Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Лгийн Э,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Д,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У,

Гуравдагч этгээд: Д.Л,

Гуравдагч этгээд: Л.С,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Х,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хын өмгөөлөгч: Ч.М нарын хоорондын газар өмчлөх эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, түүний өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Л.Эгаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжийн Д.Б болон Л.Э нарт холбогдох хэсэг болон тус 230 дугаар захирамжаар иргэн Д.Л болон Л.С нарт сууцны баруун талын хэсгийг өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр олгож байсан газрын хэмжээ, байршлаар зөвтгөн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж анх маргасан ба Нийслэлийн Засаг даргад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03-08/5489 дүгээр албан бичгээр “таны хүсэлтийн дагуу бусад өмчлөгчдийн хууль ёсны эрхийг хязгаарлах боломжгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэснээр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд ханджээ.

2. Улмаар нэхэмжлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар Д.Л болон Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Д.Бт эзэмшүүлж шийдвэрлэсэн талбар газрын байршлын дагуу буюу Л.Эгийн өмчлөлийн амины орон сууцны баруун талын хэсгийн газрыг нэмж Л.Эд зохих ёсоор эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай” гэж,

3. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар иргэн Д.Л болон Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Д.Б-т эзэмшүүлж шийдвэрлэсэн талбар газрыг тус захирамжаар олгосон байршлын дагуу Д.Бт хуульд заасны дагуу эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” гэж,

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж багасгахдаа: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар иргэн Д.Л, Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчил, багасгаж тодруулж байжээ.

5. Түүнчлэн “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Д.Бт эзэмшүүлж шийдвэрлэсэн талбар газрыг тус захирамжаар олгосон байршлын дагуу Д овогтой Бт хуульд заасны дагуу эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагаасаа татгалзаж байгаа болно” хэмээн хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлэхдээ дээрх “даалгах” шаардлагаасаа татгалзжээ.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

6.1. Тухайн үед зэрэгцээ 3 айл өөрийн байрны ертөнцийн зүгээр баруун болон зүүн талын газраа эзэмшиж байсан. Гэтэл бидний хэн алинд нь огт мэдэгдэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх тухай” 230 дугаар захирамжаар Д.Бын эзэмшлийн газар эзэмших эрхийн 0002628 дугаар гэрчилгээ бүхий газрын хэмжээг 331 м.кв болгож, газрын байршлыг өөрчилж манай сууцны баруун талын ногоон байгууламж бүхий газрыг Д.Л болон Л.С нарт өмчлүүлж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Д.Л болон Л.С нарт манай амины орон сууцны баруун талын ногоон байгууламж бүхий хэсгийг шууд өмчлүүлсэн буюу тэдгээр иргэд нь маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшээгүй байхад ямар нэгэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, шийдвэрт тэдэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй байхад бидний эзэмшлийн газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн байна.

6.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаас үзвэл ямар ч тохиолдолд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх хуулийн зохицуулалттай.

Нийслэлийн Засаг дарга 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар Д.Л болон Л.С газар өмчлүүлж шийдвэрлэхдээ тухайн газар нь бусад этгээдийн эзэмшлийн газар болохыг тогтоогоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй шийдвэрлэжээ. Ингэснээрээ тухайн газарт одоогийн өмчлөгч ямар нэгэн барилга байгууламж барих, өөр ямар нэгэн байдлаар газраа ашиглах тохиолдолд манай сууцны гадна хана болон цонхонд шууд тухайн барилга байгууламж нь тулсан байхаар, улмаар манай сууцанд нар тусахгүй байх, цаашлаад цэвэр агаараар амьсгалах боломжгүй болох зэрэг маш хүнд нөхцөл байдлуудыг үүсгэх нь тодорхой болж, иргэн миний Үндсэн хуульд заасан өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, манай гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө болоод эрүүл мэндэд хохирол учруулж байна.

