Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/10

 

 

У.Сэргэлэнд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч шүүгч                   Б.Батзориг

                                          Шүүгчид                                Г.Давааренчин                                  

                                                                                Д.Буянжаргал

                                

                                     Оролцогчид

                                      Прокурор                                Н.Улсболд

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч      Н.Туул, Л.Ган-Очир

                                      Хохирогчийн өмгөөлөгч      Х.Сэргэлэнбат       

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Удвалын Сэргэлэнд холбогдох эрүүгийн 1932000000159 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг, Гандангийн 59 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Удвалын Сэргэлэн /РД: МЗ88110593/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Сэргэлэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэгт иргэн Ч.Дэлгэрцэцэгт хүч хэрэглэн довтолж Huawei Y-7 загварын гар утсыг дээрэмдэн   авсан гэмт хэрэгт холбогджээ. Bottom of Form

 

 

Анхан шатны шүүх У.Сэргэлэнд холбогдох хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Сартуул овогт Удвалын Сэргэлэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан У.Сэргэлэнг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Сэргэлэнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг хиймэл шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.Сэргэлэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан У.Сэргэлэнгээс 1868000 /нэг сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Баян-Арцатын № 26 тоотод оршин суух, Тэрэгчин овогт Чулуунхүүгийн Дэлгэрцэцэгт /РД:М387040165/ олгосугай.

