрчлийг үйлдсэн гэж үзэж 5,000,000 төгрөгийн торгуулийг оногдуулсан.

4. Анхан шатны шүүхээс “... Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд холбогдогч Ш ХХК-ийг хохирогчид ямар хугацааны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан гэж үзсэн талаар зөрчлийн хэргийн материалд тодорхойгүй ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн материалтай танилцуулаагүй ..., ... хөдөлмөрийн улсын байцаагч нь хуульд заасан хэрэг бүртгэлтийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус зөрчсөн” гэж дүгнэн шийтгэлийн  хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

5. Зөрчлийн хэргийн материалд “... зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг байгууллагын удирдлагад танилцуулахаар Ш ХХК-ийн орчуулагч н.Х, нягтлан бодогч Г.С-тай утсаар ярьсан тэмдэглэл, зурвас, мөн компанийн хаягаар очсон тэмдэглэл[1], нягтлан бодогч Г.С нь гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэж тайлбарласан гэх тэмдэглэл[2], 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал -ээс “... одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан уг асуудлаар компанийг төлөөлөх төлөөлөгч томилох боломжгүй. Иймд компанийн зүгээс уг асуудалд төлөөлөгч оролцуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэх тайлбар[3], Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбар, 05 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч Б.Г, Д.О нарт олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Д.О-ын зөрчлийн хэрэгтэй танилцах хүсэлт[4] уг хүсэлтийг хангасан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг, мөн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 74 дүгээр тогтоолоор зөрчлийн хэргийн материалтай танилцах боломжоор хангуулах тухай хүсэлтийг хангаж[5], мөн улсын байцаагч нь Хил хамгаалах ерөнхий газраас нэхэмжлэгч компанийн захирлын хилээр гарсан, орсон талаарх лавлагаа[6] зэрэг баримтууд авагджээ.

5.1. Дээрх баримтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 бүлэгт заасан зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмын дагуу нэхэмжлэгч компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангасан байх төдийгүй, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасны дагуу Прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авч танилцах эрхийг хангасан байхад танилцаагүй байна.

Харин оролцогчийн хувьд тус компани нь зөрчил гаргаагүйгээ нотлох баримтаа гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах зэрэг эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 5.2. Энэ талаарх гуравдагч этгээд Э.Бгийн “... Ш ХХК нь гэрч дуудах болон хэрэгтэй танилцах ажиллагаанд зориудаар ирээгүй, шалгалтыг саатуулсан нь эрх бүхий албан тушаалтны утсаар дуудсан, ажлын байран дээр очсон баримтуудаар нотлогдсон. Энэ нь холбогдогч өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх; 3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх; З.З.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх гэсэн үүргээ биелүүлээгүй...” гэх гомдол үндэслэлтэй.

6. Түүнчлэн Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан нь 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай” тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 хоногоор[7] Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоногоор[8] сунгаж, эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөрийн улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.

7. Мөн анхан шатны шүүх тухайн компанийг “зөрчил гаргасан” гэж үзсэн Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн тайлбар, холбогдох баримтуудыг үнэлээгүй байна.

7.1. Зөрчлийн хэрэгт  авагдсан Ш ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргах тухай” А/85 дугаар албан бичигт “... Э.Б нь ажилдаа ирэхгүй байсан тул түүний 2025 оны 03 дугаар сарын цалин хөлсийг болон эрүүл мэндийн даатгалын төлөлтийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож, тайлагнасан...”[9], 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/78 дугаар албан бичигт “... ажиллаагүй боловч 3 дугаар сарын нийгмийн даатгал тасрах нөхцөл үүсэх учраас 3 дугаар сарын 17-ны өдрөөс 31-ний өдөр хүртэлх хугацааны ажлын 10 өдрөөр тооцож цалин олгох нөхцөлгүйгээр нийгмийн даатгалын тайланд хамруулсан...”[10], 2025 оны 03 болон 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан[11] , нэхэмжлэгчээс Э.Бд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3 сарын цалин 1303571.43 төгрөг, 4 сарын цалин 775724.07 төгрөг тус  шилжүүлсэн [12] зэрэг баримтуудаар гуравдагч этгээдэд цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй болох нь тогтоогджээ. 

7.2. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9-д “Ажил олгогч: ... 9.2. ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан;  ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг гаргасан болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон байх тул торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн “...Ш ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “4 сарын цалин” гэж Э.Бгийн дансанд мөнгө шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх (Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана) заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь (ажилтны цалин хөлсийг ... тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан) заалтыг үндэслэн шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан....” гэх гомдол үндэслэлтэй байна.

7.3. Харин тус компани шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ “... хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цалин хөлсийг хугацаанд олгож чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй, энэ талаар баримт гаргаагүй, анхан шатны шүүхэд тайлбар баримт гаргаж мэтгэлцээгүй байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авч хангах боломжгүй.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0759 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг баримтлан Ш ХХК-аас гаргасан “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0133905 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч улсын ахлах байцаагч Г.Б, гуравдагч этгээд Г.Б нарын гомдлыг тус тус хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч улсын ахлах байцаагч Г.Б нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд Г.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

   ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

 

   ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] 1 хавтас 45, 46, 50, 52, 53 дугаар хуудас

[2] 1 хавтас 61 дүгээр хуудас

[3] 1 хавтас 147 дугаар хуудас

[4] 1 хавтас 181, 197, 199 дугаар хуудас

[5] 1 хавтас 222, 29-240 дүгээр хуудас

[6] 1 дүгээр хавтас 217-218 дугаар хуудас

[7] 1 хавтас 29 дүгээр хуудас

[8] 1 хавтас 30 дугаар хуудас

[9] 1 хавтас-181 дүгээр хуудас

[10] 1 хавтас 211 дүгээр хуудас

[11] 1 хавтас 193 дугаар хуудас, 2 хавтас 33 дугаар хуудас

[12] 1 хавтас 250, 2 хавтас 36-37 хуудас