6.3. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар Д.Б, Л.Э бидэнд 331 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн хэсэг нь бидэнд өмчлөх эрх олгосон эерэг нөлөөлөлтэй боловч, тус 230 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Д.Бын эзэмшиж байсан 290 м.кв газарт хамаарч байсан ногоон байгууламж бүхий хэсгийг байхгүй болгож, тус хэсгийг Д.Л, Л.С нарт өмчлүүлэхээр шийдвэрлэж, улмаар газар дээрх орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдлыг үүсгэсэн нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий актад бүрэн хамаарч байна.

7. Иймд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар иргэн Д.Л, Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн. Маргаан бүхий акт гарч байх үед уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тухайн цаг үед хууль үйлчилж байсан бол уг хуулийн 5.1.2 хүчин төгөлдөр үйлчилж байсан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тохиолдолд тухайн газарт эзэмшүүлэх, ашиглуулах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид өмчлүүлнэ гэсэн заалт хүчин төгөлдөр байсан. Хариуцагч энэ заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.4 дэх хэсэгт газар өмчлүүлэхийг хүсэж байгаа газар нь бусдын эзэмшилд эзэмших, ашиглах эрх үүсээгүй бол сум дүүргийн Засаг дарга хүсэлт гаргасан бол үнэгүй өмчилж авна гэсэн хуулийн заалт байгаа. Нэхэмжлэгч миний эрх ашиг хөндөгдсөн гээд бусдын өмчлөл рүү дайрч байгаа мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны нөхөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Тэр нь 290 м.кв газар байсан. Одоо бидний маргаж байсан газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Хариуцагч хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг мэдэгдэлгүй бусдын өмчлөлд өгснөөр маргаан үүсэж байна. Иймд хариуцагч байгууллага хуулийг хэрэгжүүлэх ёстой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа эерэг нөлөөл бүхий захиргааны акт учир хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэж байна. Үүнийг сөрөг нөлөөлөл бүхий акт гэж үзнэ, учир нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Ирээдүйд хохирол учруулж болохуйц захиргааны акт болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 48.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэсэн хуулийн заалт өнгөрсөн гэж тайлбарлаж байна. Энэ хуулийн заалт нь захиргааны байгууллагад яригдах асуудал ба шүүхэд хандахад яригдах асуудал биш юм. Гуравдагч этгээд нь бодит байдал дээр шууд газрыг өмчилсөн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчигдсөн. Тэрийг тайлбарлахдаа бид анхнаасаа амьдарч байсан учир өмчилсөн гэдэг утгаар тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа, мөн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа акт учир нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс эзэмшүүлээгүй байж өмчлүүлж шийдвэрлэсэн байна, иймд 2006 оны 230 дугаар захирамж хууль бус байна гэсэн. Газар өмчлөлийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Үүнд газрын эзэмшүүлсний дараа өмчлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тухайн үед газрын харилцаа үүссэн бол зарим тохиолдолд өмчлүүлж байсан тохиолдол байгаа. Одоо хот төлөвлөлтэй уялдуулан тухайн газрыг өмчлүүлэх шийдвэр гарч байгаа. 2006 оны 230 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий захирамж ба уг хуулийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу 5 жилийн хугацаанд хүчингүй болгож болно. 2006 оноос хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар өөрийн өмчилсөн газраа дахин барилга барьж ашиглахад боломжгүй гэдгийг тайлбарлаж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу тухай өмчлөлийн газрыг зөвхөн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эсвэл аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх боломжтой байгаа. Гэтэл нэхэмжлэгч нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор өмчлүүлсэн. Нэхэмжлэгч нь зөвхөн гэр бүлийн зориулалтаар буюу амины сууц барьж ашиглах зориулалтай үүнээс өөр байдлаар ашиглахад өмчлөлийн харилцаа дуусгавар болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг тодорхой хуульчилж өгсөн. Газар өмчлүүлж байгаа шийдвэр нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. 2006 оны 230 дугаар захирамжийн 3 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олж авсан нэр бүхий иргэний өмчилсөн газрын хэмжээг шинээр нээгдсэн кадастрын зургийн дагуу гуравдугаар хавсралтад зааснаар өөрчилсүгэй” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн 290 м.кв байсан газрыг нэмэгдүүлж олгоод 300 м.кв болгосонтой холбоотой шинээр хийгдсэн зургийн дагуу өмчлөх эрхийн харилцаа үүссэн. 2006 онд нэхэмжлэгчийн талд кадастрын дагуу үүсээд явж байгаа. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа 2009 онд гэрчилгээний дагуу үүссэн гэдгээ бичсэн байдаг. Мэдээгүй байсан гэдгийг үүгээр үгүйсгэж байна. Гуравт, өөрөө захирамжаа өмчлөх эрхээ авахдаа бичиг баримтаа өөрөө бүрдүүлж өгсөн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр явагдана. Өөрийнх нь бүрдүүлж өгсөн материалын хүрээнд 2006 оны 230 дугаартай захирамж гарсан. Иймд захирамжид заасан гуравдагч этгээдэд холбогдох хэсэг хүчингүй болгох үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Гуравдагч этгээд Д.Лгээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: “...Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлалтай амины орон сууц Г 1, 2, 3 тоотуудыг Ц.Зоригтсайхан, Д.Л бид хоёр 1992 онд холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу шинээр барьж эхлэн 1995 онд ашиглалтад оруулсан. Д.Бт тус орон сууцны 3 тоотыг 1996 онд худалдсан. Харин уг барилгын газрыг Газрын албаны шийдвэрээр Ц.Зоригтсайхан, Д.Л, Д.Б  нарт хуваан өмчлүүлсэн. Тухайн үед дунд талын 2 тоот айл хоёр талаасаа хавчигдмал байршилтай байр нь арай жижиг тул 20 гаруй м.кв газар илүү өгсөн. Энэ нь шударга шийдвэр юм. Бид иргэн Д.Б Л.Э нарт зөвхөн уг байрыг зарсан тул газрыг нь өөрсдийн нэр дээр бүрэн авах боломж байсан боловч бид аваагүй. Нэгэнт холбогдох байгууллагуудын албан ёсны захирамж шийдвэр гараад олон жил болсны дараа энэ шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага тавьж бидний албан ёсны хувийн өмчид бүдүүлгээр халдах үйлдэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн асуудал байна. Л.Э нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын санхүүгийн албанд хариуцлагатай алба хашиж байхдаа биднээс авсан орон сууцаа өргөтгөн галын машины орц гарц, үерийн усны хоолой, суурин утасны холбооны монтаж зэргийг устган дээр нь барилга өргөтгөж барьсан юм. Үүнийг хийсэн албан ёсны зураг төсөл байхгүй...” гэжээ.