6. Хохирогч Ч.Дэлгэрцэцэгийн 2468000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1868000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 600000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Сэргэлэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.Сэргэлэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч У.Сэргэлэн миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019-12-18-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх миний биеийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019-08-16-ны орой 23 цагийн орчим Мандал сумын 2-р баг, Ширхэнцэгийн гудамжины хойд хэсэгт иргэн Ч.Дэлгэрцэцэгийг хүч хэрэглэж дээрэмдсэн Huawei Y-7 маркийн гар утсыг дээрэмдсэн гэж буруутган гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Ч.Сэргэлэн миний бие үнэхээр Ч.Дэлгэрцэцэгийн гар утасыг ямар нэг аргаар аваагүй, дээрэмдээгүй гэдгээ чин үнэнээсээ дахин дахин бичиж байна үүнийг минь харгалзан үзэж хэргийг дахин хянан шийдвэрлэж өгөөчээ гэж энэхүү гомдлоо гаргасан болно. Би 2019 оны 08-р сарын 16-ны өдөр уул руу мод хийхээр явсан боловч машин эвдэрч буцаж ирсэн, энэ үед хамт явсан хүмүүстэйгээ нийлж архи ууж цээж болон хөл рүүгээ хүнд зодуулсны улмаас амьсгалж болохгүй, явж болохгүй байсан. /Хэрэгт эмнэлгийн магадлагаа байгаа/ Би тэр орой машинаасаа буугаад гэрлүүгээ алхаж явсан. Энэ үед эхнэр А.Болорцэцэгтэйгээ утсаар ярьсаар яваад гэртээ орж ирээд унтсан. Гэтэл удалгүй цагдаа нар ирээд чи хүний утас дээрэмдсэн байна гэж цагдаа руу авч явсан. Гэтэл цагдаа дээр очсон чинь нэг соггуу хүүхэн энэ хүн миний утсыг дээрэмдсэн гэж хэлсэн. Иймд асуудал болсон. Энэ хэргийг шалгасан мөрдөгч анхнаасаа нэг талыг барьж хэргийг шалгасан. Анх би хэрэг гарсан газрын камерыг шалгуулья, мөн эхнэртэйгээ утсаар ярьсан яриаг шалгуулъя эдгээрийг шалгасан байхад би буруугүй болно гэж үзэж байсан. Гэтэл энэ хүсэлтийг минь мөрдөгч хангаагүй. Би бичиг үсэг мэдэхгүй боловсролгүй учир бичгээр хүсэлтээ гаргаагүй гэж буруудсан. Шүүх миний хүсэлтийг хангасан хэдий ч утсаар ярьсан яриаг 3 сарын дотор л харах боломжтой энэ хугацаа хэтэрвэл ярианы биллийг шалгах боломжгүй гэж Зүүнхараагийн Моbicom хариу өгсөн байсан. Харин хэргийн газрын үзлэгийг хийсэн камерийг дахин шалгахдаа надад болон манай өмгөөлөгчид мэдэгдээгүй мөртлөө хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийг дуудаж нөхөн үзлэг хийгээд ... Урд талын дэлгүүрийн камер ажиллаж байхад хойд талынх нь үйлдвэрийн ажилладаггүй камерын зургийг аваад хэрэгт хавсаргасан, би тэр өдөр бакал гуталтай явсан байхад намайг энэ хэрэгт тааруулахын тул пүүзтэй явсан гэж үзсэн бегеөд миний өмсөж явсан хувцас зөрж байхад үүнд ерөөсеө анхаараагүй, Тухайн үед хохирогч эмэгтэй маш их согтуу хүн сайн таних эсэх нь эргэлзээтэй байсан энэ хэрэгт байгаа хохирогчийн согтолтыг шалгасан баримтаар нотлогдоно. Мөн дээрх дээрэмдүүлсэн гэх утас нь код нь байгаа тохиолдолд өнөөдөр ч олдох боломжтой байхад хохирогч худал ярьж код нь байхгүй гэж хайхгүй байгаад би их эргэлзэж байгаа ба шүдээ 1 сая төгрөгөөр хийлгэсэн нь тодорхойгүй зөвхөн мөнгө тушаасан баримтыг үндэслэн ямар шүд яаж хийлгэснийг тогтоогүй байж хохирогчийн хэлсэн үнээр үнийн комисс үнэлгээг хийж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Бид хохирогчийн шүд хийлгэсэн гэх “Инээмсгэл” эмнэлэг дээр очиж бичиг хийж өгсөн Ц.Ганцоож эмчтэй уулзаж хохирогч Ч.Дэлгэрцэцэгийг 1 сая төгрөгөөр шүд хийлгэсэн эсэхийг асуухад манайхаар Ч.Дэлгэрцэцэг үйлчилүүлсэн 200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Харин дараа ирж 1 сая төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гээд бичиг авч явсан. Тэгэхээс манай эмнэлэгээр 1 сая төгрөгийн шүд хийлгээгүй гэж хэлсэн. Тэгвэл энэ талаараа бичигээ хийгээд өг гэж Ц.Ганцоож эмчээс гуйхад Ч.Дэлгэрцэцэгтэй уулзаж байгаад хийж өгнө гээд бичиг хийж өгөхгүй байна. Ийм худал бичиг баримт үйлдэж надаас хохирол гаргуулсан талаар гомдлоо гаргаж прокурорын дарга Б.Эрхэмбаатарт хандсан боловч Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гарга гэсэн. Энэ маягаар намайг гүтгэж байгааг харгалзэн үзнэ үү. Би болон манайхан дахин энэ “Инээмсгэл” эмнэлгийн талаар худал бичиг баримт үйлдэж хүний эрх ашгийг хохироосон талаар зохих байгууллагад гомдлоо гаргах болно. Энэ хэргийг зөвхөн У.Сэргэлэн намайг буруутгах үүднээс л шалгасан хэтэрхий нэг талыг барьж, хохирогчийн худал хуурмаг баримтын талаар огт шалгаагүй, миний талаас хөнгөрүүлэх буюу цагаатгах ямарч баримт хэрэгт байхгүй байгаа бөгөөд өнөөдөр хийгээгүй хэргийн төлөө 2 жилийн хорих ял эдлэх болж байгаадаа маш их гомдолтой байна. Иймд У.Сэргэлэнд надад холбогдох хэргийг хянан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох буюу дахин шалгахаар буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Ч.Дэлгэрцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт холбогдогч У.Сэргэлэн нь танай шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгох буюу дахин шалгуулахаар гомдол гаргасан байна. Энэхүү гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Хэргийг тус бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний үндсэн дээр мөрдөгч, прокурор шүүх үнэн мөнийг тогтоосон хэмээн үзэж байна. Миний зүгээс тэр орой 2 пиво уусан өөрийгөө хянах чадвар бүрэн байсан. Хэргийн бодит байдлыг бүрэн мэдэж байгаа. Хүнийгхудлаа гүтгэсэн, худлаа ярьсан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад У.Сэргэлэн нь хяналтын камер болон утасны биллийг өөрөө грагаж шалгуулах бүрэн боломж байсан. Гэхдээ СББ ХК-ын урд талын камер нь 2018.08 сараас ажиллахгүй болсон гэсэн учир камерт бичигдсэн гэх зүйл байхгүй. У.Сэргэлэн нь миний бие хүнд зодуулсны улмаас хөл явж чадахгүй доголж байсан гэх боловч хэсгийн байцаагч Хосбаяр мэдүүлэхдээ хөл гар доголсон байдалгүй зүгээр байсан. Машины кабинд хэвтэж байхад хүмүүс хоорондоо хэрэлдэж нэг хүүхэн орилж байхыг би сонссон гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхлээр У.Сэргэлэн нь намайг дээрэмдэж зодчиходд машины кабинд хэвтэж байсан нь нотлогдож байна. Миний хиймэл шүд хугарч 1 сая төгрөгөөр хийлгэсэн. Гэтэл  Сэргэлэн нь 200.000 төгрөгөөр хийлгэсэн гэж Ганцоож эмч хэлэсэн гэдэг. Энэ бол худлаа би үгүйсгэж байна. Иймээс дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж миний хохирол болох 1.868.000 төгрөгийг У.Сэргэлэнгээс гаргуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн нотлохгүйгээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийг зөрчиж шийдвэрлэсэн, мон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг ноцтой зөрсөн байх тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаартай “Шийтгэх тогтоол7,-ыг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Ч.Дэлгэрцэцэг дахин давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1.2-т  өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна гэж заасан байтал У.Сэргэлэнгийн өмгөөлөгч нар

