| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/121 |
| Огноо | 2023-06-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/121
2023 06 21 2023/ШЦТ/121
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
иргэдийн төлөөлөгч Ж.Оюунцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрчөдөр,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 1715002350142 дугаартай, 163/2023/0118/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Ганболдын *******, ******* аймагт 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, Улаанбаатар хот, ******* дүүргийн 12 дугаар хороо, Очир хотхонд оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд
-******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 32 настай, эрэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* төвийн караокед иргэн А.*******ы ар нуруу хэсэгт хутгалсан /зэвсэг хэрэглэж/ үйлдлийн улмаас хохирогч А.*******ы биед цээжний хөндийд нэвтэрч баруун уушгины доод дэлбэн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 1715002350142 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* төвийн караокед иргэн А.*******ы ар нуруу хэсэгт хутгалж уг үйлдлийн улмаас хохирогч А.*******ы эрүүл мэндэд баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/, шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/, хохирогч А.*******ы өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад сумын төвийн хойд талд байрлах Чин хайрхан төвийн караокед 1 цаг дуулахаар эхнэр Дорждэрэм, найз Мэндбаяр түүний эхнэр Жавзан, найз Сүхээ, хуурай дүү Мөнх-Эрдэнэ нарын хамтаар явсан. Уг караокед очиход манай аавын төрсөн дүүгийн хүргэн болох Бооёо буюу ******* эхнэртэйгээ, ахтайгаа 2 залуутай байсан ба бид нарыг ороход тэнд байсан хүмүүсийн цаг нь дуусаад гарах гэж байсан. Тэгээд зарим нь гараад бид нарыг сууж байхад орж гараад байхаар нь би та нар цаг чинь дууссан бид нар найз нөхдөөрөө ярьж суумаар байна гэхэд Бооёо дараа уулзацгаа хөгшөөн гээд гараад явсан. Тэгээд удалгүй Бооёо эргэж орж ирээд сууж байснаа гэнэт босож ирээд намайг тэврээд авах шиг болсон.Тэгсэн намайг ар нурууны баруун хэсэгт хутгалсан байсан. Тэгээд л шууд эмнэлэг рүү яваад үзүүлсэн чинь ******* сумын эмнэлэг Улаанбаатар хот орж үзээл гэж хэлсэн. Тэгээд л Улаанбаатар хот руу шууд яваад эмнэлэгт үзүүлсэн. Одоо гомдо санал нэхэмжлэх зүйл байхгүй. Баримтаар 5.500.000 төгрөг, баримтгүй 1.800.000 төгрөг авсан. Г.*******д хөнгөн ял оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-83 дахь тал/, гэрч Б.Цолмонбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,гэрч Г.Булгантамирын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/, гэрч Г.Шагайгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-90 дэх тал/, гэрч Д.Батболдын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/, гэрч Б.Цолмонбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-100 дахь тал/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 164 дэх тал/, зэрэг нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдолтой бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Г.Болд-Эрдэнийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд төмрөөр хийсэн ир, мөртэй, юм хэрчих, хэрэглэх зориулалтаар бэлтгэсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
хохирогч А.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримттайгаар 5.300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч баримттайгаар 5.300.000 төгрөг, баримтгүйгээр 1.800.000 төгрөг нийт 7.300.000 төгрөгийг шүүгдэгч Г.******* нь төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрвөн/ жилийн хорих ял, оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацагаар хорих ял оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацагаар хорих ялаас 2 жилийг хасаж, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг 14.5 см, бариулын урт 11 см, нийт урт 26 см урттай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ганболдын Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан мөн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар түүнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг хасаж, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Г.*******эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.******* нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг 14.5 см, бариулын урт 11 см, нийт урт 26 см урттай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