11. Гуравдагч этгээд Л.Саас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: “...бид шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Газрын албанд уг газрыг өмчлөхөөр өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар бид хууль ёсны дагуу газрыг өмчлөх эрхтэй болсон. Анх амины орон сууцны орчмын газрыг хувааж өмчилж байх үед Д.Б болон түүний эхнэр Л.Э нар нь уг орон сууцанд амьдарч байсан ба ямар нэг байдлаар зөвшөөрөхгүй байгаа зүйл огт байгаагүй, өмчилж авснаас хойш 15 жил өнгөрсний дараа аав бид хоёрт газар өмчлүүлсэн шийдвэртэй маргаж байгаа нь үндэслэлгүй, миний хувьд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Газрын албанд уг газрын хамтран өмчлөгчөөс хасуулах хүсэлт гаргаснаар одоогийн байдлаар тус газрын өмчлөгч биш болсон...” гэжээ.

12. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Тухайн байгууламжийг хойш нь өргөтгөл хийж цонх хааж барих боломжгүй. 4 тал уруугаа 100 метр хүрэхгүй газар юм. Барилга байгууламж барих боломжгүй, цонхны нар салхи хаасан гэж тайлбарлаж байна. Анх хаалга цонх нь хана байх байсан. Цонх байсан газар нь хаалга гаргасан. Бид газар дээр нь очиж үзсэн. Сүүлд нь өргөтгөл хийх гээд хаалга цонхыг сольсон. Дараа нь өргөтгөл хийх гээд үерийн усны далан шугам сүлжээ татах асуудал байсан. Манай ард талд бохирын шугам байгаа учир түүнийг өөрчилж болохгүй. Халуун хүйтэн усыг шахаад өөрчилж болно, харин бохирын шугамыг өөрчилж болохгүй. Манай ард чигээрээ явсан бохирын шугам байгаа. Нэхэмжлэгч уг газрыг авна гэвэл тэнд байгаа оршин суугчдын хаагуур нь гарч орох вэ, газар дээр очиход өмчилж авсан газраа хүн явуулахгүй байна. Бид очоод харахад гарц орц гарах газар байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн ярьж байгаа үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

13. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодруулж, Д.Л болон Л.С нарт өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах 4 байдлаар тодорхойлсон. Нэгдүгээрт, уг газраа эзэмшиж байгаагүй, хоёрдугаарт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, дөрөвдүгээрт, газар дээрээ барилга байгууламж баривал цэвэр агаараар амьсгалахгүй, нар тусахгүй гэсэн үндэслэл хэлсэн. Үндэслэл тус бүр дээр товч тайлбар хэлье.

Нэгдүгээр үндэслэлийн хувьд, уг газраа эзэмшиж байгаагүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт газар өмчлөх баримт бичгийг тусгайлан зааж өгсөн. Үүнд Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаа бол газар эзэмшиж гэрчилгээ, гэрээг хавсаргана гэсэн. Гуравдагч этгээдийн хувьд уг газарт эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж байгаагүй. Дээрх зохицуулалт нь өмнө нь газар эзэмшиж байсан этгээдэд хамааралтай заалт юм. Хоёр дахь үндэслэлийн хувьд, газар зохион байгуулалтын төлөвлөгөө шийдвэрт тусгагдаагүй. Гэтэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хувьд хөршүүд хоёулаа 2006 оноос хойш уг газрыг өмчилж байгаа. Гэтэл өөрсдийнх нь газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон гуравдагч этгээдийн газар ороогүй гэж тайлбарлаж байгаа нь логикийн зөрчилтэй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь тухайлсан айл бүр дээр биш Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар улс, аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд гардаг эрх зүйн баримт бичиг юм. Гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт заасныг тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хууль нь 2015 онд батлагдсан маргаан бүхий акт нь 2006 онд гарсан, батлагдаагүй байсан хуулийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Уг газар дээр барилга байгууламж босгох боломж байхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт захиргааны шүүхийн зорилго иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой байдаг. Нэхэмжлэгч тайлбарлахдаа зөрчигдсөн эрхийг эргээд хүчингүй болговол газар өмчлүүлэх хүсэлт гаргаад авна гэж байна. Энэ зөрчигдсөн эрх биш, өргөдөл, гомдол хүсэлт гаргах эрх байгаа. Зөрчигдөж болзошгүй эрхийг тайлбарлахдаа ногоон байгууламж бүхий газар дээр барилга баривал амьсгалах агааргүй болно гэж байна. Тэнд барилга байгууламж барих боломжгүй, ирээдүйд болно гэж тайлбарлаж байгаа  ч ийм зүйл болохгүй. Нэхэмжлэгчээс эзэмшүүлэх атал яагаад өмчлүүлсэн бэ гэж байна. Хавтаст хэрэгт өмчлүүлэхтэй холбоотой маягтыг зохих журмын дагуу бөглөсөн байдаг. Эзэмшүүлэх өмчлүүлэх гэсэн үг үсгийг гуравдагч этгээд андуурч бичсэн байж болно. Нэхэмжлэгчийн маргаж байгаа захирамж нь хүчингүй болсон. Хавтаст хэргийн 107-109 дахь талд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1372 дугаартай захирамж гарсан ба уг захирамжид Д.Л газар өмчлөх эрхтэй болсон. Хүчингүй болсон захирамжийг дахин хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

14. Шүүх, нэхэмжлэгч Л.Эгаас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

15. 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээний дагуу 1100 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дугаар заалт, 21 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 230 дугаар захирамж гарсан ба уг захирамжийн нэгдүгээр хавсралтаар Баянгол дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 331.0 м.кв газрыг нэхэмжлэгч иргэн Л.Э нарт, 345.0 м.кв газрыг гуравдагч этгээд иргэн Д.Л нарт тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

16. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийн тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 230 дугаар захирамжийн иргэн Д.Л, Л.С /хамтран өмчлөгч/ нарт Баянгол дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 345.0 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “гуравдагч этгээд Д.Л нар нь Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газраа эзэмшээгүй байсан, ямар нэгэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө шийдвэрт тэдэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй байсан, өөрийнх нь эзэмшлийн тодорхой хэсгийг гуравдагч этгээд нарт өмчлүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн” хэмээн маргаж, уг маргаан бүхий захирамжийн улмаас “өөрийнх нь сууцанд нар тусахгүй байх, цэвэр агаараар амьсгалах боломжгүй болох нөхцөл байдлууд үүсэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрх хөндөгдөж болзошгүй” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

17. Маргаж буй газар нь нэг хаяг, байршилд байх бөгөөд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн алинд нь /хөрш, зэргэлдээ/ амины орон сууц байрлаж байгаа газрыг нь өмчлүүлж шийдвэрлэсэн, энэ тохиолдолд тухайн маргаан бүхий газар орчмын 290 м.кв газарт хамаарах хэсэгт нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 30 дугаар захирамжаар иргэн Д.Бт /нэхэмжлэгч Л.Эгийн нөхөр/ 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх /өмчлүүлсэн шийдвэр гарахаас өмнө/-ээр шийдвэрлэж байсан, нэхэмжлэгч нь энэхүү 290 м.кв-ын дагуу газраа өмчлөх ёстой гэж, түүнчлэн гуравдагч этгээд нь тухайн газар дээрээ газар эзэмших эрхтэй байгаагүй учраас өмлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулна, хууль бус гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

18. Учир нь хариуцагчаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.2. “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг”, 6 дугаар зүйлийн 6.1. “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ”, 6.1.1. “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт”, 12 дугаар зүйлийн 12.1. “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй”, 12.1.1. “иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 21 дүгээр зүйл. “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд, гуравдагч этгээд Д.Л, Л.С нараас 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Газрын албанд хандан: “Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 39 тоот тогтоол, 1991 оны 118-р тогтоолоор газар олгогдож орон сууцны барилгын зураг нь батлагдсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг, 4 дүгээр хороололд 1204 м.кв газарт Г.Амгалансайхан, Д.Б, Л.С, Д.Л бид хувийн орон сууцны барилга барьж 1995 онд ашиглалтад оруулан одоог хүртэл амьдарч байна. Иймд энэхүү 1204 м.кв газрыг гурав тэнцүү хувааж газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож өгөх”-ийг хүсэж гаргасан өргөдлийг, мөн гуравдагч этгээд Д.Лгээс 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр холбогдох маягтын дагуу гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүсэж гаргасан өргөдлийг, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Л эхнэрийн хамт амьдардаг” гэх тодорхойлолтыг, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Д.Л, Л.С нарыг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 77 м.кв 4 өрөө, Г-2 тоот 2 давхар амины орон сууцны хууль ёсны өмчлөгч”-өөр бүртгэсэн 7207 дугаар гэрчилгээг, түүнчлэн иргэний үнэмлэхийн хуулбарууд, өмчилж авахыг хүсэж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг баримтуудыг судалж өмчлүүлэх шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

19. Иймээс өмчилсөн газрыг заавал эзэмшсэн байх урьдач нөхцөлийг хуульчлаагүй, хариуцагч Засаг дарга өмчилж авах эрх үүссэн болохыг нотолсон, маргаан бүхий энэ тохиолдолд Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Барилга байгууламжийн байршилт тогтоох тухай” 39 дүгээр тогтоолд амины орон сууцны байршилтыг Хот байгуулалт, төлөвлөлтийн газраас боловсруулсан саналыг үндэслэн тогтоож шийдвэрлэсэн байдаг ба энэ баримтыг нэхэмжлэгчийн газар өмчлөлийн хувийн хэргээс нотлох баримтаар хэрэгт авагдаж мөн гуравдагч этгээдийн газар өмчлөх тухай өргөдөлд туссан байгаа нь нутаг дэвсгэрийн хувьд нэг байршилд оршиж, нэг барилга угсралтын ажлаар баригдсан хөрш зэргэлдээ орон сууцыг эзэмшин өмчилж буй нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тухайд, зөвхөн нэхэмжлэгчийн амины орон сууц барих газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж үзэхэд хэт өрөөсгөл ба нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө шийдвэрт тусгагдаагүй” гэх үндэслэлийг үгүйсгэж байна.