1. У.Сэргэлэнд танилцуулаагүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2.1-д хэргийн оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо анхан шатны шүүхэд бичгээр гаргана гэжээ. Тэгвэл У.Сэргэлэн нь 2019.12.26-нд гардан аваад 2020.01.09-нд давж заалдах гомдлоо анхан шатны шүүхэд гаргасан байна. Би энэ гомдолтой нь танилцаад өөрийн хариу тайлбараа үнэн зөвөөр бичсэн байгаа. Тэгвэл У.Сэргэлэнгийн сүүлд авсан өмгөөлөгч нар нь гомдлоо анхан шатны шүүхээр дамжуулаагүй хугацаа хэтрүүлж 2020.01.14-нд давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2.3-т хугацаа хэтрүүлж гаргасан гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж заасан байтал давж заалдах шатны шүүх уг гомдлыг хүлээн авч надад факсаар дамжуулж байгаа явдал нь хууль зөрчиж байна. Иймээс эдгээр өмгөөлөгч нарын гаргасан гмодлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж миний хохирлыг яаралтай гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...мөрдөн шалгах ажиллагааны явцад ийм олон журмыг зөрчсөн байхад У.Сэргэлэнг Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцсон. Прокурор дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй яллах дүгнэлт нь үйлдэн шүүх рүү шилжүүлээд, шүүх нь өөрөө үүнийг гэм буруутайд тооцож байгаа нь Монгол улсын Үндсэн хууль болон, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, журмуудыг зөрчиж байна гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Туул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэргийг мөрдөн байцаах шат руу буцааж, дахин шалгуулъя гэсэн хүсэлт байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд цагдан хоригдож байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаах шат руу буцаах шийдвэр гарвал шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр солих эсвэл  барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр солих талаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Эрхэм шүүгч нараас хүсэж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.    

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Уг хэрэг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн оройн 23-24 цагийн хооронд болсон асуудал байдаг. Тухайн өдөр хохирогч Ч.Дэлгэрцэцэг нь ахындаа найзуудтайгаа нийлж 4 литр пиво уусан байдаг. ... эмнэлэгийн байгууллагын журмаар шалгахад 2.91 хувийн бүхэл буюу дунд зэргийн согтолттой. Эмнэлэгийн байгууллагын тодорхойлсноор дунд зэргийн согтолттой хүн тухайн орчинд болж байгаа үйлдэл, үйл явцыг мэднэ, танина гэж тодорхойлсон. ... Ч.Дэлгэрцэцэг нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг үнэн зөв  тодорхой заасан байдаг. ... Мөн шүүгдэгч У.Сэргэлэн “би гэмтэлтэй, явж чадахгүй, доголсон байсан” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. ... гэрч нарын мэдүүлгээр доголсон, гэмтсэн зүйл байхгүй байсан гэж мэдүүлдэг. Нэгдсэн эмнэлэгт үзүүлж байгаа он сар өдөр нь тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш үзүүлсэн байгаа нь өөрөө гэмт хэрэг үйлдэх үедээ гэмтэлтэй байсан уу, үгүй юу гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж хэлье. ... Мөн шүүгдэгчийн эрхийг хангаж өмгөөлөгч Мөнгөнцэцэгийг авч өгсөн талаар хэлье гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч У.Сэргэлэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэгт иргэн Ч.Дэлгэрцэцэгт хүч хэрэглэн довтолж Huawei Y-7 загварын гар утсыг дээрэмдэн   авсан гэмт хэрэгт прокуророос ЭХ-н 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлсэнийг Bottom of Formанхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн давж заалдсан гомдлын дагуу У.Сэргэлэнд холбогдох эрүүгийн 1932000000159 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

У.Сэргэлэн нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Дэлгэрцэцэг /хх-ийн 23-24-р ху/, гэрч Г.Ганзориг /хх-ийн 31-р ху/, П.Чулуунцэцэг /хх-ийн 39-р ху/, Т.Батбаатар /хх-ийн 36-37-р ху, 112-р ху/, С.Басхүү /хх-ийн 41-42-р ху/, Д.Жаргалсайхан /хх-ийн 44-р ху, 113-р ху/ Х.Баярцэцэг /хх-ийн 46-р ху/, Б.Хосбаяр /хх-ийн 116-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10-р ху/, Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн119-122-р ху/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь уг хэрэгт давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу “өмгөөлж буй хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна.” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж гомдол гаргасан байх тул шүүгдэгчийн гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхээс хянаж үзлээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурьдсан “...тухайн үед хүнд зодуулсаны улмаас явж чадахгүй байсан, ...эхнэртэйгээ утсаар ярьсаар яваад гэртээ харьсан, ...хэргийн газрын камерийг бүрэн шалгаагүй, ...хиймэл шүдний хуурамч бичиг бүрдүүлсэн, ...хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьсан” гэх гомдлын тухайд: Шүүгдэгч энэ талаарх хүсэлтийг урьд шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатаар хянан хэлэлцэх үед гаргаж эдгээр хүсэлтийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байсан байх ба хүсэлтүүдийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан, зарим хүсэлт нь үндэслэлгүй, заримыг шалгах боломжгүй болсон талаар анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх тул шүүгдэгчийн дээрх үндэслэлүүдээр гаргасан гомдлыг дахин шалгах шаардлагагүй, гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа дурьдсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлүүдийн тухайд:

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч зайлшгүй оролцуулах хуулийн зохицуулалттай байхад өмгөөлөгч оролцуулаагүй гэх гомдлын тухайд энэ талаар урьд шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд тусгаж байсан ба шүүгдэгчийн урьд гэрчээр өгсөн мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

-2019 оны 08 сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэгт хохирогчийг согтуугаар оролцуулсан гэх гомдлын тухайд тухайн үед явуулсан хэргийн газрын үзлэг явуулсан цаг хугацаа болон согтуурал  шалгасан цаг хугацаанаас харахад тийм байдал харагдаж байх боловч уг хэргийн газрын үзлэгийг сүүлд дахин явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар хэргийн газрын үзлэг нь мөн зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол  хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор ...нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газрын үзлэгээр тогтоон хийнэ.” гэж заасны дагуу мөрдөгчөөс нэн даруй явуулах шаардлагатай ажиллагаа бөгөөд харин уг ажиллагааны тэмдэглэлд хохирогчийг согтуу байсныг тэмдэглээгүй нь алдаа боловч хууль бус явагдсан гэж үзэх үндэслэлгүй.

-2019 оны 08 сарын 17-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаанд хохирогчийг согтуу оролцуулсан, мөн өдөр хохирогчийг гэрчээр мэдүүлэг авахдаа  мөн согтуу байхад нь оролцуулсан гэх гомдлын тухайд таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүдээс үзэхэд тухайн ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн асуудал байхгүй байх бөгөөд хохирогчийн согтуурлыг шөнийн 01 цагт 20 минутанд шалгаснаас хойш 12 цаг 55 минутын дараа явуулсаныг хууль зөрчсөн, хохирогч согтуу байсан гэж үзэх үндэслэл байхгүй байх бөгөөд гэрчийн мэдүүлэг авахдаа  мөн өдрийн цагаар авсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд: Хэрэг учрал болдог тухайн өдөр шүүгдэгчтэй хамт явсан гэрч Т.Батбаатар, С.Басхүү, Д.Жаргалсайхан нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй бөгөөд харин тэдний мэдүүлгээр машины гэрэлд согтуу хүн явж байсан, тухайн газрын ойролцоо шүүгдэгч машинаас бууж үлдсэн, шүүгдэгч ямар хувцастай байсан талаарх мэдүүлэгүүд нь ижил бөгөөд хохирогчийн хэрэг учрал болсон талаарх мэдүүлэгийг давхар нотлож байгаа болно.

Гэрч А.Болорцэцэгийн мэдүүлэг /хх-н 114-р ху/ нь хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