20. Түүнчлэн маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2. “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарахгүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

21. Маргаан бүхий захирамжаар өмчлүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо АОС /амины орон сууц/ Г дугаар гудамжны 2 тоот байрлах 18639311185268 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 345 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөс хасуулахаар буюу хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1372 дугаар захирамж гарсан, уг захирамжийн хоёр дахь заалтаар “Газар өмчилсөн эрх бүхий этгээд өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчилсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 134 өрхийн газрын бүртгэлийг өөрчилж 2 дугаар, энэ захирамж гарсантай холбогдуулан газар өмчлөх эрх нь хүчингүй болж байгаа нэр бүхий 136 өрхийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталж” шийдвэрлэсэн байна.

22. Энэ тохиолдолд /21-д заасан/ маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжийн Д.Л, Л.С нарт хамаарах хэсгийг “Л.С хамтран өмчлөгчөөс хасагдсан” гэх үндэслэлээр хүчингүйд тооцож, дахин захирамж гаргасан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “хүчингүй болсон захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

23. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/451 дүгээр албан бичигт: “ Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 03 дугаар сарын зурган мэдээллээс байршлаар нь хайлт хийхэд, нэгж талбарын 1600600035 /хуучин нэгж талбарын дугаар 186393111892771/ дугаартай, 330 м.кв талбайтай газар нь иргэн Д.Б /XE58061372/, Л.Э /ХЕ58012864/ нарын нэр дээр хамтран өмчлөх эрхтэйгээр, нэгж талбарын 1600600023 /хуучин нэгж талбарын дугаар 18639311185268/ дугаартай, 345 м.кв талбайтай газар нь иргэн Д. Л /ДМ52021512/, Л.С /ДМ75052712/ нарын нэр дээр хамтран өмчлөх эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн” гээд тус газарт архивлан хадгалагдаж буй 2005-2007, 2010-2015, 2017-2019 онуудын агаар болон сансрын зургийн хил заагт нэгж талбарын 1600600035, 1600600023 дугаар бүхий газрууд нь хамрагдаж байгааг харуулсан зургийг хавсралтаар ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй газрууд нь хоорондоо болон өөр бусад этгээдийн өмчлөл болон эзэмшилд байгаа газартай давхцалгүй болох нь нотлогдож байна.

24. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй”, 27.1.1. “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 38 дугаар зүйл. “Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох”, 38 дугаар зүйлийн 38.1. “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж зааснаар гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг зөрчих байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хариуцагчийн  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэх бүрэн эрхийн хүрээнд гаргасан маргаан бүхий захирамж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

25. Нэхэмжлэгч нь удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулж байсныг тэмдэглээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасган ирүүлсэн, ингэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Д.Бт эзэмшүүлж шийдвэрлэсэн талбар газрыг тус захирамжаар олгосон байршлын дагуу Д.Бт хуульд заасны дагуу эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлснийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 0194 дүгээр шүүгчийн захирамжийн “маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр олгож байсан газрын хэмжээ, байршлаар зөвтгөн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн хэрэгт хамааралтай гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд /нэгдүгээр хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх үйлдэл хийх бүрэн эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосноор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээр дурдсан “даалгах” шаардлагаасаа татгалзсан нь бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй мөн хуульд харшлаагүй байна гэж үзэж, татгалзлыг баталж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эгаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар иргэн Д.Л болон Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Д.Бт эзэмшүүлж шийдвэрлэсэн талбар газрыг тус захирамжаар олгосон байршлын дагуу Д.Бт хуульд заасны дагуу эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН